Москвад нисэж ирсэн А.Навальныйг нисэх буудлаас баривчиллаа

Админ
2021/01/19

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный энэ сарын 17- ны орой Германаас нисэж ирэхэд нь нисэх буудлаас баривчилсан байна. Түүнийг Москва хотын “Шереметьево” нисэх онгоцны буудалд газардсаны дараа гаалийн шалгалтад ирэх үеэр нь баривчилжээ. “Настоящее время” телевизийн мэдээлснээр, ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Алексей Навальныйг баривчилсан гэдгийг нотолжээ. Германд ухаангүй байдлаар хүргэгдсэн А. Навальный түүнээс хойш тус улсад эмчлүүлж байв. Энэ сарын 13-нд тэрбээр “Победа” агаарын тээврийн компанийн онгоцоор эх орон руугаа буцах болсноо мэдээлсэн. 

Өнгөрсөн сард ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцтгэх алба улстөрчийг хурдан эргэж ирэхийг шаардсан. Хэрэв хугацаандаа ирэхгүй бол баривчилна гэж мэдэгдсэн билээ. Оросын сөрөг хүчний улстөрч 2020 оны наймдугаар сард Томск хотоос Москва руу нисэж явахдаа онгоц дотор гэнэт бие нь муудаж, ухаан алдсан. Нисэх онгоцны багийнхан тэр даруйд Омскийн нисэх онгоцны буудалд газардсан. А.Навальныйг түргэн тусламжаар Омск хотын эмнэлэгт хүргэжээ. 

Хоёр өдрийн дараа эмнэлгийн тусгай зориулалтын онгоцоор ухаангүй хэвтэж буй Алексей Навальныйг Герман руу авч явсан. Түүнийг “Шарите” эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн. Есдүгээр сарын 2-нд Германы эрх баригчид ОХУ-ын сөрөг хүчний улстөрчийг “Новичок” хэмээх бодисоор хордуулсан гэдгийг мэдэгдсэн аж. Харин есдүгээр сарын 7-ны өдөр Кремлийн шүүмжлэгч сэхээн амьдруулах тасгаас гарч сэргэж эхэлсэн. 

Үүний дараа А.Навальный өөрийг нь санаатайгаар хордуулсан гээд, үүний ард зөвхөн В.Путин байж магадгүй хэмээн мэдэгдсэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дунд “Bellingcat” судалгааны баг болон хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд А.Навальныйг Оросын тусгай албаныхан хордуулсан гэдгийг мэдээлсэн. Улстөрчийг хордуулсан хэрэгтэй холбоотой гэгддэг Холбооны аюулгүйн албаны ажилтны утасны яриаг дэлгэсэн. Германы нийслэл Берлин хотоос Москва руу ниссэн онгоцонд А.Навальныйгаас гадна түүний эхнэр Юлия, хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш, өмгөөлөгч Ольга Михайлова болон олон сэтгүүлчид байв. 

Тэд онгоцыг буудлаас хөөртөл мэдээлэл цацаж, дараа нь Москвад газардахад дахин шууд нэвтрүүлж байлаа. Онгоц “Внуково” нисэх онгоцны буудалд газардах хуваарьтай байлаа. Гэвч онгоцны буудалд улстөрчийн дэмжигчид олноор цугларч, цагдаа нар эргэн тойрныг бүсэлсэн. А..Навальныйн дэмжигчдийг баривчилж эхэлсэн. Онгоц газардах хугацаа нь ойртоход чиглэлийн хуваарийг бүртгэдэг Flightradar24.com-д буудал өөрчлөгдсөнийг мэдээлэв. “Победа” агаарын тээврийн компанийн онгоц хуваариа өөрчилж “Шереметьево”-д газардсан байна. 

А.Навальныйг гаалийн шалгалтад ирэх үеэр нь баривчилжээ. Үүнээс өмнө тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав. “Хамгийн түрүүнд зорчигчдоос уучлал гуймаар байна” хэмээн А.Навальный хэлжээ. Тэрбээр “Буцаж ирэх, ирэхгүй тухай асуудал гараагүй. Би жаргалтай байна. Өнөөдөр хамгийн гайхалтай өдөр. Энэ бол миний гэр, би айхгүй байна” гэжээ. Энэ сарын 12-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Москва хотын Симоновскийн районы шүүхэд гомдол гаргаж, Алексей Навальныйд оноосон тэнсэн харгалзах ялыг хорих ял болгож өөрчлөхийг хүссэн ил болсон.

 А.Навальныйд тэнсэн харгалзах ялыг “Ив Рошегийн хэргээр” ногдуулсан. Ялын хугацаа өнгөрсөн сарын 30-нд дуусгавар болсон билээ. Европын хүний эрхийн асуудлаарх шүүх уг хэрэг улс төрийн зорилготой болохыг хүлээн зөвшөөрсөн. Шүүхийн шийдвэр гарах хүртэл Алексей Навальныйг баривчлан саатуулах юм байна. Улс төрийн сэдэлтэй хэргүүдээс гадна түүний хандивын байгууллагуудаар дамжуулан мөнгө угаасан хэргийг Оросын прокурорууд шалгаж, мөрдлөг явуулж буй. Мөн баривчлахаас өмнө өмгөөлөгчид нь эрэн сурвалжлах тухай тогтоол, шүүхэд илгээсэн бичиг, тэнсэн харгалзах ялыг цуцлах болон ялаар оноосон шийтгэлийг хэрэгжүүлэх тухай бичигтэй танилцсан гэж Шийдвэр гүйцэтгэх албанаас мэдээлсэн. 

“ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ” БАЙГУУЛЛАГА A.НАВАЛЬНЫЙГ НЭН ДАРУЙ СУЛЛАХЫГ ШААРДАВ

 Олон улсын хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэшнл” байгууллага A.Навальныйг “Нэр төрийн хоригдол” хэмээн зарлаж, түүнийг нэн даруй суллахыг Москвагаас шаардав. “ОХУ-ын эрх баригчид А.Навальныйн эсрэг маш том хэмжээний ажиллагаа явуулж байна. Тэд Берлинээс Москвад ирсэний дараа хэдхэн минутын дараа баривчлагдсан Кремлийн шүүмжлэгчийг нэн даруй суллах ёстой” хэмээн байгууллагын албан ёсны “Twitter” хуудаст мэдээлэв. “Алек сей Навальныйг баривчилсан нь Оросын эрх баригчид түүнийг дуугүй болгохыг эрмэлзэж байгаагийн бас нэг нотолгоо юм. 

Түүнийг баривчилсан нь дээд түвшний албан тушаалтнуудын захиалгаар А.Навальныйг хордуулсан гэх хэргийг шалгах шаардлагатай гэдгийг л харуулж байна” гэж “Эмнести Интернэшнл” байгууллагын Москва дахь салбарын захирал Наталья Звягина мэдэгджээ. Түүний хэлснээр, ОХУ-ын эрх баригчид А.Навальныйгийн эсрэг кампанит ажлыг тусгайлан явуулж байсан бол одоо түүнийг “тэнсэн харгалзах ялын нөхцөлийг олон удаа зөрчсөн хэргээр” баривчилж байна. 

Түүнчлэн Н.Звягина “Эрх баригчид А.Навальныйг ирэх явдлыг аюулгүй байдлыг хангах томоохон хэмжээний ажиллагаа хэмээн үзэж, “Внуково” нисэх онгоцны буудалд олон зуун цагдаа нарыг төвлөрүүлсэн. Гадаа хасах 20 хэмийн хүйтэн байхад сөрөг хүчний улстөрчийн дэмжигчдийг баривчилж байлаа. Тэгээд зогсохгүй онгоцны чиглэлийг өөрчилж “Шереметьево” буудалд газардуулсан” хэмээв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна