Б.Лакшми: Ерөнхийлөгчийн санаачилга орлого нь тасалдсан иргэдэд бодитой дэмжлэг болно

Админ
2021/01/19

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөгөөр дундаж давхарга хумигдаж байна. МҮХАҮТ-ын судалгаагаар хагас сая хүний ажлын байр эрсдэлд орохоор байгаа юм. Тодруулбал, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээний салбар одоогоор хамгийн их хохирол амсаад байна. “Ковид-19” цар тахлын халдвар, тархалтаас сэргийлэх арга хэмжээ бүхий л салбарт 90 хүртэлх хувиар нөлөөлжээ. 

Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын байр бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн том ажил олгогч. Хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Тиймээс эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

- Цар тахлаас үүдсэн хүндрэл салбар болгонд сүүдрээ тусгаж байна. Эдийн засгийн өнөөгийн байдал ямархуу түвшинд байна вэ? 

-Эдийн засаг хүнд байгаа нь удаа дараагийн судалгаа, тоон үзүүлэлтээр харагдаж байна. Хөл хорио, хил гаалиа хаасантай холбоотойгоор эдийн засагт нэлээд асуудал үүссэн. Манайх далайд гарцгүй, хоёр улстай хил залгаа байдаг. Хилээ хаачихаар эдийн засгийн эргэлт, гадаад худалдаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг авчирлаа. Аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ дотоодоос бүх түүхий эдээ авах боломжгүй, урд хөршөөс дийлэнхийг нь авдаг. Энэ нь дотоодын эдийн засагт сөрөг үр дагавар бий болгов. 2020 онд эхний гурван улиралд эдийн засаг хасахтай гарсан. Оны эцсийн тайлангаар ч хасах баланстай гарна. Энэ тоон үзүүлэлт эдийн засаг агшсаныг илтгэнэ.

 -Хатуу хөл хорионы үед иргэд орлогогүй болж, ихэнх аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа түр зогсоосноос үүдэж, олон ажлын байр үгүй боллоо. Цаашид ч эдийн засаг хүндрэх төлөв бийг судлаачид хэлж байна шүү дээ?

 -“Ковид-19” цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүндрэлүүд аж ахуйн нэгж болон иргэдийн амьдралд тодорхой хэмжээгээр хэдийнэ нөлөөлөөд эхэлчихсэн. Ялангуяа амьжиргааны төвшин дундаас доогуур орлоготой иргэдэд түлхүү мэдрэгдэж байна. Гэр бүлийн хоёр гишүүний нэг нь ажилгүй болоход л санхүүгийн дарамт мэдэгдэнэ. Ковидын улмаас үүдсэн эдийн засгийн хүндрэл ирэх зунаас илүү тод мэдрэгдэж, иргэдийн амьдралд нөлөөлнө. Энэ нь одоо нөлөөлж байгаагаас илүү хүнд тусна гэсэн үг. 

-Дэлхийн банкнаас 2018 онд гаргасан судалгаагаар ядуурал 28.7 хувьтай байсан. Нэг ёсондоо гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь энэ ангилалд багтаж буй судалгаа бий. Эдийн засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулах оновчтой бодлого нь юу юм бол?

 -Манай эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхайгаас хэт хараат байна. Цар тахлын үед дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ унаагүй, эрэлт хэвээр байгаа учраас энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг дэмжих хэрэгтэй. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогоор бусад салбарын аж ахуйн нэгжийг дэмжих бодлого явуулах шаардлага байна. Ингэхгүй бол эдийн засгийг, аж ахуйн нэгжийг тэтгэчих шууд нөөц манайд байхгүй. Хоёрдугаарт, төсвийн тодотгол хийхгүй байна. 

-Төсвийн тодотголыг ямар байдлаар хийх ёстой юм бэ? 

-Төсвийн тодотголыг нэн даруй хийж, үр ашиггүй зардлуудаа танах хэрэгтэй. Цар тахал хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус байгаа. Ийм нөхцөл байдалд бид төсвийн тэлсэн бодлого, үр ашиггүй хөрөнгө оруулалтуудаа танаж байж урагшилна. Аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд уян хатан бодлого хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлж, салбар бүрт нь таарсан бодлого маш чухал байна. Ингэхгүйгээр түр зуурын аргацаасан бодлогуудыг явуулж буй нь урт хугацаандаа эерэг үр дүн авчрахгүй. 

Аж ахуйн нэгжүүдээ үе шаттай дэмжих бодлого хамгийн чухал. Тухайлбал, эхлээд аж ахуйн нэгжүүдээ бойжуулахад, дараа нь хөнгөлөлттэй зээл олгох гэх мэтээр үе шаттай төлөвлөгөө боловсруулж, салбар бүрт хэрэгжүүлбэл оновчтой. Цар тахал салбарт бүрт харилцан адилгүй нөлөөлж байна. Жишээ нь, аялал жуулчлалын салбар хамгийн их өртсөн. Эдгээр компанид тохирсон бодлого хэрэгтэй байна. Хямралд өртөөгүй салбар ч бас бий. 

Хүнсний болон бөөний худалдаа, хөдөө аж ахуйн салбар хямралд өртөөгүй. Гэхдээ төрөөс гаргаж буй шийдвэрүүд хэт богино хугацааных байна. Энэ нь бизнесийнхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боллоо. Жишээ нь, ОХУ руу зорчих хилийг гэнэт хаасан. Гэнэтийн энэ шийдвэр бизнес эрхлэгчдэд хүндээр туссан. Хил дээр бараа бүтээгдэхүүн нь гацаад муудахаас эхлээд төрөл бүрийн зардал хувь хүнд нэмэгдсэн. Очер дараалал ч хил дээр үүссэн. Онцгой комиссоос зарласан энэ шийдвэрээ бизнес эрхлэгчдэд урьдчилж хэлэх байсан. Төр төлөвлөгөөгөө маш эрт гаргаж, бизнес эрхлэгчдэд мэдээлчихвэл тэр дагуу ажлаа төлөвлөнө. 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХын тогтоолын төсөлд та эдийн засагчийн хувьд ямар байр суурь илэрхийлэх бол?

 -Цар тахлын үед гадаадын орнуудын Засгийн газрууд иргэдээ дэмжсэн бодлого авч хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Хонконгт иргэддээ 1400 ам.доллар өгч байв. Ерөнхийлөгчийн энэ санаачилга дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого. Хоёрдугаарт, орлого нь тасалдсан иргэдэд бодитой дэмжлэг болно. Энэ бол зохион байгуулалтын асуудал. Оновчтой зохион байгуулбал эдийн засагт сөрөг үр дагавар гарахгүй. Тиймээс иргэдээ дэмжсэн бодлого болгоод хэрэгжүүлэх бүрэн боломж байна гэсэн үг. Эхний ээлжинд ядууралд өртсөн, орлогогүй болсон өрхүүдэд ваучераа өгөх байдлаар үе шаттай явбал зүгээр. Дотоодын аж ахуйн нэгжүүдийн худалдан авалт нэмэгдэхээр ажлын байраа компаниуд цомхотгохгүй. Нэг ажилтны цаана өчнөөн хүн бий гээд аваад үзэхээр ач холбогдол өндөр харагдаад байна.

 -Манайд өмнө нь ийм байдлаар хэрэгжүүлж байсан туршлага бий юү? 

-Байгаа шүү дээ. 2008 оны сонгуулиар МАН иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэсэн амлалт өгч байсан. Энэ амлалтаа ч хэрэгжүүлсэн. Үүнийг сургалтын төлбөр хэлбэрээр төлөх гэх мэтээр олон янзаар зохион байгуулж байсан. Тэгвэл өнөөдөр цар тахлаас үүдээд эдийн засаг өмнөхөөсөө хүндэрсэн байгаа энэ үед ард иргэдийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.

 -Ваучерыг бүсчилж олговол зүгээр гэх саналыг зарим эдийн засагч хэлж байсан. Тухайлбал, Ховд аймгийн Мянгад сумын нэг өрх ваучераараа зөвхөн тухайн аймгаасаа худалдан авалт хийвэл аж ахуйн нэгжүүдээ ч дэмжсэн ажил болно гэж байв. Энэ хэр оновчтой юм бол?

 -Худалдан авалтыг тухайн амьдарч байгаа орон нутгаасаа хийх нь зөв. Би үүнтэй санал нэг байна. Аймаг бүрт худалдан авалтаа зохион байгуулж, бүсчилбэл зүгээр. Монгол Улс 900 орчим мянган өрхтэй. Өрх бүрд нэг сая төгрөг гэж үзвэл багагүй мөнгө гарна. Төсвөө тодотгоод, үр ашиггүй зардлуудаа танаад эндээс тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж болно. Тухайлбал, Хэнтий аймагт аялал жуулчлалын бүтээн байгуулалтад 180 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Ганц аймгийн бүтээн байгуулалт шүү дээ. Тэгсэн хэр нь 900 мянган өрхөд үр өгөөжтэй бодлого хэрэгжүүлэх гэхээр дэмжихгүй байгаа нь сонин. Аймгуудад төсөвлөсөн мөнгийг харахаар, эргээд гарах эдийн засгийн үр өгөөж муутай төсөл хөтөлбөр маш их байна. Энэ жилийн хувьд аялал жуулчлалын салбар сэргэхэд хүнд. Дэлхийн аялал жуулчлалын судалгааны төвөөс гаргасан тайланд энэ салбар 2023 оноос сэргэхээр харагдаж байна. 

-Валютын ханш өдөр ирэх тусам өсөж байна. Ханшийг тогтворжуулахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

 -Ханшид ковидын нөлөө тодорхой хэмжээнд байна. Экспортын орлогоос валют орж ирж байгаа. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортолж байж валют их хэмжээгээр орж ирнэ. Экспортын хэмжээ буурсан учраас валют төлөвлөсөн хэмжээнд орж ирэхгүй байгаа. Энэ нь ханшид нөлөө үзүүлнэ. Нөгөө талаар эдийн засгийн идэвхжилд нөлөөлнө. Төгрөгийн ханш сулраад ирэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Тиймээс экспортоо нэмэгдүүлэх нь өнөөгийн нөхцөлд чухал байна.




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна