Засварчин Н.Осорбурам: Цагдаа, онцгой, 103-ын машинаас төлбөр авахгүй

Админ
2021/01/18

И.НАРМАНДАХ

Энхтайвны гүүрний дор "Андууд" нэртэй жижигхнэн авто гагнуурын газар бий. Авто гагнуурын гадаа ЦАГДАА, ОНЦГОЙ, ТҮРГЭНИЙХЭНД ҮНЭГҮЙ гээд биччихсэн нь содон. Сэтгэл үнэртсэн самбарын эзэнтэй уулзахаар дотогш оров. Машины тос масло хамар цоргиж, дугуйнууд босоо хэвтээгээрээ хөглөрнө. 

Дугуй нөхөх, задлах зориулалттай бололтой багажны ард нэгэн залуу завгүй ажиллаж байв. Түүний нэрийг Н.Осорбурам гэдэг аж. 2018 оноос хоёр найзтайгаа хамтран дугуй засвар ажиллуулж эхэлжээ. Харин цар тахлын хүнд хэцүү үед хүмүүст хэрхэн тус болох аргаа бодож эмнэлэг, цагдаа, онцгойгийнхонд үнэгүй үйлчилгээ үзүүлэхээр шийдсэн гэнэ.

 -“Андууд" засварын газраа хэзээнээс ажиллуулж эхэлсэн бэ? 

-Манайх 2018 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анх дугуй засвар нээх санаагаа би гаргаж хоёр найздаа санал болгосон юм. Бид гурав багаасаа сайн найзууд байсан болохоор “Андууд” гэж нэрлэсэн. Одоогоор хоёр салбартай болж өргөжин ажиллаж байгаа. 

Эхнийх нь Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн хажууд байрладаг. Харин “Андууд-2” нь Хан-Уул дүүргийн Энхтайвны гүүрний зүүн талд байрлаж байна. Анх хамтарсан нэг найз маань тусдаа өөрийн бизнесээ эхлээд гарсан. Одоо манайх зургаан хүнтэйгээр ажиллаж байна. 

-Яагаад дугуй засвар ажиллуулъя гэж бодсон юм бэ?

 -Анх ахынхаа дугуй засварт ажилладаг байсан юм. Түр хугацаагаар ажиллаж байхдаа бие даагаад хийвэл болох юм шиг санагдсан. Хүн ер нь зүгээр суугаад байвал мөнгө орж ирнэ гэж байхгүй шүү дээ. Хөдөлмөрлөх л хэрэгтэй. 

-Цагдаа, түргэн, онцгой байдлын албаныхны машины дугуйг төлбөргүй засдаг гэсэн. Тэд хэр их ирж үйлчлүүлдэг вэ? 

-Эхний хөл хорионоос эхлээд цагдаа, эмнэлэг, онцгойгийн машины дугуйг үнэгүй засаж үйлчилж байгаа. Цагдаагийн, эмнэлэг, албан байгууллагын хувцастай явж байгаа хүний хувийн машины дугуйг хүртэл үнэ төлбөргүй засаж өгдөг. Тэдний ямар машин унаж байгаа нь биш хэцүү үед ч ажиллаж л байдаг хүмүүс гэдэг утгаараа. Цар тахал гэж аюултай өвчин гарсан энэ цаг үед хүн бүр дор дороо хичээж даван туулах нь чухал гэж боддог. 

Бидний төлөө цагдаа, эмнэлэг онцгой байдлынхан маань өдөр, шөнөгүй, нойр хоолоо хасан ажиллаж байгаа шүү дээ. Үүнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж чадаагүй. Өөрийнхөө чадах зүйлээр ч болов тусалъя гэж бодоод ядаж дугуйг нь хагарвал үнэгүй засаж, янзалж өгье гэж бодож энэ ажлаа эхэлсэн. Баянгол, Хан-уул, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн цагдаа нар зөндөө ирж үйлчлүүлсэн. Манай хаяг цагдаа нарт үнэ төлбөргүй гэдгийг хоорондоо мэдэгдэж, ирж үйлчлүүлж байгаа.

 -Баярласан талархсан сэтгэгдлээ их илэрхийлдэг үү?

 -Хөл хорионы үед ажиллаж байгаа дугуй засвар байхгүй байсан болохоор дүүрэг болгоноос ирж засуулж байсан. Зарим газар цагдаагийн группууддээ үнэ төлбөргүй засч байгааг минь дуулгасан мэдээлэл тавьсан байсан. Хүмүүс их ирж баярлалаа, том тус хүргэлээ гэхэд нь маш их баярлаж их гоё санагддаг. Зарим нь яаж үнэгүй засуулах юм, хүний хөдөлмөр шүү гээд тодорхой хэмжээний гар цайлгах мөнгө төгрөг өгдөг. Ер нь их гоё шүү. 

-Маш олон дугуй засвар байдаг. Танайх тэднээс юугаараа онцлог вэ? 

-Манайх “Андууд дугуй засвар авто гагнуур” гэж явдаг. Давхар гагнуурын үйл ажиллагаа хийдэг. Машины яндан, салсан кузов гагнадаг. Хашаа, хаалга, үүд болоод төмөр хийцийн захиалга засвар, үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай. 

-Энгийн үед өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ? 

-Ер нь үйлчлүүлэгч олонтой. Үйлчлүүлэгч тасардаггүй. Үйлчилгээгээ бол сайн гэж боддог. Цаашдаа дугуй засвараа улам өргөжүүлж, томсгох мөн нэмж салбар нээх бодолтой байгаа. Эхэлсэн ажлаа тултал нь хийх хэрэгтэй, хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг шүү дээ.

 -Залуу хүний хувьд үеийхэндээ хандаж хэлэх үг байна уу? 

-Үеийхээ залуусыг хөдөлмөрч, тууштай байгаасай гэж хүсд эг. Зарим залуусыг харахад бэлэнчлэх сэтгэлгээтэй зүгээр хэвтэж байгаад мөнгө олох бодолтой байгаа юм шиг санагддаг. Залуу нас мөнх биш шүү дээ. Залуу байгаа дээрээ ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. 

Гэхдээ бас сурсан мэдсэнээрээ буюу толгойгоороо мөнгө олж байгаа мундаг залуус байдаг. Би дээд боловсрол эзэмшээгүй, бүрэн дунд боловсролтой. Гэхдээ өөрийнхөө чадах чинээгээрээ л ажиллаж амьдраад явж байна



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна