О.Номин: Бидний хайр хавар шиг...

Админ
2021/01/08

Залуу жүжигчин, загвар өмсөгч О.Номинтой ярилцлаа. Тэрбээр загвар өмсөгчөөр ажиллаж цөөнгүй брендийн нүүр царай болсон төдийгүй “Солонгос драма Монголд”, “Seasons of love” кинонд тоглосон залуу уран бүтээлч юм.

- “Солонгос драма Монголд” киногоор яриагаа эхэлье. Кинонд анх хэрхэн тэнцэж тоглосон тухайгаа хуваалцахгүй юу? 

-Энэ бол миний тоглосон хамгийн анхны кино. Н.Баясаа найруулагч надад киноны санал тавьсан. Тэгээд эмэгтэй гол дүрд нь чи л тохирч байна, тоглох хэрэгтэй гэж ятгасан. Надад бодох, шийдэх сонголт бараг олгоогүй гэх үү дээ. (инээв) Эхлээд зохиолоо уншаад чадах болов уу гэж сүрдсэн. Гэхдээ ковидын үеэр нэгэнт хичээл амарчихсан, завтай байсан болохоор зориглоод үзье гэж шийдсэнээрээ алдаагүй гэж боддог. 

Кинондоо бэлдэж үсээ хүртэл тайруулсан шүү. (инээв) Бас болоогүй ээ, солонгос кино үзэж жүжигчдийг нь дуурайж жүжиглэж үзсэн. Ингээд нэгэнт зориглосон учраас байдаг чадлаараа хичээж тоглосон. Мэргэжлийн жүжигчин биш учраас мэдэхгүй, чадахгүй зүйлтэй тулгарсан. Над шиг мэргэжлийн биш хүнд найруулагчийн арга барил чухал байдаг юм билээ. Найруулагч маань богино хугацаанд ихийг зааж сургасны хүчинд амжилттай болсон гэж бодож байгаа. Анхны гол дүр маань сайхан дурсамжууд үлдээсэн.

-Та мөн саяхан “Seasons of love” кинонд тоглосон. Энэ уран бүтээлд илүү туршлагажсан байсан уу? 

-“Seasons of love” киног найруулагч О.Итгэл найруулсан. Хүний хайрыг дөрвөн улирлын өнгө хувирлаар үзүүлснээрээ их утга төгөлдөр кино болсон л доо. Хүний сэтгэлийн дөрвөн өөр хайрыг улирлын өнгөнд хувилгаж найруулсан гэх юм уу, сонирхолтой бүтээл.

Эрэгтэй гол дүрийг жүжигчин С.Баянмөнх бүтээсэн. Кинон дахь бидний хайр бол хавар. Анхны хайр. Хавар бүх зүйл шинээр урган төлжиж цоо шинээр мэндэлж, хуучин хир толбогүй ариун нандин бас эмзэг байдгийг харуулсан агуулгатай. 

-Мэргэжлийн жүжигчин биш гэлээ. Ямар мэргэжлээр суралцдаг вэ? 

-Би эрхзүйч мэргэжлээр сурдаг. Энэ онд төгсөнө. Кино урлагт санаандгүйгээр ч орчихно гэж зүүдлээ ч үгүй. Хамгийн анх 15 настайдаа “Cosmopolitan Мongo-lia” сэтгүүлд загварын зураг авахуулж байсан. Энэ үеэс л уран бүтээлийн ертөнц өнгө гэрэлтэй, өөр юм шиг сайхан санагдаж эхэлсэн байх. 

Татагдаж эхэлсэн гэж хэлж болно. Гэхдээ би жүжигчин биш. Жүжигчин гэдэг мэргэжлийнх байхаас гадна жүжигчин гэдэг нэрээр дуудуулах хүртлээ жүжигчин хүн маш их хүч хөдөлмөрөө зарцуулдаг нь мэдээж. Залуу хүний хувьд олдсон боломжуудыг ашиглаж бас төрөл бүрийн сонирхолтой зүйлст өөрийгөө сорьж, үзээд алдаж байгаа сонголт минь энэ юм. 

-Ихэвчлэн хайр дурлалын кинонд цайлган охины дүрд тогложээ. Өөр дүрд өөрийгөө сориод үзэх хүсэл төрдөг болсон уу? 

-Харин л дээ, нэг удаа надад эсрэг дүрийн санал ирсэн. Нэлээд ширүүн дүр учраас миний дотоод хүнтэй тохирохгүй юм шиг санагдсан. Хэрвээ дахиад хүчирхэг эмэгтэй хүн эсвэл миний мэргэжлийн чиглэлийн дүр оногдвол үзээд алдахаас буцахгүй шүү. (инээв)

-Тэгвэл цаашид ер нь кино урлагаас “буцахгүй” гэсэн үг үү? 

-Мэдээж эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана. Хажуугаар нь ер “буцахгүй” байх аа. Дүр бүтээх урлагийн өөр өөр хүний дүрд хувирч өөрөөр хэлбэл, өөр өөр ертөнцөд амьдарч чаддаг нь сэтгэл татдаг. 

- Та нийгмийн сүлжээнд олон дагагчтай. Өдөр тутам ямар зарчим баримталдаг вэ? 

-Юуны өмнө эрүүл байх нь эрхэм чухал гэж үздэг. Тиймээс хоёр жил тутамд бүрэн шинжилгээ өгч сурсан. Залуугаасаа зөв хэвшилтэй өөрийгөө эрүүл авч яваад сурчихвал ихийг хийж бүтээнэ гэж боддог. Өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг. 

Бас жингийн илүүдэлгүй байх нь чухал. Сүүлийн хоёр жилд биеэ чангалж, жижиг булчингуудаа хөгжүүлж, хөдөлгөөнтэй байхыг чухалчилж байгаа. Хүн өөрийнхөө эрүүл мэнд, бие галбирт тохирсон дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэвэл бүгд эрүүл бас гоё галбиртай, арьс хүртэл гоё байна. 

-Цахим ертөнцөд идэвхтэй байдаг хүмүүст таагүй сэтгэгдлүүд их ирдэг. Тийм зүйлс тохиолддог уу? 

-Мэдээж сайны хажуугаар саар гэгчээр сөрөг сэтгэгдлүүд ирдэг. Гэхдээ нэг их ач холбогдол өгч байгаагүй. Instagram-аар өөрийнхөө хэв маягийг илэрхийлж, өөрийнхөөрөө л хөтөлдөг. Манайхан ер нь их шүүмжлэх сэтгэхүйтэй хүмүүс. Тийм болохоор хувийн амьдралаа аль болох бага харуулахыг хичээдэг. 

Хүн юу ч хийж байсан шүүмжилдэг, хамгийн сайнаараа байсан ч шүүмжлэх сөрөг тал олчихдог хүмүүс байдаг юм билээ. “Чи усан дээгүүр явж чаддаг байсан ч, хэн нэгэн чамайг сэлж чаддаггүй гэж шүүмжилсээр байх болно” гэдэг үг байдаг юм билээ. Энэ үгийг бодоод шүүмжлэлд сэтгэлээр унадаггүй. 

-Залуу хүний хувьд үеийнхээ залуусыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Үеийнхээ залуусыг мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг. Маш олон залуучууд чадахгүй байх гэсэн айдсаасаа болж хойш суудаг. Тэр айдас бол зүгээр л чиний төсөөлөл. Зоригтой байж юм бүхнийг хийж үз. Мөн хамгийн чухал нь хүнлэг байгаарай. 

-Ирээдүйн зорилго мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Хэнд ч хэлээгүй нууцаа одоо хэлчихье. Энэ жил бизнес эрхлэх зорилготой байгаа. Маш удаан бодсоны эцэст өнгөрсөн жил эхлэх гэсэн боловч ковидоос болж хойшилсон. Энэ жил сургуулиа төгсөх учраас цаг хугацаа нь сайхан таарна гэж найдаж байна. Мэдээж мэргэжлээрээ ажиллана. Мэргэжлээ дээшлүүлнэ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.97
    2021/01/09

    монголын эмэгтэйчүүдын том нүүр царай шүү үнэхээр үзэсгэлэнтэй

    Хариулах