Жо Байден вакцины хоёр дахь тунг хийлгэжээ

Админ
2021/01/13

“Ковид-19” цар тахлын халдвар авсан хүний тоо дэлхий даяар өчигдрийн байдлаар 91 сая 319 мянга 539-т хүрлээ. Цар тахал дэгдсэнээс хойш нэг сая 952 мянга 976 хүн “Ковид-19”-ийн улмаас амиа алдаад байна. Мөн 65.316.538 хүн өвчнөөсөө эдгэрчээ. Хамгийн их тохиолдол бүртгэгдсэн орныг урьдын адил АНУ тэргүүлсэн хэвээр байна.

 Тус улсад халдвар авсан хүний тоо 23.143.197-д хүрсэн бол, 385 мянга 249 өвчтөн амиа алджээ. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден “Pfizer/BioNTech” компанийн “Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэжээ. Жо Байден вакцин хийлгэх үеэр хэвлэлийн ажилтнууд байлцсан байна. Тэрбээр эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлж, вакциныг даруй түгээхийн ач холбогдлыг цохон тэмдэглэжээ. Жо Байден өнгөрсөн сарын 21-нд вакцины эхний тунг хийлгэсэн юм. 

“Pfizer/BioNTech”-ийн болон “Moderna”-гийн вакциныг АНУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар хэрэглэхийг зөвшөөрсөн. Бүх нийтийн вакцинжуулалт өнгөрсөн сард эхэлсэн байгаа. Их Британид 2.3 сая орчим хүнд “Ковид-19”-ийн вакцин хийгээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдлээ. “Улс даяар 2.6 сая тун вакциныг 2.3 сая хүнд тарьсан. Энэ нь Европын бүх оронд вакцин хийлгэсэн хүмүүсийн тооноос өндөр үзүүлэлт” гэж тэрбээр мэдэгджээ.

Түүний мэдээлснээр, 80-аас дээш насны иргэдийн тавны хоёр нь, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийн дөрөвний нэг нь вакцины эхний тунг хийлгээд байгаа аж. Энэ долоо хоногийн сүүлээс Турк улс “Ковид-19”-ийн эсрэг вакцинжуулалтаа эхлэхэхээр болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайып Ердоган Засгийн газрын хуралдааны дараа энэ талаар мэдэгдсэн хэмээн “Анадолы” агентлаг дамжуулав. “Цар тахлын эсрэг вакциныг пүрэв эсвэл баасан гарагаас иргэдэд тарьж эхэлнэ” хэмээн төрийн тэргүүн нь онцолжээ. 

Түүний хэлснээр, “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоо буурахаар тархалтыг хязгаарлах хөл хорионы арга хэмжээг аажмаар бууруулах аж. “Манай улсад цар тахлын тархалт ихсэх үеэр бид нөхцөл байдалд хурдан зохицож чадлаа. Шинэ эмнэлгүүд байгуулж, эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, сүлжээг хүчирхэгжүүллээ” хэмээн Эрдоган онцолжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын нэг сая гаруй иргэнд “Ковид-19”-ийн эсрэг вакцины эхний тунг тарьсан байна. 

Энэ тухай тус хотын эрүүл мэндийн газар мэдээлэв. Бээжин хотын эрх баригчид мөн ирэх баасан гарагт иргэдийн нэг хэсэгт вакцины эхний тунг хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд гаалийн болон тээврийн хяналтын ажилтан, хүргэлт, тээврийн жолооч нарыг хамруулна. Бүх нийтийн вакцинжуулалтыг ирэх сарын 12-нд эхлэх Цагаан сарын баяраас өмнө дуусгахаар төлөвлөсөн аж. Хятадад “Ковид-19”-ийн эсрэг бүх нийтийн вакцинжуулалтын хөтөлбөр 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд эхэлсэн билээ. 

Вакцин бүтээгч “Moderna” компани J.P.Morgan эрүүл мэндийн бага хурал дээр “Ковид-19”-ийн эсрэг вакцин хамгийн багадаа нэг жилийн турш дархлаа тогтоох чадвартайг мэдэгджээ. Мөн тус вакциныг бүтээхэд ашигласан шинэлэг мРНХ технологи нь хэд хэдэн оронд тархаад буй шинэ хувилбарын эсрэг үр дүнтэйг онцолжээ. “Moderna” компани энэ онд нэг тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна