Досым Сатпаев: В.Никонов болон Е.Федоров Путины санааг хүргэж байна

Админ
2021/01/14

Казахстаны улс төр судлаач Досым Сатпаевын Оросын Төрийн думын депутат В.Никонов, Е.Федоров нарын мэдэгдлийн талаар malim.kz цахим хуудаст өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-ОХУ-ын Төрийн думын Боловсрол, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Вячеслав Никоновын “Казахстаны газар Орос болон ЗХУ-ын өгсөн бэлэг” гэсэн мэдэгдэл Казахстаны нийгэмд маш их шуугиан тарилаа. Түүний дараа удалгүй Төрийн бас нэг депутат Евгений Федоров дээрх мэдэгдлийг дэмжиж, “ОХУ Казахстанаас газар нутгийг буцааж авахыг шаардах хэрэгтэй” гэв. Харин манай улсын Гадаад хэргийн яам Оросын Элчин сайдад нот бичиг гардуулснаар хязгаарлагдав. Таны бодлоор Казахстан зохих ёсны хариу өгч чадсан уу?

-Казахстаны Гадаад хэргийн яамны хариу их сулхан байв. Дипломатын туршлагаар эсэргүүцлийн нот гардуулах нь хамгийн сул аргад тооцогддог. Мэдэгдлийг Оросын шинжээч эсвэл зүгээр нэг нийгмийн зүтгэлтэн биш Төрийн думын Байнгын хорооны дарга болон депутат хийсэн. В.Никонов бол Төрийн думд алба хашдаг чухал үүрэгтэй хүн. 

Түүнчлэн тэрбээр олон жилийн турш өөрийгөө Оросын шинжээчдийн нийгэмлэгийн үзэл бодлын манлайлагч хэмээн үздэг. Харин Е.Федоров ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Батлан хамгаалах зөвлөлийн гишүүн байсан. Тэд хоёулаа В.Путины “Нэгдмэл Орос” намын гишүүн. Никонов ч, Федоров ч олон жилийн турш Кремльтэй холбоотой. Тиймээс тэд тодорхой нэг хэмжээгээр Оросын удирдагчийн бодол санааг хүргэж байна. Мөн В.Никонов, Е.Федоров нарын хэлсэнтэй ижил төстэй мэдэгдлийг В.Путин ч хэлж байсан. 

ОХУ-ын Ерөнхийлөгч “ЗХУ задарсны дараа Орос газар нутгийнхаа нэг хэсгийг бусад бүгд найрамдах улсуудад бэлэглэсэн” гэсэн. Түүнчлэн В.Путин “Казахуудад төрт улс байгаагүй” хэмээн мэдэгдсэн нь маш их маргаан дэгдээсэн. Тиймээс В.Никонов, Е.Федоров нарын хийсэн мэдэгдэл В.Путины хэлсэнтэй ижил. Энэ бол сэтгэл түгшээсэн асуудал. 

Мөн иймэрхүү мэдэгдлүүд байнга тодорхой нэг давтамжтай гардаг болсон. Үүнийг зүгээр нэг Оросын энгийн иргэн эсвэл Эдуард Лимонов зэрэг улстөрчид биш, төрийн дээд шатанд тодорхой албан тушаал хашиж буй хүмүүс ярьж байна. 

Тухайлбал, Владимир Жириновский Төрийн думд бүлэгтэй намыг даргалдаг. Энэ үүднээс үзэхэд Гадаад хэргийн яам зөвхөн эсэргүүцлийн нот илгээгээд зогсохгүй үүнээс илүү зоригтой арга хэмжээ авах ёстой. Түүнчлэн ОХУ эсэргүүцлийн нотыг тоож авч хэлэлцдэггүй, ерөөсөө анхаардаггүй. Миний бодлоор ОХУ бидний эсрэг мэдээллийн дайн зарлаж байна. 

Яагаад гэвэл Төрийн думын гишүүдийн мэдэгдлүүдийг Оросын хамгийн том төрийн телевизийн сувгуудаар үзүүлж буй. Төртэй холбоотой, улсаас санхүүжүүлдэг сувгуудад хөрш орнууд руугаа чиглэсэн өдөөн хатгалгаа хийж байгаа нь хувь хүний үг биш, Оросын удирдагчдын албан ёсны баримталж буй бодлого хэмээн үнэлэх хэрэгтэй. Эхний удаа сануулга өгөөд, бүр болохгүй бол хатуу арга хэмжээ авч эхлэх нь чухал.

-Тэгвэл Гадаад хэргийн яам юу хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, Казахстаны тухай таагүй мэдэгдэл хийдэг Оросын улстөрчдийн хар жагсаалтыг хийх хэрэгтэй. Ер нь тийм албан тушаалтнууд “Нон грата персон” жагсаалтад орох ёстой. Тэднийг манай улсын хилээр нэвтрэхийг хориглох нь чухал. Мэдээж, өдөөн хатгасан мэдэгдэл хийдэг улстөрчид Казахстанд ирэх сонирхолгүй байж магад. 

Гэхдээ бодолгүйгээр ярьдаг Жириновский, Соловьев, Никонов, Федоров нарын хүмүүсийг хар жагсаалтад оруулах нь Кремльд өгсөн дохио болно. Хэрэв тэд өдөөн хатгасан мэдэгдлийг Казахстан биш Хятадад хандаж хэллээ гэж үзье. Хятад тиймэрхүү мэдэгдэл хийсэн улстөрчид байтугай Холливудын одод эсвэл нэртэй бизнесмэнүүд гэсэн хувь хүмүүст хүртэл хатуу хориг арга хэмжээ авдаг. 

Украинд өрнөсөн үйл явдлыг хараад л Казахстаны эрх баригчид түншлэл, нөхөрлөл, холбоотон орнуудын харилцаа зэрэг ойлголтууд Оросын хувьд огт хамаагүй зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үүднээс ОХУ-ыг болзошгүй өрсөлдөгч хэмээн үзэх хэрэгтэй. ОХУ Украинд цэрэг оруулж, Крымийг булааж авахаас өмнө Киев руу чиглэсэн иймэрхүү маргаантай өдөөн хатгасан мэдэгдлүүд хийж байсан.

 ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээний үеэр импортыг орлох хөтөлбөрөөрөө өөрсдийн дотоод зах зээлээ хатуу хамгаалсан. Тус улсад хүнсний үйлдвэрлэлээс эхлээд хөнгөн үйлдвэр хүртэл бүх салбарт бизнес лобби маш хүчтэй. 

-Казахстанд эрх мэдлийн шилжилт бүрэн дуусаагүйг харгалзан үзэхэд Украины үйл явдал давтагдаж магадгүй?

-Харин тийм ээ. Энэ асуултад хариулахын тулд зарим нэг баримт бичгийг судлах хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө батлагдсан ОХУ-ын цэргийн онолыг авч үзье. Украины үйл явдлын дараа уг цэргийн онолд хэд хэдэн өөрчлөлт оруулсан. Тухайлбал, хөрш орнууд нь ОХУ-д нөхөрсөг бус хандаж, орос хэлтэй иргэдийн эрх чөлөөг хязгаарладаг улстөрчид төрийн эрхэнд гараад ирвэл тус улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөрш орны дэглэм нь найз уу, дайсан уу гэдгийг ОХУ өөрөө шийдвэрлэнэ.

Хэрэв Н.Назарбаев улс төрийн тавцангаас явсны дараа, эрх мэдлийн шилжилт эхлэхэд эх оронч-үндсэрхэг үзэл эрчимждэг. Шинэ эрх баригчид Казахстаны үндэсний ашиг сонирхлыг хамгаалж, тэр ч байтугай улс орноо Евразийн эдийн засгийн холбоо эсвэл Аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагаас гарна гэж мэдэгдвэл ОХУ цэргийн дарамт шахалт үзүүлж болзошгүй. Украинд бүх зүйл ийм хувилбараар явагдсан. 

Тус улс баруун Европ руу чиглэж, Гаалийн холбоонд орохоос татгалзсан. Казахстан АНУ, Европын холбоо, Турк болон бусад бүх орнуудтай сайн түншийн харилцаатай. Хэрэв ОХУ их гүрнүүдтэй геополитикийн сөргөлдөөн гаргавал тэр нь тэдний өөрсдийнх нь тоглолт. Бид Оросын гадаад бодлогын тоглоомд оролцож болохгүй. Казахстаны эрх баригчид ОХУ-ыг стратегийн чухал түнш гэж үздэг. 

Гэвч манай улсын нийгмийн дотоод сэтгэл санаа огт өөр. Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоо байгуулагдаж, Украины үйл явдлын дараа сэтгэл санааны байдал өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Ихэнх казахстанчууд Оросыг манай улсын холбоотон болон түнш биш, эсрэгээр геополитикийн байдал өөрчлөгдвөл үндэсний эрх ашигт аюул учруулагч болж хувирна хэмээн үздэг. 

Одоо эдгээр хоёр загварын хоорондох зөрчилдөөнийг бид харж байна. Эрх баригчид маргаантай мэдэгдлүүдийг бага зэрэг шүүмжилсэн болоод ард иргэдийг тайвшруулахыг оролддог. Гэхдээ Казахстаны нийгэм олон нийт эрх баригчдаас хатуу арга хэмжээ авахыг хүлээж байна. Харин удирдлага хатуу арга хэмжээ авахаас эмээж, Кремльтэй харилцаагаа муутгахыг хүсдэггүй. 

Улс орны удирдлагад дотор толгойноос нь ЗХУ арилаагүй хүмүүс ч бий. Одоо ч гэсэн Москва биднийг дээрээс хянаж байна гэж үздэг. Энэ бол маш аюултай зүйл. Яагаад гэвэл одоо ЗХУ-ын үед амьдарч байгаагүй, юу гэдгийг нь ч мэдэхгүй, тусгаар тогтносон Казахстанд төрж өссөн бүхэл бүтэн үе бий болсон. Тэд хувь заяагаа зөвхөн Казахстан улстай холбож үзнэ.

-Евразийн эдийн засгийн холбоо манай улсад хэр өгөөжтэй бол?

-Би 2014 оноос хойш ярьж байгаа. Евразийн холбоо Казахстаны хувьд геполитикийн хавх. Эхнээсээ Евразийн холбоо гэдэг нь Оросын геполитикийн зорилгоор байгуулсан төсөл байсан нь ойлгомжтой байсан. Уг холбоо байгуулагдсан 2014 онд миний хэлж дэвшүүлж байсан таамаг яг биеллээ олсон. 

Тухайн үед эдийн засгийн холбоо байгуулахыг дэмжиж байсан бизнесмэнүүд хүртэл одоо итгэл алдарч байна. ОХУ эдийн засгийн хориг арга хэмжээний үеэр импортыг орлох хөтөлбөрөөрөө өөрсдийн дотоод зах зээлээ хатуу хамгаалсан. Тус улсад хүнсний үйлдвэрлэлээс эхлээд хөнгөн үйлдвэр хүртэл бүх салбарт бизнес лобби маш хүчтэй. 

ОХУ өөрсдийн эдийн засгийн холбоотон болох Беларусь, Казахстан, Киргизийн бараа бүтээгдэхүүнийг хилээр оруулахгүй саад хийсэн. Шинэ журам, нэмэлт шаардлага бий болгож, Евразийн эдийн засгийн холбооны гэрээний заалтыг зөрчиж Казахстаны үйлдвэрлэгчдийг зах зээл рүүгээ орохыг хориглоод хаясан. Ингэснээр Орос улс Евразийн эдийн засгийн холбоо гэсэн худлаа лоозон дэвшүүлээд л хөрш улсуудаа өөрсдийн хараат болгохыг хүсэж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна