Д.Амаржаргал: Гэртээ теле хичээл үзэх боломжгүй хүүхдүүд ч байна


Д. Ари

ЧД-ИЙН 17-Р СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ Д.АМАРЖАРГАЛ 

-Цар тахлын улмаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон. Одоо багш нар маань ямар нөхцөл байдалд, хэрхэн яаж ажиллаж байна вэ? 

-Багш нар маань гэртээ онлайнаар гэрээсээ ажлаа хийж байна. Хүүхэд болгонтой онлайнаар харьцаж, цахим хичээлийг хэрхэн яаж гүйцэтгэж үзэж байгаа дээр хяналт тавьж байна. Сурагчдын хийсэн гэрийн даалгаварт зөвлөн туслаж байгаа юм. Мөн цахим хичээлээ судалж бэлдэнэ. 

-Бага ангийн багш хүүхэдтэй тулж ажиллах шаардлагатай байдаг шүү дээ. Онлайнаар хичээл заахад хүндрэлтэй зүйл юу байна? 

-Бага ангийн хүүхэдтэй хамтарч ажилна гэдэг тийм амархан ажил биш л дээ.. Юу чухал байдаг вэ гэвэл багш сурагч хоорондын харьцаа , хамтын үйл ажиллагааны үр дүнд сургалт маань явагддаг. Сурагчид маань цахимаар бие дааж суралцах чадвар эзэмшээгүй. Тэгэхээр зайлшгүй, багш хүүхдийн хажууд байгаад хамтарч ажиллах боломжгүй нөхцөлд цахимаар бид холбогдож байна. Ихэвчлэн утсаар хүүхэдтэйгээ харьцаж, ажиллаж байна. Энэ ажилд маань хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүн бол эцэг эхчүүд. 

Шинэ хичээлийг цахимаар ойлгуулахад хамгийн хүндрэлтэй. Хажууд нь байгаад заах , цахимаар заа хоёр тэс өөр. Хүүхэд маань юуг нь ойлгож, юуг ойлгохгүй байна вэ гэдэг дээр хүүхэд бүртээ нэгбүрчлэн харьцаж байгаа учир цаг хугацаа авьгүй их зарцуулагдаж байна. Хүүхдийн тоо олон байгаа нь хүндрэлтэй. Зарим сурагчидтай холбогдох боломжгүй тохиолдол ч гардаг. Хичээлээ л ойлгохгүй тохиолдол ч байна. 

Мөн эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаа нь багш бид нарт үнэхээр хүндрэл учруулдаг. Тиймээс эцэг эхчүүдийн хандлага их нөлөөлдөг. Энэ цаг үед эцэг эхчүүдийн анхаарал, үр хүүхэддээ цаг гаргах нь маш чухал юм. Тэрнээс гадна гэртээ теле хичээл үзэх боломжгүй ч хүүхэд байна. Янз бүрийн олон хүндрэлүүд гарч байна даа. 

-Цахимаар хичээллээд тодорхой хугацаа өнгөрсөн. Сурагчдын сурлагын түвшинд ямар ялгаа гарч байна вэ? 

-Сурагчдын сурлагын түвшинд нэлээд өөрчлөлт гарсан байна. Хавар хоёр сараас хойш цахимаар хичээллээ. Хичээллэх явцад онлайнаар груп чат үүсгэж байгаад шалгалт авч үзсэн. Хавар онлайнаар хичээл зааж эхлэхэд боломжийн юм шиг санагдаж байсан. Харин намар ангийн дундаж түвшин, танхимын сурлагатайгаа хичээллэж байх үеээсээ 25-30 хувиар буурсан. Тэгэхээр цахимаар хичээллэх нь бага ангийн хүүхдүүдэд тохиромжгүй, түвшин буурах хандлага ажиглагдаж байна. 

Т.ЗАМБАГА: ЭЦЭГ ЭХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХАМГИЙН ЧУХАЛ БОЛООД БАЙНА 

33-Р СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ 

-Цар тахлын улмаас сургуулийн үйл ажиллагааг хориглосон. Одоо багш нар маань ямар нөхцөл байдалд, хэрхэн яаж ажиллаж байна вэ? 

-Эрүүл явбал мянган лан гэдэг. Яалт ч үгүй цар тахлын өмнө улс, дэлхий даяараа барьц алдаж байна. Боловсрол гэдэг бол зогсолтгүй урагшлах ёстой үйл явц байдаг. Тиймдээ ч цахимаар хичээллэх нь тэнхимээр хичээллэхийг яагаад ч гүйцэхгүй юм. Тэнхимээр хичээллэснээр амьд харилцааг үүсгэдэг харин цахим гэдэг бол багшийн бэлдсэн хичээлүүдийг шууд хүлээж авах явц. Чанарын хувьд нилээд сайн бэлтгэгдсэн хичээл. “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэдэг шиг хүүхэд болгоны хүлээж авах түвшин өөр. Нөхцөл байдалдаа тохируулан хичээллэж байна. 

-Багш нарын хувьд цахимаар хичээл заахад хүндрэлтэй зүйл юу байгаа бол? 

-Бид хичээлийн үйл явц, тэмдэглэсэн байдал, тэр хичээлд хэрхэн хандсан байдал хүүхдийн тэмдэглэгээгээр урьдчилан дүгнээд явж байгаа. Хүүхдүүдийн хувьд сургууль гэдэг том ертөнц. Тиймээс гэр бүл, эцэг эхийн хамтын ажиллагаа хамгийн чухал зүйл болоод байна. 

-Цахимаар хичээллээд тодорхой хугацаа өнгөрсөн. Сурагчдын сурлагийн түвшинд ямар ялгаа гарч байна вэ? 

-Харилцан адилгүй байна. Ноднин хавар хичээл ороогүй байгаад дууссан. Энэ намар ороод хоёр сар гаран хичээллээ. Зарим хүүхдийн тухайд бие даах чадвар харьцангүй дээшилсэн. Хичээл орлоо гэхэд тэр хичээлийг тэмдэглэж аваад өөрийн гэсэн дадлыг бий болгосон. Харин зарим нь хоцрогдох шинжтэй. Сурлагын түвшний хувьд мөн л харьцангуй байна.

 А.АМАРБАЯСГАЛАН:АНГИДАА ХИЧЭЭЛЛЭХЭД БАГШААСАА ЗӨВЛӨМЖ АВАХАД АМАР БАЙДАГ 

33-Р СУРГУУЛИЙН 10 В АНГИЙН СУРАГЧ: 

-Сургуульдаа явахгүйгээр онлайн хичээлд хамрагдах хэр байна вэ? 

-Миний хувьд онлайн хичээл үр дүнтэй санагдахгүй байгаа. Яагаад вэ гэвэл сүүлийн хоёр жил тус тусдаа теле хичээл ганцаарчилж хичээллэж байна. Өмнө бол танхимаар ангийнхантайгаа хичээллээд бидэнд дадал болжээ. Ганцаарчилсан хичээлд дасаж өгөхгүй байна. Зарим зүйлсийг ойлгохгүй, багш нартайгаа харьцаж чадахгүй, заавар зөвлөгөөг сайн авч чадахгүй, хүндрэлтэй асуудлууд гарсаар л байгаа. 

-Мэдлэг олж авахын тулд тэнхимээр хичээллэх нь дээр байна уу цахимаар хичээллэх нь илүү байна уу? 

-Тэнхимээр хичээллэх нь илүү дээр санагддаг. Багш нартайгаа харьцаад, сурагчид хоорондоо бие биетэйгээ харьцах, бие биеэсээ дэмжлэг авах нь илүү үр дүнтэй.

 -Сүүлийн нэг жил орчим цахимаар хичээллэж байна. Сургуульдаа явах, ангийнхаа найз нартаа уулзахыг хэр их хүсэж байна вэ? 

-Үнэхээр маш их сургуулиа, багш нарыгаа,найзуудаа санаж байна. Хурдхан л хичээлдээ явмаар байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна