Р.Булгамаа: Шүүх улс төрөөс хараат байх нөхцөлийг хуулиар бүрдүүлж болохгүй

Админ
2021/01/15

УИХ энэ өдрүүдэд Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.

Шинэ бүрдсэн парламент Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар богино хугацаанд нэлээд шуурхай ажиллаж, энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг явуулж, батлахаар болоод байна. Хуульч, өмгөөлөгч хүний хувьд энэ хуулийн өөрчлөлтөд ямар байр суурьтай байна вэ?

 -Шүүхийн шинэтгэл анх 2002 оноос эхтэй. Хамгийн сүүлд буюу 2012 онд Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг тус бүрд нь гаргаж, хэрэгжүүлснээр шүүхийн шинэчлэл бодитой боллоо гэж үзэж, дүгнэж байсан. Өөрөөр хэлбэл, өнөөдөр шүүх эрх мэдлийн харилцааг эдгээр хуулиар зохицуулж ирсэн. Тэгвэл одоо дээрх хуулиудыг нэгтгээд Шүүхийн тухай хуулийг УИХ-д Засгийн газраас өргөн бариад, парламент хэлэлцээд явж байна. 

Шүүхийн тухай хуульд эрх баригчид өндөр ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Нэг талаасаа шүүх эрх мэдэлд шинэчлэл хэрэгтэй болжээ, нөгөөтэйгүүр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд нийцүүлж, энэ өөрчлөлтийг хийж буй юм. Гэхдээ нөгөө талдаа, хийж буй өөрчлөлт, шинэчлэлт эрх зүйн зохицуулалт маань хууль зүйн үүднээс эрх зүйн дэвшлийг, нийгэмд шударга ёс тогтоож байгаа шүүхэд итгэх иргэдийн итгэлд гэрэл нэмэхүйц үр дүн авчирч байна уу гэдгийг бид маш нухацтай харах ёстой.

Тийм ч учраас өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төсөлд ололттой, дэвшилттэй зүйл нь юу байна, хуучин хуулийн учир дутагдалтай тал юу байв гэдэгт нухацтай үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа нэмэлт, өөрчлөлтүүд нь www. parliament.mn дээр байршуулсан хуулийн төсөлд тусаагүй байсаар байгаад чуулганы хуралдаанд хэлэлцэгдэж байна шүү дээ.

 -Хуулийн төсөл анх өргөн баригдсанаасаа тэс өөрчлөгджээ дээ. Энэ өөрчлөлтүүд бодитой байж чадаж байна уу?

 -Энэ өөрчлөлтүүдийг ажлын хэсгийн гишүүд, хууль санаачлагчдын зүгээс “Маш сайн хуулийн төсөл” мэтээр яриад байгаа ч анх өргөн барьснаасаа тэс өөр болсон. Манай салбарынхан энэ хуулийн төсөлд ихээхэн ач холбогдол өгч, анхааралтай ажиглаж байгаа. Гэтэл бодит амьдралд шүүхийн асуудал хэдэн судлаачийн (өөрсдийгөө судлаач гэж тодорхойлсон) нүдээр харж, дүгнэгдээд байж болохгүй. Үүнд салбарын мэргэжилтнүүдийн болон шүүхээр үйлчлүүлдэг ард иргэдийн дуу хоолой хэрэгтэй. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой ч хэрэгтэй. 

Шүүхийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу бүх шатанд олон нийтэд хэлэлцэгдэж явах ёстой энэ ажил нэлээд хумигдмал хязгаарлагдмал яваад байгааг хэлмээр байна. Бид чуулган, Байнгын хорооны хурлаар энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр хэн гэдэг гишүүн юу гэж хэлэв гэдгийг нөхөж сонсох маягтай байгаа. Албан ёсны вэб сайтдаа тухай бүрт нь мэдээлэл гаргахгүй байна шүү дээ. Шүүхээр оролдоно гэдэг их аюултай. 

Энэ хуулийн төсөлд байгаа шинээр орж буй санал, зохицуулалтуудын цаана практик ач холбогдол, үр дагавар юу байна гэдгийг маш сайн тооцоолж, дүгнэсэн байх ёстой. Гэтэл түүнд хамаарах судалгаа тооцоо хэр зэрэг хийв гэх мэдээллийг ажлын хэсгийнхэн олон нийтэд өгөхгүй байна. Зөвхөн хэсэг бүлэг судлаачдын дүгнэлтээр энэ асуудалд хандаж байгаа. Цөөхөн хэдэн судлаач Монголын нийт иргэдийн эрх ашиг, шударга ёсны индэр болсон шүүх засаглалын асуудалд дүгнэлт хийж, түүнийгээ хууль зүйн бодитой шинэчлэл боллоо гэж тайлбарлах хир оновчтой вэ?

 -Шүүхийн шинэчлэлийг дагаад нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг нөлөө нь юу юм бэ?

 -Энэ хуулийг дагаад нийгэмд гарах эерэг, сөрөг үр дүнг эхлээд тодорхойлчихсон байх ёстой. Гэтэл энэ цаг хугацааны асуудал гэж харж байгаа нь учир дутагдалтай. Шүүхийн шинэчлэлийн асуудал зөвхөн шүүх эрх мэдлийн байгууллага, түүнд ажиллаж байгаа захиргааны ажилтнууд, шүүгч нар, шүүгчийн туслах, нарийн бичиг нарт хамааралтай асуудал биш юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн буюу иргэн бүрт хамаатай асуудал. 

Монголын нийгэм шударга ёсыг тогтоох шударга нийгмийг бэхжүүлэхэд, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах тулгуур суурь нь өөрөө шударга ёсны зарчимд тулгуурласан байх шүүх тогтолцоогоо бид төгөлдөржүүлэх асуудал юм. Шуудхан хэлэхэд, иргэдийн амьдрал цаашид ямар байх, тухайн иргэний хувь заяа хэрхэх, хуулийн этгээд, бизнес эрхлэгчийн бизнесийн зах зээл ямар түвшинд шударга ёсны зарчмаар үнэлэгдэх юм бэ гэх зэрэг ач холбогдолтой олон асуудлыг шийдэхэд энэ хуулийн шинэчлэл хамааралтай. 

Тиймээс бид энэ хуулийн төсөлд маш өндөр ач холбогдол өгч, дуу хоолойгоо хүргэх ёстой. Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд энэ шинэчлэлтийг хийж байна гэх боловч энэ нь бодитой байж, Монголын нийгэмд унаад буй шүүх эрх мэдлийн нэр хүнд, түүнд итгэх иргэдийн итгэл алдарсан, шүүх хараат бус байна, шүүгч нар авлигад өртсөн байна гэх мэт дуусашгүй үргэлжилдэг яриануудад хэр цэг хатгав. Эндээс л уг хуулийн чанар, чансаа ач холбогдол харагдана шүү дээ. Шинэлэг зохицуулалтууд бий. 

Шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд, түүнд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын нийгмийн баталгааны талаар дэвшилттэй зохицуулалтууд орж байгаа. Үүнийг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр тус тусдаа байсан харилцаануудыг нэгтгэснээр ач холбогдолтой. Сайшаалтай зүйлүүд бий ч анхаарал татах олон асуудал байна. 

-Тэр анхаарал татах асуудлууд нь юу юм бол?

 -Шүүхийн хараат бус байдлыг хангах олон улсын жишгээс ухарсан зохицуулалтууд энэ хуулийн төсөлд байна. Шүүх хараат бус байна гэдэг хамгийн тод агуулга нь юугаар илэрдэг вэ гэхээр, улс төрөөс ангид байх ёстой. Гэтэл шүүх эрх мэдлийн байгууллагын бүтцийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилоход улс төрөөс хараат байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн сонгуулийн үр дүнд бий болсон УИХаас дээрх байгууллагын гишүүдийг томилох гэж буй зохицуулалт нь улс төрөөс шууд хараат бус байдлыг бий болгож байна. 

Үүний сөрөг үр дагавар нь, нийгэмд шударга ёс байхгүй болох, иргэдийн итгэл алдрах, шүүх асуудлыг шийдэхэд ямар нэг байдлаар улстөрчдөөс хамааралтай, нөлөөлөл бий болох үндсэн суурь бий болгох гэж байна. Хараат бус байдаг олон улсын жишиг нь нэгдүгээрт, улс төрийн нөлөөллөөс хараат бус байх юм. Хууль тогтоогчдын зүгээс олон нийтэд өгөөд байгаа тайлбар нь, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулж байгаа нь шүүхэд хамгийн том дэвшил авчирч байна гээд байгаа. Энэ маш буруу. 

Төрийн эрх мэдэл хуваарилалтын онолоор, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага гурван зарчим хангагддаг. Тэгвэл хууль тогтоох байгууллага нь УИХ. Энэ байгууллага яагаад шүүх эрх мэдлийн байгууллагын дотор байгаа бүтцийн нэгж болох ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн дийлэнх олонхийг томилох ажиллагаанд биечлэн оролцох гээд байгаа юм бэ. 

Ер нь, УИХ Үндсэн хуулиа зөрчөөд байна. Хууль тогтоох байгууллага төрийн дээд албан тушаалтнуудыг томилох чиг үүрэг рүү орж байгаа нь улс төрийн бөгөөд хууль зүйн үүднээс авч үзвэл, маш том гажуудал, сөрөг үр дагавар үүсгэх замнал бий болгочихлоо. Энэ байдлаа ХЭҮК-той адилтгаж авч үзээд байгаа. Уучлаарай. ХЭҮК бол УИХ-ын харьяа байгууллага. ХЭҮКыг шүүх эрх мэдлийн байгууллагатай дүйцүүлж, адилтгаж авч үзэж болохгүй. 

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн дийлэнх олонхийг УИХ-аас томилох энэ зохицуулалт хараат бус байдлыг бий болгож, аль нэг улстөрчдийн нөлөөнд автах магадлал өндөр гэж та хэлэх гээд байна аа даа?

 -Энэ байдал шүүхэд шинэчлэл авчрахаас илүүтэй хараат байх, аль нэг улс төрийн сонгуульд олонх болсон нам шүүх эрх мэдлийн байгууллагад “гар, хөл”-өөрөө дамжуулан нөлөөлөх нөлөөллийг бий болгох эрсдэлтэй байгаа юм. Шүүхийн байгууллага улс төрөөс хараат бус байдгийг бид өнөөдөр таслан зогсоох ёстой. 

-Ужгирсан энэ байдлыг яаж таслан зогсоох ёстой юм бэ. Шийдэл нь юу юм бол? 

-Шүүхийн тухай хуулийг Засгийн газраас мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилж, өргөн мэдүүлсэн байна. Хоёр хуулийн төсөл байсан ч Ерөнхийлөгч төслөө эгүүлэн татсан. Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хэрхэн сонгох тухай заахдаа, хуулийн мэргэжлийн холбоод, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас нь тэр шүүгчдээс нь авч, олон талын төлөөллөөс сонгох ёстой гэж заасан байв. 

Нээлттэй сонгон шалгаруулалт явуулахдаа УИХ, Ерөнхийлөгчөөс ч хараат бус байя гэсэн зарчмын зохицуулалт тусгаад байсан. Гэтэл өнөөдөр хуулийн төслийн агуулга, шинэчлэлийн төсөл нь “Бид хараат бус шүүхийг бий болгохоор шинэлэг зохицуулалт хийж байна” гэж Ерөнхийлөгч гэх субьектээс эрх мэдлийг нь авчихлаа гэж тайлбарлаж байгаа. Монгол Улсад олон төрлийн дээрэм байна. Түүний дотроос хамгийн хор хөнөөлтэй дээрэм нь хуулийнх болжээ. 

Хууль батлах замаар өөрт ашигтай, ямар нэг бүлэглэл, фракц, улс төрийн хүчинд ашигтай зохицуулалтуудыг хийдэг байдлаас өнөөдөр улстөрчид болон хуульчид татгалзах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг ард түмнийхээ өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн субьект. Хууль гэдэг нийгмийн харилцааг зохицуулсан хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц.

 Гэтэл өнөөдөр хуулийг ямар нэг бүлэглэл, тодорхой төрлийн жижиг харилцааг зохицуулдаг хэсэг бүлэг этгээдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн захиалгат лоббит хуулиуд болж хувирч байна. УИХ-ын зарим гишүүн олон нийтийн сүлжээнд “Шүүхийн тухай хууль дээр нэг гишүүний лоббигоор орж ирсэн саналыг унагалаа” гэж бахархалтайгаар хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллагын хууль баталж байгаа процудар УИХ-ын гишүүдийн лоббины индэр болчихсон юм биш үү. Ийм эрээ цээрээ алдсан байдлаар шүүхийн шинэчлэлд хандаж болохгүй. 

-Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд Хуульчдын холбооноос төлөөлөл орж байгаа биз дээ? 

-Хуулийн салбарт 20 гаруй мянган хуульч, эрх зүйч байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж гараад, түүнд хуульчдын эрх ашгийг хамгаалсан байгууллага байна гэж заасан. Тэр нь Хуульчдын холбоо. Эрх зүйч мэргэжлээр төгсөөд хоёр жил мэргэжлээрээ ажилласан, хуульчийн сонгон шалгаруулалтд орж эрх авсан лицензтэй хуульчдыг төвлөрүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуульч мэргэжлийн эрх ашгийг хамгаалсан цорын ганц байгууллага бол Хуульчдын холбоо. 

Шинэ хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд Хуульчдын холбоо, мэргэжлийн байгууллагын төлөөллийг байхгүй болголоо. Тэгэхээр мэргэжлийн байгууллага байх хэрэг байгаа юм уу. Хуульчдын дуу хоолой шударга ёсны талд байхгүй юм бол бид хэний төлөө ажиллаж, хөдөлмөрлөөд байгаа юм бэ. Мэргэжлийн 6000 гаруй лицензтэй хуульч бий. Түүний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь бусад хуульч. ШЕЗ, Сахилгын хороонд өмгөөлөгч орж болдоггүй юм бол бусад хуульчийн төлөөлөл байх ёстой. 

Гэтэл Сахилгын хорооны гишүүд нь мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан эрх зүйч мэргэжилтэй хүн байх ёстой гэж байгаа. Тэгэхээр мэргэшсэн хуульчдын үйл ажиллагаа 10 жил эрх зүйчээр ажилласан мэргэжилтэн, төрийн албанд ажиллаж байсан, аль нэг даргын референт, хуулийн хэлтэст ажиллаж байсан, их, дээд сургуульд багшилж байсан эрх зүйч нар мэргэшсэн лицензтэй хуульчдын үйл ажиллагааг хянадаг Сахилгын хорооны гишүүн болох нь. Маш шударга бус явдал. Би үүнийг юугаар зүйрлэж хэлэхээ ч мэдэхгүй байна. 

Багш хүн дадлагажигчаар ажлаа хянуулах гээд байгаа юм уу. Энэ бол улс төрийн нөлөөллийг шүүх эрх мэдлийн байгууллагад шууд утгаараа бий болгож байна. Хоёрдугаарт, хууль зүйн салбарт мэргэшсэн хуульч гэж лицензтэй хүмүүст эрх зүйч нар хяналт тавьдаг ухралт бий болгох нь ээ. Энэ бол хуулийн салбарт тогтоож буй буруу жишиг. 

-Эрх мэдлийн хуваарилалтыг Ерөнхийлөгчийн институцээс гүйцэтгэх засаглалруу шилжүүлж байгаагаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдаж байгаа гэдгийг хууль санаачлагчид хэлж байсан. Нөгөө талдаа, Ерөнхийлөгчөөс шүүх засаглалыг хараат бус болгож байна ч гэж тайлбарласан. Энэ ямар учиртай юм бэ?

-Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байна, үүний тавыг нь шүүгчид дотроосоо сонгоно, тавыг нь нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно гэж 49.5-д заасан заалтыг мушгиж байна. Нээлттэй дэвшүүлнэ гэдгийг УИХ нээлттэйгээр сонгон шалгаруулах ёстой мэтээр буруу ойлголт олон нийтэд өгч байна л даа. Нээлттэй хэлэлцүүлэхэд хууль тогтоох байгууллага оролцож, Хууль зүйн байнгын хороогоороо дамжуулаад үүнийг зохион байгуулж байгаа нь улс төрөөс хараат байх нөхцөлийг бүрдүүлж байна. 

Сахилгын хорооны асуудал ч мөн адил ийм зохицуулалт байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн санаачлаад, татаж авсан төсөлд дээрх байгууллагын гишүүдийг нээлттэйгээр сонгон шалгаруулахдаа “Хуульчийн мэргэжлийн болон энэ асуудал эрхэлсэн төрийн захиргааны, шүүгч нарын гээд бүх түвшний төлөөллийг оруулах ёстой” гэж заасан байсан. Гэтэл үүнийг хууль тогтоогчид эдгээр хороо, зөвлөлийн гишүүний 60 хувийг УИХ-аас томилох гээд байгаа нь Үндсэн хуулийн 49.5 дахь заалт хэрэгжихгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.

 -Шүүхэд итгэх иргэдийн итгэл жил ирэх тусам алдарч байгаа тухай ам дамжсан яриа байдаг. Ер нь яагаад ийм байдал бий болоод байна вэ. Үнэхээр шүүхэд авлига газар авчихсан юм уу?

 -Шүүхийн нэр хүнд унасныг нийгэмд шат шатандаа ярих болсон. Ам дамжсан энэ ярианд бодит дүгнэлт хийх ёстой. Шүүгч болгон авлига аваад байгаа юм шиг нийгэмд шүүх эрх мэдлийн хүчийг сулруулсан, нэр хүндийг унагасан яриа явуулаад байх нь сөрөг үр дагавартай. Нийгэмд шударга ёс байна уу, үгүй юу гэдэг дээр шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн хүртэл итгэл алдрах сөрөг нөлөөллийг бий болгоно. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино гэдэг. 

Монголд байгаа 500 гаруй шүүгчийг авлигад өртөөд байгаа мэтээр асуудалд хандаж, тайлбарлаж болохгүй. Нөгөөтэйгүүр, нийгэмд үүссэн цөөн хэдэн шүүгч нараар төлөөлүүлж хараад байгаа хандлага ажиглагддаг. Олон мянган иргэн шүүхэд хандаж, эрхээ хамгаалуулахын төлөө байдаг. Тэндээс шударга ёсыг байнга хүсэмжилдэг. Нөгөө талдаа шүүгчид авлигад өртсөн гэдэг жишээ “Салхитын мөнгөний орд”-той холбоотой асуудал дээр гарлаа. 

Энэ хэрэгт холбогдсон шүүгч нарын асуудлыг бүх шатны шүүхээр шүүгээд дууслаа. Гурван шүүгч уг хэрэгтэй холбоотой гэж гэм буруутайд тооцогдож, ял авсан. Энэ хэрэг бүх шатны шүүхээр шийдэгдсэний эцэст, авлига хээл хахуульд хамааралгүй гэсэн шүүгч нарын эрх сэргэж, ажилдаа ороод явж байгаа. Шударга ёс ингэж ялгарч харагдаж, тогтоогдож, цензур тогтох ёстой. 2015 оноос хойш давхардсан тоогоор 1943 шүүгчид холбогдох 1300 иргэний гаргасан гомдлыг Шүүгчдийн ёс зүйн хороогоор хэлэлцсэн байдаг юм билээ. 

Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шалгах ажиллагаатай холбоотой оролцогчдоос гаргасан гомдол гэсэн үг. Эдгээрийн 20 гаруй хувьд буюу 69 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулахаар болсон ч 18 нь хуулийн хариуцлага хүлээсэн байдаг. Цаашид шүүгчийн гаргасан сахилгын зөрчилд нэлээд нягт нямбай хандах шаардлага үүсэж байна. Хуулийн төсөлд сахилгын зөрчлийн зохицуулалтыг илүү дэлгэрэнгүй тусгасан нь онцлог шинэлэг зүйл болсон. 

-Хараат бус шүүхийн зарчим алдагдаад байгаа гол шалтгаан нь юу байна вэ?

 -Шүүхийн сахилгын хороог хүчтэй байгууллага болгож, шүүгчийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах ёстой. Ингэхгүй байгаагаас шүүгчийн хараат бус байдал алдагдаад байна гэж хязгаарлагдмал түвшинд авч үзэж болохгүй. Нөгөөтэйгүүр хуулиа өөрчилснөөр шүүхийн шинэчлэл хийчихлээ гэж асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй л дээ. Шүүн таслах үйл ажиллагаанд иргэдийн эрхийг хамгаалж оролцдог өмгөөлөгч хүний хувьд шүүхийн шинэчлэлд хэд хэдэн зүйлд илүү анхаараасай гэж боддог. 

-Тухайлбал?

 -Хамгийн эхний зүйл, шүүх нэг талаар төрийн бас үйлчилгээний байгууллага. Шүүхийн хаалгыг татан орж байгаа иргэнд төрийн үйлчилгээ хүнд сурталгүй, бодитой, нээлттэй байх орчин бүрдсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр шүүхийн хаалга татаад орж байгаа иргэн, шүүхээс үйлчилгээ авахдаа сэтгэл ханамжтай байх орчин нөхцөлийг бүрдүүлж чадаагүй. Шүүх рүү ороод энгийн иргэн, хэргийн оролцогч, өмгөөлөгч, прокурор ч тэр суух сандал хүрэлцэхгүй, шүүх хурал завсарлахад бүгд коридорт зогсож л байдаг.

Р.БУЛГАМАА: ШҮҮХ УЛС ТӨРӨӨС ХАРААТ БАЙХ НӨХЦӨЛИЙГ ХУУЛИАР БҮРДҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Хэргийн оролцогч нараас эсрэг талын өмгөөлөгч болон улсын яллагч руу дайрч давшлах асуудал нийтлэг, түгээмэл. Шүүх рүү ороод цагаан цаас аваад өргөдөл, гомдол бичээд өгөх орчин нөхцөл тэнд бүрдээгүй. Үүнд төр буруутай. Шүүх гэдэг үйлчилгээний байгууллага гэхээсээ илүүтэй хүнд суртлын хэв шинж хаалгаа нээгээд ороход угтдаг. Шүүхийн коридорт зогсож байгаа нэг иргэний бие тавгүйтэхэд эм даруулаад уух балга ус тэндээс олдохгүй. 

Зарим шүүхэд ариун цэврийн өрөө ч учир дутагдалтай. Мөн эд мөрийн баримт хадгалах стандартын өрөөгүй шүүх олон бий. Бүр цаашлаад ажлын байрны шаардлага хангасан өрөөнд сууж байгаа шүүгч нар ч цөөхөн. Хавтаст хэргээ хийх хамгаалалттай сейф ч хомс. Шүүхийн нарийн бичгүүд олноороо нэг өрөөнд суудаг. Иргэдээ хүлээж авч байгаа орчин нөхцөлийн асуудал ч хуулиар зохицуулагдах ёстой. Зарим шүүхийн орчин нөхцөл үнэхээр тааруу. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн байрууд стандартын бус, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх жишээнтэй. Шүүх хурлын танхимуудаа орчин үеийн болгох хэрэгтэй. Улаанбаатар хотод хэд хэдэн шүүх түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Олон оролцогчтой хэргийг шийдвэрлэхэд боломжтой танхим бүхий шүүх өнөөдөр Монголд байхгүй. Сүүлийн 5-6 жилд шүүх эрх мэдлийн байгууллагын байрны орчин нөхцөлийг сайжруулахад улсын төсвөөс дорвитой мөнгө төсөвлөөгүй. 

Орон нутагт зарим аймагт прок урорын байгууллагатайгаа эн зэрэгцэн оршиж байна. Нэг давхарт нь шүүх, нөгөө давхарт нь прокурорт, гурван давхарт нь төрийн захиргааны байгууллага бий. Тухайлбал, Архангай аймаг дахь шүүхүүд. Шүүхийн хараат бус байдал уг нь үүнээс эхлэх ёстой шүү дээ. Нөгөөтэйгүүр, нэг шүүх дээр шүүгчид удаан хугацаагаар хамт олон болж ажилладаг байдал ч хараат бус байдал талаасаа эргэж харах ёстой л зүйлийн нэг. 

-Үүнийгээ тодруулж хэлж өгөхгүй юү?

 -Жишээлбэл, тав, арван жил нэг байгууллагад 15-20-уулаа нэг хамт олон болоод ажиллахад ах, дүү, төрөл төрөгсдөөсөө илүү дотно хамт олны уур амьсгал бүрддэг. Аль нэгнийх нь хамаатан садан, танил хэрэгт холбогдоход хуулийн хувьд гарц гаргалгаа юу байна вэ гэх байдлаар хандах хандлага үүсдэг. Нэг ёсондоо дотоодын хараат бус байдлыг үүсгэдэг. Тийм учраас социализмын үед шүүгч нарыг сэлгэн томилуулдаг, ялангуяа тухайн аймаг, дүүргийн ерөнхий шүүгчийг өөр газраас томилуулдаг тогтолцоо маш оновчтой байжээ. 

Миний аав Увс, Булган, Дархан-Уул аймгийн болон сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр сэлгэн ажиллаж байсан. Энэхүү зохицуулалтын буруу байгаагүйг би олон жилийн дараа хуульч, өмгөөлөгч болчихоод мэдэрч, харж байна. Хүүхэд байхад аавыгаа дагаад гэр бүлээрээ байнга шилжилт хөдөлгөөн хийх амаргүй байсан. Гэхдээ энэ төрийн томилгоо. Улс эх оронд хэрэгтэй. Үүнээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн төлөөлөгч гэдэг субьект оролцдог.

 Энэ хуулийн төсөлд иргэдийн төлөөлөгчтэй холбоотой бодитой дэвшилттэй зүйл заалт харагдахгүй байна. Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн зэрэгцээ ямар үүрэг хариуцлагатай байх тал дээр тодорхой дэвшил гаргаж, зарчмын асуудлуудыг хөндөж оруулсан байдаг. Би үүнтэй санал нэг байгаа. Яг үнэндээ иргэдийн төлөөлөгч гэдэг субьект хэрэг хянан шалгах ажиллагаанд бодитой үүрэг үзүүлж чадахгүй байгаа. 

Иргэдийн төлөөлөгч гэдэг хүн шүүх хуралд ямар байр суурь илэрхийлэхээ мэдэхгүй, санамсаргүй түүврийн аргаар сонгогдож орж ирдэг. Бүрэлдэхүүнтэй шүүх хурал дээр орж ирсэн зарим иргэдийн төлөөлөгч “Дүгнэлтээнэг талын байр суурийг хэт, шууд дэмжиж илэрхийлдэг” байхад “Би юу ч ойлгохгүй байна” гэх хүмүүс ч бий. Зарим нь бүр шүүх хуралдааны үйл ажиллагаанд хэт оролцож, “Би асуулт асуумаар байна. Эсвэл чиний буруу байна шүү дээ” гэж шүүх хуралдааны даргалагчийн зөвшөөрөлгүйгээр шууд хөндлөнгөөс оролцдог. 

Гэтэл иргэдийн төлөөлөгчийн байр суурь, үнэ цэн нь тухайн иргэн, хуулийн этгээдийн гэм буруутай эсэх хувь заяаг шийдэж байхад үндэслэлтэй дуу хоолой нь болох ёстой. “Дургүй ламд сахил хүртээнэ” гэгчээр “Та иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон . Маргааш ажлаас тань чөлөө өгөх ёстой” гэдэг байдлаар ханддаг байдлаа одоо болимоор байна. Эсвэл иргэдийн төлөөлөгч гэдэг хүнийг шүүхийн тухай ойлголттой болгох сургалт явуулдаг хуулийн заалтаа хэрэгжүүлмээр байна. 

Мөн дээд боловсролтой байх, шүүх хуралдаанд оролцох чин хүсэл эрмэлзлэлтэй хүмүүсийг нээлттэйгээр бүртгэн авч тэндээсээ санамсаргүй түүврийн аргаар сонгоод явах зохицуулалтыг хуульд оруулж өгмөөр байгаа юм. -Шүүхийн сахилгын хороо шүүгчийн алдааг сахилгын зөрчилд тооцох нь хэр оновчтой гэж та үзэж байна вэ? -Үүнийг эргэж харах хэрэгтэй. Олон улсын шүүгчийн дүрмээр хууль хэрэглээний алдааг дээд шатных нь байгууллага засдаг жишиг бий. 

Хуулийн төсөлд шүүгчийн мэргэжлийн алдааг сахилгын хороогоор авч хэлэлцэхээр зохицуулалт туссан. Энэ нь бодит байдал дээр олон сөрөг дагаврыг үүсгэж болзошгүй. Үүнийг энгийнээр тайлбарлая. Шүүгч А түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэж шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх буруу гэж дүгнэсэн гэж бодъё. Энэ шийдвэрийг Сахилгын хороогоор хэлэлцэнэ гэсэн үг. Тэгэхээр шүүгчид хууль хэрэглэх итгэл үнэмшил цаашид бий болох уу. Иргэний хуультайгаа энэ заалт нийцэж байгаа юу гэх асуудал ч гарч ирнэ. 

Нөгөө талаар Үндсэн хуулийн 10.1.1 дэх хэсэгт Улсын Дээд шүүхэд хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх эрхийг олгосон. Энэ тохиолдолд Улсын Дээд шүүхийн анхан шатны журмаар шийдвэрлэсэн хэргийн хувьд Сахилгын асуудал үүсэх эсэх нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Ер нь Улсын Дээд шүүхийн шүүгч нарын гаргасан шийдвэрийг хянадаг тогтолцоо энэ хуульд ороогүй байна. Дээд шүүхийн шүүгчид дархлагдсан, алдаа гаргадаггүй хүмүүс юм уу. Асуудалд ийм шударга бусаар хандаж болохгүй. Мэргэжлийн алдааг зөрчилд тооцож, түүнийг шууд Ёс зүйн зөрчил байдлаар авч үзэж байгаад нухацтай хандахгүй бол маш олон сөрөг үр дагавар үүсэхээр байна. 




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна