Х.Хатанбаатар: Залилангийн гэмт хэргийн дийлэнх хувийг онлайн залилан эзэлж байна

Админ
2021/01/18

Н. Алтанцэцэг

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хорио цээрийн дэглэмийн үед хүмүүс цахимаар ажиллаж, амьдрахад суралцаж байна. Цаг хэнмнэдэг, илүү үр бүтээлтэй байна гэх эерэг судалгаа ч гарч буй. Гэвч саарын хажуугаар саар гэдэгчлэн цахим орчны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим залилан ч ихэсжээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Хатанбаатараас тодрууллаа. 

-Онлайн залилан нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулга мэдээлэл өгөөч? 

-Хөл хорио тогтоосонтой холбоотой иргэдийн интернэт хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор цахим залилан нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Залилан мэхлэх 4.000 орчим гэмт хэрэг бүртгэгдсэний дийлэнх хувь нь онлайн залилан байна. Иргэд цахим орчинд цагийг өнгөрүүлэхдээ онлайн худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, азтан шалгаруулах үйл ажиллагаа, сонжоо гэх мэт цахим гэмт хэргийн хохирогч болдог. 

Иргэдээс 5-10 мянган төгрөг хурааж азтан шалгаруулж байгаа нь ашиг олох зорилготой, залилангийн шинжтэй үйлдэл. Эхлээд тодорхой хэмжээний мөнгө амлаж, азтан шалгаруулдаг байсан бол сүүлдээ байр, машин хурдан удмын адууны хонжвортойгоор явагддаг байгаа. Идэвхтэй группт лайв хийн, данс байршуулж иргэдээс 20 мянган төгрөг хурааж азтан шалгаруулдаг. 

Манайхан ч амар хялбар аргаар мөнгөө үржүүлээд авах сонирхолдоо хөтлөгдөөд хэдэн зуугаараа оролцож, хохирдог. Лайваар азтан шалгаруулах үйл явцыг нь нарийн хянах боломжгүй. Таньдаг хүмүүсээ л азтан болгодог залилангйин бүлэг ч байна. Мөн онлайнаар бараа зарна урьдчилгаа мөнгө аваад л алга болдог жишээ олон гарсан. Харин он гарснаас хойш онлайн залилантай холбоотой гэмт хэрэг бүртгэгдээгүй. Захиалсан бараа ирээгүй байна гэх мэт зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл л бүртгэгдсэн. 

-Хохирогч алдсан мөнгө, үл хөдлөх хөрөнгөө эргүүлэн бүрэн олж авч чаддаг уу? 

-Залилан мэхлэх гэмт хэрэг бусад гэмт хэргээс өөр онцлогтой. Товчхондоо, маш олон хохирогчтой. Нэг хүн хохироод дуусахгүй, давхар хохирогчтой байдаг. Цуглуулсан хэдэн төгрөгөө залилагчдад алдсанаар тухайн хүний амьдралын баталгаа алдагдаж, санхүүгийн алдагдалд орсноор алдагдлаа нөхөхийн тулд дээрэм, хулгайн гэмт хэрэгт холбогдох нөхцөл үүсдэг. 

Ер нь цагдаагийн байгууллагад иргэний хохирлыг барагдуулах шууд чиг үүрэг байдаггүй. Хүмүүс залилуулчихлаа, цагдаад хандлаа. Цагдаа мөнгийг нь гаргаад өгөх юм шиг боддог. Нэг иргэн залилууллаа гэж гомдол гаргахад, цагдаагийн байгууллага холбогдогч этгээдийг олж тогтоогоод тайлбар, мэдүүлэг авч залилсан эсэхийг тогтооно. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг нь хохирсон иргэний эрхийг сэргээх явдал. 

Хохирол нөхөн төлөгдөх нөхцөл бололцоог хангаж өгнө. Залилагч этгээдийн нэр дээр байгаа хөрөнгийг битүүмжлэн хурааж, хэргийн хамт шүүх рүү явуулна. Шүүх хэргийг хүлээж аваад, иргэний хохирлыг тогтоож, залилагчийн хөрөнгийг худалдан борлуулсны үндсэн дээр хохирлыг барагдуулах шийдвэр гаргадаг. Иргэний хохирлыг эцэслэн нөхөн төлүүлэх байгууллага бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага. 

-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ? 

-Залилангийн гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл заалтаар зохицуулсан байдаг. Цагдаа, прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол шүүхээс хорих ял оноодог.

-Иргэд цахим залилангийн хохирогч болохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

-Залилагч нар байсаар байгаа нь залилуулдаг хүмүүс буюу зах зээл нь байгааг харуулж байна. Иргэд мэдээлэлтэй байж, аливаа мөнгө санхүүгийн асуудалд хянуур хандах хэрэгтэй. Залилагчийг шууд таних боломжгүй. Харилцах явцдаа ямар ашиг сонирхолтой байгааг нь мэдээд итгэл төрүүлэхүйц ярьж, улмаар итгэл үнэмшил бий болгодог. 

Мөнгө авсныхаа дараа хэсэг хугацаанд шалтаг шалтгаан ярьж, цаг хожиж байгаад утсаа салгаад сураггүй алга болдог. Залилуулсан иргэн цагдаад хандаад тухайн хүний утасны дугаар, машиныг шалгахад түрээсийн байр, машин, дугаар байх жишээтэй. Иргэн их хугацааны дараа залилуулсан гэдгээ мэддэг.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна