Хоногт 60-70 хүүхэд гэртээ гэмтэж байна

Админ
2021/01/05

Л.АЛТАНХИШИГ

Хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт байхдаа хамгийн аюулгүй гэж боддог. Гэвч хөл хорионы энэ үеэр хүүхэд ойр дотныхоо хүний хараа хяналтад байгаа ч гэмтэх цаашлаад амь насаа алдах нь ч байна. Манай сурвалжлах хэсэг хүүхэд ахуйн хүрээнд хэрхэн гэмтэж байгааг тодруулахаар ГССҮТ-ийг зорив. Шинэ төрлийн коронавирусний халдвар нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд хүн бүр эрүүл мэнддээ анхаарч шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх дэглэм мөрдөж буй. 

Тиймээс ч хүүхэд, томчууд гэлтгүй гэмтэж, бэртэх эрсдэл нь бага байх болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй бодогдох. Гэвч биднийг очиход ГССҮТ урьдын адил ачаалалтай байгаа нь үүдээр нь ороход мэдэгдэв. Гэмтсэн иргэд эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээн авахын хаалгаар дугаарлан орж байв. Тухайн хүн ямар ч хүнд гэмтэлтэй байсан ковидын халдвараас сэргийлэхийн тулд хүн бүрийн халууныг үзэж, бүртгэл хийнэ. Ээж аавдаа хөтлүүлсэн, тэврүүлсэн, хөл, гар нь сойлттой хүүхдүүд ч цөөнгүй харагдсан юм.

ТАВАН САРТАЙ ХҮҮХЭД ОРНООС УНАЖ ГЭМТЖЭЭ

Нялх хүүхэд тэвэрсэн Баянгол дүүргийн иргэн А-тай уулзав. Тэрбээр “Миний хүү одоо таван сартай. Өчигдөр орой орноос унаад тархи нь доргисон байж магадгүй гэж бодоод эмчид үзүүлээд явж байна. Орноос өнхөрч магадгүй гэж бодоод урдуур нь дэр тавьж хамгаалсан ч уначихсан” гэлээ.

МОТОЦИКЛИЙН ЭД АНГИНД ГАРАА ХАВЧУУЛСАН ХҮҮГИЙН ШӨРМӨС НЬ ТАСРАВ 

Өвөрхангай аймгаас ГССҮТ-ийг зорин ирсэн М.Цэрэнсугар “Хүү маань гурван настай. Гэрт байсан мотоциклийн эд ангийг оролдож байгаад гараа гэмтээсэн. Бид эхлээд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж хагалгаанд орсон. Учир нь гэмтлийн улмаас гарынх нь шөрмөс тасарсан байсан. Гэтэл хагалгааны дараа гэмтсэн гар нь дахин өвдсөн. Тиймээс ГССҮТ-д ирж дахин эмчилгээ хийлгэж байна” гэлээ. Хүүхдийнх нь гарын гэмтэл хүнд тул хэвтэн эмчлүүлэхээр болсон гэдгээ хэлэв. 

ХАЛУУН ХООЛ, ЦАЙНД ТҮЛЭГДСЭН ХҮҮХДҮҮД

ГССҮТ-д ирж буй түлэгдсэн хүмүүсийн 90 хувийг 0- 15 насны хүүхдүүд эзэлж байна. Хөл хорио тогтоож цэцэрлэг, сургууль зогссон энэ үед хамгийн их түлэгдэлтэд өртөж буй орчин нь хүүхдийн хамгийн аюулгүй байх ёстой гэр орон нь болсон байна. Тэр дундаа гэртээ өөрсдийн идэж ууж байгаа хоол ундандаа л түлэгдэж байгаа нь харамсалтай. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Э “Би гэр бүлээрээ хотоос захдуу байрлах өвлийн байшиндаа амьдарч байгаа. Өнөөдөр хүү маань газар байсан халуун савтай цайнд хөлөө түлчихсэн. Халуун цай уудалж дуусаад эргээд харах зуур л ийм зүйл болчихлоо” гэсэн юм. Энэ мэт олон шалтгаанаар гэртээ байж байгаад гэмтсэн хүүхдүүд ГССҮТ-д ирж байна. 

Энэ нь эцэг, эхийн хайхрамжгүй байдалтай холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Хүүхэд ахуйн орчинд ямар хэлбэрээр гэмтэж байгааг ГССҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн их эмч Ч.Түмэнбаяраас тодрууллаа. 

-ГССҮТ-ийн ачаалал ер нь ямар байна вэ?

-Хөл хорио тогтоохоос өмнө хоногт 400 гаруй гэмтэж, бэртсэн хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан. Өнөөдөр өдөрт 180 гаруй хүн ирж байна. Тэдний 60-70 нь хүүхэд. Манай эмнэлэг хүүхдийн хоёр тасагтай. Ачаалал их байна. 

-Хүүхдүүд гэртээ эцэг, эхийнхээ хараа хяналтад байгаа ч бэртэж байна. Ямар төрлийн гэмтэл зонхилж байна вэ?

-Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж буцалсан ус, халуун тогоонд хийж байгаа хоол, цайнд түлэгдсэн хүүхдүүд гэмтлийн эмнэлгт ирсээр байна. ГССҮТ-д жилд дунджаар 1500 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдгийн 70-80 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. Мөн 1-4 насны хүүхдийн түлэгдэлт, гэмтэл өвчлөлийн хамгийн их хувийг эзэлж байна. Түлэгдсэн хүүхдийн 80 гаруй хувь нь гэртээ байж байгаад осолд өртдөг. Сургууль, цэцэрлэг дээр хүүхэд багш нарын хараа хяналтад байдаг тул бэртэж, гэмтэх, түлэгдэх аюулаас хол байдаг. 

Гэтэл энэ жил гэмтэж, түлэгдэх нь эрс нэмэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн онд 10 мянга гаруй хүүхэд их, бага хэмжээгээр түлэгдэж, гэмтсэн байна. Хүүхдийн арьс маш эмзэг. Маш жижиг хэмжээний түлэгдэлтэд өртөхөд л тэр нь хүндээр тусаж амь насанд нь ч аюултай үүсгэдэг гэдгийг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. 

-Хүүхэд гэмтэж, бэртэхээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хэрхэн анхаарах ёстой вэ?

-Хүүхдийн осол гэмтлийн шалтгаан нь нас болгонд харилцан адилгүй байдаг. Бага насны хүүхэд, өөртөө тавих анхаарал сул байхаас гадна эцэг эх, харгалзагчийн хараа хяналт муу, хүүхдэд ээлгүй аюултай орчин нөхцөл зэргээс ихээхэн шалтгаалж байна. 

Жишээ нь, эцэг эхийн ухамсаргүй, хариуцлагагүй байдлаас үүдэн дөнгөж хөлд орж байгаа 0-2 насны хүүхдийнхээ ойр орчны аюулгүй байдлыг хангахгүй байгаа нь ахуйн орчны түлэгдэлтийн шалтгаан болж байна. Мөн бага насны хүүхэд гараа хаалганд хавчуулах, ширээний булан тохойг мөргөсний улмаас цус хурах зэрэг гэмтлүүд нэлээд тохиолддог учраас ширээ, сандал, тавцан гэх мэт хурц өнцөгтэй эд зүйлсээ зөөлөвчөөр бүрэх хэрэгтэй. 

Түүнчлэн цахилгаан хэрэгслээ унтрааж салгах, хүүхдийн гар хүрэх түвшнээс холуур байлгах зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн онд цахилгааны аюулгүй байдлаас болж хүнд гэмтэл авсан хүүхэд цөөнгүй ирсэн. Мөн хүүхэд өндрөөс унаж бэртсэн тохиолдолд сэгсэрдэг нь маш буруу. Бага насны хүүхдийн тархины хөгжил бүрэн явагдаж дуусаагүй байдаг зэргээс хамаарч сэгсрэх үед нэмэлтээр гэмтэл үүсэх, тархи хавагнах эрсдэлтэй байдаг. 

Манай улсад осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын гурав нь хүүхэд гэсэн судалгааг эмч мэргэжилтнүүд гаргасан байна. Хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг, эх нь дэргэд нь байсан ч өдөрт 60-70 хүүхэд гэмтэн эрүүл мэндээрээ хохирч байгааг дээрх баримтууд харуулж байна. Хүүхдээ анхаарахгүй зурагт үзээд сууж байхад таны хүүхдийн эрүүл мэнд эрсдэлд орж болзошгүй тул ахуйн хүрээнд буюу гэрийн орчин нөхцөлөө хүүхдэд ээлтэй болгох нь эцэг эх бүрийн үүрэг юм. Мөн гэртээ байхдаа ч хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.234
    2021/01/05

    пизданууд хүүхдээ сайн харахгүй

    Хариулах