О.Энхтүвшин: Гурван жил цэргийн алба хааснаас өөрөөр театраас холдож үзсэнгүй

Админ
2021/01/20

П.ДАВААЖАРГАЛ

Театрын зүг алхах болгонд сэтгэл гэгэлзэж, сонгодог урлагийн сайхныг үзэж баясахаар яарсаар хүрдэг сэн. Энэ удаа хэзээ хэзээнээс илүүтэй догдлон тэмүүлэхийн учир нь их тайзыг 40 жил гэрэлтүүлж, 19 настайгаасаа арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрхэмтэй өрнүүн яриа дэлгэхээр яваа минь энэ. Тэр бол нэгэн насны амьдралаа сонгодог урлагт зориулж буй ДБЭТ-ын гэрлийн ахлах гэрэлтүүлэгч, 

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Алтангадас одонт О.Энхтүвшин. Тод гэрлийн дор мэхийн ёсолж, үзэгчидтэй тайзан дээрээс мэндчилж амжаагүй гавьяатныг “ҮШ”-гийн зочин хоймроор уншигч тантай уулзуулъя. Уг театрын тайзнаа амилсан дэлхийн сонгодог, Монголын сор болсон дуурь, бүжгэн жүжиг бүхэнд түүний цэл залуу нас, эгэл амьдрал, чин сэтгэл шингэсэн юм.

-Анхны бүхэн дурсгалтай гэгээн сайхан байдаг шүү дээ. Та театрын босгоор алхсан түүхээсээ хуваалцаач? 

-Ажлын гараагаа манаачаас эхэлж байлаа. ЗХУ-ын Оренбург хотод Барилгын техник мэргэжлийн сургуульд цахилгааны чиглэлээр төгсөж ирээд театрт орох гэтэл орон байдаггүй. Тэгээд өвлийн хэдэн сар манаачаар ажилласан. Тухайн үед нэгж ээлжид цахилгаанчин, сантехникийн слесарь, галын пост, жижүүр гээд тавуулаа хононо. Хамгийн залуу нь би, 19 настай. Театр талбай руу харсан урт хашаатай, хойд талдаа тоглолтын төмөр, модон хэрэгсэл хадгалдаг хоёр том модон амбаартай байсан юм. 

Шөнөдөө тэрийгээ эргэж тойрно. Цаг үе сайхан, харьцангуй нам гүм байж. Зунаас нь гэрэлтүүлэгч хийж, дараа нь цахилгаанчнаар ажилласан. Дамдингийн Иш гэж насаараа гэрлийн техникч хийсэн мундаг хүнээр дуурийн театрын цахилгааны монтажыг заалгаж, учрыг нь олдог болсон доо. 1981 онд театрынхаа босгыг алхсанаас хойш тасралтгүй 40 жил ажиллаж байна. Гурван жил цэргийн алба хааснаас өөрөөр театраас холдож үзсэнгүй.

 - Тухайн үед ажилтай хүмүүсийг чөлөөлдөггүй байсан юм уу. Гурван жилийн цэргийн алба чанга биз?

 -Би 1984-1987 онд цэргийн алба хаагаад эргэж ирсэн. Уг нь ажлын шаардлагаар хоёр удаа чөлөөлөгдсөн юм. 1983 онд Өмнөговийн Овоотод очоод 14 хонож байтал хилийн цэргийн генерал н.Дамдинсүрэн гэж хүн ирсэн юм. Тэр үед Аюулаас хамгаалах яамны 60 жил тохиож байсан санагдаж байна. Тэгээд “Манайх хүн хүчгүй хэцүү байна” гээд ахиад чөлөөлөгдөв. Харин гурав дахь жилдээ жинхнээсээ татагдаж, 

Дорноговь аймгийн Зүүнбаянгийн мотобуудлагын ангид хуваарилагдсан. 1000 цэргийн хороо ч гэдэг юм. Тэгээд 45 хоногийн карентины дараа Ардын армийн театр руу татагдсан. Хэдэн гэрлээ бариад бригадаар тойрдог байлаа.Гэрэлтүүлэгч учраас хөгжмийн салаанд харьяалагдана. Гэрэлтүүлэг хийхийн хажуугаар бөмбөр хэнгэрэг, цам цохих явлаа. Ганцаараа халимагтай цэрэг байсан болохоор нөхөд маань атаархана. Армийн театрт цэргийн гурван жилээ гүйцээсэн дээ. (Инээв)

 - Таныг удам залгасан гэрэлтүүлэгч гэж сонссон. Тэгэхээр таны бага нас театр, урлагтай ойрхон өнгөрсөн үү? 

-Тийм ээ. Миний бага нас яалт ч үгүй театрт, тэр дундаа баруун жигүүрийн гэрэлтүүлэгчийн бүхээгт өнгөрсөн. Энд хүн болж, энэ байгууллагаас амьдралын гараагаа эхэлсэн. Тийм болохоор театраа миний хоёр дахь гэр гэж боддог юм. Би ер нь үзэгчдийн суудлаас дуурь үзсэн тохиолдол бараг байхгүй. Багадаа ээжийнхээ өрөөнөөс, одоо ажлынхаа байрнаас үзэж байна шүү дээ. Манай аав Дамдингийн Осор гэж Төв аймгийн Эрдэнэсант сумын хүн. 

1940-өөд оноос Дуурийн театрт ажиллаж байгаад 1979 онд гэнэтийн ослоор бурхан болсон. Б.Сумхүү гуай тайзны машинистаар ажиллаж байгаад кино найруулагчийн сургуульд явахад нь аав ажлыг нь авсан юм билээ. Өмнө нь туслах машинист байсан. Харин ээж маань Янжмаа гуайн нэрэмжит оёдлын артельд ажиллаж байгаад аавыг дагаж театрт ирсэн юм билээ. Тэтгэвэрт суутлаа гэрэлтүүлэгчээр ажилласан. 

Би мэдээ орсон цагаасаа ээжтэйгээ хамт гэрэлтүүлэгчийн бүхээгт өнжиж, тоглолт үздэг байлаа. Ээж маань намайг үзэгчдийн дээрээс унагахгүйн тулд сандлынхаа хөлөөс бүсээр уячихдаг байсан гэдэг. Одоо тэр бүхээгтээ өөрөө суугаад ажиллаж байна. Бодоод байхад 20 хэдхэн хоногтой театрт ирсэн юм шиг байгаа юм. Урлагийн ажилтны хүүхэд авдаг 16 дугаар цэцэрлэгт явдаг байсан. Жаахан хүү байхдаа Д.Лувсаншарав гуайн “Шивээ хиагт”, “Хан бүргэд”, С.Гончигсумлаа гуайн “Үнэн” дуурьт тоглож байлаа. 

Мөн миний багын төрх банкя печенийн цаасан дээр мөнхөрсөн. Тагтаа барьсан монгол малгайтай хүүг Ардын зураач Л.Гаваа гуай намайг харж зурсан юм. Багадаа балетчин больё гэж боддог байсан ч аав дэмжээгүй юм. Ингэж л урлагтай танилцсан хүн дээ, би. Тийм ч болохоор урлагт элэгтэй. Хойно сургууль төгсөж ирсэн дороо Барилга трестэд хуваарилагдаад хоёр сар орчим ажилласан юм. Гэвч сэтгэл тогтдоггүй, урлагаа дагая гэж шийдээд театртаа ирсэн. Надаас гадна, миний найм дахь дүү гэрэлтүүлэгчээр ажилладаг. Бид эцэг эхээс арвуулаа, ихэнх нь цахилгаанчин. Сантехник, цахилгаан бол хаана ч, ямар ч нийгэмд хүнийг газардуулахгүй мэргэжил. 

- Хоёулаа таны ажил мэргэжлийн тухай ярилцъя. Тэр бүр олны өмнө гардаггүй учраас арын албаныхны талаар мэддэг хүн хомс. Тайзнаа жүжиг амилахад гэрэлтүүлэгч ямар үүрэгтэй вэ?

 - Аливаа тоглолтод гэрэлтүүлэгчдийн үүрэг оролцоо маш их. Манай гэрлийн баг найман хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс гурав нь эмэгтэй. Хоёр нь тоглолтын ард талд өрнөж буй үзэгдэл буюу уул ус, орон зай, бороо, цахилгааныг гэрэлтүүлнэ. Бүхээгийн /ложа/ гэрэлтүүлэгчид гол дүрийн жүжигчдийг үзэгчдэд таниулах буюу үйл явдлыг тодруулан харуулна. Бусад нь гэрлийг ихэсгэж, багасгах удирдлага хэсгийг хариуцна. 

Хүн бүрийн үүрэг өөр өөр учраас нэг нь өвдөхөд орлож ажиллах хүн байхгүй. Үхэх эрхгүй л ажил даа. Миний тухайд, уран сайхны гэрэлтүүлэг буюу тайз дээрх тоглолтыг нүүрэн талаас гэрэлтүүлнэ. Өөрөөр хэлбэл, гол дүрийн жүжигчдийг гэрэлтүүлж, гар хөлийн хөдөлгөөнийг харуулах, жүжгийн үйл явдлыг тодотгох учиртай. Тиймээс уг жүжгийг нэг бүрчлэн мэдэж байх шаардлагатай. Дуурийн театрын тайзнаа тавигдсан 60-аад дуурь, 60 орчим балетыг цээжээр мэднэ. Ёстой ширхэгчлэн мэднэ гэж бардам хэлнэ. 

-Нэлээд мэдрэмж шаардсан ажил бололтой. Залуухан гэрэлтүүлэгч байхдаа алдаа гаргах үе байв уу?

 -Огт алдаа гаргадаггүй хүн гэж юу байх вэ. Гэрлийн багт ороод зургаан сар орчим болж байхдаа хэрэг тарьж явлаа. З.Хангалын “Эрдэнэсийн уул” бүжгэн жүжгийн сургуулилалтын үеэр буруу товч дараад, хамаг гэрлээ хооронд нь мөргөлдүүлчихсэн. Мотороор удирддаг учраас нам гацчихсан, гараараа хэд татаад нэмэр байдаггүй шүү. Тоглолтын үеэр тийм юм болсон бол ажлаас халагдах байсан биз. Гэтэл багш “Чи өөрөө хаана гэмтсэн байна олж зас” гэдэг юм. 

Нухсаар байгаад ажилд оруулж санаа амарсан. Түүнээс хойш өөрөө бүгдийг сурах нь чухал юм байна гэж боддог болсон. Д.Иш, н.Дамдин, н.Дэмбэрэл, н.Дашдорж зэрэг буянтай хүмүүсийн ачаар их зүйл сурсан. Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал тэр хэдээсээ л асууна шүү дээ. Дээр үеийн хүмүүс зааварлахаас илүүтэй өөрөөр нь гардан хийлгэж, сургадаг байсан. Гэрэлтүүлэгч гэдэг бол мэдрэмж, анхаарал шаардсан ажил. Тайзан дээр байгаа бүжигчинтэй цавуугаар наасан мэт хамт явах ёстой. Нэг ч үсрэлт алдаж болохгүй. 

Бүжгэн жүжгийн хөдөлгөөн бүр үг хэлж байдаг юм. Зарим алдааг гэрлээр аргалах тохиолдол гарна. Хурц гэрэл тусаж байхад алдаатай хөдөлгөөн маш тод харагддаг юм. Тэр үед гэрлээ савлуулан, дээрээс нь гэрэл анивчуулна гэх мэт арга хэмжээ авна. Үүний тулд тухайн жүжгийн утга агуулга, үйл хөдлөлийг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол алдаж байгааг нь мэдэхгүй шүү дээ.

 -Үзэгчидтэй хамгийн ойр ажилладаг хэрнээ үргэлж хөшигний ард байдаг хүмүүс бол арын албаныхан. Та бүхэн юунаас эрч хүч авдаг вэ?

 -Арын албаны ажил амаргүй. Ямар нэг дуурь, бүжгэн жүжиг тавихаар боллоо гэхэд зохиолын хэлэлцүүлгээс эхлээд хөшиг нээгдэх мөч хүртэл бусадтайгаа эн тэнцүү ажиллана. Та бүхний үзэгчдийн суудлаас харж суугаа бүтээлийн ард оёдолчин, гуталчин, парикчин, зураач, мужаан гээд асар олон хүний хөдөлмөр шингэсэн бүтээл байдаг. Тоглолтын хөшиг нээгдээд тайзан дээр бүжигчин, жүжигчид гараагүй байхад хүмүүс алга ташдаг шүү дээ. 

Үүнийг би арын албаныханд баяр хүргэж байна гэж боддог. Тайз засал, гэрэлтүүлэг таалагдсаны шинж болов уу. Үзэгчдийн нижигнэтэл алга таших чимээ л хамгийн сайхан даа. Энэ бол хамт олны маань хэдэн сарын хөдөлмөрт өгч буй үнэлгээ, дараагийн бүтээлд ханцуй шамлан орох урам юм. Манай театр 300 ажилтантай. Жүжиг бүрийн ард энэ олон хүний зүтгэл бий. Гэрэлтүүлэгч дур мэдээд аль нэг гэрэл тусгачихдаггүй. 

Зураач, найруулагчтайгаа зөвлөлдөж аль үзэгдэл дээр ямар гэрэл өгөхийг шийднэ. Жүжгийн үйл явдал, утга санаа тэр ч бүү хэл тайзан дээрээ байгаа хүмүүсийн хувцасны өнгөнд тохируулж гэрэлтүүлнэ. Театрын тайзнаа амилсан бүхэн хамтын бүтээл. 

-Яагаад ч юм би таныг театраас амьдралынхаа ханийг олсон болов уу гэж бодлоо. Зөв үү?

 -Манай хүнийг Доржийн Болормаа гэдэг. СУИС-ийг дуулаачийн ангийг төгссөн, Цэргийн ансамбльд дуучнаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн бий. Бид хүү, охинтой. Театр ороод хоёр жил орчим болж байхад манай хүн үзвэрийн үйлчлэгчээр ирсэн юм. Нэгдүгээр давхарт тоглолтын сурталчилгаа бүхий самбаруудыг тухай бүр шинэчилж, арчлах үүрэгтэй. Түүнийгээ солихын тулд надаас шат авах гэж ирнэ. Бид шат өгч, авсаар байгаад дотно танилцсан юм. 


Тэгж байтал би цэрэгт яваад, захидлаар харилцдаг боллоо. Цэргээс ирээд жилийн дараа гэр бүл болсон доо. Ингээд бодохоор би гэдэг хүн урлагаас хөндийрсөнгүй. Харин хүүхдүүд маань өөр мэргэжилтэй. Охин маань багадаа Хөгжим бүжгийн коллежийн балетын ангид сурдаг байсан ч төлбөрийг нь дийлээгүй гаргачихсан юм. Одоо барилгын инженерээр ажилладаг. Хүү маань Халх голд цэргийн алба хаагаад ирсэн. Торгон хилээ манаж үзсэн хүн хүнийг хайрлаж, эх оронч сэтгэлгээтэй болдог учраас би хүүгээ хилийн цэрэгт явуулсан юм .

 -Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ сонгодог урлагт ойр өсгөхийг хичээдэг болжээ. Харин таны амьдралын хуудас бүхэнд урлаг тод үсгээр бичигдэж, одоо ч үргэлжилсээр байна. Урлаг хүмүүнд хэрхэн нөлөөлдөг юм бол?

 -Сонгодог урлаг хүний амьдралд хүний амьдралд маш олон сайхан зүйл өгдөг. Хамгийн наад зах нь олон нийтийн газар бие зөв авч явах, хүнтэй зөв харилцах, соёлч боловсон занд суралцана. Бүжигчин, дуучин, арын албаныхан гэх ялгаагүй. Мөн зохих ёсны гоо зүйн мэдлэгтэй болно. Ер нь урлаг дагасан хүн хөгширдөггүй юм уу гэж боддог. Сэтгэлээр үргэлж залуу, өөдрөг явдаг. Тэнд ч бүжиг, энд ч хөгжим сонсогдож байгаа орчинд хүн мөнхийн дуу аялж, эерэг энерги ялгаруулж байдаг. 

Би театртаа маш их хайртай. Хаалгаар нь ороод ирэхэд сэтгэл сэргэх шиг болдог. Олон жил ажилласан болохоор сар гаруй амардаг юм. Дундуур нь яаж ямар нэг шалтаг гаргаад ажил руугаа зүтгэнэ шүү дээ. Ялангуяа, цахилгаанчин өндөр хариуцлагатай. Ямар ч үед бэлэн байх ёстой. Намайг театраа манаад 45 хоног карентинлагдахуу гэвэл дуртайяа зөвшөөрнө. Энэ жил хөл хориотой, театр эзэнгүй шахам болохоор эвгүй л байна. Уг нь, өдийд ид бужигнаж байдаг сан. Зурагтаар манай хэдийн тоглолтыг гаргавал ганц гялайж байгаа нь тэр.

 -Дуурь бүжгийн эрдмийн театрын техник хэрэгслийн насжилт хэр вэ. Орчин үеийн жүжгийн тавилт, гэрлийн шийдэлд гологдох үе гарах уу?

 -Манай театр 1963 онд ашиглалтад орсон. Ихэнх техник хэрэгсэл маань тэр үеийнх. Жишээлбэл, эргэдэг тайзны мотор, таван тоннын галын төмөр хөшиг 1948, төв хөшиг нээж хаах мотор 1950-1960 оных. Миний ганц гайхуулж чадах юм энэ бүгдээрээ хэвийн ажиллаж байна. Ер нь манай байгууллага орос стандартын цахилгаан монтажтай. Өөрөөр хэлбэл, нэг ч хөнгөн цагаан оролцоогүй. Тиймээс бид засвар үйлчилгээ хийхдээ дандаа зэс утас ашигладаг. 

Насжилт өндөртэй учраас ойр ойрхон засвар үйлчилгээ хийж байх хэрэгтэй. Хэрэв нэг зогсчих юм бол тэр нүсэр моторыг засах гэж өчнөөн цаг хугацаа, хөрөнгө мөнгө орно. Цаашлаад театрын тоглолтууд зогсож, үзэгчид урлагаар цангана шүү дээ. Харин гэрэл, гэрэлтүүлгийн тухайд 2000 оноос хойш хоёр ч удаа шинэчлэлт хийгдсэн. Өдгөө Япон, Австрийн тоног, төхөөрөмж ашиглаж байна. 

-Хүн бүрд амьдралдаа баримталдаг зарчим, насан турш санаж явдаг сургаал гэж бий. Таны хувьд?

 - Ээж маань “Аливаа юмыг үнэн сэтгэлээсээ хийж бай. Ажил бүү гол” гэж сургасан. Тийм ч учраас би нэг байгууллагадаа энэ олон жил ажилласан гэж боддог. Нийгмийн шилжилтийн үед цаг хэцүү байсан ч цалин мөнгөө голсонгүй. Арилжаа наймаа, ашиг орлого хөөж явсангүй. Урлагтаа л үнэнч үлдсэн. Ерөөс үнэн амьдаръя гэж бодсон. Сэтгэлээ шингээж, амьдралаа зориулсан бүхнээ эргээд харахад ч сайхан юм.




0
1
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.127
    2021/01/22

    ????????????????????❤️????????????????????????????????‍♀️

    Хариулах
  • 64.119.17.127
    2021/01/22

    @Enkhtuvshun ????????????????????uran buteeliin ulam ni amjilt husej eruul enkh az jargaltai HUSEL bolgon ni bielej baih eruul devshuulii????????‍♀️

    Хариулах
  • 202.126.88.50
    2021/01/21

    Teatriin altan taiz yamar haragdahiig shiiwerlej baidag buh l ajiliig hodolmorch ajilsag chadwaraaraa buteesen Enhtuwshindee bayr hurgej eruul enh az jargal husie

    Хариулах
  • 64.119.22.194
    2021/01/21

    Ягаан театрын маань үндэс суурь болсон ахдаа ажлын амжилт хүсье!!!???? Хэлсэн үг бүрээс нь урлагаа хайрласан, театраа гэсэн сэтгэл мэдрэгдэж байна. Таны хийсэн бүтээсэн болгонд чинь баярлаж талархаж явдаг шүү! Эрүүл энхийг хүсье Тандаа. Хүндэтгэсэн Б.Эрдэнэтуяа

    Хариулах
  • 202.9.46.214
    2021/01/20

    Аав аас нь эхлээд 20 гаруй жил ажилсан болохоор сайн мэдэлгүй яахав тэтгэвэрт сарснаас хойш цагаан сар болгонд очиход үүдэн дээр бид нарийг их санах юмдаа гээд зогсож байдаг үнэхээр урлагт ажилдаа хайртай хүндээ одоо цөөхөн үлдэж байгаа хүмүүсийн нэгдээ

    Хариулах