Хувийн эмнэлгүүд PCR шинжилгээ нэрээр бизнес хийж байна

Админ
2021/01/19

Д.БЯМБАСҮРЭН

Цар тахлын нөлөөгөөр PCR шинжилгээ, ОR код, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм гэх албаны нэр томьёо бидний өдөр тутмын хэрэглээнд гүн гүнзгий шингэжээ. Жил тойрон эдгээр үгсийг сонсож, “Ковид-19” вирусийн эрсдэлд дунд амьдарч байгаа учраас арга ч үгүй биз. Ялангуяа, PCR шинжилгээний асуудалд тун уриалгахан хандаж ирсэн. Тиймдээ ч сар орчим үргэлжилсэн хатуу хөл хорионы дараа орон нутгийн иргэд өвлийн хүйтэнд гадаа дугаарлаж, хонон өнжин хүлээж шинжилгээ өгсөн. 

Зохион байгуулалт, эмх цэгцээр маруухан уг арга хэмжээ, шинжилгээний цаг авах, хариу харах нэгдсэн мэдээллийн сан бүхий 119.mn ачааллаа даахгүй “эвдэрч” өндөрлөв. Дараагаар нь, дотоодоос халдвар илэрч, кластер голомт үүссэнтэй холбогдуулан "Нэг өрх-Нэг иргэн" кампанит ажил зохион байгуул нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт, 70 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулахад хүн бүр гар өргөн дэмжсэн. Ерөөс Монголчууд PCR шинжилгээг коронавирусийн эсрэг вакцин мэт өндөр ач холбогдол өгдөг гэхэд хилсдэхгүй. Гэтэл ойрын үед эрүүл мэндийн байгууллагууд PCR шинжилгээ гэх нэрийдлээр иргэдийн халаасыг тэмтчих боллоо. 

Тодруулбал, улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон томоохон хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд PCR, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн байхыг шаардах болжээ. Энэ нь өвдөж зүдэрсэн, яарч сандарсан нэгэнд сэтгэлзүй, санхүүгийн дарамт үүсгэж байгаа тухай иргэд ярьж байна. Учир нь, харьяа дүүргийнхээ шинжилгээний цэгт хандан үнэ төлбөргүй PCR өгөхөд дор хаяж 24- 72 цаг хүлээнэ.

Тэгэхээр гэнэтийн осол аваар, амь тэнссэн үеийн тусламж, нялхас мэндлэх, эх амаржих зэрэг онцгой нөхцөлд хувийн лабораторид хандахаас өөр аргагүй. Нэг удаа шинжилгээ өгөхөд 30-45 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хариу нь гурав хүртэлх хоногт хүчинтэй. Үүнээс хэтэрвэл ахин шинжилгээ өгөх, мөнгө төлөх шаардлага үүснэ. Хэдэн сар дамнасан хөл хорион дараа энэ хэмжээний санхүүгийн чадамж хэр олон хүнд байгаа билээ. 

Ихэнх айл өрх өнөө маргаашийн хүнсээ зээлээр залгуулж, хүүхдийн мөнгөөрөө амь зууж байгаа нь нууц биш. Тиймээс энэ удаагийн дугаартаа PCR шинжилгээний эргэн тойрон дахь асуудлыг хөндлөө. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийслэлийн өргөө амаржих зэрэг улсын эмнэлгийн тусламж үйлчилгээний журам, нөхцөл байдлын талаар сурвалжилга бэлтгэв. Мөн PCR шинжилгээний үнэ ханш, зохион байгуулалтын талаар ЭМЯны холбогдох мэргэжилтнээс тодруулж, хувийн хэвшлийн эмнэлгийн байр суурийг хуваалцсан юм. 

Г.АРИУНТУУЛ: PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ УДАЖ ГАРСНЫ УЛМААС МЭС ЗАСАЛ ХОЙШИЛСОН

 Ямар ч үед түм түжигнэж, бум бужигнаж байдаг газар бол эмнэлэг. Тэр дундаа энэ хотын хүн амын эрүүл мэндийн асуудлын тэн хагасыг нуруун дээрээ үүрч явдаг эмнэлэг бол Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг. Гаднаас нь харахад дүнсгэр гэмээр бор саарал дөрвөн давхар энэ байшингийн амбулаторийн хаалгаар гарч, орох хүмүүсийн хөл тасралтгүй үггэлжилнэ. Олны урсгалыг дагасаар тус эмнэлэг рүү ороход хамгаалалтын цэнхэр хувцастай угтах ажилтан зэрэг арав гаруй хүн эмнэлгийн хүлээлгийн танхимыг тойрон тус бүрийн үүргээ гүйцэтгэн зогсож харагдав. 

Тэдний хоёр нь үйлчлүүлэгчдийг эгнээ зайгаа барихыг шаардаж, бусд нь гар ариутган, халуун хэмжиж, асуумж бөглүүлж байлаа. Зай бариарай гэсэн шаардлагын хүрээнд эгнээ даган алхсаар асуумж бөглөх хэсэгт хүрлээ. Эмнэлгийн ажилтан овог, нэр, гэрийн хаяг бүртгээд ,"Та "Сонгдо эмнэлэг", "Хорин тавдугаар эмийн сан", Баянзүрх дүүргийн хороодуудаар үйлчлүүлсэн үү" гэх мэт арав гаруй асуултад хариулсны дараа улавч өмсөн, гадуур хувцсаа өлгөж дотогш нэвтрэх эрх нээгдлээ. 

Шатан дээр сувилагчид Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албыг зорьж яваагаа хэлэхэд “Таван давхарын 510 тоот” хэмээн хариулав. Энэ зуур үйлчлүүлэгчдийг ажваас шинжилгээний бичиг бололтой жижгэвтэр цаас барьж, хүлээлгийн сандалд бие биенээсээ зайдуухан суужээ. Эмчид үзүүлэхээр орсон хэн нэгнийг хүлээж байгаа бололтой утсаа байн байн харах хижээл насны эмэгтэйг Г.Ариунтуул гэдэг. Охиных нь цөс өвдөж, хагалгаан дорох болсноор эмнэлэгт хэвтүүлчихээд буцах гэж байгаа нь энэ аж. 

Тэрбээр "Өнгөрсөн сараас хойш энэ эмнэлгээр үйлчлүүлсэн. Цар тахлаас үүдэн эмнэлгүүдийн ачаалал их байна. Охин маань гурван удаа PCR шинжилгээ өгсөн. Яагаад гэвэл, хариу нь 72 цагийн хугацаанд хүчинтэй байдаг юм байна. Эхний хоёрыг нь эмнэлэгт, сүүлийнхийг нь 48-р сургууль дээр өгсөн. Мөн шинжилгээний хариу 1-3 хоногт гардаг. Үүнээс болж охины маань мэс засал хойшилсон. Дээрээс нь охин маань кесар хагалгаагаар төрөөд удаагүй байгаа учир нааш цааш явах, ахин дахин шинжилгээ өгөхөд хүндрэлтэй байна. Зарим хувийн эмнэлэг түргэвчилсэн оношлуураар 25-30 мянган төгрөгөөр авч байгаа юм билээ" хэмээсэн юм. 

УНТЭ-ИЙН ЧАНАРЫН АЛБАНЫ ДАРГА Б.ДОРЖХАНД: АМБУЛАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД PCR ШИНЖИЛГЭЭ ШААРДАХГҮЙ 

Цааш явсаар тус эмнэлгийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга Б.Доржхандын ажлын өрөөнд хүрэв. Тэрбээр "Манай эмнэлэг амбулаторийн тусламж үйлчилгээ PCR шинжилгээ шаардахгүй. Харин зайлшгүй тохиолдол буюу ходоод, бүдүүн гэдэс, уушги дурандах болон төлөвлөгөөт мэс засал, хэвтэн эмчлүүлэгч нарын тухайд PCR шинжилгээ өгч, халдварын голомттой газруудад зорчоогүй байх гэсэн журам мөрдөж байна. Мэдээж, шинжилгээний хариу 24-72 цагийн хугацаанд хүчинтэй. Харин яаралтай тусламж үйлчилгээний үед түргэвчилсэн оношлуур ашиглаж байна. Хариу сөрөг гарсан тохиолдолд давтан PCR шинжилгээ хийнэ" гэж ярьсан юм. 

"ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ХМОНХА Ц.ОЮУНБИЛЭГ: ҮЙЛЧЛЭГЧ БҮР ЗААВАЛ PCR ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН БАЙХ ЁСТОЙ 

Бидний очсон газар "Өргөө” амаржих газар буюу олны нэрлэж заншсанаар нэгдүгээр төрөх эмнэлэг байв. Эмнэлгийн хашаагаар ороход халуун савтай цай, хүүхдийн өлгий барьсан шинэхэн аавууд "Хүлээн авах" гэсэн бичигтэй хаалганы үүдэнд зогсож бөгөөд эмнэлгийн ажилтан нэг нэгээрээ орох шаардлага тавьж байгаа харагдана. 

Уг төвийн цахим мэд ээлэл, олон нийттэй харилцах ажилтан Д.Оюунбилэгээс цар тахлын үеийн тусламж үйлчилгээний талаар тодруулахад "Манай эмнэлэг коронавируст халдварын бэлэн байдлын үед ачааллаа зохицуулсан ч эх барихын хүлээн авах, эх барих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан төлөвлөгөөт мэс засал хийхгүй, яаралтай тусламж үзүүлнэ. Мөн дүүрэг харгалзахгүйгээр эмэгтэйчүүдийн цо г ц үйлчилгээг үзүүлдэг. 

Бид үйлчлүүлэгчдээс PCR шинжилгээ өгсөн эсэх талаар асуумж авч, зөвлөгөө өгч байгаа хэдий ч зарим нь 10- 15 хоночихсон шинжилгээний хариу бариад ирдэг. Мэдээж, энэ тохиолдолд буцаана. Гэхдээ хүнд хүмүүсийг авахаас өөр аргагүй. Юу юугүй төрөх гээд ирж байгаа эмэгтэйг “PCR шинжилгээ өг” гээд буцаахгүй шүү дээ. Халдвар хамгааллын дэглэмээ бариад төрүүлэхээс өөр аргагүй. Гэвч журамдаа үйлчлэгч бүр заавал PCR шинжилгээ өгсөн байх ёстой" гэсэн юм. 

Н.ЭРДЭНЭЧИМЭГ: PCR ШИНЖИЛГЭЭ АЧ ХОЛБОГДОЛТОЙ Ч ХҮЛЭЭГДЭЛ ЧИРЭГДЭЛ ИХ

 Түүний өрөөнөөс гараад үүдний танхимд сууж буй тулгар биетэй Н.Эрдэнэчимэг гэх эмэгтэйтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр "Би эмнэлэгт ирснээс хойш нэг удаа PCR шинжилгээ өгсөн. Тулгар биетэй болохоор гадагш гарч шинжилгээний цэгүүд дээр очиж өгч амжаагүй юм. Манай нөхөр 72-р сургууль дээр хоёр удаа өгөхөд хариу нь гурав хонож гарсан. Уг нь энэ шинжилгээ их зөв зүйтэй юм билээ. Даанч хүлээгдэл чирэгдэл их. Өглөө эрт гарахгүй бол урт дараалал үүсчихсэн байдаг. Өвлийн хүйтэн удаан гадаа зогсох хэцүү. Төрөх гээд эмнэлэгт хэвтэж байгаа болохоор халдварт өвчнөөс айгаад байх юм. Харин PCR шинжилгээ өгчихөөр санаа амарчихдаг юм байна” гэсэн юм. 

НЭМГ: ХУВИЙН ЭМНЭЛГЭЭР ЗААВАЛ PCR ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГТЭЙ ҮЙЛЧЛҮҮЛНЭ ГЭСЭН ТУШААЛ ГАРГААГҮЙ

 PCR шинжилгээний үнэ өртөг, зохион байгуулалтын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулахад “ Улсын хэмжээнд түргэвчилсэн болон PCR шинжилгээг үнэ төлбөргүй хийгдэж байгаа. Eruul.gerege.mn сайтад хандан цаг авах, хариу шалгах талаар мэдээллийг тогтмол хүргэж байна. Төрөх хугацаа болсон, яаралтай тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. 

Харин хувийн эмнэлгээр заавал PCR шинжилгээний бичигтэй үйлчлүүлэх ёстой гэсэн тушаал шийдвэр гаргаагүй. Дотоод журмынхаа хүрээнд өөрсдөө тавьж буй шаардлага байх” хэмээх хариулт өглөө. Энэ бүхнээс харвал улсын эмнэлгүүд хэвтэн эмчлүүлэхээс бусад тохиолдолд PCR шинжилгээ өгөхийг шаардахгүй байгаа аж. Харин хувийн хэвшлийн шүдний болон “Интермед”, “Мөнгөн гүүр” зэрэг томоохон эмнэлэг амбулаториор үйлчлүүлэхэд “Ковид-19” шинжилгээний хүчинтэй хариу шаардаж байгаа нь иргэдийг бухимдуулж байна. 

Жишээ нь, амралтын өдөр хүүхдийнхээ шүдийг үзүүлэх гэж хэд хэдэн эмнэлгийн хаалга татсан ч хоосон буцсан ээж байна. Нэг шүд ломбодуулах мөнгөөр гурав хоногийн хугацаатай “цаас” авах чадал хомс гэдэг нь тодорхой. Эрүүл мэндийн байгууллага халдварын эрсдэлтэй бүс гэдэг нь халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрд гэсэн үг болохоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх гэж үйлчлүүлэгчдийн халаасыг тэмтчих шалтгаан биш байлтай. Нөгөөтэйгүүр, улсын хэмжээнд PCR шинжилгээний хүлээгдэл их, зохион байгуулалт муу байгаа нь хувийн бизнес хөлжихөд нөлөөлж байж мэдэх юм.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна