Монгол улсын хилийн баганаас эх орноо мэдрэх онцгой сайхан

Админ
2021/01/12

И.НАРМАНДАХ

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч, яруу найрагч, дэд хурандаа, СТА У.Пүрэвсүрэнтэй түүний сор уран бүтээлүүдийн нэг болох “Эх орон тайван байна” дууны талаар ярилцлаа. Тэрбээр уг дуугаараа “Монголын хилчдийн сүлд дуу” гэсэн батламжийг хүртсэн билээ.

-“Эх орон тайван байна” шүлгийг бичихдээ хилийн цэргийн байлдагч байсан шүү дээ. Энэ дууны санааг гаргахад эр цэрэг байсан цаг хугацаа тань нөлөөлөв үү?

 -Тэгж ойлгож болно шүү. Би 2003 онд Соёл урлагийн их сургууль төгссөн. 2003-2005 онд Улсын театрт ерөнхий найруулагчаар хоёр жил ажилласан. Энэ хугацаандаа Увс аймгийн дугаар ангийн захирагч хурандаа Л.Батсүх бид хоёр хуурай ах дүүс болсон юм. Тухайн үед Увс аймагт Оросоос зочид төлөөлөгч, хилчид их ирнэ. Бид тэдэнд зориулж концерт тоглож өгнө. Мөн цэрэг, эх орны сэдэвтэй бүтээл болон концертуудыг өөрсдөө найруулж тавьдаг байлаа. 

Тэр үеэс л хилийн цэргийн амьдралыг таньж мэдсэн юм даа. Ингээд хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийн хилийн ангид Л.Батсүх хурандаа өөрөө очоод намайг бас ирж ажиллаач гэж урьсан. Ийнхүү би Сэлэнгийн хил дээр таван жил ажиллаж амьдарсан. Монгол Улсын торгон хил дээрээс эх орноо бахдан харахад эх орныхоо үнэ цэнийг сэтгэл зүрхэндээ илүү ойр хүлээж авдаг юм билээ. Сэлэнгэ аймагт “Буурын гэрээ” гэж Манж, Орос, Хятад гурван улсын гэрээ хийгдэж байсан түүхт газар бий. Мөн алдарт Тужийн нарс, Ардын хувьсгалын өлгий нутаг.

 Монгол Улсын хилийн баганаас эх орноо мэдрэх онцгой сайхан мэдрэмж. Алтан соёмбот хилийн баганаас цааш нэг алхахад хүний нутаг, наашаа нэг алхахад л миний эх орон гэж бодохоор үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Өвөг дээдэс минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалж, ясаараа тамгалсан энэ сайхан эх орныхоо торгон хил дээр ажиллаж, амьдарч байснаа азтай гэж боддог. Ингээд эргэх цагийн мөч бүрт эх орноо сахин хамгаалах ариун үүрэгтэй хилчдэдээ зориулж “Эх орон тайван байна” гэх дууны шүлгээ бичсэн.

 -Таны бүтээлийн хэмнэл үнэхээр сэтгэл хөдлөм сүрлэг. Үг, ая нь хэрхэн төрсөн түүхээсээ хуваалцана уу?

 -Хилийн манаанд зогсож байх тэр үед ээж минь “Миний хүү ажлаа сайн хийгээрэй, хилээ сайн манаарай, хүүгийнхээ энэ сайхан ажил үйлс нь үргэлж өөдрөг байг” гэж өглөө бүр ээж нь хилийн тэнгэртээ цай сүүнийхээ дээжийг өргөж байдаг шүү гэж утсаар хэлж байсан. Яг тэр агшинд ...Ижий цацлын хаялгатай Эх орны минь хил тайван байна Салхин чимээнээс өөр аниргүй Сайхан нутгийн минь хил тайван байна гэсэн мөрүүд урсан орж ирснээр энэ дууны маань төрөх болсон доо. Ижий, хүү хоёрын энэ сайхан бие биеэ санасан сэтгэлийн эгшигт, тэр дахилтын хэмнэлийг нэмснээр дуу маань бүтсэн. Сонсогчид тэр хэсэгт илүү дуртай байдаг. 

Хүний сэтгэлд хүрдэг учраас уясаж сонсдог юм болов уу. Эндээс л эх орны сэдэвт дуртай болсон. Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ирснээсээ хойш, цэрэг эх орны сэдэвтэй дуунуудыг туурвиж байна. Гэхдээ хил дээрээс авсан анхны мэдрэмжээр төрсөн гэдэг утгаараа “Эх орон тайван байна” дуу сор бүтээлүүдийн минь нэг. 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр миний “Цэнхэр тэнгэрийн орон” уран бүтээлийн тоглолтын үеэр энэ бүтээл маань “Монголын хилчдийн сүлд дуу” болж батламжаа гардаж авсан. Гурван бадагтай, бадаг бүрт нь Монгол Улсын хилийн гурван үеийн түүхийг харуулснаараа онцлог.

 -О.Баянмөнх дуучнаар дуулуулах болсон түүхээсээ хуваалцвал...?

 -Энэ дуу бүтэх үед Сэлэнгэ аймаг дахь хилийн ангийн ой болж таарсан. Ингээд ойгоор анх дуулуулсан. Монголын ард түмэн мэддэг “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дууг Соёлын тэргүүний ажилтан Д.Лувсанням, Т.Сэрквек гэх залуучууд тус аймгийн тайзнаа анх дуулж амьдруулсан. Үүний дараа би Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ерөнхий найруулагчаар томилогдож ирсэн. Энэ бүтээлийг минь их сургуулийн найз, Соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх “Энэ бүтээлээр салхиа хагалж, цаашид цэрэг эх орны сэдэвт дуу дуулмаар байна, дуугаа найздаа өгөөч” гэснээр дуулсан түүхтэй. Мөн О.Баянмөнх албан ёсоор дүрсжүүлж Монголын ард түмний хайртай уран бүтээл болгосонд талархаж явдгаа зохиогчийн хувьд энэ ташрамд илэрхийлье.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.