“Бид хамтдаа"-г орчуулаад, цар тахал энгийн зүйл биш гэдгийг ойлгосон

Админ
2020/12/30

П. Амгаланбаяр

Өнгөрсөн оны нэгдүгээр сард Хятадын Ухань хотод “Ковид-19” цар тахал дэгдэж бусад хотод нь ч гэсэн нөхцөл байдал хүнд байсан. Гэхдээ олон хүний хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсны дараа халдварын голомтыг дарж чадсан. Тэдний тухай бодит байдлаас сэдэвлэн бүтээсэн хятадын “Бид хамтдаа” киног Монгол залуу хос эх хэл дээрээ орчуулан, дуу оруулж хүргэсэн билээ. Тэдэнтэй ярилцснаа хүргэе. 

-Юуны түрүүнд та хоёрт талархсанаа илэрхийлье. Онцгой нөхцөл байдалд нийгмийн хандлагад эергээр нөлөөлөх киног хоёр хүний хүч хөдөлмөрөөр хүргэж байгаа шүү дээ. Эхлээд манай сонины уншигчдад өөрсдийгөө танилцуулаач? 

-Ц.М: Намайг Ц.Мөнхсайхан гэдэг. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй. БНХАУ-ын Шанхай хотод сурч байсан. Мөн тус хотод Олон улсын эрх зүйн чиглэлээр магистр хамгаалж докторын зэргээ хамгаалахаар суралцаж байна. Улсын Их хурлын тамгын газар ажилладаг.

-Б.Н: Намайг Б.Нарангэрэл гэдэг. Сэтгүүлч мэргэжилтэй. Боловсролын байгууллагад ажилладаг. Мөн “Эрдэм” академийн захирлын алба хашдаг. -“Бид хамтдаа” киног анх орчуулж, дуу оруулж хүргэх санаа яагаад төрсөн бэ? 

-Ц.М: Ер нь Хятад кино үзэх дуртай. Хятад найзууд маань “Ковид 19” цар тахлын бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн кино гарч байгаа тухай ярьсан. Тэгээд энэ киног эхлээд хайж олж үзсэн юм. Киноны өгүүлэмж таалагдаж, Монгол түмэн минь ч гэсэн энэ киног үзээсэй гэж бодсон. 

Арваннэгдүгээр сард Монголд “Ковид-19”-ийн анхны тохиолдол дотоодоосоо илэрч, хөл хорио тогтоогоод эхэлчихсэн үе. Тийм болохоор хүн бүр энэ киног үзээд “Нэгийг ойлгох ёстой юм байна шүү, энэ чинь энгийнээр бодох зүйл биш юм байна” гэдэг бодлоос үүдэж киног орчуулж, дуу оруулж эхэлсэн. 

-Б.Н: Хань маань анх энэ киноны нэг хоёрдугаар ангийг надад үзүүлэхэд үнэхээр сэтгэл хөдөлсөн. Өнгөрсөн оны 1-2 сард Ухань, Шанхай, Бээжингийн хэд хэдэн хотод халдварын оргил үед дэлгэрч тэр үед цахимаар өмнө нь хамт сурч байсан найзууд, багш нартайгаа холбогддог байсан юм. Эхэндээ цар тахал гэж мэдээгүй, ханиад л гэж бодож байсан шүү дээ. Кино нээлтийн арга хэмжээг үзээд, энэ кинон дээрх үйл явдал бодит юм байна гэдгийг ухаарсан. 

Тэгээд бид хоёр энэ киног орчуулж, дуу оруулахаар болсон юм. Хамгийн анх дуу оруулж эхлэхдээ хүмүүс үүнийг монгол хэл дээр үзчихдэг бол гэсэн бодолтой байсан болохоос биш олон хүнд үзүүлэхдээ итгэлгүй байсан л даа. Тэгээд яваандаа зориглоод ер нь үүнийг хүмүүст үзүүлье, цахим орчноор түгээе гэж шийдсэн. Анх хүмүүст үзүүлэхдээ хоолойноосоо ичих, санаа зовох гээд олон бэрхшээл тулгарсан. Гэхдээ азаар үзэгчид маань киноныхоо агуулгад илүү төвлөрч миний дуу хоолойг анзаараагүй. Бид хоёр 2014-2015 оноос дуу оруулалтыг сонирхож, дотуур байранд байдаг байхдаа туршиж үздэг байсан. 

-Уг киног орчуулж, дуу оруулж хүргэж байх явцад бяцхан үр нь гэдсэндээ байсан шүү дээ. Тэр үеийн сэтгэл зүй хэрхэн нөлөөлсөн бэ? 

-Б.Н: Киноны орчуулга дээр хань маань ихэвчлэн ажилласан. Харин кинонд дуу оруулах дээр эмэгтэй хоолой их гарах учраас би өөрөө хийх хэрэгтэй болсон. Хэдий сайн унтаж амраад ширээнийхээ ард сууж байгаа ч гэсэн амьсгаа давчидна. Хүүгээ унтуулчихад дуу оруулахаар яалт ч үгүй заримдаа шөнө суух шаардлагатай болдог. Тэгэхээр ядарна, больё гэж бодох үе ч байсан. Гэхдээ кино цацагдах тусам хүмүүсийн сэтгэгдэл, хүлээлт ихэссэн болохоор үргэлжлүүлээд хийх ёстой юм байна гэж бодсон. Анги бүр өөр өөрийн өрнөл,, өгүүлэмжтэй учир хүмүүст хүргэхийг хүссэн дээ. 

-Ц.М:Ихэвчлэн шөнө суудаг болохоор эхнэр маань ядарна.. Тэгээд дуу оруулалт хийж байхдаа алдана. Их алдахаар заримдаа би уцаарлана гээд олон дурсамж өгүүлсэн цаг хугацаа өнгөрсөн. 15 дугаар ангийг цацсаны дараа манай шинэ хүн ертөнцөд мэндэлж, ам бүл дөрвүүлээ болсон. 

-Б.Н: Ханийгаа уцаарлахаар би жаахан гомдоно. Гэхдээ дуу оруулалтаа хийж дууссаныхаа дараа сонсоод аятайхан болчихсон байна шүү гэж харах мэдрэмж сайхан. Дараагийн ангиа хийх урам орно. Кинонд дуу оруулна гэдэг яалт ч үгүй уран бүтээл юм байна гэдгийг ойлгосон. Жүжиглэлт, тэвчээр гээд олон зүйл шаарддаг.

-“Бид хамтдаа” киног орчуулан, дуу оруулж олон нийтэд цацах зөвшөөрлийг хэрхэн авсан бэ?

 -Ц.М: Би эрхзүй,оюуны өмчийн чиглэлээр докторын зэргээ хамгаалахаар ажиллаж байгаа болохоор киног хамгийн эхлээд цахим орчноор гаргах зөвшөөрлөө хөөцөлдөж эхэлсэн. Уг киног Хятадын Соёлын яамны захиалгаар Шанхай хотын соёлын хороотой хамтран гүйцэтгэсэн. Мөн Хятадын медиа групп 3-4 интернэт платформ контентоор түгээдэг эрхийг нь авч ажиллаж байсан. “Юхай” медиа гэж дэлхий нийтэд англи хадмал орчуулгатайгаар үнэ төлбөргүйгээр түгээсэн компани байдаг. Энэ компаниас интернэт орчинд киног түгээх зөвшөөрөл авч, орчуулга хийж эхэлсэн. 

Анх хүмүүс “Хулгайн кино гаргаж байна ,чи өөрөө оюуны өмчийн судалгаа хийдэг хүн байж ингэж болохгүй” зэрэг хандлагаар харж байсан. Анх интернэт орчинд түгээх зөвшөөрөлтэйгөөр киногоо гаргаж эхэлсэн. Киногоо гаргаад эхэлсэн чинь дараагийн ангийг үзэх хүсэлтэй хүн их байсан. Мөн телевизээр гаргах боломжтой юу гэсэн асуулт ч ирсэн. 

Тэгээд “Юхай” медиа к омпаниар дамжуулж хөөцөлдөж эхэлсэн. Олон улсад өргөн нэвтрүүлгийн арилжааны, телевизүүдээр цацах эрх нь муж бүрийн төв телевизэд харьяалагдаж байгааг олж мэдсэн л дээ. Тэгээд хайсаар байгаад Монголд өгөх эрхийг Өвөрмонголын одон телевиз хариуцаж байгааг мэдэж, эрхээ авч чадсан. 

Мөн энэ үеэр UBS телевиз энэ киноны эрхийг авахаар ажиллаж байсан юм байна лээ. UBS телевизийн хувьд Өвөрмонголын Одон телевизтэй хамтарч ажилладаг учраас эрхээ авсан. Он гараад UBS телевизээр албан ёсны эрхтэй цацагдана. Бид хоёр ч гэсэн хамтарч ажилласан. 

Энэ бодит нөхцөл байдлыг энгийн зүйл гэж битгий бодоорой. Үүнийг дэлхий нийтээр цар тахал гээд зарласан, шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл шүү. Монголчууд маань зовлон үзээгүй өвчинд нэрвэгдэж олноороо устаж, өлсөж, ялагдаж үзээгүй ард түмэн. Тийм болохоор бүх зүйлд тэнгэр заяатай юм шиг санагдаж, бүхнийг даван туулах хүчтэй, биднээс холуур, өнгөрнө гэж боддог учраас тайван байх шиг санагддаг. Хүмүүсийг маскаа зүүж, ариутгал хийж, гэртээ байгаарай гэж уриалмаар байна.

-Тусгаарлалтад байгаа, энэ хүнд байдалтай эвлэрч чадахгүй олон хүнд итгэл урам зориг өгсөн кино учир, баярласан сэтгэгдлээ хуваалцаж буй хүмүүс олон бий болов уу? 

-Ц.М: Энэ киног үзүүлэх болсон гол зорилго нь цар тахлын үе гэдэг бол энгийн нэг зүйл биш гэдгийг харуулахыг хүссэн. Нэг хүний эрх гэхээс илүүтэйгээр нийтийн, бусдын эрх ашиг гэдэг зүйлийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй юм байна. Монголд халдвар илэрснээс хойш “Миний зорчих эрхийг хязгаарлалаа, нэр хүндэд халдлаа, намайг хорьж цагдлаа” зэрэг байдлаар хүмүүс ундууцаж байгаа нь харагдсан. Харин энэ киноны 15 дугаар анги дээр буруу суудал дээр сууснаасаа болж халдварын голомт Ухань хот дээр хүчээр буусан хүний тухай гардаг. 

Бусад хүнийг эрсдэлд оруулахгүй гэдэг иргэний ухамсраар тухайн шийдвэрийг хүлээн авч халдварын голомтод бууж байгаа юм. Хэрвээ Монгол хүн тийм тохиолдолд орсон бол “ Өвчтэй газраа иргэнээ хаялаа, иргэддээ чиглэсэн төр нь хаана байна” гээд өөрийгөө хохирогч гэж үзэх байсан болов уу. Тийм болохоор энэ цар тахал бүхий онцгой нөхцөл байдалд иргэн бүр өөрийнхөө эрх ашгийг хойш нь тавьж бусдын эрх ашгийг өмнөө тавин, хамтын сэтгэлтэй нэгдмэл байж чадвал даван гарч чадна гэдгийг, энэ киноноос хүн бүр ойлгоосой гэж хүсэж байна. 

-Б.Н: Киноны 5-6 дугаар ангиуд дээр онцгой, содон үйл явдлууд гардаг. Тухайлбал, Халдвар хамгаалалт, тандалтын ажлыг хэрхэн хийж байгаа, яаж ардаас нь мөрдөж буй, халдвар авсан хүмүүсийн ар гэрийнхний сэтгэл зүй хэр байгаа гээд олон үйл явдал өрнөдөг. Кинон дээр дээр гарч байгаа үйл явдлууд бодит учраас их хүнд байсан. Манай улсад дотоодоосоо халдвар илэрч дараагийн хавьтал бүхий хүмүүсийг тодорхойлж байсан учраас хүмүүс энэ өвчнийг энгийн нэг зүйл биш гэдгийг ойлгож эхэлсэн. 

Халдвартай хүнтэй ойр дотно байсан хүмүүсийг илрүүлэхгүй бол нөхцөл байдал хүндрэх юм байна. Монголчууд бид цөөхүүлээ шүү гэдгийг хүмүүс тунгаан бодох нь нэмэгдсэн юм шиг санагдсан. Хүмүүс “Бид хамтдаа” киноны группд сэтгэгдлээ их хуваалцдаг. Ялангуяа анагаахын салбарынхан, оюутнууд, одоо ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдын сэтгэлд их сайн хүрсэн юм шиг харагдсан. 

-Кинонд дуу оруулна гэдэг тухайн киног амь оруулж байна гэсэн үг. Мэдээж мэргэжлийн бус учир хүндрэлтэй зүйл байсан уу?

 -Ц.М: Кино дуу оруулж хүргэсний дараа хүмүүс сэтгэгдлээ бичиж, бид хоёрын дуу оруулалт олон хүнд таалагдаж байгаа гэдгийг хараад баярлаж байсан. Үүнээс харахад стандарт бус зүйл гэдэг хааяа хүмүүст илүү ойр хүрдэг юм болов уу. Мэргэжлийн хүмүүсийн амны хайрцаг, үг бүрийн хэллэг, амьсгаа хуваарилалт ондоо шүү дээ. Орчуулгын бичиглэл нь ч гэсэн бичгийн хэл рүү орсон байх жишээтэй. Бид хоёр энгийн үзэгчийн үгээр орчуулж, үзэгч шиг л энгийн яриагаар дуу оруулсан. Энэ кино 20 ангитай бөгөөд 150 жүжигчин гол туслах дүрд тоглосон. 

-Б.Н: “Бид хамтдаа” кинонд маш олон дүр гарч байгаа. Залуу хөгшин, эрх, ааштай, түрэмгий гээд зан, хандлагын хувьд өөр өөр хүмүүс гарна. Энэ чиглэлээр ажиллаж үзээгүй, жүжигчин биш болохоор хүндрэлтэй зүйл олон байсан. Гэхдээ биднийг “Бодит байдал” гэдэг зүйл илүү хурцалсан. Яг бодит байдалд эмнэлэгт намайг тусгаарлачихвал, хамт ажиллаж байсан хүмүүс минь нүдэн дээр нас барвал би яах байсан бол гэж бодож дуу оруулсан учраас үзэгчдэд илүү хүрсэн байж магадгүй. 

-“Бид хамтдаа” киноноос тухайн нөхцөл байдал хэрхэн өрнөж буй, халдвар авсан хүн хэрхэн шаналж , сэтгэл зүйн хувьд хүнд байгаа гээд олон зүйлийг хараад кинондоо бүр орчихдог шүү. Та хоёрын хувьд энэ киноны үйл явдал, жүжигчдийн сэтгэл хөдлөл бүрийг мэдэрч, гаргасан шүү дээ. Сэтгэлзүйн хувьд хэрхэн нөлөөлж байв? 

-Ц.М: Бид хоёр ангиудаа хувааж орчуулсан. Тэр хугацаанд кинон дээр гарч байгаа үйл явдал, өгүүлэмжийг уншаад нулимс унагасан үе цөөнгүй. Эхнэр маань киногоо үзээгүй текстээ аваад дуу оруулах гээд суухаараа бичвэрээ уншаад уйлаад суусан тохиолдол олон бий. Кинон дээр гарч байгаа үйл явдал, нөхцөл байдал, сэтгэл хөдлөлүүд бид хоёрт маш их нөлөөлсөн. Дотооддоо халдвар илэрлээ гэхэд кино дээр гарч буй шиг нөхцөл байдал өрнөж байгаа байхдаа, энэ хүний ярьсныг энэ нь буруу болчихлоо, бодит нөхцөл байдал ийм байх ёстой гэдэг ч юм уу, тэр талын мэдрэмж нэмэгддэг юм шиг санагдсан. 

-Б.Н: “Бид хамтдаа” киног III ангийг хүмүүст хүргэж байхад би жирэмсний үзлэгт орохоор Эх нялхас руу явсан юм. Харин үзүүлчихээд гэр рүүгээ явах замд “Цагдаа гараа өргөлөө”. Тэгээд зогстол тэр цагдаа “ Би 24 цагийн турш гарсан, шөнө нэмэлтээр бас гарсан юм. Намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйлаа. Гэр нь долоон буудалд байдаг гэнэ. Би тэр үед хаана зам хааж байгааг мэдээгүй л дээ. 

Тэгээд долоон буудал руу явж цагдааг хүргэж өгөөд эргээд төв рүү орох гэсэн цагдаа нар оруулдаггүй. Болсон явдлаа ярилаа, сүүлдээ би жирэмсэн юм харих гээд гуйсан ч оруулдаггүй. Бараг дөрвөн цаг төөрч давхиж явсаар байгаад харанхуй болсон хойно гэртээ ирээд уйлж байсан. Тэр үед ус уумаар байвч зогсох дэлгүүр байхгүй, хүндхэн байсан даа. Би бусдад туслах ёстой, энэ онцгой байдалд ажиллаж байгаа хүмүүсээ ойлгох хэрэгтэй гээд энэ кино бодол санаанд минь гүн туссан. 

-Хятадад сурч байсан гэсэн. Тухайн улсын соёл, хүмүүсийнх нь сэтгэл хөдлөл, амьдралын хэв маяг зэргийг мэддэг учраас кинонд дуу оруулахад давуу тал болов уу? 

-Ц.М: Тэгэлгүй яах вэ. Хятад кино үйл явдалтай, жүжиглэлт, дуу яриа нь маш энгийн байдаг учраас үзэхэд ойр байдаг. Бид хоёр Шанхай хотод долоон жил амьдарсан болохоор ийм нөхцөл байдалд Хятад хүмүүс ямар араншин гаргадаг, ямар хариу үйлдэл үзүүлдэг зэргийг гадарлах учраас илүү ойр байсан. Кино орчуулга хийхэд тухайн хүний хэлж байгаа үгийг ямар өгүүлэмжтэй сэтгэлийн хөдлөлтэйгөөр хэлэх вэ гээд анхаарах зүйл олон. Хэрвээ Хятад хүний зан араншинг мэдэхгүй хүн тухайн үндэстний киног дуу оруулж хүргэвэл магадгүй бодит байдлаас хөндий сонсогдож болох юм. 

-Ярилцсанд баярлалаа. Сонины маань уншигчдад хандаж юу хэлэх вэ? 

-Б.Н: Энэ бодит нөхцөл байдлыг энгийн зүйл гэж битгий бодоорой. Үүнийг дэлхий нийтээр цар тахал гээд зарласан, шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл шүү. Монголчууд маань зовлон үзээгүй өвчинд нэрвэгдэж олноороо устаж, өлсөж, ялагдаж үзээгүй ард түмэн. Тийм болохоор бүх зүйлд тэнгэр заяатай юм шиг санагдаж, бүхнийг даван туулах хүчтэй, биднээс холуур, өнгөрнө гэж боддог учраас тайван байх шиг санагддаг. Хүмүүсийг маскаа зүүж, ариутгал хийж, гэртээ байгаарай гэж уриалмаар байна. 

-Ц.М: Төр засгаас авч байгаа шийдвэр арга хэмжээ хүмүүст таалагдах, таалагдахгүй янз бүрийн байгаа нь анзаарагдсан. Энэ үүсэж буй нөхцөл байдал бүхэн цоо шинэ зүйл. Мэдээж одоо бүх зүйлд тодорхой судалгааны дагуу ажиллах ёстой боловч, буруу, зөв олон асуудал гарч байгаа. Бид ч гэсэн яах учраа олохгүй сандрах үе байсан. Төр засгийн удирдлагууд маань ч гэсэн цоо шинэ зүйл учраас тодорхой хэмжээнд барьц алдах, гаргасан шийдвэр нь зарим талаараа буруудлаа ч, хурдан засаж залруулж байгаа нь сайн хэрэг. 

Бүгдээрээ нэг нэгэндээ харилцан хүндэтгэлтэй хандаж ганцхан миний эрх гэхээс илүүтэй бусад хүний төлөөх гэдгээ эрмэлзлийг урдаа тавьж чадвал бидний эв нэгдэл илүү бат бөх болно. Эв нэгдэлтэй байна гэдэг цар тахал гэхгүйгээр дайн тулааны үед ч тухайн улс үндэстний ялан дийлэх хамгийн хүчтэй зэвсэг байдаг. Тиймээс эв нэгдэл гэдэг хүчтэй зэвсгээ илүү хурцалж байж л, энэ хүнд цаг хугацааг хамтдаа давж гарна гэж хэлмээр байна.


0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.242
    2021/01/01

    Үнэхээр чин сэтгэлээсээ хийсэн болохыг бүтэн 20 анги үзэхдээ мэдэрч байсан. Амжилт аз жаргал бүхнийг хүсье,танай гэр бүлд

    Хариулах
  • 124.158.77.41
    2020/12/30

    Мундаг Амжилт хүсье

    Хариулах