Ч.Даваа: Бүсгүй хүнд ахадсан ажил гэж бодож байгаагүй, эмнэг сургах л миний авьяас байсан

Админ
2021/01/11

М. Дэвээжаргал

Гадаа идэр есийн жавар тачигнаж, дуншаа саарал тэнгэрээс хялмаа ч хаялсангүй. Аниргүйд эзлэгдсэн энэ өдөр элдэв хачиргүй, үнэн амьдралын тухай ярилцахаар гарлаа. Эмнэг хангалын нуруун дээр залуу насаа салхи мэт чөлөөлөн борви бохисхийх завгүй мөчүүдийг гэтэлж, өдгөө 87 насандаа налайн суугаа АИХ-ын депутат, эмнэг сургалтын спортын мастер, аймгийн аварга тэмээчин, сумын алдарт уяач Ховд аймгийн Дөргөн сумын өндөр настан Чойнзонгийн Даваа гуайг “ҮШ”-гийн Хоймор-т заллаа. “Эр хүний хийх ажил” биш “Хүний хийх ажил” гэж харвал хүч тэнхээ нь байдаг бололтой.

-Та сонирхлоороо эмнэг хангал тэмээ сургаж эхлэв үү, амьдралын ямар нэгэн шаардлага, шалгуур байв уу?

-Сэтгэлээ дагасан. Арван хэдтэй сөөсгөр, хар багаасаа тэмээ хариулдаг байлаа. Би эмээ дээрээ өссөн хүүхэд. Ерөөс сургуульд ч сураагүй, танхай. Бага тэмээг ч хүч хүрэхгүй надад буйл хатгах эрх байгаагүй. Томсон дээсэн аргамжаа авч яваад, саадаг номхон торомыг үзүүрээр нь ногтолж, нөгөө үзүүрээр нь таваглан нуруун дундуур нь татаж хэвтүүлнэ. Ингэж хулгайгаар тэмээ номхруулахыг сурсан юм. 

Сүүлд хүний, өөрийн хамаагүй сургадаг боллоо. Ойр хавийн настай хүмүүс “Тэмээ сургаад өгөөч” гэнэ, “За” л гэдэг байв. Нэгдлийн тэмээ хариулж байсан үе юм даа, бог малтай хүмүүс унаа хөсгөөр дутдаг. Нэгдүгээрт, номхруулан сургавал, түмэнд тустай юм. Хоёрдугаарт, ноос үсийг нь авахад ч ашигтай юм даа. Хааяа хөдөлмөрийн хөлс өгнө. 

Хоёр удаа болзол хангахдаа шагналд нь нэг ат, нэг ингэ авсан. Гэхдээ хүний номхон тэмээнээс авахгүй, өөрийн хариулж, номхруулсан тэмээнээс авдаг. Үр дүнг нь хэдэн хүүхдэдээ хувааж өгөөд, идэж уугаад, хоосон хоносонгүй. Тийм ашигтай болохоор хүн гэдэг шунаад, ажиллаад л байна шүү дээ. 

-Таныг Завхан, Наранбулаг зэрэг зэргэлдээ сумдад “Бугуйлтай Даваа” нэрээр таньдаг гэж сонссон?

-Бугуйлаа давшуурлаад л явдаг байсан. Адуу, тэмээ аль нь ч бай, эмнэг хангалыг гараар яаж барих билээ. Бугуйлдаж барина, зээглэнэ гэх мэт арга их. Бугуйлаа нэг хаяхад эс орвол хоёр дахиа хаяхад толгойд нь орж л таарна. 

-Танд эмнэг тэмээг хэрхэн сургах тухай зааж, зааварласан хүн байгаагүй гэсэн үг үү?

-Байхгүй ээ. Өөрийн ухаанаар хийдэг ажил. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөөгүй байхад манайх тэмээ ихтэй, уулаар голдуу нутагладаг айл байсан. Манайд надаас өөр тэмээнд явах хүн байсангүй, бага балчир хүүхэд ч багатай байж. Өдрийн энгээр сүргийнхээ хажууд явахдаа хэрхэн сургах тухай бодож, боловсруулна. Номхон бүдүүн тэмээг унахад их л хашин санагддаг байсан юм уу, түүн дээр гарч аваад тоглуулахаар сайхан бодогдох. Тэр үед гурван бүлтэй айлд гучин бог мал үлдээж, бусдыг нь хүчээр нийгэмчилж авсан шүү дээ. 

Түүний хойно бидэнд унах, эдлэх зүйл, мөнгө төгрөг ч хэрэгтэй болсон юм. Хорь, гучаад тэмээ хариулсны хөдөлмөр нэлээн хэдэн цаас ирнэ. Хүнээс юм гуйхгүй, өнгөтэй өөдтэй байх гэсэн хүслэнт амьдралаар тал талаасаа хавчуулж байж хүн ажил хийдэг байхгүй юу. Тухайн цагт чадал нь байвал ямар ч ажлыг даваад гардаг байлаа.

Эмнэг хангалыг сургах л миний сонирхол байсан. Тэр л миний авьяас. Түүнээс илүү сонирхолтой зүйл гэж байгаагүй. Бичиг үсэг тааруухан мөртлөө 18 насандаа Ардын хурлын депутатаар сонгогдож байлаа. Олны дунд яриа хөөрөө хийдэг, олны зарц нэртэй нэг хэсэг явлаа би. Сум, аймгийн депутатаар гурав, дөрвөн удаа сонгогдсон. Ард түмнийг уриалан дагуулах ажилтай. Хамаг бүхнээ дутаачихсан хүн чинь хүмүүсийн дунд ажил хийж чадахгүй шүү дээ. Надад хийж үзээгүй ажил тун цөөн. Дарга цэрэг, эвлэлийн хорооны гишүүн, эвлэлийн үүрийн дарга, их сайн малчин гэж шагнуулан Улаанбаатарт очиж, хэд хонож ч үзлээ.

-Жирэмсэн байхдаа тэмээ сургаад явж байсан юм билээ? 

-Хамаагүй, сургана. Онхолдоод унаж л байдаг. Гэдсэн доторх хүүхэд гэдэснээсээ хаачих вэ дээ. 

-Тэмээтэйгээ хамт унасан болохоор хүндхэн бэртэл авсан байх даа?

-Жирэмсэн байхдаа хоёр удаа тэмээтэйгээ онхолдож унасан. Сүүлийн уналга дээр зургаа, долоон сартай нэлээн том болчихсон байсан. Тавагтай эмнэг тэмээтэй явж байлаа. Хөлөн дэх дээс сулдаснаас л болж, ургаа чулуунд тээглээд миний дээгүүр даваад туссан юм. Хүүхдээ гаргахад гуяны орчим нэг судас тасарсан. Час гээд л явчихаар нь, би гуяа атгаад авсан. Хажууд байсан хүн хүүхэд боож авах гэж зүтгээд байдаг, би өрөөсөн гуяа атгаад зүтгээд байдаг. Эцэст нь өвчин ч намдчихлаа. 

Мал хуйгаа ялгаж бариад гүйж явтал сүүж орчим өвдөөд болохоо байсан. Яаж байгаа юм мэдэхгүй. Нялх хүүхэдтэй хүн хаа хүрэх вэ. Зун нь Завхан сумын их эмчид үзүүлэхэд баахан тариа бичиж өглөө. Тариулаад дээрдсэнгүй. Мал туусан эмэгтэй миний замд таарсан юм. Түүнтэй очиж хүүрнээд, манай эгчид бариулаач гэж зөвлөв өө. Тэдний эгч нь настай, дүлий хүн байдаг юм. Бариулахаар очиход бариач, үүд хаалгаад, чи нүцгэлээд ийш хэвт гэж байна. Би ч доош хараад хэвтлээ. 

“Хээ зайлуул, их хүнд юмнаас унасан хүн байна, олон судасны нэг нь тасарчихаж. Одоо ч тийм юм байхгүй л дээ, дээр үед бол ар өгзөгнөөс нь ханачихмаар хүн байна” гэж хэлсэн. Олон ясны завсраар гүйсэн олон судас хүүхдийн байртай наалдчихсан байж л дээ. Тэгээд хүүхэд гарахаар татагдаад тасарчихсан юм байв. Хангал тэмээ сургаж яваад бэртсэн ганц гэмтэл тэр. 

Их хойно аймгийн төвийн эмнэлэгт зүү тавиуллаа. Мэдэх хүн байдаггүй. Нэг удаа яг өнөөх газар бумба тавьж байгаад сувилагч аваад арчиж байна. Би, яасан цус гарч байна уу гэхэд тийм гэхээр нь эмчдээ хэлээдэх гэлээ. Эмч ирээд үзэгний үзүүр шиг зүйлээр хатгаад бумба тавьсан, түүнээс хойш зүгээр болчихсон шүү дээ. Түүнээс хойш жирэмсэн хүнийг тэмээ, мал битгий ширүүн унаасай гэж боддог болсон юм. 

-Буруу сургасан тэмээ байтугай амьтан хүртэл хэцүү шүү дээ. Тэмээ сургахад анхаарах зүйл, арга ухаан гэж бий. Түүнээсээ хуваалцана уу?

-Хэвтчихээд босдоггүй тэмээ байдаг юм. Тэр их халтай. Цохиод байх арга байхгүй, өргөөд босгох ч аргагүй. Түүнийг яадаг вэ гэхээр тохлогоныхоо татаанд бод малын нүхтэй, хувхай яс зүүчихдэг. Хэвтээд байвал нухаад холгоно оо доо. Тэмээ сургахад намар орой, өвөл хоёр маш тохиромжтой. Намар эрт, хамаагүй сургавал хаврын цагт хөл нь хавдаад, өвчин олчихдог байхгүй юу. Тийм учраас хүйтэнд чичирч байхаар сайн байдаг. Жилд 25-30 тооны тэмээг сургадаг юм. Насны залууд тэр хангал амьтныг ганцаараа барьж, буйллаж, өөрөө таваг түрүүг нь хийж морддог байлаа. 

Эмээх ч юм үгүй дээ. Харин сүүлд хүн ойртохын аргагүй догшин буур хүлээж авсан. Буур нэлээн хүчир зантай. Хээл авах ингээ ялгаад авчихна. Өөрийн ижилдээ бусдыг оруулахгүй, өөр буурт ингээ алдахгүй гэж тэмцэнэ. Зан мэдэхгүй хүн ирээд ижлээс нь барих гэхэд бөмбөрөн тэшээд, энд тэнд нь гараад барагтаа бол өгөхгүй. Гэсэн боловч эзэндээ тэгж авирлах нь бага. 

Түүнээс эхлээд ингэн тэмээг ч сургаж л явав. Эвээр бол ямар ч хүн эдэлгээнд сургаж чадна. Эвгүй харьцаж, эвдэх юм бол тэмээ шиг муухай мал байдаггүй. Хайрч, тийрэхэд нь өнөөх урт хөл нь сарвалзаад. Тэмээ гэдэг тийм л хэл зант. Эргэх дөрвөн улиралд хором ч салалгүй хариулдаг байсан даа. Энэ хугацаанд би “Эмнэг сургалтын спортын мастер”-ын болзлыг хоёр удаа хангасан юм. Гавьяаныхаа амралтанд гарч, өөрийн том залуу Д.Сүхбаатарт халаагаа өгсөн. 

-Ямар нэгэн алдар, цол зүгээр суусан хүнд ирдэггүй байсан үе. Аймгийн аварга тэмээчин туулсан зам, хийсэн ажил их биз ээ?

- Уг нь би бог малладаг байлаа. Овоо нүдлээд байж байтал хоршоо авчихна. Ахиад айл, айлаас янз бүрийн мал ирдэг. Тэгээд л тэмээ авч хариулахаар шийдсэн. Жаран хэдэн онд хүүхдээ төрүүлэх гээд нэг удаа тэмээгээ буцааж өгсөн. Анх 100-гаад тэмээ хүлээж авч билээ. 

Түүнээс хэдэн ингэ ботголох вэ, төлийн эндэгдэлгүй, бүрэн бүтэн байхаас эхлээд хэдэн литр сүү, хэдэн килограмм ааруул авахаа, атан тэмээнээс 6,200 гр, ингэн тэмээнээс 5,500 гр, бага тэмээ бол багасаад явна гэж тооцоолон ноосыг нь норм ёсоор өгдөг байв. 

Дутааж л үзээгүй. Миний дэргэд мянгадаас тэмээ авсан тэмээчин байсан. Бүл муутай ч билээ, унаа муутай ч билээ. Тэр хүний тэмээ алдагдаж, гүйгээд ноос нь дутахаар тав, зургаан килограмм ноос өгч л явлаа. Тийм боловч давуулан биелүүлсэн. Шагналд нь гутал гэх мэт юу эс ирэх вэ.

-Ерөөс сургууль соёлд сурах тухай бодож байгаагүй юу? 

-Сургуульд биш, бүлгэм гэдэг юманд оруулсан юм. Манай сум чинь Мянгадын харьяат байлаа. Зуны цагт хүчээр аваачаад өгчихдөг. Хэзээд тэмээ, морь нь бэлэн учраас тав, арав хоноод оргон давхиад ирдэг, мөн ч сахилгагүй сурагч байсан даа. Тэр бүлгэм гэдэг зүйлээр “бичиг үсэг тайлагдсан” гэсэн үнэмлэх авсан. Тэнд хөгшин, залуугүй л сурдаг байв. Гэртээ харих, тэмээгээ хариулах хоёрын аль хүсэл нь өддөг байсныг мэдэхгүй (инээв). 

-Эмээгээсээ хойш үүрэх ачаа нэг бусаар нэмэгдсэн болов уу, социализмын үеийн амьдралыг борви бохисхийх завгүйгээр л төсөөлдөг?

-Эмээг 77 настай өөд явахад би 25-тай, нялх хүүхэдтэй, нагац ах Дэдээ гурвуул хоцорлоо. Нялх хүүхэдтэй хүнд хийх хөдөлмөр байхгүй, мал хариулж чадахгүй, малыг маань нийгэмчлээд туугаад явсан. Блок цохиж, нэг байшин бариад, дараа нь Сангийн далайд очиж давс шүүж, хөдөлмөрөө гүйцээж байсан даа. 

Жарын шуудайтай давс үүрээд зүтгэх л жаахан хатуухан, бусад нь ч яах вэ. Жарын шуудайгаар нэг давс үүрч яваад нэлээн холхон цагдаатай байшинд оруулж асгаж өгдөг байхгүй юу. Тийм хүнд хүчир хөдөлмөр хийж байлаа. Айлын боловсон хашаа, худаг малтах ажил ч байна. Мал маллахгүй бол хар ажил хийнэ. Зүгээр суух завдал байхгүй. 

Том залуугаа найм төгсдөг жил дахин тэмээгээ авсан. Цэрэгт явсан хойно гурван жил тэмээгээ хариулсан. Хөгшин ээжийнхээ сургаалаар өдий зэрэгтээ амьдарч байна. Би чинь малын буянаар амьд яваа хүн. “Тэмээ хариулах дуртайгаараа Даваа яв” гэнэ, “За” гээд л дэгдээд босно. 

Өдөржин тэмээний хажууд яваа бага хүүхэд тэмээгээр ч тоглож байж мэднэ. Чулуугаар ч тоглож байж мэднэ. Нэг тэмээнээс нөгөө тэмээн дээр үсрээд гарчихна. Тэгж байгаад нэг самганд нүдүүлэх шахсан (инээв). 

-За, сахилгагүй явснаа баталж, энэ тухайгаа ярина даа? 

-Үүнийг хүнд хэлдэг арга байхгүй (инээв)

-Сайхан дурсамж сонсвол хэний ч сэтгэл баясана шүү дээ?

-Манай нутагт өвс ховор, гандуу байсан юм. Завхан голын цаадтай Зогсоо хайрханы урд хөдөө өвс сайхан гарч гээд тэр самган хоёул тус тус хоёр, гурван гэрийн тэмээтэй явсан билээ. Усны бидон байсангүй. Нэг жижигхэн усны сав, тогоотой. Хонхорт тэмээгээ ээрээд хонодог байхгүй юу. Өнөө самган хөнөг гэх ширэн саванд айрагны хөрөнгөтэй, ингээ саагаад тийшээ хийчихдэг. Тэгээд айргаа ууж аваад унтана даа. Өглөө нэг цай ууж гараад тэмээнийхээ дэргэдээс ер салахгүй. Өдөр нь цай уухгүй, их хөх самган. Халууны тэмээ бөөн, бөөн тасраад хэвтчихнэ. 

Самганы хажууд ганцаар хүүхэд чинь 59 хоносон юм. Уйдалгүй яах вэ, тэмээн дээгүүр үсэрч харайгаад тоглоно. “Чи ямар их үсэрдэг хүүхэд вэ, чаддаг юм бол над дээгүүр үсрээд гар, хүний толгойд хөлөө хүргэв ээ” гээд бөгтийгөөд сууж байна. Юу гэж хүргэх вэ дээ, дээгүүр нь шуугитал үсрээд гарчихав. Морь байхгүй нэг, нэг тэмээ уначихсан, живэр таарахгүй болохоор бүр явж өгөхгүй. Тэр их халуунд хөдөөгөөс Завхан гол руу тэмээгээ тууж байгаа юм. Аргаа бараад би, номхон тэмээнийхээ бурантгийг бөхөнд нь ороогоод нэг тэмээн дээр үсрээд гарчихлаа. Тэгж байгаад нэг хальт үсрээд газар тусав (инээв). 

Самган “Унаж үхлээ, хөл гараа хугал чи” гээд уурлаж байна. Дахиад тохлогтой тэмээгээ барьж аваад хүзүүг нь салаавчлаад, хоёр хөлөөрөө хавчаад бөхнөөс нь татаад мордоод авав. Миний гарын тэмээ ингэсээр байтал долингор болчихсон. Ам хатна гэж бэрх. Хурдхан гол орж, ус дүнгэлмээр санагдаж байлаа. Тэмээний нуруун дээр живэр сөрөн босож зогсчихоод нимгэн дээл хөвхөлдөг, хөвхөлдөг гээд орхитол самганы гарын тэмээ учиргүй тэшүүлээд явчих нь тэр. 

Халууны тэмээ болохоор нэгнээ дагаад араас нь тэшүүлэлгүй яах вэ. Би тэмээ хурдан явуулсан сайн хүн болох гээд эргээд харсан чинь самган байдаггүй (инээв). Тэгсэн нэлээн ардхан тэмээгээ хөтөлчихсөн гүйж харагдана. Уурлаж байх бололтой, юм хэлэх нь үл ялиг сонсогдож байлаа. Хашир самган, тэмээ нь үргэхээр буугаад авч. Голын хөвөөнд очоод цай чанах болдог. Би тэнд өмдөө шуучихсан голын усанд тоглож байгаа юм. Самгандаа аргал хоргол дөхүүлж өгнө. Чулуудаж хөөгөөд “Үүнээс хойш ахиад ингэв” гээд ойртуулсангүй (инээв). 

-Сонирхлоо мөрөөдөл болтол нь хайрласан гэж ойлголоо. Та АИХ-ын депутатаар сонгогдож явжээ дээ?

-Тийм. Эмнэг хангалыг сургах л миний сонирхол байсан. Тэр л миний авьяас. Түүнээс илүү сонирхолтой зүйл гэж байгаагүй. Бичиг үсэг тааруухан мөртлөө 18 насандаа Ардын хурлын депутатаар сонгогдож байлаа. Олны дунд яриа хөөрөө хийдэг, олны зарц нэртэй нэг хэсэг явлаа би. Сум, аймгийн депутатаар гурав, дөрвөн удаа сонгогдсон. Ард түмнийг уриалан дагуулах ажилтай. Хамаг бүхнээ дутаачихсан хүн чинь хүмүүсийн дунд ажил хийж чадахгүй шүү дээ. Надад хийж үзээгүй ажил тун цөөн. Дарга цэрэг, эвлэлийн хорооны гишүүн, эвлэлийн үүрийн дарга, их сайн малчин гэж шагнуулан Улаанбаатарт очиж, хэд хонож ч үзлээ.

-Та тэмээнээс гадна хурдны морь сургаж, уяад “Сумын алдарт уяач” цол хүртсэн юм билээ. Сургаж, номхруулахад аль нь чимхлүүр ажиллагаа шаарддаг вэ?

-Адуу сургахад амархан. Барьж аваад эмээлээ тохно уу, зайдан мордоно уу дурын хэрэг. Тэмээг бол заавал буйллана. Буйлыг хамаагүй хатгахгүй шүү дээ. Хамарт нь буйл хатгах ёстой газар гэж байна. Дараа нь буруу талын урд хөлөнд нь таваг хийж хүчээр хэвтүүлнэ гэх зэрэг ажиллагаа арай ихтэй. 

-Тэр цагийн хурдан хүлгүүд ёстой л “Байгалийн шим”-ээр давхидаг байсан биз?

-Нэмэлт тэжээл байтугайг мэддэггүй байсан цаг. Байгальд ямар өвс байна, аль соргог ногоотой газрыг дагаж, түүнийг тохируулан биеийг нь хагсрааж, морио уядаг байлаа. Одоо бол янз бүрийн зүйл хэрэглэдэг болж. Хоёр, гурваараа хөтөлгөө морьтой сумын төв рүү шогшуулна. Хаана хялганатай газар байна, тэнд хононо. Хөөрөөд идэж өгдөггүй, эсвэл хаа хамаагүй юм хамж идэх морь байдаг. Түүний хоолыг тааруулах, чимээ шуугиангүйд шөнөжин хөтөлж алхана, сууна. Уяа сойлгыг нь тааруулж чадвал гүйдэггүй морь гэж байдаггүй. 

-Нэгдлийн тэмээтэй байсан нь энд тэндхийн баяр наадамд морио сойход тулгардаг асуудал байв уу?

-Зэргэлдээ суманд айрагдах нь ховор. Тухайн сумын дархан, дархан морьд байна шүү дээ. Суманд бол айраг, түрүү авч болно. Аймгийн наадам очиж үзсэнээс морио сойж байсангүй. Бодол байсан ч бүл хар муутай, том нь хүнийх болоод явчихсан, бага хүүхэд арай багадаад болдоггүй. Би тэмээгээ өвөл, зунгүй хариулдаг байсан. Орой нь гэрийнхээ гадаа ээрээд орхичихно. Байж л байна. Нэг тэмээ алдаж, эрэл сурал болж үзээгүй дээ. Алдлаа гэхэд нэг ухасхийгээд олоод авна. Тэр л миний амжилт. 

Ус өвс нь тэнцүү биш бол тэмээ олигтой таргалдаггүй, таргалуулна гэж бодоод тавиад явуулсан нь төлбөрт унадаг байлаа, хөөрхий. Тэмээ сайн тарга тэвээргэ авдаг гэж биднийг Увс аймгийн Хяргас нуур руу явуулдаг байсан юм. Номхон тэмээнийхээ татаанаас тогоо шанагаа зүүгээд, нэг хүүхдээ дагуулаад явна. Тэнд арав, арван тав хоноод ирдэг байв. 

Бидэнд сайн болж, нэг майхан өгнө, салхи болохоор өнөөх нь уначихна. Тэмээгээ хэвтүүлж сургаагүйн гайгаар зарим тэмээчин шөнөд “хаа” гэж хашгирч байдаг сан. Угтаа бол эзэн нь сууж байвал тэмээ нь хэвтэж байдаг юм. Хамгийн сайн хэл ойлгодог мал бол тэмээ. Гэтэл хүмүүс “Тийм биш” гэдэг. Мориор хэд ээрээд хэвтүүлэхэд л сурчихдаг сан. 

-Одоо ч морь, тэмээгээ унаад малаа эргүүлдэг хүн ховор болсон байх?

-Машин тэрэг олшроод тэмээгээ ч сайхан уяхаа больж. Мотоциклаа унаад малаа эргүүлэх үү, машинаа унаад тэмээгээ хураах уу, гэж бодохоос аргагүй болж. Одоо морь унаж шогшуулсаар, тэмээ унаж тэшүүлсээр сумын төв рүү орж ирдэг хүн алга. 

Гудамжинд тэмээтэй хүн үзэгдвэл цочоод их халиах байх. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж ирчихээд шөнө л Сээрийн зүүн бэл рүү тэшүүлдэг байв. Намар бол хөтөлгөө морьтой л галгиулж, шогшуулсаар харьдаг байлаа шүү дээ. Харин энэ цагт монгол мал аж ахуй гэдэг зүйл орхигдож байна.

-Хэний хамаагүй тэмээнүүд хоорондоо ижилсээд явж байдаг. Яс л цайрч харагдахгүй бол эзэн нь эрэл сурал ч болохгүй?

-Эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй. Хариулаад байсан мал хүртэл нэгэндээ ижилсдэг хорвоо. Дур зоргоор нь гүйлгэвэл тэмээ гэгч хаа хамаагүй л явна шүү дээ. 

-Таны үр хүүхдүүдээс ажил хөдөлмөрийг тань үргэлжлүүлж байгаа нь олон бололтой?

-Тийм ээ. Нэг охин маань аймгийн төвд багш, нэг охин Улаанбаатарт хүний их эмч, Д.Балжинням гэдэг юм. Бусад нь малчин. 

-Бүсгүй хүнд ахадсан ажлуудыг хийж иржээ, сүүлд нь ямар нэгэн уршиг мэдэгдсэн үү?

-Үгүй, зүв зүгээр. Хүнд тоотыг л хийж явлаа. Нэг тэгнэхэд гурван жарын шуудай давс ачдаг. Газарт буулгачихвал үүрээд босоход хэцүү. Тэр жил, гурван шуудай давсны дундахыг нь үүрээд, ахыг нэг талыг нь тулаад байж бай, би хурдхан асгачихаад ирье гээд явсан. 

Манай нутгийн эр, ахын хажууд зогсоод байсан юм байна, тэгэхээр нь алив чи энийг аваачаад асгаадах гэж. Эмэгтэй хүн үүрээд гүйж байгааг бодоход хөнгөхөн юм байдаг бололтой гэж бодоод үүрэх гэтэл унангаа алдаж, “Нуруу минь хугарчих дөхлөө” гэсэн гэдэг. Давс уурхай дотор байдаг учраас тэмээ хүргэх боломжгүй л дээ. 

-Нэгдэл тарахад амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Аминыхаа малыг сайн малласан хүн жаргаж байна. Малаа үгүй болгосон хүн хэцүүхэн л амьдарч байна даа. Нэгдэл тарахад би тэмээтэй байсан. Бог мал авах ч сонирхол байсангүй. Үнэндээ мэдсэн ч үгүй. Гэнэт мал туусан хүмүүс яваад байхаар энэ юу болов гэж асуутал, нэгдэл тарчихлаа шүү дээ гэсэн. Тэмээний хажууд, хээр зогсож байгаа хүнд сураг чимээ барагтаа бол сонсогддоггүй юм даа.


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.175
    2021/01/11

    Мундаг ээжид саин саихан бүхниигхүсэе ерөөе

    Хариулах
  • 66.181.161.119
    2021/01/11

    та минь биднийхээ бахархал үлгэр дууриалал юм шүү тэмээ гэдэг амьтан үнэхээр сайхан амьтан бага насны минь дурсамж бүхэн эмээ тэмээ 2той хамт өнгөрч байлаа даа

    Хариулах
  • 66.181.161.122
    2021/01/11

    Дурсамж дурдатгал хөндсөн, ухаан хүүрнэсэн, түүх өгүүлёэн сайхан ярилцлага болжээ. Сайхан бууралдаа эрүүл энхийг ерөөе. Дүүгийн ажилд амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.88
    2021/01/11

    Мундаг хүн юмаа үнэхээр бахархаж байна шүү

    Хариулах
  • 66.181.161.39
    2021/01/11

    Амжилт хүсье

    Хариулах
  • 202.9.40.1
    2021/01/11

    Их сайхан ярилцлага болжээ, жинхэнэ хөдөлмөрч хатан ухаантай ижий юмаа.

    Хариулах
  • 66.181.161.57
    2021/01/11

    Goy baina

    Хариулах
  • 66.181.161.58
    2021/01/11

    Сайхан ярилцлага байна

    Хариулах
  • 66.181.161.9
    2021/01/11

    ystoi saihan yriltslaga bolson bn amjilt husie????

    Хариулах
    • 66.181.161.67
      2021/01/11

      Ih mundag emegtei bjee. Dawaa egch min urt naslaj udaan jargarai.