Г.Занданшатарын "НҮҮСЭН ШАТАР" хөлгөө идчихсэн үү?

Админ
2021/01/19

Л.ТУЛГА

УИХ энэ долоо хоногт олон чухал тогтоол, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Үүнд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХын тогтоолын төсөл зэргийг дурьдаж болно. Сүүлийн үед УИХ-аар хэлэлцсэн хуулийн төсөл, шийдвэрүүд гэрлийн хурдаар батлагдаж байгааг харж байна. 

Хамгийн отгон нь Шүүхийн тухай хууль. Төрийн хууль батлагдмагц МАН-ын удирдлагууд ээлж дараалан баяр хүргэсэн нь сонин. Одоогоос гурван сарын өмнө буюу 2020 оны аравдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ “Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хангахын сацуу шударга шүүх, шүүгчтэй болох баталгаа болсон Шүүхийн тухай багц хуулиудыг батална.

Шүүх сахилга хариуцлагын хороотой болсноор шүүхийн хяналт сайжрах учир ҮАБЗ-өөс хяналт тавих шаардлагагүй болж, уг хууль нь хүчингүй болно” гэсэн. Үүнийг “орчуулбал”, Шүүгчид ээ, ҮАБЗ-өөөс битгий ай. УИХ холбогдох хуулийг нь үйлдвэрлэж өгөөд шүүгчдийг хамгаална” гэж ойлгож болохоор байв. Үүний өмнөхөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн баталсан.

 Ингэснээр АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох, харин дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор болсон . Энэ бүхэн эрх мэдлийн төвлөрлийг хуулиар баталж өгсөн Монголын төрөөс МАН-ын 100 жилийн ойд барьсан “бэлэг” гэмээр харагдав.

 Г.Занданшатар хоёр дахь парламентаа даргалж байна. Арав гаруйхан хоногийн дараа УИХ-ын даргаар томилогдсоных нь хоёр жилийн ой болно гэх үү дээ. Сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр УИХын дарга асан М.Энхболд түүнд тамга гардуулахдаа “Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал бол улс орны хэмжээний чухал асуудлаар шийдвэр гаргаж, хууль тогтоодог, гүйцэтгэх засаглал болох Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг Үндсэн хуулийн байгууллага билээ. 

Таныг Монголын парламентыг тэргүүлэхэд бүрэн бэлтгэгдсэн хүн гэж үзэж байна. Миний бие УИХ-ын даргын албан тушаалыг Ардчилсан Намын даргаас хүлээн авч байсан бол өнөөдөр өөрийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Танд хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ бол миний улс төрийн товч тайлан юм. Танд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе" гэсэн билээ. Гэтэл энэ үгийг сонсоод тамга гардсан Г.Занданшатар ердөө гуравхан сарын дараа итгэл алдсан билээ.

 Юу гэвэл, 2019 оны тавдугаар сарын 24-ний баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаан дээр “УИХ-ын Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно. Хэн нэгний шахалтгүйгээр” гэж хэлснээсээ хойш тэр дарга нэг л хийморьгүй харагдах болсон. 

Огт байгаагүй зүйлийг тогтоодог байх аа. Энэ бүгдээс харахад шатраар бол УИХ-ын дарга маань “хөлгөө” идчихээд л нүүгээд байгаа харагдана.

УИХ бол Г.Занданшатарын хувийн компани биш. Ашиг орлого, амжилт нь буурахаар “Өөрсдөө дампуурчихъя” гэж тунирхдаг захирлаар удирдуулдаг ч байгууллага биш л дээ. Үүнээс гурван сарын дараа! УИХ дахь МАНын бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож “Танай намын удирдлагууд УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санал гаргачих” гэж надаас гуйсан шүү дээ. 

Дургүй байгаа бол та нар танай намын бүлэг удирдлагуудынхаа санал болгосон 108 гишүүнтэй болох төслийг татаад ав л даа. Харин тэр тохиолдолд би Үндэсний зөвшилцлийн комиссын дарга байхаас татгалзана” гэсэн “бойкот” хийснээс хойш нэлээд олон хоногоор чуулганы үйл ажиллагаа “гацсан”. 

Тэр үе бол УИХ бараг “үхчихээд” байсан үе байв. Учир нь, Ерөнхийлөгч 2019 оны долдугаар сарын 16- нд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан д ээр танилцуулахдаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталчихаад тар, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай” гэсэн шүү дээ. Гэтэл үүнийг яг таг дэмжих мэт “намын удирдлага” гэгч хүмүүс 108 гишүүнтэй болох төслийг Ерөнхийлөгчид өргөн барьсан гэнэ ээ. 

Ийм ноцтой асуудлын эзнийг МАН яагаад хайгаагүй орхисон бэ. Эсвэл мэдэж байсан уу. Ер нь “хонь хурга нийлсэн” мэт энэ байдлаа цэгцэлж МАН-ынхан УИХын даргаа Ерөнхийлөгчийн "барьцаанаас" салгахгүй бол нам чинь, зам чинь ч саллаа шүү. Ордны хонгилд жиг жугхийдэг “Харвард, Стэнфорд хоёрын төгсөгчид л манай бага даргыг мад тавьчих гээд байгаа юм даа” гэдэг үнэн юм биш үү. Яагаад өнөөдөр МАНынхан “Шударга ёс тогтлоо” гэж баяр хүргэлцээд байгаа юм бэ. 

Огт байгаагүй зүйлийг тогтоодог байх аа. Энэ бүгдээс харахад шатраар бол УИХ-ын дарга маань “хөлгөө” алдчихаад л нүүгээд байгаа харагдана. Хэнд алдав, яагаад алдав. Өнгөн дээрээ эрх мэдэл Ерөнхий сайд руу нүүж яваа мэт боловч зорилгоо бүтээсний дараа хоосон хуулийн эрх мэдлийг шилжүүлээд өгчихөж байгааг анзаарсангүй юу. Ерөнхийлөгчийн сонгууль олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ өдрүүдэд өөр ямар хуулиудыг “бэлэглэх” бол гэдгийг ажиглацгаая.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна