Эх байгалийн эгэл түшээ

П. Даваажаргал
2021/01/11

Хүн төрөлхтний амьдралын хэв маяг, үсрэнгүй хөгжил, техник технологийн дэвшил, хотжилтын нөлөөгөөр байгаль унаган төрхөө гээж, зарим амьтан ургамал ховордон, цаашлаад устаж үгүй болох аюул нүүрлээд буй. 

Тиймээс дэлхий нийтээр экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүмүүн байгалийн харилцан шүтэлцээнд тулгуурлан зохистой аж төрх соёлд суралцах, ногоон хөгжлийн замналын эрэлд гараад удаж байна. Манай улсыг ч цагийн салхи тойрсонгүй. Тэр хэрээр үр хойчоо байгальд ээлтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нь чухал юм. 

Учир нь, өргөн уудам, хосгүй үзэсгэлэнт эх нутгаа хайрлан хамгаалахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал билээ. Улам бүр байгалиас алсарч шилэн барилга, автомат төхөөрөмж рүү хошуурах болсон орчин цагт байгальд хамгийн ойр ажиллаж, амьдарч буй хүн бол Байгаль хамгаалагчид. Иймд энэ удаагийн “Ажлын нэг өдөр” буландаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил, нөхцөл байдлыг сурвалжиллаа.

10:00 цаг 

Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй Улаанбаатар хотын өмнө зүгт өнө мөнхийн бэлгэдэл шиг сүндэрлэх Богдхан уул нь Монголын төдийгүй дэлхийн ууган дархан цаазат газрын нэг юм. Тодруулбал, 1778 оны үед уг хайрханыг дархлан,өнөөг хүртэл тахин шүтэж иржээ. Энгэрээр нь халиун буга, бор гөрөөс уулын энгэрээр тааваараа идээшлэн, уулын бэл, нурууд нь унаган төрхөөрөө дуниартан байсныг бид саяхны гэрэл зургаас харж болно. 

Гэвч өдгөө салаа бүрд нь амины сууц, жуулчны баазууд бууриа засаж, ёроолоор нь хурдны зам зурайж, хажуу бөөрөнд уушийн газруудын гэрэл анивчин буй. Ийн уламжлал, хөгжил огтлолцож, хүмүүн байгаль зэрэгцэн оршиж байна. Магад бага балчир үрс энэхүү уулыг хосгүй үнэт, халдашгүй дархан гэдгийг анзааралгүй торниж байж мэдэх юм.Сурвалжлах баг Богдхан уулын бэл дэх хурдны замаар давхисаар Зүүн богинын аманд хүрлээ. 

Цас нь салхинд туугдан цоохортсон энгэрээс биднийг тосон наашлах 30 гаруй насны эр бол Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Барайшир. Өглөө эртлэн ажилдаа гарч, биднээс урьтан Зайсангийн амыг шалгаж дуусаад иржээ. Тэрбээр 10 орчим жил мэргэжлээрээ ажилласан бөгөөд Зуун мод, Зүүн богинын ам, Хашир тарвагат, Нүдэн булаг, Залаат, Залаатын зүүн богино, Баруун богино, Зайртын ам, Зайсан зэрэг их бага нийлсэн арваад газар хариуцдаг юм байна. 

Түүний аав н.Гомбосүрэн энэ амыг хариуцсан Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг байж. Багаасаа аавтайгаа хамт уул хадаар явж, амьтан ургамал, хорхой шавж сонирхон судлах болсон хүү хожим экологич мэргэжил эзэмшсэн нь энэ. Түүнээс хойш хөдөө аж ахуйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, төрийн жинхэнэ хаагч болон тангараг өргөж, цаг нарыг умартан, цус зудыг сөрөн зүтгэж буй. Тэрбээр “Богдхан ууланд 22 байгаль хамгаалагч байдаг. 

Нэг хүн 5-6 ам хариуцан ажиллана. Суурьшлын бүсэд ойр учраас бусад тусгай хамгаалалттай газраас хэд дахин ачаалалтай. Хотоос алслагдмал газарт тодорхой тооны хүн, зохих маршрутаас очоод буцдаг. Энд эсрэгээрээ. Ам бүрд оршин суугч, жуулчны баазтай. Мөн амрах зугаалах, жимс, самар түүх гэсэн төрөл бүрийн унаа хэрэгсэлтэй зорчигчдын хөдөлгөөн тасрахгүй” хэмээн хамгаалалтад буй газар нутгийн онцлогоо танилцуулснаар бидний яриа эхлэв.

13:00 цаг Хөлийн аясаар чихрах цасны чимээ хөл хорионд удтал бүгсэн бидний чихэнд нэн сонсголонтой. Суурин газрын оршин суугчдад задгай салхи хүртэл эрх чөлөө мэт санагддаг хойно. Алаг тарлан цастай энгэр өөд мацах харьцангуй хялбар аж. Хэдий 45 хэм шахам налуу хэдий ч овон товон цас, салхинд ханзарсан цасны цаанаас сөрвийх өнжмөл шар өвсний эвийг тааруулан гишгэвэл гулгахаас айлтгүй. Дээшлэх тусам агаар цэнгэгшиж, цас нягтарна. Энэ зуур эргэн харвал нийслэл хотыг тусгаарлан саарал хөшиг татсан мэт сүүмийж харагдана. Тийм л бүгчим, давчуу орон зайдаа бид өөрийн мэдэлгүй уусдаг гэлтэй. Хэрэв өдийд хотын гудамжаар алхаж явсан бол түүнээс сайхан нь үгүй санагдах биз.Энгэрийн цасны овон товонг ажвал салхины аясаар тунараагүй болох нь илт, нэгэн жигд байх юм. 

Учрыг Г.Барайшир байцаагчаас лавлахад “Халиун буга, бор гөрөөс цас цавчиж, өвс тэжээлээ олж иддэг. Энэ хавийн цасыг харвал туурайтан амьтад идээшилжээ. Цасны түвшин нэмэгдэж, хунгарласан үед удаан цавчвал туурай нь гэмтдэг. Тиймээс Байгаль хамгаалагч бүр өөрийн хариуцсан хэсгийнхээ амьтдад био техникийн арга хэмжээ авдаг. Өөрөөр хэлбэл, намар нь өөрсдөө өвс хадаж, цас зудад зутарсан амьтдад тавьж өгдөг юм. Саяхан тавьж өгсөн тэжээлээ эргэсэн ихэнхийг нь идсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд зарим уяач адуугаа нааш нь бэлчээгээд орхичихдог болсон. 

Идэш тэжээлийн хувьд ойн амьтадтай давхцдаг учраас төвөгтэй. Ажлын хажуугаар бусдын адуутай хөөцөлдөх хэрэг гарна. Хариулах, хайхрах зүйлгүй Богд уул руу зүглүүлээд хаячихдаг” гэлээ.Түүний ан амьтан, ургамлын тухай мэдлэг дундаршгүй. Цасан дээр үлдсэн ганц ширхэг мөрийг хараад ямар амьтан үүгээр өнгөрснийг төвөггүй хэлнэ. Тэр ч бүү хэл хэзээ, ямархуу байдалтай явсныг нь хэлнэ. Бидэнтэй таарсан хамгийн эхний мөр нарийн, нэг цуваанд үргэлжилсэн байв. Үүнийг харсан Г.Барайшир байцаагч “Энэ бол үнэгний мөр Нарийн урт амьтан учраас нэг шугамд гишгэж явдаг. 

Мөрний хэвийг харвал хурдан шогшиж явсан байна. Цасан дээр гарсан амьтны мөрөөр цасны зузаан болон тухайн амьтан хэзээ явж өнгөрснийг мэдэх боломжтой. Мөр тод, цас нь шинэ байвал хэдэн цагийн өмнө, цас бэхжиж, бага зэрэг дарагдсан байвал хоногийн өмнө гэх мэт баримжаална” гэв. Харин хажууханд нь байх муурын тавхайг санагдуулам мөрийг хярсных гэж танилцуулав. Эргэн тойрноо ажвал зэрлэг амьтны мөр энд тэндгүй харагдана. Учир нь, хярс, шар үнэг зэрэг амьтан уулын энгэр, ойн захаар байрлаж, шөнөдөө хоол тэжээлээ зөөн нааш цааш гүйлддэг аж. 

Хэдэн зүгт тарж, хэрэн сүлжилдсэн эдгээр мөрийг байгаль хамгаалагчид төвөггүй уншдаг гэлтэй. Түүнчлэн ялгадсаар нь таньж, идэш ууш нь ямархуу байгааг тодорхойлж дөнгөнө. Яагаад гэвэл, тэд бүгдийн өмнө дүнсийх хайрханаас гадна тэнд аж төрж, өсөж үржиж бүй түмэн зүйлийн ургамал амьтдыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх онцгой үүрэгтэй.

15:0цаг Бид явсаар уулын хярд гарав. Түрүүхэн тогтуун байсан цаг агаар аашаа хувиргах шиг хоёр есийн жавраар эрчилсэн салхи нүүр нүдгүй балбах нь тэр.  Хурган дотортой дээлийн хормой хөвөлзөж, үнэгэн лоовуузны бүч аяндаа сулрам хавсаргад Г.Барайшир байцаагч юу ч болоогүй мэт алхах нь гайхмаар. Хөмсөг нь цантаж, царайд нь улаан туяа татсан ч албаны хувцасныхаа үслэг захыг үл босгоно. Ерөөс түүний ажилд амсхийх зав, амралтын өдөр, цайны цаг гэж байдаггүй бололтой. 

Тэрбээр “Бусдад гойд санагдах боловч бидний хувьд өдөр тутмын ажил. Ер нь 2-3 хоног өл даах асуудал биш. Зун намрын дэлгэр цагт горхины ус уугаад явахад данга. Ой, хээрийн түймрийн үед зогсоо зайгүй ажиллана. Хэрэв тэгэхгүй бол дараагийн ажил хэцүүднэ. Цаг үргэлж дуудлага ирнэ шүү дээ” гэж хүүрнэнэ. Байгаль хамгаалагч бүрд дуран, хийн гар буу, мотоцикл, GPS, байр зүйн зураг зэрэг ажлын хэрэглэгдэхүүн олгодог аж. Г.Барайшир ойролцоох том хавтгай чулуун дээр зогсож, тэртээх хязгаар руу дуран тавилаа. Эргэн тойрноо хэдэнтээ дурандсны эцэст “Хотхон, аж ахуйн нэгж бүр өөрийн эзэмшлийн талбайг тусгаарлаж хашаа хатгадаг. Үүнээс болоод халиун буга, бос гөрөөс гэмтэх нь цөөнгүй. 

Мөн сүүлийн жилүүдэд гэрт могой орж ирлээ гэх дуудлага ирэх болсон. Яагаад гэвэл, ихэнх сууц хөөсөнцөр өнгөлгөөтэй учраас хулгана ихээр үүрлэдэг. Хулгана бол бамбайн хоншоорт могойны гол хоол тэжээл. Тэжээлээ хайж нүүдэллэх нь дамжиггүй. Ингээд тайлбарлахаар зарим хүн хор хийж хулганаа устгана гэдэг. Гэвч хордуулж алах хамгийн буруу. Хордсон хулганаар могой, мануул, үен, хэрээ, шаазгай элээ гэх амьтад хооллоно. Хортой зүйл идсэн учраас тэд ч бас хордоно. Энэ мэтчилэн нэг бодлогогүй үйлдлээс болж экологийн тэнцвэрт байдал алдагдах эрсдэлтэй. 

Байгаль дээрх бүх зүйл хоорондоо гинжин хэлхээтэй байдаг” хэмээн учирлав. Тэрбээр өнгөрсөн жил гэхэд могойн дуудлага 10 гаруй удаа хүлээн авч, айл өрхөд зөвлөгөө мэдээлэл өгчээ. Түүний ажлын цар хүрээ дэндүү өргөн олон талт үйл ажиллагаа болохыг сая л анзаарав. Гэмтэж бэртсэн амьтанд анхны тусламж үзүүлэх, ард иргэдэд могойд хатгуулсан үед авах арга хэмжээнээс эхлээд, хашаандаа тарих мод бутны талаар зөвлөгөө өгч, хяналт тавьдаг байна. Учир нь, дархан цаазат газарт унаган зүйлийн амьтан, ургамлаас бусад төрлийг нутагшуулахыг хориглодог аж. 

Өөрөөр хэлбэл, харийн ургамал нутагшсанаар байгалийн бүтэц тогтолцоог өөрчлөх, тухайн газрын төрөлх ургамал устах эрсдэлтэй гэнэ.Байгаль хамгаалагчдын ажил үүгээр дуусахгүй. Бэртэж гэмтсэн амьтныг асарч, халамжилна. Өдгөө Тайны аманд байгаль хамгаалагчид бугын есөн тугал тэжээж буй. Ойн гүний эргүүлд явахдаа аялагч, хулгайн самар, жимсчдийн хаясан хогийг түүж, хэдэн шуудайгаар нь ганзагалж, өчнөөн бартаа, төчнөөн километр газар туучиж хогийн цэгт авчирдаг аж. 

Энэ тухай “Ойрын жилүүдэд иргэд, аялагчдын ухамсар дээшилж байгаа. Хог хаях нь илт багассан. Самарчид зуух авч явдаг, түүнээ хадан дээр байршуулан галладаг болсон. Өмнө нь ил хөрсөн дээр гал түлж, түймэр алдах нь элбэг байсан юм. Бага ч болов байгалиа хайрлаж байгаа сэтгэл нь олзуурхууштай юм. Аялагчдад таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард Богд хан уулын албан ёсны аяллын маршрут буюу Зайсан, Төрхурах, Манзуширын аманд хогийн цэг, хогийн сав, био 00 байршуулсан. 

Манай хамгаалалтын захиргааны н.Пүрэвжав дарга санал оруулж, БОАЖЯ-аас дэмжиж хурдан хугацаанд шийдвэрлэсэн” гэв. Түүнийг ийн ярих зуур орчныг ажвал зэргэлдээх хэд хэдэн модонд хийморийн дарцаг уясан харагдана. Өглөөнөөс хойш түүний мэгзэм мэт үглэсэн хэт туйлшрал, их мэдэгчийн үгэнд автаж байгаль дэлхийгээ сүйтгэж буйн нэг жишээ нь энэ. Г.Барайшир “Хүмүүс уулын орой дээр гарахаараа хийморио сэргээж байна гээд чанга дуугаар хашхирдаг. 

Эл үйлдэл нь амьтдыг айдаст автуулдаг. Ялангуяа амьтан төллөх үед бүр ч хүнд. Зураг даруулах гэж цэцэг ногоо зулгаана. Мөн яргуй түүгчид элбэгшжээ. Яргуй хүний биед ямар сайн нөлөөтэйг мэдэх гэж оточ маарамбаас тодруулж, ном судар уншихад дорвитой юм олоогүй. Нэг номонд яргуй идсэн хүн харшлын өвчнөөс салахгүй гэж бичсэн байсан” гэж хуучилсан юм. Бойжиж буй амьтдын төлийг бөөцийлж, эмээж, хагдарч буй цэцэгсийн төлөө эмтрэх сэтгэл байгаль хамгаалагчид л байдаг гэлтэй.

...Түрүүхэн тогтуун байсан цаг агаар аашаа хувиргах шиг хоёр есийн жавраар эрчилсэн салхи нүүр нүдгүй балбах нь тэр. Хурган дотортой дээлийн хормой хөвөлзөж, үнэг лоовуузны бүч аяндаа сулрам хавсаргад Г.Барайшир байцаагч юу ч болоогүй мэт алхах нь гайхмаар. Хөмсөг нь цантаж, царайд нь улаан туяа татсан ч албаны хувцасныхаа үслэг захыг үл босгоно..

17:00 цаг: Хэдэн хором зогсвол хөлдөж мэдэх тул амсхийх завгүй явсаар ойн захад хүрэв. Шилмүүсээ гөвж нүцгэрсэн сийрэгхэн моддын дунд ийм дулаахан байдаг гэж хэн мэдэх. Халуу дүүгсэн таван ханат мэт пүнхийх аж. Г.Барайшир байцаагч дэргэдэх модноосоо нэг ширхэг шогшгой авч “Шинэс модны үр өд шиг хэлбэртэй байдаг. Хүндийн төв нь энэ байна” хэмээн доод талын бөндгөр цагаан хэсгийг заалаа. Нээрээ л их бие нь шувууны өд шиг хэлбэртэй нимгэн юм. 

Тэрбээр энэ мэтчилэн өвс ургамлын нэр, зүсийг нэгд нэгэнгүй мэдэхийн сацуу ойлгомжтой гэгч тайлбарлаж өгөх нь тун сонирхолтой. Дархан цаазат газрын нутаг дэвсгэрийг хязгаарлалтын, хамгаалалтын, онгон бүс хэмээн гурав ангилдаг. Бид хамгаалалтын бүс буюу ойн захаас 100 метр орчим дотогш нэвтрээд буцав.Учир нь, Г.Барайшир байцаагчийн эргэж тойрох газар шил шилээ даран хүлээж буй. Уул үүлсийн уулзах орчил зочилж, байгалийн сайханд сэтгэл баясгаж, цэвэр агаарт ажиллах нь сайхан ч байгалийн хамгаалагч хэмээх албанд хүнд хэцүү зүйл цөөнгүй бий. 

Өдөржин уул хадаар явж, шөнө хулгайн тээвэр, анчидтай хөөцөлдсөөр гэрийн бараа харах нь ховор. Адаглаад барилгын компаниуд газар ухсан шороогоо харуй бүрийг далимдуулан зөвшөөрөлгүй газар асгадаг гэнэ. Түүнчлэн зөрчил гаргагсад шаардлага хүлээж авахдаа муу. Байгаль хамгаалагч хэрэг бүртгэж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч дугаар авч, хэрэг үүсгэх зэргээр ажилладаг байна. Хэрэв эрүүгийн шинжтэй хэрэг байвал БЗД, ХУД-ийн цагдаагийн хэлтэс рүү шилжүүлнэ. 

Мөн байгаль хамгаалагч тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнд 500 мянга, буруутай үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон аж ахуйн нэгжид таван сая төгрөгийн торгууль тавих эрхтэй байдаг аж. Мөн ойр хээрийн түймэр, төөрсөн иргэнийг олох зэрэг үйл ажиллагаанд ОБЕГ, Цагдаа, хүчний байгууллагатай хамтран ажиллана. Байгаль хамгаалагчийн нөр их ажлыг таниулахад нэг өдөр даанч багадам. Идэр есийн хүйтэнд аяга цай уух завдалгүй ажиллаж байгаа хэрнээ “Би эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажилдаа дуртай. Ерөөс хүн дуртай ажлаа хийвэл илүү үр бүтээлтэй байдаг юм болов уу. 

Ан амьтанд тусалж, төөрч будилсан иргэдэд замчлах, аялагчдад экологийн тухай танин мэдэхүйн мэдлэг олгох сайхан” хэмээн сэтгэл дүүрэн ярих нь сайхан. Ингээд бодох нь ээ сэтгэлтэй хүний хийдэг ажил гэлтэй. Хамаг бүхэн хувьсан буй өнөө цагт голомтоо сахих үр шиг ширхэг чулуу, атга элсийг ч унаган төрхөөр нь авч үлдэхийн төлөө залуу насаа зориулж буй байгаль хамгаалагчдаар бахархахгүй байхын аргагүй. Тэд бол эгэл амьдралаараа түүх бүтээж, ажил үүлсээрээ догшин байгалийг элбэн түшиж яваа баатрууд юм.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.183
    2021/01/12

    Ёстой гоё бичжээ

    Хариулах
  • 202.9.46.42
    2021/01/11

    Tanaih ene setguulchee bitgii aldchihaatai nere suuliin ued ingj bichdeg hun howordson shu. Uyngin halil tusuulul ntr n ymar goe yum be. Uneheer mundag yuma

    Хариулах