Цахим хичээл шаардлага хангахгүй байгаа учир оюутнууд сургалтын төлбөрөө бууруулахыг шаардлаа

Админ
2021/01/18

Л. Алтанхишиг

Коронавирусийн эрсдэлээс сэргийлж, их, дээд сургуулийг түр хугацаагаар хаасан. Ингэснээр оюутнууд цахимаар хичээллэх болсон юм. Гэтэл зарим сургуулийн цахим хичээл үр өгөөж муутай, шаардлага хангахгүй байгаа тул сургалтын төлбөрөө багасгах ёстой гэж оюутнууд хэллээ. 

Мөн оюутнуудын 82.5 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаа гэх судалгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Улсын хэмжээнд “2020-2021 оны хичээлийн жилд нийт 88 дээд боловсролын байгууллагад 11.970 багш, ажилтан ажиллаж, 147.293 оюутан суралцаж байна. 

Нийт суралцагчдын 138.237 буюу 93.8 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байгаа бөгөөд эдгээр суралцагчдын 66.934 буюу 48.4 хувь нь орон нутгийн харьяалалтай. Цар тахлын онцгой нөхцөл байдлаас үүдэн эдгээр оюутныг шинжилгээнд хамруулан ар гэрт нь буцаах ажлыг зохион байгуулсан билээ.

Оюутнууд цахим сургалтад сэтгэл хангалуун байна гэдэг нь агуулга бус хэлбэрийг тодорхойлсон дүгнэлт гэж манай редакцад хандсан оюутнууд хэллээ. Тэдний хувьд гэртээ амрангаа суралцаж байгаа нь сайхан ч сургалтын чанар тааруу гэх дүгнэлтийг хэлж байв. 

ХААИС-ИЙН ОЮУТАН Д.ЭРДЭНЭТУУЛ:ОЮУТНЫ ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨРИЙГ БУЦААН ОЛГОХ ХЭРЭГТЭЙ 

Цахим хичээлийн төлбөрийг бууруулж, сургалтын чанарыг сайжруулах шаардлагатай. Энэ асуудал дээр төрөөс, салбарын яамнаас нааштай хариу авмаар байна. Залуучуудыгаа дэмжихийг хүсэж байна. Цар тахлын үед бүгд л санхүүгийн хувьд хүндэрсэн. Би ажил хийж төлбөрөө олдог оюутан. Одоо ажил хийх ямар ч боломжгүй байна. Төгсөх курсын оюутан эгч, бид хоёрын төлбөр нийлээд долоон сая төгрөг болдог. Ээж маань өрх толгойлсон эмэгтэй. 

Сарын цалин нь 800 мянган төгрөг. Бид ээждээ санхүүгийн хүндрэл учруулахгүй гээд оюутны зээлд хамрагдсан ч гэнэт л цуцлагдчихсан учраас ажил хийж эхэлсэн. Зээл цуцлагдаад төлбөрөө хийж чадахгүй аргаа бараад өргөдөл бичээд сургалтын албандаа мэдэгдсэн. Гэтэл өөдөөс өргөдлийг минь шидээд, маш муухай доромжилсон. 

Тиймээс хоёр долоо хоног хичээлээсээ чөлөө авч, ажил хийн төлбөрийн үлдэгдлээ хийсэн. Саяхан дүн гарах үед сургуулиас завсардах болоод байна. Ажил хийж төлбөрөө төлсөн ч үр дүн гараагүй. Мөн оюутны дотуур байрны төлбөрийг буцаан олгох хэрэгтэй. 

МУИС-ИЙН ОЮУТАН Г.НОМИНЭРДЭНЭ:СҮЛЖЭЭ БАРААДАН УУЛАН ДЭЭР ГАРЧ ХИЧЭЭЛ ХИЙЖ БАЙНА 

Манай гэр Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд байдаг. Хичээлээ цахимаар хийх гэж сүлжээ бараадан уулан дээр гардаг. Өмнө нь хичээл болгон дээр Реферат бичиж хэдэн оноогоо авдаг байлаа. Энэ бол танхимын сургалтын хүнд ч гэх юм уу, хөнгөн ч гэх юм уу нэг тийм тогтсон хэв шинж. Харин “ковид-19” гарснаас хойш YOUTUBE-ээр бичлэг үзээд хэдэн үг хуулж бичин, дүн авдаг системтэй болчихоод байна. 

Танхимын сургалтаас хэд дахин дордлоо. Багш нар дуртай дүнгээ “буудаад” л тавина. Хичээлтэй холбоотой, холбоогүй мэдээлэл цуглуулах даалгавраар бөмбөгдөөд байх юм. Цахим хичээл ийм үр дүн багатай байхад төлбөрөө бүтэн төлж байгаа нь шударга бус санагдаж байна. Дээр нь өвлийн хүйтэнд уулан дээр гарч хичээж хийсэн гэрийн даалгаврыг маань үзэлгүй шууд дүн тавьдаг баш нарыг ойлгохгүй байгаа. Энэ тухай хэлтэл миний дүнг дарж, дарамталсан. 

МУБИС-ИЙН ОЮУТАН Б.АНАР:ЦАХИМ ХИЧЭЭЛЭЭС МЭДЛЭГ БОЛОХООР ЗҮЙЛ ОЛЖ АВЧ ЧАДААГҮЙ 

Хичээлээ “оюутны веб”-ээрээ үзэж байгаа. Багш нарын оруулж байгаа хичээлүүд өгөөж муутай, ихэнх нь интернэтээс хайгаад олчихоор материалууд... Яаж ирцээ бүртгүүлэх, даалгавруудыг хэзээ хураалгах, мэдэхгүй байгаа зүйлээ ямар байдлаар багшаасаа асууж болох гээд мэдээлэл хомс. Бүх зүйл тодорхойгүй байна. Би улсын сургуулийн оюутан. 

Гэтэл цахим хичээлээс мэдлэг гэхээр зүйл олж авч чадаагүй. Хичээлдээ идэвхтэй байя гэвч ном, сурах бичгээс эхлээд олон асуудал тулгардаг. Цаашид цахимаар орох бол сургалтын чанараа сайжруулах шаардлагатай. Багш нарыг нэгдсэн зохион байгуулалтад оруулаад, сургалтын нэгдсэн платформ үүсгэж, эмх цэгцтэй болговол үр дүнтэй болох байх гэж бодож байна. 

Тэгэхгүй бол зарим багш нар хэдхэн слайд, word файл оруулаад л хаячихдаг. Гэтэл бид тухайн хичээлийг дор хаяж 150 мянган төгрөг төлж судалж байгаа шүү дээ. Хоёрын хооронд ингэж өөрсдийгөө хуурмааргүй байна. 

МУБИС-ИЙН ОЮУТАН Б.ДАШЗЭВЭГ: ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДААС ШИНЖИЛГЭЭ АВААД ТАНХИМААР ХИЧЭЭЛЛЭХ ХЭРЭГТЭЙ

Цахим хичээл төлбөртэй дүйцэхүйц чанартай биш байна. Тиймээс төлбөрийг хөнгөлж өгөх эсвэл хувааж төлөхөөр шийдэж өгөх ёстой. Мөн танхимын бус цахим сургалтад шилжсэн тул кредитийн үнийг багасгах хэрэгтэй. Ц аашлаад төгсөх к урсийн оюутнуудаас ковидын шинжилгээ аваад танхимаар хичээлээ орох хэрэгтэй. Засгийн газар оюутны хөгжлийн зээлд бүх оюутныг ялгаварлахгүйгээр хамруулах ямар боломж байгааг судлах ёстой гэж бодож байна.

Хэд хоногийн өмнө оюутнуудаас цахим хичээлд хэр сэтгэл ханамжтай байгаа талаар авсан судалгаанд дийлэнх нь сэтгэл ханамжтай гэсэн хариулт өгсөн гэж салбарын сайд хэлж байна лээ. Үнэн юм бол судалгааг яг хэнээс, хэдийд авсан гэдгийг ил тод зарлах хэрэгтэй. Учир нь олон оюутан цахим хичээл үр өгөөж муутай байсан гэдэгтэй санал нэгдээд байна. 

ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН С.БУЛГАНЗАЯА: “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ЭЭР БИДНИЙ СУРАХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН 

Оюутны хөгжлийн зээлийн өрийн асуудал олон мянган оюутанд маш том дарамт болж байна. Зарим оюутнууд сургуулиасаа жилийн чөлөө авсан. Зарим багш нар цахимаар хичээлээ алдаг, оног оруулна, зарим нь бүр оруулахгүй алга болчихдог. Тэгсэн хэрнээ дүн гарах сүүлийн долоо хоногт их хэмжээний даалгавар өгч, тулгах жишээтэй. 

Zoom болон бусад аппликейшнийг ашиглаад цаг тухайд нь хичээлээ заадаг багш нар мэдээж байгаа. “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолоор батлагдан “Оюутны хөгжлийн зээл” олгох үйл ажиллагааг зөвхөн “Тэргүүлэх мэргэжлийн чиглэл”-ээр суралцаж буй оюутнуудад олгохоор болсон. 

Мэргэжил харгалзан тус зээлийг олгох нь олон мянган оюутан, залуус хичээл завсардахад хүргэсэн. Оюутны ар гэрт эдийн засгийн дарамт учирч, оюутан хүссэн мэргэжлээрээ суралцах боломжийг хааж, мэргэжлээ сонгох гэхчлэн хүний сурч боловсрох үндсэн эрхийг зөрчиж байна. 

“АЧ” АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН Б.СЭРОД: ПРАКТИК ТӨВТЭЙ СУРГАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА 

Цаашид эрүүл мэндийн салбарт ажиллах оюутнууд дадлага хийж чадахгүй байгаа. Дээр нь анагаахын шинжлэх ухааны ном ховор тул хичээлээ гэрээр судалж чадахгүйд хүрсэн. Цахим сургалт хангалттай мэдээлэл өгч чадахгүй байгаа тул гадаадын судлаачдын мэдээллийг унших гэж өдөржин орчуулга хийж цаг их алдах юм. Цаашид эмч болох хүн практикт тулгуурладаг дадлага хийж, цахим хичээлээр бүрэн мэдээлэл авч чадахгүй байна.

Цахим сургалт энэ янзаараа явагдвал шинжлэх ухаан, нарийн мэргэжлийн чиглэлийн оюутнууд мэдлэггүй сургууль төгсөж ажил хийх чадамжгүй хүмүүс гарна. Надад практик төвтэй сургалт хэрэгтэй байна. Манай улсын дээд боловсролын сургалтын чанар танхимаар хичээллэсэн үедээ ч хангалтгүй гэж үнэлэгддэг. 

Энэ нь Монгол Улсын их, дээд сургуулиуд өрсөлдөх чадвараараа дэлхийн эхний 1000 сургуульд ч эрэмбэлэгдэж чадахгүй байгаагаас тод харагдана. Улсдаа хамгийн шилдэг нь гэж үнэлэгддэг МУИС дэлхийн их, дээд сургуулиудын өрсөлдөх чадварын жагсаалтад 3000-аас хойш бичигддэг. Тиймээс оюутнуудын 82.5 хувь нь цахим сургалтад сэтгэл хангалуун байгаагаар сургалтын чанар сайн байна гэж дүгнэж болохгүй. Оюутнууд одоогийнхоо нөхцөл байдалд сэтгэл хангалуун биш гэдгээ ч хэлж байна. 

Цахим сургалтын чанар хангалтгүй байгаа талаар оюутнуудаас ийнхүү гомдол, санал гарч байгааг анхаарах хэрэгтэй. Тиймээс тухайн багшийг хичээлийн агуулгыг бүрэн, шинэлэг хэлбэрээр чанартай хөтлөн явуулж буй эсэхэд хяналт тавьж өгөх хэрэгтэйг оюутнууд хэлж байсан юм.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна