Ш.Ширнэн: Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх нь Монгол хүн бүрийн үүрэг

Админ
2021/01/11

Монгол Улсын шилдэг оюутанд олгогддог “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг” хүртсэн МУИС-ийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багшийн ангийн IV дүгээр түвшний оюутан Ш.Ширнэнийг “Оюунт Монгол” буландаа урьж ярилцлаа. 

- Юуны өмнө “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг” хүртсэнд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Баярлалаа. Намайг Шагжийн Ширнэн гэдэг. Увс аймгийн Тэс суманд төрж, өссөн. Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит улсын тэргүүний цогцолбор нэгдүгээр сургуулийг төгссөн. Одоо МУИСийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид суралцдаг. Монгол Улсын шилдэг оюутанд олгогддог “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг”-т тэнцэнэ гэдэгтээ итгэлгүй байсан ч материалаа явуулсан. Тэнцсэн гэдгээ сонсоод их баярласан. Гэхдээ надаас илүү аав, ээж минь л баярласан даа 

-Монгол хүн юм чинь монгол хэлний ангид суралцахгүй гэдэг хандлага ажиглагддаг. Өөрийн чинь хувьд яагаад энэ ангийг сонгох болов? 

-Би яг ийм асуудалтай их тулгарч байсан. Уг нь олон улсын харилцаа, аялал жуулчлалын чиглэлээр суралцана гэж боддог. Дунд ангидаа англи хэл, орос хэлний хичээлд ээ дуртай, олимпиадад хүртэл оролцож байсан. Тэс сумын ахлах сургуульд суралцаж байгаад арваннэгдүгээр ангидаа өөр сургууль руу шилжсэн юм. Шинэ сургуулийн ангийн багш маань Монгол хэл, уран зохиолын багш Г.Нарангэрэл гэж хүн байсан. Багш намайг “Эсээ сайн бичдэг юм чинь монгол хэлний олимпиадад бэлдье. 

Гэхдээ чи монгол бичигтээ маш муу юм. Сайжруулж чадвал аймгийн олимпиадад оруулна” гэсэн. Тухайн үед хичээлээ тараад л шууд монгол бичгээр шүлэг, зохиол хөрвүүлж, сургуулиас гэр хүртэл тааралдсан бүх хаягийг тэмдэглээд монгол бичгээр бичдэг байлаа. Ер нь миний хамгийн сайн найз монгол бичгийн хадмал толь байсан юм уу даа /инээв/. 

Хичээж хийх тусам монгол хэл ямар баялаг болохыг мэдэрсэн. Нэг үг цээжлэхдээ монгол, англи, орос хэлээр бичиж харьцуулдаг байсан юм. Тэгээд л нэг англи үгийг хэдэн ч монгол үгээр тайлбарлаж болохыг анзаарч, монгол хэлээ сайтар судалсны дараа гадаад хэд сурах ёстой юм байна гэдэг бодол төрсөн. Монгол хэл, уран зохиолын багшийн ангийг сонгосон шалтгаан нь энэ. 

-Монгол бичгийн улсын олимпиадад удаа дараа байр эзэлж байсан. Монгол бичгийн сайхнаас яриач? 

- Хэл иргэншлийн дээд сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг профессор Г.Дашийн нэрэмжит монгол бичгийн улсын олимпиадад сурагч болон насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байр, МУИСийн монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс зохион байгуулдаг ардын багш Д.Чойжилсүрэн багшийн нэрэмжит Монгол бичгийн улсын олимпиадад мэргэжлийн бус болон мэргэжлийн оюутны төрөлд мөн тэргүүн байр эзэлж байсан. 

Олимпиадад орох бүрд утгыг нь мэдэхгүй үг, учрыг нь мэдэхгүй хэлцтэй "танилцаж", толь эргүүлж бүгдийг нь мэдэж авах их дуртай. Үнэхээр сонирхолтой шүү. Сурагч байхдаа толь бичгээ эрээн цоохор болгочихоод л явдаг байж билээ. Язгуур нэр үгийг ногоон өнгөөр, дүрс утга ялган бичих үгийг шар өнгөөр, утгыг нь мэдэхгүй үгийг улаан өнгөөр, өвөрмөц бичлэгтэй үгийг ягаан өнгөөр гэхчлэн ялгаж тэмдэглээд зүй тогтлыг нь ажигладаг байсан. 

Монгол бичигт сайхан зүйл дэндүү олон... Жишээ нь, “өл” гэдэг үгийг гурван янзаар бичнэ. Утга нь өөрөөс гадна нарийн ялгаатай. Өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь ч өөр өөр болохоор монгол бичиг хүний сэтгэхүйд их нөлөөлдөг. Тиймээс л хүүхдүүдэд багаас нь монгол бичиг сургах нь чухал гэж үздэг юм. Удахгүй боловсролын систем ингэж өөрчлөгдөнө гэдэгт ч итгэдэг. Монгол бичгийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх нь зөвхөн мэргэжилтний ч биш монгол хүн бүрийн эрхэм үүрэг мөн гэж боддог. 

- Мэдээж мэргэжлийн чиглэлийн номуудаа уншдаг байх. Өөр ямар чиглэлийн ном уншдаг вэ? 

-Дунд ангид байхдаа шүлэг унших, зохиох дуртай байсан. Тэр тусмаа Д.Урианхай гуайн шүлгэнд их дуртай. Мөн зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн богино өгүүллэг, шүлгийг их хорхойсдог. Цаашлаад Д.Норов, Д.Батбаяр, Г.Аюурзана гэсэн зохиолчдын зохиол бүтээлийг түлхүү уншдаг. 

Харин их сургуульд орсноосоо хойш эрдэм шинжилгээний өгүүллүүд уншиж, тэмдэглэл хөтлөх болсон. Уран зохиолын номоос гадна түүх, шинжлэх ухааны товч түүхүүд, дэлхийн үүсэл хөгжилтэй холбоотой номонд дуртай. Би ер нь дотогшоогоо хүн болохоор уншсан зүйлээ тэр бүр яриад байдаггүй л дээ /инээв/. Одоо харин нэлээн нээлттэй болж байгаа шүү. 

- Мэргэжлийн ангийн хүүхдүүдээс нь гадна хүмүүс монгол бичгийг хэрхэн сурах вэ, сонирхолтой арга юу байна вэ? 

-Хүн бүрийн хувьд сурах арга барил өөр өөр байх. Зарим хүмүүс шууд үг бүрчлэн цээжилж тогтоодог ч дараа нь мартах тохиолдол элбэг. Миний хувьд тухайн зүйлийнхээ утгыг нь ойлгож, өөр зүйлтэй харьцуулж цээжилбэл сайн тогтдог юм шиг санагддаг. Монгол бичгийн үндсэн зурлагаа мэддэг, үелэн уншиж чаддаг хүн алдаагүй бичиж суръя гэвэл язгуур, үндсээр нь ялгаж нүдлэн тогтоох хэрэгтэй. 

Язгуур болон адгавар нөхцөлөө мэдэж байвал алдаагүй бичиж чадна. Мөн толь бичигтэй сайн ажиллах хэрэгтэй. Монгол бичгийн хадмал толийг эхнээс нь төгсгөл хүртэл гурван удаа хуулж бичиж, ангилж байлаа. Дээр нь картын арга ашигладаг. Үгээ англи, монгол бичгээр бичээд хувцасныхаа халаасанд хийчихдэг. Алхаж явахдаа, нийтийн тээврээр зорчихдоо хүртэл байнга харж, тогтоодог. 

-Үе тэнгийхнээ манлайлж яваа залуу хүний хувьд залууст хандаж хэлэх зүйл байна уу? 

-Юуны өмнө санал бодлоо хуваалцах боломж олгосонд талархал илэрхийлье. Би бусадтай адил хичээнгүйлэн суралцаж байгаа жирийн л нэг оюутан. Гэхдээ хүн бүрд давуу тал байдаг байх. Түүнийгээ л тултлаа ашиглаж, хэрэгжүүлж, хөгжүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа оюутан байх хугацаандаа олон зүйлд өөрийгөө сорих нь хөгжих боломж юм шиг санагддаг. Оюутан болсноос хойш зуны амралтаар гэртээ амраагүй. Нэг, хоёрдугаар курсийнхээ зуны амралтаар “Хүннү Тур” жуулчны баазад “Музейн тайлбарлагч” хийнгээ солонгос жуулчдад монгол уран бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг байсан. 

Ажиллаад л цалингаа авчихна, монгол бичгээ сурталчилна, бусдаас суралцана, хамт олонтой болно гээд олон давуу талтай. Харин гуравдугаар курсийн зуны амралтаараа “Согоо энтертайнмент”-ийн эрхлэн гаргасан “Олноо өргөгдсөн Монгол Улсын язгууртан мяндагтнууд” номын монгол бичгийн хөрвүүлгийг хариуцан ажилласан. Энэ мэтээр өөрийн давуу талыг ашиглан өөрийгөө хөгжүүлдэг. 

Мэдээж, монгол хэл, уран зохиолын багшаар суралцдаг учраас Монгол бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хүн бүрийг сургачих юм сан гэсэн бодол тээж явдаг. Иймд сурсан мэргэжилдээ л эзэн байгаарай. Эдийн засаг, инженер, хуульч, эмч л хамгийн чухал мэргэжил. Бусад нь хэрэгцээгүй, амархан гэж хардаг хүмүүс байдаг. Чи математиктаа сайн мөртлөө яагаад монгол хэлний багш болчихсон юм бэ гээд сонин асуулт тавина... Мэргэжил бүхэнд сайхан зүйл бий. Мэргэжилдээ эзэн нь байж, эрхэм үүргээ ухамсарлан Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулаарай. Хичээж чадвал боломж үргэлж байдаг юм.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.75
    2021/01/13

    ????Ёстой мундаг хичээл зүтгэлтэй эгч шүү амжилт????❤️????

    Хариулах
  • 103.212.116.50
    2021/01/12

    Amjilt husiy mundag shuu ????

    Хариулах
  • 202.126.89.52
    2021/01/12

    Мундаг охин байна????

    Хариулах
  • 66.181.161.47
    2021/01/12

    Mundg shvvv tsaashdiin bvh zvildn amjilt ooroos chin vlger jishee awdg shvv heldgvil bolhoos kk

    Хариулах
    • 202.126.89.168
      2021/01/13

      Bayrlalaa kk