ТҮЦ-үүд QR код уншуулж, зөвхөн цонхоор үйлчилнэ

Админ
2021/01/19

П.АМГАЛАНБАЯР

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр энэ долоо хоногоос эхлэн цахилгаан бараа, тавилга худалдаа, ТҮЦ зэрэг зарим салбарын үйл ажиллагааг нээж байна. Манай сурвалжлах баг Түргэн үйлчилгээний цэг буюу “ТҮЦ” ажиллуулж байгаа иргэд Ковид-19 халдвараас сэргийлэхэд хэрхэн анхаарч байгааг сурвалжилсан ю м . Мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаагаар нийслэлд мянга гаруй ТҮЦ бий. Нэмэлтээр үйл ажиллагаа нь нээгдэж байгаа ТҮЦ-үүд тусгай нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах ёстойг заажээ. 

Тодруулбал, их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийсний дараа үйл ажиллагаагаа нээнэ. Ингэхдээ хүн хоорондын зайг барьж, зөвхөн цонхоор үйлчлэх юм. Түүнчлэн иргэдийг бүртгэх QR кодоо уншуулж, үйлчилгээ үзүүлэх ёстой. Мөн түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдахгүй. Халдвар хамгааллын дэглэм баримталж, бээлий өмсөж, нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутам хэрэглэж, бэлэн мөнгө хэрэглэхгүй байх, посс машин ашиглах юм. Хэрэв дээр дурдсан шаардлагыг биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж НМХГ-аас мэдээлсэн юм.

Ю.Мөнхтуяа: ТҮРГЭН МУУДАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС БУСДЫГ НЬ ХУДАЛДААЛНА

 Баянгол дүүргийн нутагт байрлах III, IV хорооллын авто зам дагуу зэрэгцээ дөрвөн ТҮЦ байв. Тэдний хоёр нь ажиллаж байсан юм. Иргэдэд хүнсний ойр зуурын бүтээгдэхүүн худалдаалж байсан Ю.Мөнхтуяа “ТҮЦ түрээслээд жил гаруй болж байна. Сарын түрээс нь 600 мянган төгрөг болдог. Дээр нь цахилгааны төлбөрт 100 мянган төгрөг өгөх ёстой. Бөөндөж авсан бараанаас ашиг унагахын тул 100-150 төгрөг нэмж худалдаалдаг. Сард 300-500 мянган төгрөг олдог. Хөл хорио тогтооход худалдаалж амжаагүй бараа бүтээгдэхүүн цөөнгүй байсан. Тиймээс түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнээс бусдыг нь худалдаалж байна. Ариутгал, цэвэрлэгээг өөрөө хийсэн. 

Ж.Зандраасүрэн:ХҮМҮҮС БЭЛЭН МӨНГӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ ИХ БАЙНА 

Сонгинохайрхан дүүргийн VIII хороонд байрлах дараалсан таван ТҮЦ-ийн нэг нь нээлттэй байв. Худалдагч нь өмнөх очсон газраас ялгаатай нь зөвхөн цонхоороо иргэдэд үйлчилж байсан юм. Тухайн ТҮЦ-ийг мөн л түрээсэлж байгаа гэх Ж.Зандраасүрэн “Ковидын халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, гараа байнга ариутгаж байна. Манай ТҮЦ-т банкны карт унших пос машин бий. Гэвч иргэд ихэвчлэн бэлэн мөнгөөр бараа бүтээгдэхүүн авах нь их байна. 

Яг над шиг өдрийн орлогоор амьдралаа залгуулж байгаа олон хүн бий. Хорио цээрийн дэглэм буурч ТҮЦ-үүдийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөнд маш их баярласан. Манайх ам бүл зургуулаа. Мэдээж үр хүүхдээ өлсгөхгүйн тулд зүгээр сууж болохгүй. Хөл хорионы өдрүүдэд олон ажил хийсэн. Найзынхаа онлайн гутлын дэлгүүрт ажиллаж гутлын хүргэлтэд явдаг байсан. Өнөөдөр ТҮЦ-ээр үйлчлүүлж байгаа иргэд цөөн байна. Учир нь хичээл сургууль амарчихсан, хүмүүс ихэнхдээ гэртээ байхыг чухалчилж байгаа тул орлого муутай байна. Удахгүй нийслэлээс хяналт шалгалт хийж, зөвлөмж өгнө гэсэн.

Б.Болорэрдэнэ: ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ САЙН МӨРДӨХ ЁСТОЙ 

Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ээр орлоо. Худалдагч нь “Ковид-19” халдвараас өөрийгөө хамгаалах зорилгоор хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмссөн нь анхаарал татаж байсан юм. Тэрбээр “Өнөөдөр ажилдаа ороод сэтгэл өндөр байна. Өчигдөр бүтэн цэвэрлэгээ хийж, бараагаа шинээр татсан. Хөл хорионы үед барааны саван, чихэр, гоймон гээд байсан бараа бүтээгдэхүүнээ гэртээ аваачаад хэрэглэсэн. Ер нь цаашид хөл хорио хатуу дэглэмээр үргэлжилсэн бол хэцүү байх байлаа. Нэгэнт бидэнд боломж олгоод ажиллах зөвшөөрөл олгосон тул халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөх болно. Учир нь хүнд үйлчилдэг үйлчилгээний газар учраас бүхий л тал дээр анхааралтай ажиллах хэрэгтэй. Хүмүүс картаар үйлчлүүлж байна. Манайх нэг өнжөөд бараагаа татдаг. 

М.Ууганжаргал: ОРЛОГО ТААРУУ БАЙВАЛ ТҮРЭЭСЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ, ӨРӨНД ОРНО

 Баянгол дүүрэгт байрлах ТҮЦ-ээр орлоо. Жижиг хэдий ч тус газраар үйлчлүүлж байсан иргэд дотор нь орж худалдаа хийж байсан юм. Худалдагч нь халдвараас сэргийлж лангууныхаа урдуур тунгалаг хулдаас татсан байв. Мөн зарж байгаа бараа бүтээгдэхүүнээ хүнд өгөх, тооцоо төлбөр хийх зориулалтаар жижиг цонх гаргасан байлаа. Тус ТҮЦ-ийн түрээслэгч М.Ууганжаргал “Зээлээр бараагаа татаж авсан. Өглөө эрт онгойсон ч хүмүүсийн худалдан авалт муу байна. 

Өнөөдрийнхөө зээлж авсан барааны мөнгийг оройдоо өгөх ёстой. Хэрвээ өдрийн орлого муу бол төлж чадахгүй, өрөнд орно гэсэн үг. Манайх ширхгийн хоол зардаг байсан. Гүйлгээ сайн байдаг. Гэвч ковидын халдвараас болоод түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглосон. Хэрвээ энэ байдлаар өдрийн орлого тааруу байвал түрээсээ төлж чадахгүй болох байх” гэлээ. Бидний уулзсан иргэд ТҮЦ-ийг түрээслэн ар гэрээ тэжээдэг гэдгээ хэлж байсан юм. 

Нэг сарын түрээс 600-800 мянган төгрөг байдаг. Мөн байршлаас шалтгаалж түрээсийн мөнгө сая гардаг байна. “Ковид-19” халдвар гарахаас өмнө ТҮЦ-үүдтэй холбоотой олон зөрчил, дутагдал илэрдэг байсан. Тухайлбал, загварын дагуу бариагүй, батлагдаагүй байршилд зөвшөөрөл олгосон, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэмийг зөрчсөн, орчноо цэвэрлэхгүй, хаяг шошгогүй хүнсний бүтээгдэхүүн, тамхи ширхэглэн зардаг зэрэг нийтлэг зөрчлүүд гардаг. 

Тиймээс “Ковид-19” халдварын үед Түргэн үйлчилгээний цэгүүд улам илүү хариуцлагатай байх шаардлагатай юм. Хэрэв заавал мөрдөх ёстой дэглэмийг зөрчвөл нийтээр нь үйл ажиллагааг нь зогсоох эрсдэлтэй. Тиймээс ТҮЦ бүр иргэдэд үйлчлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн, худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдалд анхаарах ёстой болоод байна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна