“Ковид-19"- ийн улмаас нас барсан хүний тоо хоёр саяыг давлаа

Админ
2021/01/18

Дэлхий даяар “Ковид-19” цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо хоёр саяыг давлаа. Өчигдрийн байдлаар вирусийн халдвар авсан тохиолдол дэлхийд 95 саяд хүрч, хоёр сая 36 мянган өвчтөн амиа алдаад байна. Үүнтэй холбогдуулан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэл хийж, цар тахалтай тэмцэх, ялангуяа вакциныг хүртээмжтэй тэнцүү тараах асуудлаар хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалжээ. “Энэ хоёр сая хүний амьдралыг эргэн санаж, дэлхий хүчээ нэгтгэх ёстой” хэмээн НҮБын тэргүүн мэдэгдэв. 

Вакцины эргэн тойронд өрнөж байгаа асуудал түүний санааг зовоож буй. Гутерришийн хэлснээр, хөрөнгөтэй орнууд вакциныг хурдан авах боломжтой бол, ядуу улсуудад байдал эсрэгээрээ. Зарим орнууд далд хэлэлцээр хийх замаар вакциныг илүү ихээр худалдаж авч байна. “Вакцин үйлдвэрлэгчид хариуцлагаа мэдэрч, COVAX хөтөлбөрийн механизмтай болон дэлхийн бүх улстай нэгдэж, вакциныг шаардлагатай хэмжээнд хүргэж, зөв тараахын төлөө ажиллах хэрэгтэй. 

Улс орнуудад илүү авсан вакцинаа хуваалцахыг шаардах ёстой” гэж Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. Эдгээрийг хийсний дараа л дэлхий даяар эмч сувилагч, эмнэлгийн аилтнуудыг хурдан хугацаанд вакцинжуулалтад хамруулж эрүүл мэндийн салбарыг хадгалж үлдэх болно гэдгийг Гутерриш цохон тэмдэглэсэн байна. Үүний дараа л бусад эмзэг бүлгийнхнийг вакцинжуулах ажлыг үргэлжлүүлж болно гэв. Антониу Гутерриш ард иргэдэд вакцины талаар мэдээлэл хүргэх болон хүмүүсийн үл итгэх байдлыг арилгахын чухлыг онцоллоо. 

НҮБын тэргүүн эрдэмтэд ба эмч нар ажлаа хийж байхад, бүгдээрээ хувь нэмэр оруулах ёстой гэдгийг санууллаа. Тэрбээр “Бие биенээ хамгаалахын төлөө энгийн ба батлагдсан зүйлийг санацгаая. Амны хаалт зүүх, хүн хоорондын шаардлагатай зайг барих, олон хүн цугларахаас зайлсхийх хэрэгтэй. Манай дэлхий вирусийг хамтран ажиллаж байж л ялж чадна” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга дүгнэлээ. Европын орнуудад цар тахлын нөхцөл байдал хүндхэн хэвээр байгаа. 

Их Британи хилийн хяналтаа чангатгаж, тус улсад зорчих иргэдээс PCR шинжилгээний тодорхойлолт шаардаж эхэлсэн. Харин Герман улсад иргэдийг заавал N95 стандартын маск зүүхийг албадах гэж байна. 

“Ковид-19”-ийн халдвар авсан тохиолдол эрс нэмэгдсэний улмаас Бразилын Амазонас мужийн нийслэл Манаус хотын эмнэлгүүдийн хүчилтөрөгчийн нөөц дуус жээ. Түүнчлэн өвчтөнүүдэд ор хүрэлцэхээ байж, хиймэл амьсгалын аппарат болон хүчилтөрөгчийн баг ч үлдээгүй аж. Эмч нар эмнэлэгт шинээр хүргэгдсэн өвчтөнд тусламж үзүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Бразил улс “Ковид-19”-ийн халдвар авсан хүний тоогоор (найман сая 456 мянга 705) дэлхийд эхний гуравт орж байгаа. Харин амиа алдсан хүний тоогоор (209.350) АНУ-ын дараа хоёрт орж буй. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өнөөдрөөс эхэлж тус улсад чөлөөтэй нэвтрэхийг зогсоож буйгаа мэдэгдэв. Англи руу явах хүн заавал PCR шинжилгээ өгнө. 

Түүнчлэн Их Британид ирээд 10 өдөр тусгаарлагдах аж. Шинэ хорио ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Мөн хэд хэдэн орон Өмнөд Америк тивийн орнууд болон Португали, Кабо-Верде улсаас ирэх зорчигчдод түр хугацаагаар хилээр нэвтрэхийг хоригложээ. Өнгөрсөн долоо хоногт Японы эрдэмтэд “Ковид-19”-ийн бас нэг “Бразилын төрөл” хэмээх шинэ хувилбарыг олж тогтоосон аж. Бразилаас Японд ирсэн дөрвөн жуулчнаас уг шинэ хувилбар илэрчээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна