Оюутнууд эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлж эхэллээ

Админ
2021/01/13

З.СҮХЭЭ

УИХ дахь “Ардын эрүүл мэндийг дэмжих лобби” бүлэг 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан билээ. Уг бүлэг эрүүл мэндийн салбарт шийдэл хүлээсэн асуудал, бэрхшээлийг уг сууриар нь арилгаж, иргэддээ тэгш хүртээмжтэй, чанартай, үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж байсан. Лобби бүлгийг УИХ-ын Ж.Чинбүрэн, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, С.Амарсайхан, П.Анужин, Ё.Баатарбилэг, Э.Бат-Амгалан, Б.Бейсен, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, Л.Энх-Амгалан, Т.Энхтүвшин нарын гишүүд Монгол Улсын иргэний амьд явах, эрүүл аж төрөх эрхийг хангахын төлөө санал нэгтэй ажиллах эрхэм зорилгын дор нэгдэн байгуулсан хэмээн мэдэгдэж байсан.

 Тэгвэл энэ бүлгийн санаачилгаар Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан билээ. Эдгээр хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулиуд хэрэгжиж эхэлснээр эмнэлэг дагасан санхүүжилтийн хуучин тогтолцоог өөрчилж, даатгуулагч иргэн, үйлчлүүлэгчээ дагасан санхүүжилтийн тогтолцоо хэрэгжиж эхэлж байгаа юм. 

Тодруулбал, даатгуулагчийн эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, даатгалын үр шимийг хүртээх үүднээс эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаарыг мөрдөхөөр болилоо. Өөрөөр хэлбэл, даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдсэнээр иргэд сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ гэх асуулт иргэдээс их ирдэг. Тэгвэл энэ хуулинд ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр хувь хэвээрээ байгаа буюу өөрчлөлт ороогүй юм байна.

 Цоо шинэхэн хуульд, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, гадаадын иргэн, бусад иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын 3840, жилийн 46080 төгрөгөөр, Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920, жилийн 23040 төгрөг төлөхөөр тооцжээ.

 Мөн төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцан төлдөг тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүд, хүүхдээ хоёр нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эцэг, эх , ял эдэлж байгаа ялтан, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагчийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3840, жилийн 46080 төгрөгөөр, 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 1920, жилийн 23040 төгрөгөөр тус тус тогтоосон. 

Нөгөөтэйгүүр, даатгуулагч эрүүл мэндийн шалтгаанаас үүсэлтэй зардалд шаардагддаг санхүүгийн ачааллаа хөнгөлүүлэх, хуваалцах зорилгоор эрүүл мэндийн даатгалыг төлдөг. Тэгвэл энэ жилийн эрүүл мэндийн даатгалын сангаас жилдээ төлөх төлбөрийн дээд хязгаарыг хоёр сая төгрөг болгож шинэчилэн тогтоожээ. Хууль шинэчлэгдэхээс өмнө даатгуулагч, эрүүл мэндийн даатгалын сангаас нэг сая найман зуун мянган төгрөгийг гаргуулдаг байсан бол өдгөө хоёр сая төгрөгийн үйлчилгээ авна гэсэн үг.


Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр заавал өвдсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдах эрхтэй. Эрхээ эдэлж, эрсдэлтэй тулахаасааа өмнө эрүүл мэнддээ анхаарч урьчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхээ эдлээрэй гэж энэ салбарынхан сануулсныг дуулгая


 Тодруулбал, эрүүл мэндийн даатгал төлөгч хүн бүр өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэс заслын үйлчилгээ хийлгэж байгаа тохиолдолд түүнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, хиймэл эрхтний үнийг даатгалын сангаас төлүүлэх эрхтэ й . Харин өртөг өндөртэй тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэнд спорт, Хүн амын хөгжил нийгмийн хамгаалал, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталж, 80 гаруй эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээний жагсаалт гаргажээ.

 Хамгийн өндөр үнэтэй нь таван сая 450 мянган төгрөгийн үйлчилгээний төлбөрийг даатгуулагч даатгалын сангаас төлүүлэх эрхтэй. Энэ нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарч байгаа дээд хэмжээ буюу хоёр сая төгрөгт хамааруулахгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хөнгөлөлтөд нэмж, энэ үйлчилгээг авах эрх нь даатгуулагчдад бий. Хууль хэлэлцүүлэх үеэр эрүүл мэндийн даатгалын харилцаа нь дан ганц иргэний даатгуулагчийн хувьд санхүүгийн ачааллыг хуваалцахаас гадна тухайн өрхийн гишүүдийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор хуульд тодорхой өөрчлөлт оруулсан хэмээн санаачлагчид онцолж байсан. 

Тэр дагуу тухайн иргэн шимтгэлээ өөрөө төлдөг бол аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад цалингаасаа шимтгэл төлж байгаа иргэд, мөн өөрөө шимтгэлээ хариуцаж төлдөг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тухайн жилд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх зардлын дээд хязгаар хэтрэх тохиолдолд өрхийн зөвхөн нэг гишүүний зөвшөөрөлтэйгөөр хоёр сая төгрөгөөсөө шилжүүлэн зарцуулах эрхийг даатгуулагчдад шинэ хуулиар олгожээ. Харин төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцдаг иргэн гэр бүлийн гишүүдийн даатгалаас шилжүүлж авах боломжгүй. 

Мэдээж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулах олон үндэслэл шалтгаан байсан. Нэг нь, төрөөс шимтгэлийг нь хариуцдаг 1.3 сая иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хэт бага хэмжээгээр олон жил төлсөн явдал. Энэ хууль батлагдах хүртэл сарын 670 төгрөг, жилийн 8040 төгрөгөөр төлдөг байсан. Төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг хүмүүс дотор хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэд мөн их, дээд сургуулийн оюутан суралцагч нар орж байсан бөгөөд хүн амын тал хувийг төр маш бага хэмжээний төлбөрөөр хариуцаж байсан. 

Товчхондоо төр хариуцах шимтгэлийн хэмжээ эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын 10 хүрэхгүй хувийг эзэлдэг атлаа эрүүл мэндийн даатгалын сангаас гарч байгаа зардлын 60 гаруй хувь нь төрөөс шимтгэлийг хариуцдаг иргэдэд зарцуулагддаг байсан юм. Товчхондоо, оюутнуудын дунд хоёр өөр нөхцөл байдал үүсчихсэн байсан хэрэг. Хууль шинэчлэгдэх х ү рт эл и х д э эд с ур г у ул ь , коллежийн оюутнууд Засгийн газраас 70000 төгрөгийн тэтгэлэг авдаг атлаа төрөөр шимтгэлээ төлүүлдэг.

 Гэтэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид 44000 төгрөгийн тэтгэмж авдаг боловч өөрсдөө шимтгэлээ төлдөг байсан. Үүнийг хууль эрх зүйн нэг орчинд оруулах зайлшгүй шаардлага бий болсны улмаас оюутнууд энэ оны эхнээс эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлж эхэлсэн гэсэн үг. Эцэст нь тэмдэглэхэд, эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн бүр заавал өвдсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдах эрхтэй. Эрхээ эдэлж, эрсдэлтэй тулахаасааа өмнө эрүүл мэнддээ анхаарч урьчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрхээ эдлээрэй гэж энэ салбарынхан сануулсныг дуулгая.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна