Д.Ундраа: БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН 360 ГАРУЙ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДСЭНИЙ 200 НЬ ХҮҮХДЭД ТОХИОЛДСОН БАЙСАН

Админ
2020/12/24

Монгол Улсын “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн тэргүүний номер нэгдүгээрт хийх ажил бол хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд анхаарал хандуулж, хөрсөн дээр буусан шийдвэр гаргах

“Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хөл хорионд хоригдсон бяцхан үрс цоожтой хаалганы цаана гэмт хэрэг, хүчирхийллийн хохирогч болсоор буй тухай “Үжин төв”-ийг үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Ундраатай ярилцлаа. 

Тэрбээр Монгол орны таван аймаг, 20 гаруй сумаар гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “Хамтарсан баг”, цэцэрлэг, сургуулийн захирлаар ахлуулсан “Хүүхэд хамгааллын баг” байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийг чадавхижуулах, зөвлөн туслах, “Хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг эхийн үүрэг, оролцоо, хариуцлага” сэдвээр иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүй, зан үйлийг бий болгох сургалт, нөлөөллийн болон хүүхэд хамгааллын нөхцөл байдлын судалгааг хийсэн юм.

 -Хүүхэд хамгааллын нөхцөл байдлын судалгааг таван аймгийн 20 гаруй сумаар явж хийсэн гэлээ. Судалгааны дүн гарсан уу, хөдөө орон нутагт буй хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Өнгөрөгч есдүгээр сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэл Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон зарим сумын цэцэрлэг, сургуулийн удирдах ажилтан, сургалтын менежер, аргазүйч багш, ажилчид, нийгмийн ажилтнуудад боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөөд ирсэн. 

Мөн аймаг орон нутгийн байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн дарга, нарийн бичиг, гишүүдэд гэр бүлийн үнэ цэн, хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой арга барил, зан үйлийн талаар сургалт явуулсан. Монгол Улс 3.3 сая гаруй хүн амтай бөгөөд үүний 36.8 хувийг хүүхэд, өсвөр үеийнхэн эзэлж байгаа. 

Судалгаагаар хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийллийн 49.7 хувь нь гэр бүлийн орчинд, мөн гэр бүлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал нэмэгдсээр байна. 2020 оны аравдугаар сарын 30-ны байдлаар гэмт хэргийн хохирогч болсон 1010, амь насаа алдсан 98, бэртэж гэмтсэн 415 хүүхэд байна. Энэ бол өнгөнсөн жилтэй харьцуулбал өссөн тоо. 

Угтаа цар тахал гарч, хүүхэд бүр сургууль, цэцэрлэгт хамрагдахгүй, эцэг эхтэйгээ гэр бүлийн орчиндоо амар тайван байж баймаар. Тэр ч утгаараа энэ тоо буурсан үзүүлэлттэй гарах хүлээлт байлаа. Гэвч энэ цаг үед гэр бүлийн орчинд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан, бэртэж, гэмтсэн хүүхдийн тоог хараад үнэндээ хэлэх ч үг олдохгүй сууна.

 -Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг аян зарлаж, нэгдэхээс илүү бодитоор бууруулах арга замыг та хэрхэн харж байна вэ? 

-Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”, аймаг, сумын Засаг дарга нараар ахлуулсан “Хүүхдийн төлөө зөвлөл”, ИТХ-ын даргаар ахлуулсан ГХУСАЗСЗ, бүх шатны Засаг даргаар ахлуулсан “Хамтарсан баг”, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр ахлуулсан “Хүүхэд хамгааллын баг”-ууд шуурхай ажиллаж, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн нэгдсэн судалгааг гаргах хэрэгтэй. 

Мөн гэмт хэргийн хохирогч хүүхдэд эрүүл мэнд, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, заавал мэдээлэх, нийгмийн халамжийн туслалцаа дэмжлэг, нийгмийн ажлын цогц үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахёстой болох нь энэхүү тоонуудаас харагдаж байна.

Тэрчлэн Засгийн газрын 2017 оны 270 тоот дугаар тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталж, 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан. Мөн ХНХ-ын, БСШУС-ын, Эрүүл мэндийн сайдын 2020 оны дөрөвдүгээр сарын А/107, А/210, А/268 дугаар хамтарсан тушаал батлагдсан. 2018 онд Засгийн газрын Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай 01 тоот албан даалгавар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 60 дугаар зарлиг, Засгийн газрын 210 дугаар тогтоол гарч, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгон зарлаж, төлөвлөгөөг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл баталсан байдаг. 

Энэ мэтчилэн хүүхдийн гэх шошготой олон арван тогтоол, зарлиг, тушаал байдаг ч гэлээ амьдрал дээр нэг нь ч бодитоор хэрэгжиж, үр дүн, нөлөөгүй үзүүлэхгүй байна. Бүр хоёр жил дараалан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгож зарлаад байхад л хүүхэд гэмт хэрэгт өртөж, амь насаараа хохирч, бэртэж, гэмтсэн гэмт хэргийн тоо буурахгүй байна. Энэ олон бичиг баримт үнэндээ цаас төдийхэн байгааг, цаашид энэ хэвээр биш арга барилаа өөрчилж ажиллах ёстойг харуулж байна.

Хатуухан хэлэхэд, Монгол Улсын “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-ийн тэргүүн У.Хүрэлсүхийн номер нэгдүгээрт хийх ажил бол хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд анхаарал хандуулж дорвитой, бодит хөрсөн дээр буусан шийдвэрийг гаргах болчхоод байна. 

-Өнөөдөр хохирсон хүүхдүүдэд үзүүлж байгаа хүүхэд хамгааллын үйлчилгээ ямар түвшинд байна вэ?

-Тоо хэлье. 2017 онд 189, 2018 онд 206, 2019 онд 253, 2020 оны аравдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 444 бүртгэгдсэн бол хүчиндэх гэмт хэрэг 360 байсан агаад үүнээс 200 орчим нь хүүхэд байна. 

Цаана нь илрээгүй нуугдмал хэдэн хэрэг байгаа болОхидын хүсээгүй жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчтэй хүүхэд гээд бүгдийг нь хэн шалгах, хянах үүрэгтэй вэ, тухайн жирэмсэн охиныг үзэж байгаа эмч яагаад хуудьд заасан мэдээлэх үүргээ биелүүлэхгүй байна вэ, эс бөгөөс мэдсэн атлаа мэдээлэхгүй байна уу, өөр шалтгаан байна уу гэхчилэн түм буман асуулт байдаг. 

Хохирсон хүүхдийн хэд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадсан бол, хэдэн хүүхдэд кэйс нээгээд нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагдаж байгаа бол гээд л асуултууд ундарсаар байгаа учраас л хохирогч хүүхдэд үзүүлсэн үйлчилгээ хангалттай, үр дүнтэй гэж хэлэхэд хэцүүхэн байгаа хэрэг.

Шулуухан хэлэхэд, аймаг, дүүргийн хуулийн хэлтсийн даргаар ахлуулсан гэмт хэргийн хохирогч хүүхэд үйлчилгээ үзүүлэх, ажиллах үүрэгтэй дан дарга нараас бүрдсэн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо” үнэндээ ажлаа хийхгүй байна. Сэтгэл зүрхтэй дарга нар цөөн байна. Жаахан хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болчхоод байхад дарга гэдэг бодлоо хаяад эх хүн, эцэг хүний үүднээс хандаад сэтгэл гаргаж ажиллаж чадахгүй байгааг үнэндээ ойлгох ухаан алга. 

Зунжин л сонгуульдсаар дарга, цэрэг нь солигдоно гээд төрийн ажил ер явсангүй, хүүхэд хамгааллын бодлого нэг алхам ч урагшилсангүй. Одоо нэн яаралтай сум, хорооны Засаг дарга нараа томилж, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Ялангуяа, архины хамааралтай, дагавар, тавиул, хараа хяналт сул, эрсдэлт гэр бүл, хүүхдийн судалгааг гаргах, хүчирхийллийн эрсдэлд байгаа эсэхийг нь судлах, далд, ахуйн хүрээнд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа дарга нар хиймээр байна.

-Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд тооцох шийтгэлийн тухайд?

-Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хариуцлага тооцох механизмыг хэрэгжүүлдэг бөгөөд хүүхдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээх, эдийн засаг, сэтгэл зүй, бие махбодийн хохирлыг тооцох, нөхөн сэргээх цогц үйл ажиллагаа явуулдаггүй. Нэг үгээр, хариу арга хэмжээ авахгүй хохирогч хэвээр нь үлдээдэг. Ялангуяа, хүчингийн гэмт хэрэг илэрсэн даруйд хохирогч хүүхдийг буруутгах, доромжлох, гутаах, шоолж дээрэлхэх, сохирхож сонжих зэрэг сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс, хандлага гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, нутаг орныхны зүгээс ирдэг. Иймд энэ төрлийн хохирогч болсон хүүхдийг нэгдүгээр ээлжинд байгаа орчноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хувьд дэмжих, буруутгахгүй байх, аюулгүй газар, хамгаалалтад байгаа гэдгийг итгүүлэн, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ хийх нь зөв байдаг. Тэрчлэн гэр бүлийн гишүүдийг сэтгэл зүйн хямралаас гаргах үйлчилгээ, дам хохирогч болсон нутаг дэвсгэрийн хүн амд нөхцөл байдлын учир шалтгааныг ойлгуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, мэдээлэх чадавхийг бэхжүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг.

-Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдэд илэрдэг сэтгэл зүйн эмгэг юу вэ. Эцэг эх, асран хамгаалагчид хэрэг явдлын дараа хүүхэдтэй хэрхэн харилцах ёстой вэ?

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд бусдын эрхшээлд орж, бие махбодийн хувьд бүрэн бүтэн байдлаа алдаж, сэтгэл санааны хувьд доромжлогдож, гутаагдсан байдаг. Үүнээс үүдэн өөртөө итгэлгүй болж, зан үйлд нь өөрчлөлт орох, бусдад өширхөх, амиа хорлох, боловсролоос хөндийрөх, улмаар биеэ үнэлэх, жирэмслэх, бэлгийн замын халдварт өвчин тээх, гэрээсээ болон амьдран суугаа орноосоо дайжих, худалдагдах, дараагийн хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох нь цөөнгүй.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн хууль ёсны эрх ашгийг бүрэн хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа, урт хугацааны сэтгэл заслын эмчилгээ, гэмт хэрэг үйлдэгдсэн орчноос ньтусгаарлах, тухайн нөхцөл байдлыг мартахад тус болох өөр орчинд хүүхдийг хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хэрэг шийдэгдтэл хүүхдийг түр хамгаалах байр, нөхөн сэргээх төвүүдэд байрлуулан хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, эдийн засгийн, бие махбод, сэтгэл санааны хохирлыг заавал барагдуулдаг механизмыг бий болгох зайлшгүй шаардлагатай байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөөг баталсан ба уг төлөвлөгөөнд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх, тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний хууль тогтоомжийн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг 2020 оны I-IV улиралд хийх, хэрэгжилтийг ХНХЯ, ХЗДХЯ, ЭМЯ хариуцан ажиллахаар тусгасан боловч одоо болтол тодорхой хийсэн ажил байхгүй байна.

-Аймаг, сумдаар сургалт хийгээд явахад, хамгийн хэцүү асуудалтай нь ямар газар байв?

-Өнгөрсөн 2019 онд 15 аймгийн 172 сумаар, энэ жилийн хувьд 14 аймаг, 130 суманд ажиллалаа. Бүгдэд нь яг адилхан тулгамдсан асуудал, бэрхшээл байна. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл зарим газар нэмэгджээ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байгаа этгээдийн зан үйлийг засах, архины хамаарлаас гаргах, эмчлэх зэрэг бодит ажлууд огт хийгдэхгүй, зөвхөн аян өрнүүлээд хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг хийгээд эсвэл хоол хүнс, түлээ түлш хангаж өгөөд л дуусгасан байх юм. 

Тухайлбал, архины хамааралтай зорилтот өрхөд амьдардаг хүүхдийн асуудлыг нэг куртик, цүнх өгөөд шийдэхгүй. Харин ажилгүй байгаа ээжийг нь ажилтай болгох, архи уугаад байгаа аавыг архинаас гаргаж эргэн нийгэмшүүлэх чиглэлд алхам хийх нь зөв. Ажилтай, орлоготой өөртөө итгэл итгэлийг нэмэгдүүлснээр тухайн гэр бүлд байгаа хүүхдийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой. 

Мөн аймаг, сумдын Эрүүл мэндийн газар, төв болон ӨЭМТ-ийн гол ажил бол нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл зан үйл, дадал хэвшил бий болгох, ард иргэдийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх. Өвдсөнийх нь дараа үзээд эм бичдэг, эмнэлэгт хэвтүүлдэг байж болохгүй. Жишээлбэл, миний явсан газарт тэмбүүгүй, бэлгийн замын халдварт өвчин, тураалгүй хүүхэдгүй нэг ч сум, баг, хороонд алга. 

Сум болгон дээр 30-60 гаруй архины гүн хамааралтай хүмүүс, нийт ард иргэдийн 75-85 хувь нь шүдний цооролтой, 53-60 хувь нь таргалттай, хүүхдүүдийн 60-80 хувь шүдний цооролтой, нүдний хараа, сонсголын бэрхшээлтэй байна. Цаашлаад газ үнэрлэх, тамхи татах, дэлгэцийн донтолттой хүүхдүүд олширч байна. 

Үүнд сум, хорооны өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд анхаарал хандуулан ажиллах ёстой хэдий ч энэ ажил руугаа төдийлэн орохгүй байгаа нь ажиглагдсан. Мөн эмч үзлэгийн явцад зодуулсан цохиулсан, бэртэл гэмтлийн шархтай, өсвөр насны хүүхэд, жирэмсэн ээж ирсэн тохиолдолд хуулиараа цагдаагийн байгууллага болон нийгмийн ажилтан, 108 утсанд мэдээлэх үүрэгтэй. Гэвч энэ үүргээ биелүүлдэг анхан шатны эмч, эмнэлэгийн байгууллага ажилтан бага байгаад үнэхээр харамсаж байна.Ерөөс хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоо хамгийн чухал. 

Иймд хүүхдийнхээ дэргэд хэрэлддэггүй, архидан согтуурдаггүй, үгээрээ биш үйлдлээрээ үлгэрлэдэг эцэг эхчүүд олон болоосой гэж боддог. Миний хүүхэд хүчирхийлэл гэмт хэрэгт өртөөгүй болоо гэж боддог аминч үзлээ хаях хэрэгтэй. Ирээдүйн хүргэн бэр чинь ямар амьдралд ямар орчинд өсөж торниж байгааг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор хүн бүр л хүүдийн асуудалд чин сэтгэлээсээ хандах цаг ирээд байна.

-Ярилцсанд баярлалаа.


1
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.77
    2021/07/03

    Эрдэнэт хотод хүний наймааны бүлэглэл байдаг. Олон жил болж байна

    Хариулах