ОХУ-ын Ерөнхийлөг ч Владимир Путин энэ сарын 11- нд Москва хотод Армени болон Азербайжан улсын удирдагч нартай гурван талт уулзалт зохион байгуулав. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхэнд Армени болон Азербайжан улсууд Москвагийн зуучлалаар Уулын Карабахт гал зогсоох хэлэлцээрт хүрч мөргөлдөөнийг эцэс болгож байв. Энэ удаагийг гурван талт уулзалт Уулын Карабахын дайн дуусгавар болсноос хойш хоёр сарын дараа боллоо. Гурван улсын удирдагчдын уулзалт хэлэлцээр хаалттай болж, дөрвөн цаг үргэлжилсэн байна.
Гурван талт уулзалтын дараа ОХУын төрийн тэргүүн Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев болон Армений Ерөнхий сайд Никол Пашинян нар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Мэдэгдлийг Кремлийн цахим хуудаст нийтэлсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар, бүс нутгийн эдийн засаг, тээврийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдах аж. Ажлын хэсгийг гурван улсын Ерөнхий сайдын орлогчид ахалж, энэ сарын 30-ныг хүртэл эхний уулзалтаа хийнэ.
Гурван талт уулзалтын дараа И.Алиев сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “хэлэлцаар ашигтай, үр дүнтэй” болсныг онцлоод Уулын Карабахын дайн “ард үлдлээ” хэмээн мэдэгджээ. Тэрбээр мөн Уулын Карабахын бүс нутагт зам тээврийн харилцааг сэргээх нь гурван улс болон хөрш орнуудын ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэв.“Энэ бол бидний хувьд маш чухал. Учир нь 30 жилийн дараа Азербайжан Арменийн нутаг дэвсгэрээр дамжиж Нахичеваны автономит улстай харилцаа тогтоох гэж байна.
Түүнчлэн Армени улс ч гэсэн Азербайжаны газар нутгийг дамжиж ОХУ болон Иран руу төмөр замын гарцтай болно” гэж И.Алиев нэмжээ. Харин Никол Пашинян Уулын Карабахын асуудал бүрэн шийдэгдээгүй гэсэн байна.“Мөргөлдөөнийг зогсоосон. Гэхдээ шийдвэрлэх асуудал маш их байна. Түүний нэг нь Уулын Карабахын статусын асуудал. Харамсалтай нь, өнөөдөр бид олзлогдсон хүмүүийн асуудлыг шийдэж чадаагүй. Энэ бол маш хэцүү, эмзэг зүйл бөгөөд хүмүүнлэгийн үйл хэрэг юм.
Энэ чиглэлээр ажлаа цааш нь үргэлжлүүлэхээр тохиролцсон” хэмээн Н.Пашинян сэтгүүлчдэд хариулжээ. Уулын Карабахын мөргөлдөөн өнгөрсөн оны есдүгээр сарын 27- нд эхэлсэн. Баку болон Ереван бие биенээ буруутгаж, мөргөлдөөн 40- өөд хоног үргэлжилсэн. Талууд гал зогсоох талаар хэд хэдэн удаа тохирсон ч дайныг зогсоож чадаагүй. Арваннэгдүгээр сарын 10-нд ОХУ-ын зуучлалаар хэлэлцээрт хийж гал зогсоосон.
Уг хэлэлцээр ёсоор Армений тал Уулын Карабахын долоон районыг Бакууд буцааж өгсөн юм. Уулын Карабахт Оросын цэргүүд энхийг сахиулна. Уулын Карабахыг олон улсад Азербажайны газар нутаг гэж үздэг.1991 онд арменчууд голдуу амьдардаг Уулын Карабах Азербайжанаас салж тусгаар тогтнолоо зарласан билээ. Баку газар нутгаа эргүүлэн авах гэснээр дайн эхэлсэн.1994 онд Азербайжан, Армени болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Уулын Карабахын бүгд найрамдах улс ОХУ-ын зуучлалаар гал зогсоох гэрээнд гарын үсэг зурж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна