Сэтгэл зайцуулах өрөө

Админ
2021/01/13

М.ДЭВЭЭЖАРГАЛ 

Амар жимэр байх нь хааяа аз жаргалыг эвддэгХарин бидний мартсанбиднээс урвасан мэдрэмжүүд нэгдэн нийлж орон зай болдогСэтгэлээ зайцуулжхэдэн цагаар ч хамаагүй суумаар санагддаггүй гэж үүХэн нэгний “үнэн” оршихуйн өрөө бол уран зохиолЭнэ удаагийн “Оюунт Монгол” булангаар МУИС-ийн , Социологийн III ангийн оюутан Мөнгөнхуягийн Ягаанзултай уулзуулж байна. 

-Идэр ес эхэлсэн байна. Магадгүй энэ үед л ид шид бүтээхээр гэрээсээ гарах байсан байх даа?

 -Ганц номхон морио ааваар бариулж унаад, дулаан хувцаслаад хойд уул руу гарах. Агаар нь цэнгэг, нүдэнд бүх зүйл харагдаж байгаа мэт болоод л. Ёстой гоё. Их цас унадгийг ч хэлэх үү, ой доторх үзэсгэлэн, оройд нь гарахад нэл цагаан хөндий. Тэнд л ид шид байх шиг санагддаг даа.

 - Авахыг хүссэн ч авч чадаагүй, өнөөх дутуу мэдрэмжүүдээ уран зохиолоор нөхдөг хүн байдаг шүү дээ? 

-Би үүний тулд л ном уншдаг байх.

 -Энэ магадгүй хамгийн нандин дурсамж байж ч болох юм. Номтой танилцсан түүхээсээ хуваалцаач.

 -Анх, яг хэзээ гэдгийг нь санахгүй юм. “Монгол ардын үлгэр” гээд нэлээд хуучирчихсан шар хавтастай номыг уншиж дуусгаж байсан. Тухайн үедээ надад их л зузаан санагддаг байж. Хүүхдийн шилмэл зохиолын 108 ботийн нэг “Бяцхан гүнж”-ийг лааны гэрэлд ээж аав хоёроос нууцаар хөнжил дотроо уншиж билээ. Хүйтэн шуурганаар дээврийн хонгилд байж байгаа гол дүрийн охины байр байдлыг төсөөлөөд л. Ер нь аав маань ном их уншдаг, сумын төвийн номын сангийн номыг уншаад дуусчихсан, ямар ном нэмэгдсэнийг бүртгээд байж байдаг хүн дээ. Тийм болохоор надад хамгийн их нөлөөлсөн. 

-Одоо ямар ном гарах бол гээд хүлээдэг болчихдог. Зохиолоос үлдсэн мэдрэмжүүдээ өрж, тэмдэглэл эсвэл бичвэр бичих нь таатай байдаг. Танд ч бий байх, бидэнд сонирхуулж болох уу?

 -Номын тэмдэглэл гэж хэлэхэд хэцүү, жижиг бичвэрүүд бичээд орхичихдог. Мартамхай болохоор тэр нь ч амар. Тухайн үеийн мэдрэмжээ дахиж мэдрэхийн тулд бичихэээс өөр, хамаагүй дээр санаа байхгүй юм шиг ээ. Саяака Мурата “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй”, “Амиа хорлолт ба Аокигахара...” Зугаалаг ч салхинд дээрэлхүүлсэн лааны гэрэл сормуусны минь ширхэг бүрээс цонхоо хаагаад, номоо орхихыг гуйж байх шиг санагдсан сан. 

Хөөрхий миний лаа, зургийг нь харж сургийг нь сонссон цөхрөлт сүнснүүдийн ариун орон Аокигахарагийн хөрс шороог, магадгүй чимээгүй хотын чимээг мэдрэхвий гэж айсан хэрэг. Грегор Замза хорхойнд хувирчихаад өрөөлийн муухайг ажиглаж, өөрийгөө буруутган буруутгасаар амь тавьдгийн адилаар Фүрүкүраг “Ирашаймасэ!“ гэж зогсохдоо алив нэгнийг огтхонч мэдрэхгүйгээр амирлачихвий дээ гэж айсан хэрэг. Би бол бороонд, болзоонд, наранд, саранд, салхинд, солонгонд, цасанд тэр ч байтугай түгжрээний сигналд ер нь бүгдэд сэтгэл хөдөлдөг. 

Яг л сахилгагүй, тэнүүлч, салхин дэвүүр шиг тогтворгүй мэдрэмжтэй, өнөөдөр хаягдсанаа маргааш мартах, өвдлөө гэхэд нулимс инээдийг хослуулах тийм л хүн. Харин тэр ядаж л цасан ширхэг хэлбэртэй байдгийг, бороо шүхрэн дээр буухдаа цээж тогшин дуугардгийг, нохой эзнээ хараад сүүлээ шарвагануулдгийг, цэцэгс найган ганхдагийг, цэцэгс бас хөл дор гишгэгдэхдээ уйлахгүй, инээдгийг мэдэрдэггүй. Харин мэддэг, эхээс төрөхдөө л мэдчихсэн магадгүй бүр мэддэг болохоороо уйдчихсан, залхчихсан байсан. Мэдрээгүй, мэдээгүй ганц зүйл нь эрэгчин эмэгчнээ хайрлах хайр болов уу, Шинэ мэдрэмж гэдэг суралцахуйн л нэр. Гэхдээ тэр юунд ч суралцдаггүй. Хайр дурлалд ч тэр. Иймд нь би Фүрүкүраг тэсгэл алдаад амирласан эсвэл амирлаж буй сүнснүүдтэй нөхөрлөх вий гэж айсан.

 "Бид үнэн хэрэгтэй сайтар өнгөлөн далдалсан чулуун зэвсгийн үедээ гацсан орчин цагт амьдраад байгаа юм биш үү дээ". Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдгийн адилаар хүний үүсэл цэвэр ариун, шударга үнэн, зөв зүйлээс бус тэвчээр алдалтаас, бурхныг хуурсан увайгүйтлээс үүссэн бус уу, тэгэхээр угаас Эдений цэцэглэгт Эвагийн аманд орсон алимнаас хойш тогтсон байгалийн хууль. 

“Эр хүний амьдралын утга учир ажилтай байх, гэрлэх”. Эмэгтэй хүнийх хүүхэд төрүүлэх гэж номонд өгүүлдэг. Гэхдээ өвгөн Толстойн “Крейцерийн сонат” дээр хүүхэдтэй боллоо гээд баярладаг ч яг үнэндээ өөрсдөдөө зовлон нэмж байгаадаа л баярладаг шүү дээ гэх мэт гэр бүлийн амьдралын талаар гэрлээгүй хүн гэрлэхээс эмээмээр, гэрлээд аз жаргалтай амьдарч байгаа хүн толгой сэгсрэн эсэргүүцмээр агуулгууд байдаг шүү дээ.

 Надад лав “Бид мэддэггүй л болохоос үнэн дээ” гэж хэлмээр болсон. Тэгвэл Фүрүкүра уйтгартайгаар жаргаад ч байгаа юм уу. Ер нь уйтгартай бас жихүүцмээр гэдгээ чи мэддэг болов уу, өөртөө үнэнч үлдсэн чинь үснээс минь олон ч удаа зулгаасандаа, Фүрүкүра Ай, амьдралын чинь утга учир ердөө л амьгүй лангуутай дэлгүүр юм гэж үү?

 Чамд дэлгүүрээс өөр амьдралын утга учир гэж байна уу, За яах вэ, заримдаа.., заримдаа л эд зүйлс амьд хүмүүсээс илүү аюулгүй, найдвартай санагдаж, амьд хүмүүсээс илүү хань болдог. “Олноос этгээд гажууд хэн бүхэнд багтах зай үгүйн дээр тийм хүмүүс чимээгүйхэн адлагдаж, төдөлгүй арчигдах нь дамжиггүй билээ”. Гэхдээ гомдоллож тэмцэлгүй, гоншигнож уйлалгүй өөрийн гэсэн орон зайгаа бүтээгээд амьдарсан даа, аюултай Фүрүкүра. Ширээн дээр сүүмэлзэх лаагаа айлган айлган дуусгасан ном минь “Нэрийн дэлгүүрийн эмэгтэй” байлаа. Чи ганцаараа биш ээ, энд ч бас олон олон лаа айлгадаг Фүрүкүранууд бий. ( Заримдаа би Фүрүкүратай адилхан ч юм шиг санагддаг, заримдаа шүү).

 -Санаанаас гардаггүй зохиол, бас яруу найраг байдаг шүү дээ. Өөрийн чинь хувьд?

 – Лев Толстойн “Крейцерийн сонат”. Эрэгтэй, эмэгтэй хүн, хамтын амьдрал, гэрлэлт, гэр бүлийн тухай маш хачирхалтай хэрнээ үнэн зүйлсийг өгүүлдэг гэж боддог.

 -Үеийнхээ залууст ямар ном санал болгомоор байна вэ, яагаад?

 - Д.Норов гуайн “Тэжээвэр” яалт ч үгүй, заавал унших ёстой зохиол гэж бодож байна. У.Фолкнерийн “Буугаад ирээч Мосе”-г санал болгомоор байна. Зөвхөн жаалхүүгийн нөхдийн талаар уншихын тулд энэ номыг уншжээ гэж бодогдсон. Хүмүүс ч тэгдэг байх. Г.Аюурзана гуайн “Хүүрнэл зохиолын товчоон"-ыг би гурван удаа уншсан. Одоо ч дахиад унших бодолтой байгаа. “Дэлхийн яруу найргийн охь дээжис” бол хаанаас нь ч хамаагүй нэг хуудас нээгээд үзэхэд л салахын аргагүй автуулдаг. Тайтгарал хүссэн бачуурсан үедээ яруу найргийн ном л барьж авчихаад байдаг. Гэхдээ энэ антологийн өгүүллэгүүдийг уншихад сайхан шүлэг уншсан юм шиг л мэдрэмж авсан учраас “Дур булаам”.

 -Өөрт сонирхолтой санагдсан номоосоо нэрлэхгүй юу, ер нь хувь хүний хөгжлийн ном хэр уншдаг вэ?

 -“Тахлын үеийн дурлал”, “Улаан үхлийн баг”, Агато Кристофийн гурван цуврал ном, "Даян дэлхийн жигшүүрт түүх" зэрэг номууд сонирхолтой санагдсан. Юу билээ, яачихав аа. Юу болчихов оо гээд эргэж санах хэрэгтэй болж байлаа. Хувь хүний хөгжлийн номын оронд 2х2=6, Шилмэл эссэнүүд зэргийг уншсан нь хавь илүү дээр санагддаг. Тоотой хэдэн хувь хүний хөгжлийн ном уншсан. Гэхдээ одоо тэр үеийг бодохоор хайран цаг хугацаа юм шиг. Уншдаг хүмүүс нь тэндээс хэрэгтэй зүйлээ авдаг л байх. Надад бол утгагүй зүйл шиг санагддаг 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.