“Гардан тулаан"-д орсон Т. Мөнхсайхан сайдыг харахад "бүслэлтээс" гарч чадах уу, Ерөнхий сайд аа

Админ
2021/01/07

У. Оргилмаа

Хөлдсөн PCR оношлуур ашиглаж шинжилгээг будилуулахгүй гэх баталгаа байна уу, Т.Мөнхсайхан сайд аа

Коронавирусийн халдвар авсан хүний тоо хөл хориог сунгах гэхээр нэмэгдээд байгаа нь тохиолдол уу? Хийж дуусдаггүй эрсдэлийн үнэлгээ, хэдхэн эмнэлэг, тусгаарлах байруудыг ариун цэврийн шаардлага хангуулчихаж чаддаггүй Эрүүл мэндийн сайд яамныхаа хэдэн хүнийг халж рейтингээ өсгөж авснаас цааш гарахгүй л байна. 

Цар тахлын үед эмнэлэг нь голомт болж, эмч сувилагч, асрагч нар нь хавьтагч болчихоод байхад “Гоё сайд, залуу хүн” гэсэн чимэг дор гэлдэрч яваа энэ сайдтай яагаад хариуцлага тооцож болохгүй гэж? “Гоо сайхан ертөнцийг авардаг” л биз, “Гоё сайд” Эрүүл мэндийн салбарыг аварч чадах юм уу? Нэг жишээ дурдъя. Энэ сарын 5-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан ёсны сайтад “Коронавируст халдварын PCR шинжилгээний сорьц авах багц бүтээгдэхүүн хөлдсөнийг илрүүлэн саатуулав” гэсэн гарчигтай мэдээ гарсан. 

Үүнд “БНХАУ-ын Замын-Үүд боомтоор 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавируст халдварын сорьц авах PCR шинжилгээний багц 243 мянган ширхэг бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас хяналт шалгалт хийж энэхүү бүтээгдэхүүнийг импортлохдоо зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, бүтээгдэхүүн хөлдсөн зөрчлийг илрүүлээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтээгдэхүүнийг түр саатуулан Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байна” гэжээ.

Энэ тохиолдолд хуулийн дагуу найдвартай устгуулахгүй бол “А” гэгч компани хэний компани байгаад, ямар арга замаар сорьц авах багажаа “аварч” үлдэхийг хэн мэдэх билээ. Өдгөө PCR шинжилгээ авч байгаа багаж хэр найдвартай юм бэ гэдэгт эргэлзэх хүн олширсоор байна. 

Баригдсан нь дээрх тохиолдол болохоос бүгд 100 хувь зориулалтын тээврийн хэрэгслээр ирсэн найдвартай бүтээгдэхүүн байж чаддаг уу? Т.Мөнхсайхан сайдын цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед төрийн албаны тухай хуулийг зөрчин байж хийсэн томилгоон дунд ЭМЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга болон Хилийн мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байгаад тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтнээр ажилд авсан хүмүүс нь энэ талаар ажлын туршлагаараа түшиг болж хамтран ажиллах байх гэж найдаж байна. 

Сайд өөрөө хоёр ч эмнэлэгт даргаар ажиллаж байсны хувьд Баянзүрх дүүрэгт, ХӨСҮТ-д яагаад голомтлох болсон, мөн Ачтан зэрэг хувийн эмнэлгүүдэд нөхцөл байдал ямар байгааг, өрхийн эмнэлгийн эмч ажилтнуудын цалин хангамж хэр байдгийг доторлож, гадарлах л учиртай. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард “2022 оноос эхлэн бүх шатны эмнэлгүүд хагас бие даасан байдалд шилжинэ. Эмнэлгүүдийн санхүүжилтийн тогтолцоонд асуудал байгааг өөрчлөх талаар Сангийн сайдтай ярилцаад хамтарч ажиллаж байна” гэсэн. 

Мөн “Үүнийхээ урьдал болгож арван эмнэлэгт энэ онд туршилт хийнэ, улмаар бүх эмнэлэг хагас бие даасан байдалд шилжинэ” гэсэн боловч цар тахлын нөхцөл түүнд туршилт хийж суух зав олгохгүй, харин ч өөрөө туршигдаж буй мэт ажиллаж байна. Түүнийг залуу хүнийхээ хувьд “муу түүх” багатай байх болов уу гэж найдсан ч “Оном” сангийн тэргүүн, доктор Д.Наранбаатарын дэлгэсэн баримт үнэхээр цочирдуулсан. Улстөрчдөд эрдэмтний үг хоосон цуурай шиг үнэ цэнгүй байдаг бололтой. 

Уг нь доктор Д.Наранбаатар цар тахлын үеэр улстөржиж “18 тэрбумын Солонгосын тоног төхөөрөмж шахсан” гэх мэдээллийг тарааж ашиг хонжоо олох хүн биш гэдгийг салбарынхан өгүүлдэг боловч Т.Мөнхсайхан сайд “ДЭМБ-д бүртгэгдээгүй, зөвшөөрөгдөөгүй оношлуурын тухай ойлголт байх ч ёсгүй. Намайг сайд болсноос хойш 18 тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдээгүй” хэмээн няцааж гүтгүүлсэн гэж үзэж байгаа учраас хуулийн байгууллагад өгч шалгуулна гэж мэдэгдсэн. Одоо түүний хувьд дээрх 18 тэрбумын “шахаа”-наас гадна эмнэлгүүдийн хувьчлалын асуудал “ороосон” харагдана. 

Ерөнхий сайдын хэлснээр “бүслэлтэд” орсон энэ нөхцөлд “гардан тулааны” гол “цэрэг” нь ийм байдалтай удвал “ялагдаж” мэдэх дүр зураг харагдаж байна. Насны залуугаас гадна, сэтгэлийн гал цог, итгэл үнэмшил хэрэгтэй байна, Т.Мөнхсайхан сайд аа!

Гэвч сайдын нэр хүндээс гадна Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн асуудал, цар тахлыг амины гарз багатай даван туулах хамгийн том үүрэг оногдоод буй. Энэ сарын 5-нд МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт тандалт хийж ажилласан дүнгээ танилцуулсан. 

Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлын хяналт шалгалтыг таван эмнэлэгт хийсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалтын болон хувийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэлт бодис дутагдалтай байсан зэрэг зөрчлийг арилгасан байна билээ. Мөн “Ковид-19”-ийн шинжилгээ авах 30 цэгт хийсэн хяналтаар шинжилгээ авах цэгийн эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй, аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах заавар зөрчсөн, түр тусгаарлах өрөөг бэлтгээгүй зэрэг зөрчлийг илрүүлжээ. 

Эрүүл мэндийн сайдын нэн яаралтай хийх ажлын нэг бол дээрх шалгалтын дүнд дурдсанчлан аюултай хог хаягдлын устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент”, “Элемент медикал” компаниудын асуудал байна. Монополь үйл ажиллагаа явуулж буй, маш олон эмнэлэгтэй гэрээгээр ажилладаг компаниа нэмэхгүй бол эмнэлгүүдээс гарч буй халдвар, аюултай хог хаягдлаас үүдсэн шинэ өвчлөл халдвар гарах нөхцөл хэдийнэ бүрдчихлээ. 

Үүнд яаралтай “маневр” хийх шаардлагатай. Мөн орон нутагт түргэвчилсэн оношлуурын нөөц хангалтгүй байгаагаас болж дээр дурдсанчлан импортлох явцад зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн бүтээгдэхүүн, хөлдсөн оношлуур, тоног төхөөрөмж ашиглавал одоогоор бидний сүүлчийн найдвар болоод байгаа PCR шинжилгээний үр дүнд ч итгэхэд бэрх болно. 

Ирэх гуравдугаар сараас өмнө вакцинтайгаа золгох итгэл тээж яваа Засгийн газар вакцинаа сонгох, авчирсан вакциндаа иргэдээ хэрхэн багцалж хамруулах, зорилтот бүлэг, стратеги бодлогоо хэрхэн тодорхойлох зэрэг мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг, мэдээлэлд суурилсан туршлага шаардсан олон сорилт Эрүүл мэндийн сайдыг хүлээж байна. Энэ бүхэнд Т.Мөнхсайхан сайд бэлэн байж чадах уу? Хэвлэл мэдээлэлд гарсанчлан ямар нэг хамаарал бүхий шалтгаантай хүмүүсээр багаа шинэчилснийхээ үр дүнг хэзээ үзүүлэх вэ. 

Одоогоор олон нийт өнөөх улигт 11.00 цагийн автомат хариулагчаас авах мэт мэдээллээс залхаж эхэлсэн. Хаана, ямар эмнэлгээс халдвар гарсан, хэн, хэзээ энэ халдварыг тээж байгаад нас барсан зэрэг бүх мэдээллийг эхлээд сэтгүүлчид мэдээлж, тэдний мөрөөр Эрүүл мэндийн яам тодруулж, гарцаагүй “баригдвал” хүлээн зөвшөөрөх маш эмгэнэлтэй тактикаар хагас жилийг үдлээ. Ерөнхий сайдын хэлснээр “бүслэлтэд” орсон энэ нөхцөлд “гардан тулааны” гол “цэрэг” нь ийм байдалтай удвал “ялагдаж” мэдэх дүр зураг харагдаж байна. Насны залуугаас гадна, сэтгэлийн гал цог, итгэл үнэмшил хэрэгтэй байна, Т.Мөнхсайхан сайд аа!


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна