Улаанбаатар хотод есөн тохиолдол бүртгэгдэж кластер халдвар 699 боллоо

Админ
2021/01/19

Н.АЛТАН

Эрүүл мэндийн яамнаас холбогдох лабораториудад нийтдээ 9115 сорьцод шинжилгээ хийж, шинээр Улаанбаатарт есөн тохиолдол бүртгэгджээ. ХӨСҮТийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн санд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтал болон тухайн үед засвар хийж байсан хоёр хүн, Баянзүрх дүүргийн ТҮК-ийн гурван ажилтан, ажиглалтад байсан хоёр хүнээс халдвар илэрснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 699 боллоо. Сүүлийн 24 цагт 20 хүн эдгэж, гэртээ гарсан бол улсын хэмжээнд нэгдүгээр хавьтлын 1194, хоёрдугаар хавьтлын 2666 хүн ажиглалтад байна. 

“КОВИД 19”-ООР ХАЛДВАРЛАСАН ИРГЭД ЭМНЭЛГЭЭР ДАМЖСАН ТОХИОЛДОЛ ОЛОН БАЙНА

 Өнгөрсөн бямба гарагийн шөнө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт биеийн байдал нь маш хүнд хүн ирж, үйлчлүүлсэн. Тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ хийхэд “Ковид-19 “халдварын тохиолдол батлагдсан тул ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэрбээр Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хандсан. Иймд эмч ажилчдыг тусгаарлаж шинжилгээ авсан. “Сонгдо” эмнэлгийн 30 эмч ажилтныг тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Мөн Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дөрөв, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 17 хүнийг тус тус тусгаарласан. Эхний шинжилгээгээр “Ковид-19” илрээгүй. Сүүлийн үед батлагдсан тохиолдлууд өвчнөө хүндрүүлсэн хойно эмнэлэгт хандаж, олон эмнэлэг дамжсан тохиолдол байна. Иймд өвчнийг хүндрүүлэхгүй маш яаралтай харьяа дүүргийн эмнэлгүүдэд мэдэгдэж, утсаар тусламж авахыг зөвлөе хэмээн холбогдох албанаас анхаарууллаа. 

ХОЁР ЦАГ ТУТАМД АГААРЫН СОЛИЛЦОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ

 ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл, “Халдварын өвчлөл өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 35 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ эмнэлэг, эмийн сан зэрэг олон хүн нэг дор цугларах газруудад “ковид-19” халдвар голомтлон гарах тохиолдол ажиглагдсан учраас иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Ерөнхийдөө 20-49 насныхан халдварт өртөж, 60-аас дээш насныханд илүү хүндэрч байна. Улаанбаатарт халдварын дэгдэлт идэвхтэй байгаа энэ үед үйлчилгээний байгууллага, эмнэлэгт халдвар гарах хандлага ажиглагдаж байна. Тиймээс аж ахуй нэгжүүд ажилчдын цагийг богиносгож, агааржуулалтыг хоёр цаг тутамд 10-15 минут цонхоо онгойлгож агаарын солилцоо хийх хэрэгтэй.” гэлээ.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна