2023 онд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ

Админ
2021/01/14

Банкны тухай хуулийн төсөл: 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжинэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн бөгөөд АН-аас завсарлага авлаа.

Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд өөрчлөн найруулж, банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэрээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн бүтэц, хэмжээг энэ хуульд нийцүүлэн өөрчлөх, энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журмыг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батлах нь зүйтэй гэж үзсэн. 

Энэ үүднээс хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан банк 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор холбогдох хуулийн дагуу компанийн хэлбэрээ өөрчилсөн байх, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр банк байгуулах тусгай зөвшөөрөлтэй банк нь Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хангасан байх талаар ажлын дэд хэсгээс гаргасан саналыг дэмжсэн ЭЗБХ-ны хуралдаанаар дэмжсэн байна.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "одоогийн байдлаар манай улсад арилжааны 12 банк үйл ажиллагаа явуулж байна. Хуулийн шинэ зохицуулалтаар банкууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр гадны банкууд хувьцаа эзэмших боломжтой болно. 

Анх өргөн барьсан төсөлд 6 жилийн дараа гэхэд банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар тусгасан байсан. Бид бусад орны туршлагыг судалж нягтлаад төслийн энэ зохицуулалтыг гурван жилээр нааш татаж, 2023 оны эцэс гэхэд бүх банк хувьцаат компанийн хэлбэрт бүрэн шилжсэн байхаар зохицуулсан" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна