Б.Буянтогтох: Хувийн эмнэлгийн үйлчилгээний төлбөрийг төр зохицуулах боломжгүй

Админ
2021/01/19

Н.АЛТАНЦЭЦЭГ 

ЭМЯ-ны лавлагаат шатлалын тусламжийн хэлтсийн дарга Б.Буянтогтохоос зарим зүйлийг тодрууллаа

-Эмнэлэгт хандаж байгаа иргэдээс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байна. Шинжилгээ өгөөгүй иргэд эмнэлгийн үйлчилгээ яаж авах вэ?

 -Иргэд эмнэлэгт гурван шалтгаанаар ирж байна. Тодруулбал, яаралтай , амбулаторийн үзлэг болон хэвтэхээр ирж байна. Эдгээр тохиолдолд тархвар судлалын асуумж болон “Ковид-19”- ийн эмнэлзүйн асуумжийг авч байгаа. Хэрвээ эдгээр асуумж эерэг байвал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна. 

Энэ шинжилгээ эерэг байвал PCR шинжилгээг авч, тусгаарлаж яаралтай тусламж үйлчилгээг үзүүлнэ. Хэрэв түргэвчилсэн оношлуураар сөрөг байвал ердийн тусламж үйлчилгээгээ аваад явна. Коронавирусийн халдварын шинж тэмдэггүй бол шинжилгээ өгөхгүйгээр эмнэлгээс авах ёстой үйлчилгээгээ авна. Харин эмнэлэгт төлөвлөгөөт байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол PCR шинжилгээ өгнө. 

-Шинжилгээний хариу гараагүй байхад тухайн хүний бие муудвал яах вэ?

 -Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх иргэн шинжилгээ өгөөд хариу нь гараагүй байхад тухайн иргэнд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай бол шууд шилжилгээний хариу хүлээхгүйгээр яаралтай тусламжаа аваад явна. Ийм зохицуулалттай байгаа. 

- Иргэдээс илүүтэй эмнэлгийн байгууллага эрсдэлтэй байгаа. Эмнэлгийн ажилчдад шинжилгээ хийж байгаа юу? 

- Эмнэлэгт суурилсан тандалтын шинжилгээ хийж байгаа. Энэ нь эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс болон эмнэлгийн ажилчдыг хамруулж байна. Авсан шинжилгээг хуваарьт лабораторид хүргэж байгаа. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтаар хийнэ. 

-Хувийн эмнэлгүүд түргэвчилсэн оношлогоог төлбөртэй хийж байна гэх гомдол иргэдээс ирсэн. Энэ талаар тайлбар өгөөч?

 - Хувийн эмнэлгүүдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байгаа. Түргэвчилсэн оношлуурын өртгийг тухайн байгууллага өөрсдөө тогтооно. Яамнаас үнийг тогтоох боломж байхгүй. Хувийн эмнэлгүүд PCR шинжилгээ хийхгүй байгаа. PCR шинжилгээг сорьц авах цэгтээ авч шинжилгээ хийх цэг рүү явуулах арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй. Энэ тархвар судлалын заалтаар голомт гарсан бүсэд оршин суудаг эсвэл халдвар авсан иргэний ойрын хавьтлаас шинжилгээ авдаг. Үүнд ямар нэгэн төлбөр мөнгө яригдахгүй. Төрийн болон хувийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдэд халдвар байх бий гэдэг үүднээс зохион байгуулалтаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдол PCR шинжилгээ хийнэ.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна