П.АМГАЛАНБАЯР, Д.БЯМБАСҮРЭН
Үүр хаяарахын алдад гэрлийн бүрхүүл, ханын цаг чичигнэн хөдөлсөн нь олон хүнийг цочирдуулав. Биднээс алс мэт санагдах газар хөдлөлт дэргэд ирсэн нь энэ байлаа. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-ны 05:32 цаг 55 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш зүгт 26 километрийн зайд 6,5 магнитуд хүчтэй газар хөдөлж, Улаанбаатар хот, Хөвсгөл, Завхан, Дархан зэрэг аймагт чичирхийлэл, доргилт мэдэгдсэн юм. Хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан энэхүү газар хөдлөлт цар тахлын эсрэг өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад буй монголчуудын бэлтгэлийг жинхэнэ утгаар нь шалгав.
Гамшгийн дохио, зарлан мэдээлэл, яаралтай үед арга хэмжээний талаар мэдлэг, хандлага дээр дооргүй сул байгааг гайхаж сандарсан иргэд, газар хөдлөлтөөс хэчнээн цагийн дараа мэдэгдэл хийсэн албаныхны үйлдэл гэрчиллээ. Иймд Монголын өдөр тутмын “Үндэсний шуудан“ сонин дугаарын онцлох сэдэвтээ газар хөдлөлтийн эрсдэл, бэлэн байдлын эргэн тойрон дахь асуудлыг хөндлөө. Энэ хүрээнд ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс сурвалжилга бэлтгэв.
Учир нь, тус төвд газа хөдлөлтийн магнитудыг тодорхойлох багажууд байрлуулж, 24 цагийн турш хянаж улсын хэмжээнд бүртгэгдсэн газар хөдлөлтийн магнитудыг тодорхойлох багажууд байрлуулж, 24 цагийн турш хянаж улсын хэмжээнд бүртгэгдсэн газар хөдлөлтийн мэдээллийг боловсруулдаг аж. Монгол Улсын хэмжээнд 100 гаруй цэг дээр 130 станц суурилуулсан байдаг бөгөөд хэрэв 3,5-4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдвэл даруй ОБЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цахимаар, яаралтай тохиолдолд албаныханд шуурхай мэдээлэл хүргүүлдэг байна.
Түүнчлэн ОХУ, Монголын хил дамнан бүртгэгдсэн газар хөдлөлийн голомт болоод буй Ханх сумын Засаг дарга, холбогдох албаныхан аж ахуйн нэгж, иргэдтэй холбогдон нөхцөл байдлын талаар тодрууллаа. Иргэдийн мэдээлж буйгаар газар хөдлөлтийн чичирхийлэл тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд 17:09 цагт ахин хүчтэй хөдөлж, дэлгүүрийн лангууны бараа нурж, бяцарчээ. Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбараас Хөвсгөл нуурын ай сав орчимд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн мэдээлж буй.
“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ДАВТАМЖИЙН ХҮЧ ӨНДӨР БАЙХ МАГАДЛАЛТАЙ”
Улаанбаатарын цагаар 05:32 минутанд өнөөдөр (өчигдөр) Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагшаа 26 км-ийн зайд Хөвсгөл нуурын баруун эрэг орчим газар хөдөлсөн байна. Магнитуд нь 6,5. Уг газар хөдлөлт тухайд тус бүс нутгийн газраас доош 10 км-ийн гүнд эвдрэл үүсэж үүнээс үүссэн долгион газрын гүнээр тархаж, нийслэл болон аймгуудад чичирхийлэлт нь мэдрэгджээ.
Хөвсгөл орчмын газрын царцаст давхарга 45-50 км зузаантай байна. Голомт дахь балл нь 7-8 орчим бөгөөд чичирхийлэл нь буурч нийслэлд халуун хөрсөн дээрээ гурван балл мэдрэгдсэн байна.Үүний дараагаар арван цагийн байдлаар нийт 100-аад давтамжтай газар хөдөлжээ. Өмнө хүч нь 6,5 магнитуд бүхий газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 17-нд болсон байна. Хөвсгөл аймагт бүсийн гол, дархадын хотгор, Хөвсгөл нуур гэсэн газар хөдлөлтийн гурван идэвхтэй бүс байдаг аж. Уг газар хөдлөлт Бүсийн голын хотгорд болжээ.
Энэ нь байршлын хувьд баруун тийш бөгөөд Монгол Улсын хил орчимд, хойноос, урагшаа чиглэлээр тогтсон хөндийд болсон байна. Тус газар хөдлөлт 6,5 магнитуд хүчтэй бөгөөд чичирхийлэлт нь Улаанбаатар хот, Орхон аймагт хүчтэй мэдрэгджээ Түүнчлэн Хөвсгөл аймгийн хувьд хүчтэй газар хөдлөлтийн давтамж өндөр байдаг аж. Үүнээс хойш өнгөрсөн хугацаанд 3-4 мянган газар хөдлөлт бүртгэгджээ. Тиймээс энэ удаагийн газар газар хөдлөлтийн давтамжийн хүч өндөр байх магадлалтайг албаны хүмүүс онцолж байлаа. Энэ давталт бүхий газар хөдлөлтийн үед хүчтэй хүнд мэдрэгдэх газар хөдлөлт илүү болдог аж. Тухайлбал, магнитуд нь 4.5- 5.6 хүрч, тэр орчмын оршин суугчдад мэдэгдсэн тохиолдол гарчээ.Улаанбаатар хотод хохирол бага. Ханх зарим байшинд цууралт үүссэн, хөрснөөс шалтгаалж 2-10 секунд болсон.
ХӨВСГӨЛ, ХАНГАЙ, ГОВЬАЛТАЙН НУРУУГ ХАМАРСАН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ӨНДӨР ИДЭВХЖИЛТЭЙ БҮС БИЙ
Манай улсад гарч газар хөдлөлтийн үүсвэр нь хэдэн сая жилийн өмнөөс үүсэлтэй байна. Баруун бүс болох Хөвсгөл, Хангай, Говь-Алтай нурууг хамарсан газар хөдлөлтийн өндөр идэвхжил бүхий бүс байдаг аж. Тухайлбал, Булнай нурууны дагуу найман магнитуд хүчтэй газар хөдлөлт хоёр удаа болжээ. Харин 1931 онд Монгол Алтайн өвөр хэсэг болон Говь-алтай Баянхонгор аймгийг дамнасан 250 км урт хагарал ан цав үүссэн магнитуд 8,1 хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хамгийн сүүлд Булган аймгийн Могод суманд магнитуд нь 7,1 нэгтэй газар хөдлөлт болж 42 км газар цуурчээ.
УЛААНБААТАР ХОТООС 200-ГААД КИЛОМЕТРИЙН ЗАЙД ХОЁР ХҮЧТЭЙ ГОЛОМТ БИЙ
1967-1968 онд хийсэн “Газар хөдлөлтийн аюулгүй байдал”-ын үнэлгээгээр Монгол Улс дунд зэрэгт багтдаг байжээ. Дээр дурдсан Булган аймгийн Могод сум, Говь-Алтай аймгийн идэвхтэй хагаралаас үүсэлтэй аюул ирж магадгүй гэж тооцоолж байсан байна. Харин сүүлийн 15-20 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос 200-гаад км-ийн зайнд хоёр хүчтэй голомт байгааг тогтоожээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Бүрэн бүтээл, урагшаа Дунд говь аймгийн Дэлгэрцог сумын нутагт газар хөдлөлтийн ул мөр байгааг тодорхойлсон байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зургаан голомт байгаа аж. Үүн дээр Япон эрдэмтдийн тогтоосноор нийслэлийн төвөөр идэвхтэй нэг бүс байгааг олж, нийт долоон газар хөдлөлтийн бүс бүртгэсэн байна. Уг хагарлын дагуу газар хөдлөлтийн идэвхжилт ихсэж байгаа аж. Мөн үүнийг статистик тоогоор авч үзэхэд, жилд 200-300 газар хөдлөлт болдог байсан бол ойрын хэдэн жилд 1500-1600 болж нэмэгджээ. Энэ нь идэвхтэй хагарлын дагуу шилжилт хөдөлгөөн явагдаж, газар хөдлөлтүүд үүсэж байгаа аж.
НАЙМАН БАЛЛААР ТООЦОЖ БАЙШИН БАРИЛГАА БАРИХ ХЭРЭГТЭЙ
2019 оны судалгаагаар Улаанбаатар хотыг 8-9 баллын бүсчлэлд тогтоожээ. 1994 оноос багаж техник шинэчлэгдэж, орчин үеийн программ ашиглаж байгаа аж. Тиймээс барилгын компаниуд норм, дүрмийн дагуу найман баллын нөлөөнд нурахааргүй байшин барих ёстой. Ерөнхийдөө газрын гадаргуу 15 градусаас илүү байхад газар хөдлөлтийн баллын аюулыг нэг баллаар нэмдэг байна. Тиймээс хөндийн хөрсний шинж чанараас хамаарч 7-8 баллын чичиргээг давах хэмжээнд байшин барилга барих ёстой аж. Өнөөдрийн (өчигдөр) газар хөдлөлтийн чичирхийлэлт халуун хөрсөн дээрээ гурван балл, хөндий рүүгээ 4-5 балл хүрсэн болохоор Улаанбаатар хотод барилга эвдрэл үүсэх эрсдэл үүсээгүй.
ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОХЫГ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭХ БОЛОМЖГҮЙ
Дэлхий нийтээр газар хөдлөлт болохыг урьдчилан мэдэгдэх боломжгүй байна. Газар хөдлөлт нь 1800 оноос эхэлж судалсан шинжлэх ухаан аж. Үүнээс харахад, газар хөдлөлт болох гэж байгаа хугацааг урьдчилан нэг удаа Хятадын судлаачид тогтоосон байна. Тодруулбал, 1970 онд болсон Хайчингийн газар хөдлөлийн хугацааг тогтоож, төр засагтаа мэдэгдэж, тэр хотыг нүүлгэжээ. Үүнээс хойш нэг сар орчмын хугацаанд яг тэр газар хүчтэй газар хөдлөлт болжээ. Гэвч удалгүй өөр газар хөдлөлт гарснаас болж 200 мянган хүн амь насаа алдсан байна. Тийм болохоор газар хөдлөлтийг урьдчилж хэлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Учир нь нэг газар хөдлөлт нь янз бүрийн үзүүлэлт, шинж чанарыг харуулдаг байна. Тиймээс энэ тал дээр дэлхийн судлаачид анхаарлаа хандуулж байгаа аж.
“ГЭРИЙН ТАВИЛГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД АНХААРАХ ЁСТОЙ”
Сүүлиин 4-6 жил Монгол Улсад газар хөдлөлт идэвхтэй байгаа аж. Тиймээс газар хөдөлгөвөл ямар эрсдэл үүсэх, хэрхэн арга хэмжээ авах зэрэгт анхаарах хэрэгтэйг Газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат анхааруулаа. Тэрбээр “Гэрлийн бүрхүүлийг унтдаг орныхоо дээр өлгөх нь зөв үү. Энэ нь хүчтэй газар хөдлөлт болбол аюул үүсэх эрсдэлтэй. Гэрийн тавилга, зохион байгуулалтад анхаарах ёстой. Мөн газар хөдлөлтийн үед өөрийгөө хэрхэн хамгаалах тал дээр мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Үүн дээр хэлэхэд, газар хөдлөлтийн үед ширээн доогуур орох нь олон ач холбогдолтой. Мөн байшингийн даацын хана доор зогсох хэрэгтэй. Тааз нь нурлаа гэхэд даацын хана доор байгаа хүн амьд үлдэх магадлал өндөр” гэсэн юм.
Ташрамд дурдахад Япон Улсад айл өрхүүд том тавилга, сандал, ширээг хөдөлгөөнгүй болгохын тулд шалтайгаа тогтоодог байна. Мөн хүчтэй газар хөдлөлтөөс босоо, хэвтээгээр тардаг хоёр төрлийн долгион гардаг аж. Хэвтээ долгионы тухайд ихээхэн эрсдэлийг учруулдаг аж. Япон Улсад босоогоор тархдаг долгионоор газар хөдлөлтөө тодорхойлж, хэдэн секундын дараа хэвтээ долгион үүсэж,чичирхийлэл гарахыг тогтоодог. Манай улсын хувьд ч гэсэн системийн хувьд ч үүний дагуу ажилладаг байна. Хэрвээ аюултай нөхцөл байдал үүсвэл Онцгой байдлын алба руу мэдээлдэг байна.
Энэ талаар газар хөдлөл судлалын салбарын дарга, доктор М.Өлзийбат “ Газар хөдлөлтийн дараагийн чичирхийллийг тодорхойлсны дараа мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж хүмүүст хүргэх ёстой.Газар хөдлөлтийн чичиргээ үүсэх болгонд аюулын дохио дуугардаг ч хэрэгтэй үед нь хүмүүс тоохгүй орхичихвол эрсдэлтэй шүү дээ. Учир нь, хүн нэг зүйлийг олон удаа сонсох тусам дасаж, түүнд хандах ач холбогдол багасдаг. Тийм болохоор гамшиг тохиолдсон үед ажиллах ёстой систем гэж бий. Нийслэлд байшин нурах зэрэг ямар нэгэн асуудал үүсэх хэмжээний чичиргээ үүсвэл, уг систем хүний оролцоогүй дуугарч анхааруулах хэрэгтэй” гэсэн юм.
ИРГЭД ИЙН ЯРЬЖ БАЙНА :
Д.ДАВААЖАРГАЛ
Б.Мягмартуяа: БАЙШИН НУРАХ ВИЙ ГЭДГЭЭС ХАМГИЙН ИХ АЙЖ БАЙЛАА
Шөнө унтаж байтал гэнэт маш хүчтэй чичиргээ мэдрэгдээд сэрсэн. Гайхаад гэрлээ асаатал гэрлийн бүрхүүл хундага тулгаж байгаа мэт хүчтэй хөдөлж байлаа. Том өрөөний тавилга савлаж байгааг хараад маш их айж, цочирдсон. Гэрлийн бүрхүүлийнхээ чанх дор унтаж байгаа хүүхдүүд ээ яах билээ, цахилгаан шатаар аваад буудаг ч юм уу гэх мэт олон зүйл бодогдсон. Газар хөдлөлт ойролцоогоор 3-4 минут үргэлжилсэн. Хурдан дуусаасай гэж бодож байлаа. Хамгийн гол нь байшин нурах вий гэдгээс хамгийн их айж байлаа Газар хөдлөлт болж өнгөрсний дараа бидний амьдардаг орон сууц хэр тэсвэртэй бол, ийм нөхцөлд арга хэмжээ авах талаар хэр мэдлэгтэй вэ гэдгээ эргэцүүлсэн. Тиймээс хүмүүст хандаж хэлэхэд газар хөдлөлт, аюул гамшгийн үед авах арга хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй санагдсан. Сүхбаатар дүүргийн VI хорооны иргэн
А.Отгонзаяа: ЦОНХНЫ ДЭЭД ТАЛЫН ТААЗ ХӨДЛӨХӨӨР НЬ ХИЙ ҮЗЭГДЭЛ БАЙНА ГЭЖ АЙСАН
Унтаагүй хэвтэж байтал гэнэт ор хөдлөх шиг болсон. Мөн цонхны дээд талын тааз хөдлөхөөр нь хий үзэгдэл гэж бодоод жаахан айсан. Тэгээд фэйсбүүк орж , хүмүүсийн мэдээллийг уншсанаар газар хөдөлж байгааг мэдсэн. Гэхдээ тийм ч хүчтэй биш чичирхийлээгүй болохоор хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Тэгээд юмс нураад эхэлбэл хана налдаг ч юм уу, ширээн доогуур орох зэрэг арга хэмжээ авах байх гэж бодсон.
Э. Цэрэнтогтох: МАНАЙД 05:30-06:00 ЦАГИЙН ХООРОНД ГУРВАН УДАА ГАЗАР ХӨДӨЛСӨН
Би XVI хороололд амьдардаг. 05:30-06:00 цагийн орчимд унтаагүй утсаа оролдоод байж байтал гэнэт толгой эргэх шиг болж бие тавгүйрхсэн. Тэгэхээр нь утсаа болиод хэвттэл, ор, шкаф чичирхийлж, гэрлийн бүрхүүлийн болор унжлага хоорондоо харшилдаж хөдөлж мэдрэгдсэн. Нийт гурван удаа газар хөдөлсөн. Урьд нь газар хөдлөхийг өөрийн биеэр мэдэрч байгаагүй болохоор сандраад, яах учраа олохгүй эвгүй юм билээ. Хүүхдүүдээ даацын хана руу налуулж хэвтүүлсэн.
Д.Нямсүрэн: ГАЗАР ХӨДӨЛЖ БАЙГААГ МЭДЭЭД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЦАХИЛГААН ХЭРЭГСЛҮҮДЭЭ САЛГАСАН
Манайх хороололд байрладаг. Үүрээр таван цагийн орчим тавилгууд хөдөлж, гэрлийн бүрхүүл савласан. Тэгээд газар хөдөлж байна гэдгийг мэдээд хамгийн түрүүнд цахилгаан хэрэгслүүдээ салгаад хоёр хүүхдийнхээ өрөөнд орж, хана налж чимээгүй хэсэг сууцгаасан. Зургаан цаг дөхүүлээд бага багаар намжсан. Дараа нь цонхоор харахад хүмүүс байрныхаа үүдэнд гарчихсан зогсож байсан.
П.Даваадалай: ХӨВСГӨЛ НУУРЫН АЙ САВ ОРЧИМ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БАЙЛАА
Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь Хатгал салбарын дарга П.Даваадалайгаас Ханх суман дахь газар хөдлөлттэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-Ханх суманд голомтлон гарсан газар хөдлөлт нэлээд хүчтэй болж өргөн цар хүрээг хамарлаа. Танай станцад хэрхэн бүртгэгдэв?
-Нэгдүгээр сарын 12-ны 05:32 минут 12 секундэд баруун урд зүгт 26 километр газар хөдөлсөн. Урьдчилсан үнэлгээгээр найман баллын хүчтэй гэж тогтоогдоод буй. Энэ бол голомтын чичирхийллийн хүч. Харин багажид бичигдсэн хүч нь 65 магнитуд. Монгол орны хамгийн хүчтэй газар хөдлөлт болох Хөвсгөл нуурт болсон газар хөдлөлт нь ОХУ-ын зарим аймаг, Буриад Улсын Эрхүү хот, Чита мужийн иргэдэд мэдэгдсэн байна. Одоогоор дөрвөөс дээш магнитудын хүчтэй 15 удаагийн хөдлөлт бүртгэгдээд байна.
-Газар хөдлөлт Хатгал тосгонд хэрхэн нөлөөлөв. Мөн далайн эрэг, мөс хагарч ан цав үүсэх эрсдэл бий юү?
-Мөсөн замаар зорчих хугацаа болоогүй учраас очиж шалгах арга байхгүй. Мөсөн дээр цагаан хил гэж байдаг юм. Тэнд өөрчлөлт гарсан байх магадлалтай. Ханх сум, Хатгал тосгоны айл өрх ихэвчлэн модон сууцтай учраас нуралт, цууралт үүсэх эрсдэл харьцангуй бага. Хатгал тосгоны хувьд ХААН банк, Захиргааны барилгад бага зэргийн цууралт үүссэн. Энэ удаагийн газар хөдлөлт Хөвсгөл нуурын ай сав орчмын хамгийн хүчтэй нь байлаа.
-Иргэдийн мэдээлж буйгаар одоо ч чичирхийлэл үргэлжилсээр байгаа юм байна. Ахин хүчтэй доргилт өгөх эсэхийг урьдчилсан тооцоолох боломжтой юу?
-Хөдлөлтийн дараах газар хөдлөлт гэж бий. Гэхдээ үүнээс хүчтэй газар хөдлөлт болно гэж урьдчилан тооцоолох боломжгүй. Дэлхийн хэмжээнд ч ижилхэн. Манай салбар эрдэм шинжилгээний таван ажилтантай. Газар хөдлөл судлах, геофизикийн, хөрсний хурдатгал зэрэг станцынхаа хэмжилтэд дүгнэлт хийж, Одон орон геофизикийн хүрээлэнд анхны мэдээллийг тасралтгүй дамжуулдаг.
Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг дарга Л.Даваабаяр: ГАЗАР ХӨДЛӨЛТ ХАРАНХУЙД ТОХИОСОН БОЛОХООР ИРГЭД МАШ ИХ АЙЖ САНДАРСАН
Манай сумын нутагт 05:34 минутад 6,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү газар хөдлөлтийн голомт сумын төвөөс 30 гаруй километрийн зайтай Хачмын ам гэх газар болсон. Бага зэргийн чичиргээ, доргилт тасралтгүй мэдэгдэж байна. Нийтдээ 40-өөд чичирхийлэл мэдэгдсэн. Сумын төвийн албан газруудын барилгын хана цуурах, цонх хагарах, цонхны түгжээ мултрах, айл өрхийн тавилга, шүүгээ, ханын цаг унаж, хагарах, сумын төвөөс 10-аад километрийн зайтай байсан айлын шил шаазан эдлэл ташраараа нурж унасан, малын хашаа, амбаар нурах зэрэг хохирол үүссэн.
Газар хөдлөлт харанхуйд тохиосон болохоор иргэд маш их айж сандарсан. Одоо харьцангуй тайвширч байна. Бид Аймгийн Засаг даргад цагийн байдлыг илтгэж, сумын ажилтан, албан хаагчдыг өглөө ажилдаа ирэхэд нь гэртээ байхыг зөвлөж, буцаасан. Онцгой комиссынхон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж
байна. Тамгын газрын байранд хүчтэй чичирхийлэл удаа дараа мэдрэгдсэн тул Соёлын төвийн хажуу талын галлагаатай жижиг модон байшин руу нүүсэн. Ард иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, сэтгэл санааг нь дэмжин ажиллаж байгаа.
Өглөө албан байгууллагуудаа эргэж, цуурч, гэмтсэн зургийг нь авч баримтжуулсан. Маш гэнэтийн зүйл боллоо. Өнгөрсөн баасан гарагт ажил дээрээ сууж байхад 14:30 цагийн үед бага зэргийн чичирхийлэл өгсөн. Түүнээс хойш нам гүм байж байгаад хүчтэй газар хөдөллөө. Ан амьтан, мэрэгчид газар хөдлөлтийг сайн мэддэг юм байна. Зарим хүн гэр бүлийнхнээ аваад тал газар бараадахад дайжсан амьтад их таарсан гэнэ.
Сумын эмнэлгийн ня-бо Б.Бямбажаргал: БИЕ ЭВГҮЙРХЭЖ, ДАРАЛТ
ИХЭСЛЭЭ ГЭХ ДУУДЛАГА НЭМЭГДСЭН
-Би 05:37 цагийн үед газар хөдлөлтийн улмаас сэрсэн. Хоёр орчим минут үргэлжилсэн болов уу. Газар
хөдлөлт яг далайн давлагаа шиг явагддаг юм билээ. Эхлээд гэрийн дээрээс чичирхийлж байгаад, гэрт мэдэгдээд тэгээд доошоо чичирхийлсэн. Манайх хуучны модон байшин амьдардаг болохоор нуралт, ан цав үүсээгүй. Харин эмнэлгийн сургалтын танхимын дүүжин тааз унаж ирсэн байна лээ. Мөн зарим өрөөний тавилганы байр өөрчлөгдсөн. Өмнө нь ийм хүчтэй газар хөдлөлт болж байгаагүй. Иргэд бие эвгүйрхэж, толгой эргэлээ гэх дуудлага өгөөд эхэлсэн байна. Мөн хэвтэн эмчлүүлэгчийн ихэнх нь даралт ихэссэн гэх зовуурьтай байна.
Сургуулийн захирал Ө.Жаргал: СУРГУУЛИЙН ХАНА ЦУУРЧ, ДОТУУР БАЙРНЫ ТААЗНЫ ШОХОЙ УНАСАН
-Манай сургууль 2009 онд ашиглалтад орсон хоёр давхар барилгад үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь дунд талын хана бага зэргийн цууралттай байсныг их засвар хийж, бүрэн янзалсан. Гэтэл саяны газар хөдлөлтийн улмаас уг хана ахин цуурч, чигжээс нь ховхорсон. Одоогоор сургууль, дотуур байрны зарим хана таазны, шохой унаснаас өөр ноцтой хохирол гараагүй. Газар хөдлөлт үүрээр тохиосон учраас сургууль дээр галчаас өөр хүн байгаагүй. Би 05:36 цагийн үед газар хөдөлж байгааг мэдсэн. Удаан үргэлжилбэл маш хэцүү санагдсан. Гэрийн ханан дахь жааз, цаг унаж, хагарсан. Сандарч балмагдсан учраас цаг минут харж амжаагүй болохоор хэдий хугацаанд үргэлжилснийг мэдэхгүй. Манай энд 2016 онд 23:00,24:00 цагийн үед ор чичирч бага зэргийн газар хөдлөлт мэдрэгдэж байсан. Ер нь Ханх сум газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог юм билээ. Бид айж, сандарч болохгүй, тайван байгаарай гэсэн заавартай гэр гэрээсээ ажиллаж байна.
Ханх сумын III багийн өндөр настан Л.Алтанцэцэг: СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД МАШ ХЭЦҮҮ БАЙНА
-Манайх сумын төвд, далайн зах талдаа байдаг. Маш хүчтэй газар хөдлөлт болж, байшин сууц, ор чичирхийлсэн. Мөсөн хил гарах үед далай дүнгэнэж, тас тас дуугардаг юм. Гэтэл түүнээс ч хавьгүй чанга, аварга том машин тэрэг явж байгаа юм мэт чимээ анир гарч, доргилт мэдрэгдлээ. Манайх модон сууцанд байдаг болохоор хохирол багатай өнгөрсөн. Хөдөөгүүр, далайн цаад талын айлуудад аяга шаазан нурж хагарсан, хөгшин хүн орноосоо унасан сураг дуулдана. Хүмүүс дахиж хөдөлнө гэж яриад байгаа учраас сэтгэл санааны хувьд хэцүү л байна. Би 61 настай, зүрхний хагалгаанд орсон, даралт ихэсдэг хүн. Дөнгөж сая эмч ирж тариа хийж өгөөд явлаа. Одоо ч газар чичирхийлж байна. Сумын удирдлага онцгой комиссоос дулаан хувцсаа үүдэн талдаа тавиад, тайван байгаарай гэж зөвлөж байна.
XII ангийн сурагч Б.Мөнхбаатар: 87 НАСТАЙ ЭМЭЭ МААНЬ ОРНООСОО УНААД ИРСЭН
-Манайх Ханх сумын II багийн нутаг Долоон уул хэмээх газрын ард талд өвөлжиж байгаа. Энэ газар сумын төвөөс зайдуу газар хөдлөлиийн голомттой тун ойр юм билээ. 05:00 цагийн үед бүх аяга таваг нурж, 87 настай эмээ маань орон дээрээс унаснаар газар хөдөлж байгааг мэдсэн. Өглөө босоход мал үргээд гарчихсан байсан. Саахалтын хүмүүс шөнө манай руу гүйлдээд ирсэн. Настай хүмүүсийнх нь даралт ихсэж, маш их айсан байдалтай байна. Бас нэг залуу гэр бүлийн хамаг юм унаж, хагарсан гэсэн. Одоо ч нир нирхийж дуугараад чичирхийлсээр байна. Сумын төв рүү харьцангуй гайгүй хөдөлсөн юм шиг байна лээ. Манай багийн хэдэн айлаас бусад нь тавилга, эд хогшил нурж уналаа гэж сонссонгүй. Манайх ам бүл дөрвүүлээ. Ээж, эмээгээ аюулгүй байдлын үүднээс монгол гэртэй айлд хүргэж өгсөн.
Ханх сум. II баг. Малчны гэр
Хатгал сум. ХААН банкны барилга. 2021.01.12
Ханх сум. ЕБС-ийн барилга. 2021.01.12
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна