“Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсэн иргэн Н: Эмнэлэгт хөнгөн өвдсөн хүмүүсийг хэвтүүлмээргүй юм билээ

Админ
2021/01/13

Н.АЛТАНЦЭЦЭГ

Ковид 19”-ийн халдвар аваад эдгэрсэн Дархан-Уул аймгийн иргэн Н-тай ярилцлаа.

-Сайн байна уу. Бие нь сайн уу. Халдвар авснаа анх яаж мэдсэн бэ, ямар шинж тэмдэг илэрч байв?

 -Сайн байна. Анх бие сульдаж эхэлсэн. Өндөр халуураагүй ч хоёр хоног бага зэрэг халуурч хий ханиалгаж байснаа дөрөв хоногийн дараачаас амт, үнэр мэдрэхээ больсноос өөр зовиур байгаагүй. Биед дээрх шинж тэмдэг илрэхээр нь тусгай дугаарт холбогдож хэлсэн. Ингээд гэрт ирж шинжилгээ авахад хариу сөрөг гарсан. Дараа нь нэг өрхөөс нэг хүн гэсэн шинжилгээнд аав маань шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан. Ингээд би тусгаарлагдаад дахиад шинжилгээ өгөхөд миний хариу эерэг гарсан.

 -Залуу хүний хувьд хурдан эдгэрсэн үү. Өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс хүндрээд байх шиг? 

-Тийм ээ. Залуу хүн учраас эмчилгээ хийлгээд дархлаа хурдан тогтсон. Хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн болохоор гайгүй өнгөрсөн байх. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт олон хоног тусгаарлах шаардлагагүй юм билээ.

 -Яагаад?

 -Эмнэлэгт хөнгөн хүмүүсийг хэвтүүлмээргүй юм билээ. Эмчилгээ бичиж өгөөд гэрт нь тусгаарласан нь дээр санагдсан. Яах гэж байгаа нь мэдэгдэхгүй бөөн бөөнөөр нь эмнэлэгт аваачаад 20 хоног “хорьчихно”, эмчилгээ гэж сүйдтэй юм байхгүй. Тариа ч байхгүй. Арбитол эмийг 10 хоног уулгаад, үлдсэн хоногт нь хуурай чацаргана, витамин С болон Д өгсөн. Дээр нь эмнэлэг хүйтэн болохоор нялх нойтон хүүхдүүд нэмээд ханиад авах эрсдэл маш өндөртэй. Ядаж ус буцалгагч байхгүй болохоор хангалттай халуун бүлээн шингэн ууж чадахгүй, эмнэлгээс өгдөг аарц, чацарганаар л амаа чийглэдэг байсан. Хөнгөн хүмүүс гэртээ тусгаарлагдвал ядаж тохь тухтай байх юм билээ. 

-Та аль эмнэлэгт хэвтсэн юм бэ?

-Хөнгөн хэлбэрээр өвчилсөн болохоор Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний тухайд гэвэл эмнэлэгт хэвтсэнээс хойш Арбитол, Аспирин, Витамин Д гээд гурван нэр төрлийн эм, дээр нь Витагрип гээд хуурай чацаргана өгсөн. Арбитолыг 10 хоног бусдыг нь эмнэлгээс гартал өгсөн. 

-Сэтгэлзүйн хувьд хэр байв. Айж түгшив үү?

 -Миний хувьд гайгүй ээ, харин гэр бүлийнхэн маань маш их сэтгэлээр унасан. Тэрнээс гадна эмч эмнэлгийн ажилтнуудаас ирэх дайралт их байсан. Сүүлдээ манай аав уурласан. Бид ямар гэм хийсэн биш. Өвчин хэнд ч тусна, хэнийг ч ялгахгүй. Эмч сувилагч, хоол зөөдөг хүмүүс нь хоёр давхар маск зүүчихээр хэлж байгаа нь сонсогдохгүй. Дөхөхөөр “Цаашаа бай” гэж хашгирна, аягаа эрт гаргасангүй, бэлдсэнгүй, тэгсэнгүй ингэсэнгүй гээд л их дээрэнгүй өнгө аястай харьцдаг байсан. 

Хүний биед дархлаа тогтсноор вирус нь устаагүй байсан ч бусдад тараах боломжгүй болдог гэсэн. Тэгэхээр эмчлүүлээд гарсан хүмүүсээс сэжиглэж, айх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр эдгэрсэн хүмүүс зоригтой үгээ хэлдэг байх хэрэгтэй


-Эмнэлгээс гарсны дараа биед нь ямар нэг өөрчлөлт, шинж тэмдэг илрэв үү?

 -Мэдэгдсэн юм алга. Эмнэлэгт 28 хоног, гэрт 14 хоног гээд нийт 42 хоног нийгмийн харилцаанд ороогүй. Эмнэлгээс эдгэрээд гарахад эмч маань дархлаагаа сайн дэмжээд, халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай гэсэн.

 -Халдвар авсан ч эмчлүүлээд эдгэрсэн хүмүүс, олон нийтэд хандаж өвчний талаар мэдээлэл өгөхгүй байгаа нь сонин санагдаад байгаа. Эсвэл нийгмийн шаардлага, олон нийтийн хэл амнаас эмээж, нэр усаа ил гаргахаас цааргалдаг юм болов уу?

 -Эдгэрсэн хүмүүс мэдээлэл өгөхгүй байгаа нь ажлын шаардлагаас болдог байх. Манай ажил нууцлаарай гэж хэлээгүй ч нууцлахаас өөр аргагүй шалтгаан нөхцөл байна. Тэгээд хүмүүс нүүрээ ил гаргаж, бодитой мэдээлэл өгөхгүй байгаа байх.

 -Эдгэрсэн хүмүүс эргээд халдвар тусах магадлал хэр бол. Энэ талаар мэргэжлийн эмчээс асууж, судалж үзсэн үү?

 -Эдгэсэн хүмүүс дахиж халдвар тусах магадлал маш бага. Учир нь, дархлаа тогтосны дараа эмнэлгээс гаргаж байгаа. Хэрвээ дархлаа тогтоогүй бол тогттол эмнэлэгт байлгаж байгаа юм билээ. Хүний биед дархлаа тогтсноор вирус устаагүй байсан ч бусдад тараах боломжгүй болдог гэсэн. Тэгэхээр эмчлүүлээд гарсан хүмүүсээс сэжиглэж, айх шаардлагагүй. Нөгөөтэйгүүр эдгэрсэн хүмүүс зоригтой үгээ хэлдэг байх хэрэгтэй. Надтай хамт эмнэлгээс гарсан нэг хүний вирус нь устаагүй ч дархлаа тогтсон учраас эмнэлгээс гаргасан. Сүүлийн шинжилгээ нь эерэг гарсан. Тэгэхээр дархлаа хамгийн чухал байгаа биз.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна