Яруу найрагч А.Урантогос: Шүлэг бичээд ч нэмэргүй орчлонд шүлэг бичиж л амьд явна

Админ
2021/01/08

Д. Бямбасүрэн

Яруу найрагч, орчуулагч Амарбаатарын Урантогос хэмээх эмэгтэйтэй анх “Гуравдугаар сарын байшин”, “Эрсийн зуун” гэх яруу найргийн номоор нь танилцсан юм. Үл ойртсох дотно хийгээд харь уянга, дотоод ертөнц, эрхэлсэн, туньсан өнгө аяс түүний шүлгээс мэдрэгддэг. Түүнтэй шинэ гарсан орчуулгын ном болон шүлгийх нь талаар ярилцлаа.

-Оны өмнөхөн орчуулгын шинэ номоо уншигчдад хүргэсэнд тань баяр хүргэе. Өөрийнхөө талаар манай уншигчдад танилцуулна уу? 

-Баярлалаа, намайг А.Урантогос гэдэг. Утга зохиол тэр тусмаа яруу найраг, хүүрнэл зохиол, хөгжим, зургийн бүтээлүүдэд зүрх сэтгэлээ өгч яваа жирийн нэг уран бүтээлч. Урлагт шимтэн дурлаж, амьдралын нэгэн хэсгээ болгосон гэх үү дээ. Урлаггүйгээр орчлон хорвоог туулна гэвэл хэцүү санагдана. Энэ номын тухайд гэвэл Хятадад эдийн засгийн мэргэжлээр докторантурт сурахын хажуугаар орчуулан гаргасан. 

- “Мэлхий” романыг орчуулахаар сонгосны учир гэвэл...? 

-Мө Янь бол Хятадын хүүрнэл зохиолын оргил хэмээгддэг нэгэн. 2012 онд Утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн эрхмийн “Мэлхий” бол тун чиг адармаатай, өөрийнх нь тодорхойлсноор ойлгоход хамгийн бэрх гэгдэх роман. Энэ роман 2009 онд хэвлэгдсэн. 

Сүүлийн гэгддэг ч утга зохиолын чансаатай бүтээлийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг . Мөн уншигчдын хувьд ойлгоход амаргүй бүтээл. Нийгмийн өвчин буглаа жирийн ард иргэдийн амьдрал хэрхэн идээ бээр шиг хагарч, өвтгөдгийг харуулснаараа Мө Янь, Хятадын төр засгийн бодлогыг нэг талаар хайр наргүй шүүмжилсэн. Нөгөө талаар бүх дэлхийгээс өмгөөлж хамгаалсан юм. 

-Харь хэлнээс төрөлх хэлээрээ зохиол бүтээлийг хөрвүүлж, уншигчдад хүргэнэ гэдэг хариуцлагатай хэрнээ хүнд ажил. Энэ таны хэд дэх орчуулгын бүтээл вэ? 

-Өмнө нь Хятадын сонгомол өгүүллэг, яруу найргийн түүвэр гэх мэт зохиолуудаас хэсэгчлэн орчуулга хийж байсан. Лю Шүний нэрэмжит шагналт зохиолч Ли Шиү Вэний “Уулын голын нөмрөг”, Андерсоны нэрэмжит зохиолч Жан Жылүгийн “Гуравдугаар арми” роман гээд хэд хэдэн бүтээлийн орчуулагчаар ажилласан. Хүүрнэл зохиолын хувьд анхны орчуулга маань 2016 онд Мө Яний “Шөнийн олз” гээд шидэт реализмын төрлөөр бичигдсэн өгүүллэг хэвлэгдэн гарсан. 

-Зохиолч Мө Янийг нийгэмд ганцаардан хавчигдсан хүмүүсийн орь дууг дуурсган бичиглэгч гэдэг юм билээ. Орчуулагчийн хувьд зохиолчийн бичсэн ганцаардлыг хүмүүст хүргэхэд хэр байв?

-Уран бүтээлийн амин сүнс, гол санааг алдагдуулахгүйгээр үг, өгүүлбэр бүрийг түүчээлэн хүүрнэж, дээрээс нь эх хэлнийхээ баялаг утгын сантай дүйцүүлж, уншигчдад хүргэнэ гэдэг орчуулагчийн ид хав, эзэмшсэн болоод төрөлх хэл хоёрын чадал тэнхээг шалгасан, ухаан сорьсон ажил. 

Гэхдээ сайн бүтээл гэдэг уншигч бүрт адилгүй тусдаг шиг байгаа юм. Яг л түмэн тусгалтай толь нарны гэрэлд ойх мөсний хэлтэрхий шиг. Орчуулагчийн хувьд бүтээлд гүн автах, зохиолын өрнөлөөс шалтгаалан сэтгэлээр унах эсвэл бүх аргаа барах, заримдаа өөрийнхөө амьдралыг хүртэл жишин бодож санаашрах явдал гарч л байсан.

-Орчуулагч бүрийн хувьд уран бүтээлийн цаг хугацаа өөр өөр байх. Таны хувьд “Мэлхий” романыг хэдий хэр хугацаанд орчуулсан бэ?

-Гурван жил. Нэг үгээр бол олон жил санаж, зорьж явсан бүтээл минь гэж ойлгож болно.

-Гадаадын зохиолуудыг өөрийн хэлээр уншихад найруулгын хувьд нэлээд хүндрэл учирдаг. Орчуулагч хүний хувьд орчуулагчдад юуг зөвлөх вэ?

-Орчуулахдаа анхаарах гол зүйлийн нэг нь өөрөө дуртай, уйгагүй байхаас гадна сайн уншигч байж, нутаг орны амьдралын хэв маяг, ахуйг дотроосоо ойлгож мэддэг байх л чухал юм шиг санагддаг.

-Орчуулгын яриагаа түр орхиод яруу найрагч А.Урантогос гэдэг хүний ертөнцөөр аялъя. Таны “Гуравдугаар сарын байшин”, “Эрсийн зуун” шүлгийн номууд байдаг. Ер нь хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн юм бэ?

-Яг хэлэхэд хэцүү. 2010 онд анхны шүлгийн номоо хэвлүүлсэн. Энэ үеэс л яруу найраг гэдэг утга зохиолын төрөлд гүн дурлан тэмүүлсэн байх.

-Та яруу найргийн хэдэн бүтээл гаргасан бэ?

-Гурван ном хэвлүүлсэн. Дараа жил шинэ шүлгийн номоо гаргах бодолтой байгаа.

-Шүлгийг нь уншаад тухайн хүнийг хэр өсөж явааг харж болдог гэдэг. Уншигчийн хувьд таны шүлгүүдийг уншихад жаахан охин шиг, хүүхэд шиг гэмээр мөрүүд байхгүй санагдсан. Хэзээнээс чухам эмэгтэй хүний өнцгөөр бичих болов?

-Өөрийгөө танина гэдэг ертөнцийн хамгийн чухал атлаа ээдрээт аялал гэдэг шүү дээ. Нас нэмэхийн хэрээр хорвоо дэлхийг арай өөр нүдээр харж эхэлдэг болсонтой холбоотой байх аа.

-Таны нэг шүлэгт “Эрсийг би ойлгодог” гэж мөр бий. Номондоо чухам яагаад “Эрсийн зуун” гэж нэр өгсөн юм бэ?

-Тэр номны нэрийг аав, хүү, бас хайртай эрдээ зориулж өгсөн юм. Амьдралыг минь бүтэн болгосон гурван эр хүн... Эрсийг би ойлгодог гэдэг мөрийн тухайд эмэгтэй авир төрх маань илүү илэрч гараа юу даа гэж санаж байна. (инээв)

-….Шүлэг бүхэнд минь 

Чи л байна итгээрэй

Шувуудтай буцахаас өмнө

Үнсээрэй намайг.... гэдэг мөрөнд тань их дуртай. Хэн нэгэнд зориулж бичсэн шүлэг танд бий юу?

-Баярлалаа. Буцах замын шүлэг гээд энэ бүлэг шүлгийг яалт ч үгүй, нэг хүнд зориулж бичсэн. Эзэнтэй шүлгүүд мэдээж байлгүй яах вэ. Ээждээ, эх орондоо, найздаа зориулж бичсэн шүлгүүд бий.

-Зарим хүмүүс шүлгийг өөрийгөө илэрхийлэх арга гэх нь бий. Шүлэг ер нь сайхан байх, үнэн байх, бусдад ойлгогдох ёстой зүйл мөн үү?

-Шүлэг илэрхийлэл ч мөн. Өөрийн зохиосон хэл ч бас мөн. Хүмүүсийн сайхан гэдэг зүйлээр өөрийгөө шүүнэ гэдэг тэнэг хэрэг. Шүлэг минь надтай адилхан, хэн нэгэнтэй ижил байх албагүй. Ойлгогдож, хайрлагдахыг хүсч буй амь шүү дээ. Хайртай байна гэдэг “Худал үгүй үнэн, хуудуу үгүй илчлэл” гэж боддог. Аль болох хүчээр шигтгэсэн санаа бодолгүй, тухайн мөчийн зөн төөрөгдлөөр бичнэ гэдэг яруу найрагт хамаатай.

-Та яруу найрагчдаас хэнийг унших дуртай вэ?

-Д.Нямсүрэн, Г.Аюурзана, Б.Галсансүх, Б.Эрдэнэсолонго, Х.Нямхишиг гээд их олон нэр цуварна даа. Дээр нь манай үеийнхэн байна. Ер нь уншмаар шүлэгтэй яруу найрагчид цөөнгүй бий. 

...Бяцхан суурингуудыг би сайн ойлгодог

Хүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг

Ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л

Эртний бүрэнхийн дуу мартаагүй явдаг.

Тэдний хүүхдүүд шүлэгч болдог... гээд Аюур ахын шүлгийн мөр яг одоо санаанд бууж байна.

-Шүлэг бичдэг хүмүүс олширч байгаа санагддаг. Хэн дуртай нь ямар ч шүүлтүүргүйгээр шүлгийн ном гаргадаг болж гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр санал бодлоо хуваалцаач?

-Уншигчид их мэргэн хүмүүс шүү. Ялангуяа, уран бүтээлчид өөрсдөө их сайн уншигчид байдаг юм. Хэний ч зааж тогтоохгүй, шударга үнэний хэмжүүр тэдний оюунд бий.

-Нөгөөтэйгүүр, шинэ залуу, часхийсэн яруу найрагчид ч төрж байна. Тэдгээр залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Шүлэг бичээд ч нэмэргүй орчлонд шүлэг бичиж амьд үлддэг өдөр хоногууд гэж байдаг. Өөрөө өөртөө гэрэл болоорой, амьдралд хайртай яваарай л гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 111.239.171.54
    2021/01/10

    Яруу бүсгүй шүү

    Хариулах
  • 202.9.40.53
    2021/01/08

    iim nairagch medehgvm bna

    Хариулах
    • 103.10.22.104
      2021/01/09

      Одоо мэдээд авчих

  • 64.119.27.68
    2021/01/08

    Мундаг шүү

    Хариулах