Нутаг орноороо аялахуй

Админ
2021/01/20

Д.ЦЭДЭН-ИШ

Түрүүч нь №207 (3717) дугаарт

 НУУРЫН ШУГАМД 

“Хэцүү хад”-аас аймгийн төв, “Хар Тэрмэс”-ийн рашаан амралт руу 60 шахам км давхиад Нуурын шугам дахь “Хяргас нуур” амралт аялал жуулчлалын баазад хүрээд ирнэ. Төв засмалаасаа таван км гээд амралтын зүг чиг заасан сурталчилгааны том самбар ч байна лээ. Манай Хяргасын баядуудын эртнээс нэрлэж ирсэн энэ Нуурын шугам гэдэг нь нуур руугаа арав гаруй км цөмөрч орсон хошуу юм. 

Далай руу цөмөрч орсон ийм том хошууг хойг гэнэ гэж газар зүйн хичээлээр заадаг байсан санагдана. Ийм хошуу хойгийн дундхан хэсэгт бидний буух “Хяргас нуур” амралт байгаа юм. “Хэцүү хад” Завханы нутаг бол “Нуурын шугам” Хяргасынх, “Хар Тэрмэс” Малчин сумын нутагт хамаардаг юм билээ. Тэгээд ч нутаг нутгийнх нь уугуул бизнесмэнүүд энэ амралтын газруудаа эзэмшиж авч явдаг аж. 

Сүүлийн хэдэн жил бид энэ Хяргас нууртаа ирж очиж яваад байгаа болохоор амралтын эздийн тухай ойр зуурын мэдээлэлтэй болоод буй. Хяргасын уугуул мянгат малчин Д.Лүнд энгийн хүү Л.Банзрагч гэх ажил хэрэгч залуу зургаа долоон жилийн өмнөөс “Хяргас нуур” амралтыг байгуулаад одоо үйл ажиллагаа нь жигдрээд байна. Би энэ нутгийн уугуул болохоор эдний удам омгийнхныг ерөнхийд нь мэднэ ээ. 

Амралтын эзний аав нь одоо ч нутагтаа амьдарч мал хунараа өсгөж улс, аймгийн аварга малчин цол хэдэнтээ хүртсэн нутаг орондоо нэр хүндтэй сайн малчин хүн. Саяхандаа телевизээр гарсан Хяргас нутгийн тухай нэгэн баримтат нэвтрүүлэгт яриа ярилцлага өгөөд баядын найрын дуудуулаад ануухан даналзаж явна лээ. 

Наяад оны үед Өмнөговь аймгийн Намын хорооны нэгдүгээр дарга, дараа нь МАХН-ын Төв хороонд удирдах ажил хийж явсан Дагданы Пүрэв гэх эрхэм бол энэ хүний төрсөн ах нь, ерээд оны үед Увс аймгийн Засаг даргын алба хашиж явсан Дагданы Намсрай гэх эрхэм бол түүний төрсөн дүү нь. Саяхандаа БОАЖ-ын Сайд байсан Цэрэнбат бол энэ Намсрай эрхмийн хүү нь юм. 

Дагданы Намсрайтай би Хяргасын сургуульд нэгэн үе хамт суралцаж байсан болохоор эднийхнийг мэдэх юм. Тэгээд ч манай эцэг өвгөд, ахмадууд нэг яс, нэг угсаатай гээд ойр явсан түүхтэй юм билээ. “Хяргас нуур” амралтад ирэхэд амрагч цөөхөнтэй нам гүмдүү, утсаар яриад захиалгаа өгсөн болохоор бидний байр, ор дэр ч бэлэн байв. 

Амралтын эзний гэргий Жамбалын Саруул гэх бүсгүй албаа эрхлээд байж байна. Өнгөрсөн зун найз нөхөдтэйгээ баг болж Алтай Таван Богдоор аялаад буцах замдаа шөнө дөлөөр эдний амралтад ирж хоносон юм. Өглөө нь энэ бүсгүйтэй таарч танилцаад явсан болохоор хуучны танилтайгаа дахин уулзахад таатай байлаа. 

Ээж нь Хяргасын долоон жилийн сургуульд миний доод ангид сурч байсан урлаг соёлд авъяастай, сургуулийн концертод дуулдаг хөгжимддөг, хүүхэд багачуул бидний анхаарал сонирхол татсан царайлаг, тухайн үеийнхээ од болсон Нацагийн Пэлжир хэмээх охин байсан юм. Өнгөрсөн зун Саруул бүсгүйтэй ээжийнх нь тухай иймэрхүү яриа хөөрөө болж байж билээ... 

Эднийх таван ортой найман гэр, дөрвөн ортой таван байшинтай цомхон бааз юм. Зоогийн газар, албан контор, гал тогоо нь тусдаа байшин барилгатай. Хоёр гурван жилийн өмнө хэд хоног ирж амрахад ариун цэврийн байгууламж, шүршүүр нь боломжийн ажиллаж байсан. ”Ёслол хүндэтгэлийн өргөө”- тэй болж байна гээд Өвөрхангайн Уянгын арван ханатай сийлбэртэй гэр барьж байхад нь өнгөрсөн зун таарч байв. 

Манай нутгийн нэрийн хуудас болсон Хорлоогийн Баянмөнх аварга тэр үед эдний амралтад амарч байв. “Баянаа аварга манай өргөөний анхны зочин болно...” гээд бид билэгшээж байна аа гэж эдний баазынхан тэгэхэд ярьж байсан юм. Гэрийн доторх ор, ширээ сандал ч сийлбэртэй, Уянгын хийц юм билээ. Гадна дотны зочин ирэхэд танайхан нүүр улайхааргүй болжээ гэж би тэдэнд өнгөрсөн зун хэлж байв... 

Энэ зуны наадмаар энэ гэрт зочин гийчин ёстой пиг л байсан гэнэ. Одоо л зочдын урсгал татарч байна гэж Саруул бүсгүй ярьж байлаа. Бид дөрвөн ортой гурвалжин байшинд тухаллаа. Үдийн хоолондоо орчихоод шууд нуурандаа умбаж шумбацгаав. “Хэцүү хад” байгалийн өвөрмөц тогтоц, хад хавцлынхаа үзэмжээр аялагчдын анхаарал сонирхлыг илүүтэй татдаг бол “Нуурын шугам” хавь бол халуун зөөлөн элс, нуур усны намуухан байдал, далай тэнгислэг төрхөөрөө амрагчдыг илүү татдаг гэж би ойлгодог юм. 

“Хэцүү хад”амралтын тэр хэсэгт нуурын ус хад чулуу ихтэй, огцом гүнзгийрчихдэг бол “Нуурын шугам”-ынх огт өөр. Захаас нь арваад метр явахад нуурын ус бүсэлхийнээс арай д ээхнүүр татна. Дахиад гурав дөрвөн метр алхахад хүзүү хавиар татах жишээтэй. Тэгээд ч хөл дор зөв зөөлөн элс хайрга. Багачуул ч зах хавиар нь умбаж шумбаад тоглож наадаж байхад аюул эрсдэл бага. Давс хужир арвинтай усанд хэсэг шумбачихаад наранд халсан зөөлөн элс, нарийн хайрга дээр хэвтэж байх тун ч таатай. 

“Нам засгийн буянаар газар газрын нуур далай бишгүй л үзлээ, Хяргастай тэднийг харьцуулах ч юм биш дээ...” гээд арваад жилийн өмнө нэгэн нийтлэлдээ нутгийн энэ нуураа магтан бичиж байлаа. Одоо ч энэхүү магтаалдаа үнэнч явдаг болохоор жилийн жилд Хяргас руугаа тэмүүлсээр байх болжээ. 

Дээхэнтэй гүн с оциализмын үед манай нам төрийн зарим томчуул зундаа энэ Хяргас нуурт ирж тогтмол амардаг байсан гэдэг. Улс төрийн Товчооны гишүүн Д.Майдар гэх эрхэм хэдэнтээ ирж амарч бас загасчилдаг байж. Тэрээр Хяргасын энэ давс хужиртай ус тархины судасны хатуурлыг илааршуулах увидастай юм байна гэж ойр тойрныхондоо ярьсныг нь манай Хяргас нутгийн уугуул, нам төрийн нэртэй зүтгэлтний нэг Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Т.Рагчаа гуай “Ардын эрх” сонинд ярилцлага өгөх үеэрээ завсарт нь нэг хуучилж байсныг би санадаг юм. 

Тийм чанар байхыг ч үгүйсгэмгүй. Амралтын эзэгтэй Ж.Саруултай би энэ талын яриа өдөхөд тэрээр: Манай энэ шугамд Хяргасын баядууд их ирдэг юм шдээ, Баянаа аварга гэргийтэйгээ сүүлийн хэдэн жил бараг тасралтгүй ирж байх шиг байна. Нуур усныхаа увидасийг нь мэддэг болохоороо л жил бүр ирж байдаг байлгүй. Хүүхэд шуухадтай хүмүүс майхантай ирээд нуурын эрэг хавиар хэд хонож л байдаг юм, агаар ус нь амьсгалын замын элдэв эмгэг илааршуулахад хэрэгтэй ч байж мэднэ гэж байв. 

Энэ яриа болохоос хоёр хоногийн өмнө бид Нуурын шугамын нарийн үзүүрийн торгон хэсэгт очиж усанд оронгоо тэр хавиар аялал хийс эн юм. Биднийг тэнд очиход нуурын тэр үзүүрт нэг залуу гэр бүл бага шиг майхантай буудаллачихсан байна лээ. Уг нь энд тэр болгон амрагч аялагчид ирж буудаллаад байдаггүй зэлүүдхэн газар л даа. М айхны гадна хотын дугаартай Приус-20 , хажууд нь тав зургаан настай хүү тоглож харагдсан. 

Хүүгийн ээж өлгийтэй нялхыгаа тэвэрч бүүвэйлээд майхныхаа өмнө налдаг сандал тавиулаад суучих аж. Цагаан алчуураар толгойгоо битүүлчихсэн болохоор нь саяхан амаржсан ч юм болов уу гэхээр. Зүгээр л нэг амрах гээд хүрээд ирсэн хүмүүс биш байх гэсэн бодол төрж байсан. Лам багш ч юм уу, эмч домч нь ч юм уу хэн нэгэн эдэнд зөвлөөд л ийшээ явуулсан байж болох.

Учир байдал асууж тэдэн дээр очмоор санагдсан ч нялх нярайтай тэдний амгалан байдлыг алдуулчих байх гэж бодоод тийшээ зүглэж зүрхлээгүй юм. Уугуул нутгийнхаа нуур уснаас аврал энэрэл эрээд энэ үзүүрийн хайрга элсэн дээр бууцгаасан байх... 

Хоёр жилийн өмнө би Хяргас сумын эмнэлгийг миний авга ах, доктор профессор, Гавъяат эмч Г.Жамбын нэрэмжит болгох ёслолд оролцохоор бид гэр бүлээрээ Хяргаст ирэхдээ хамаатан саднуудтайгаа хамт нуурын эрэгт гурав хоног амарч билээ. Эхнэр маань хотоос гарахдаа ханиад хүрч эм тан болж явсан юм. 

Онгоцонд даарсан уу ханиад нь улам үгдрээд эм нь ч тус болохгүй сандаргаж нэг хоёр хонов. Онгоцоор буцаах санал хүртэл тавьж байлаа би. Түүнийг ч тэр хүлээж авсангүй, харин ч биднийг дагаад өдөртөө нуурын усанд хэдэнтээ орж,- элс хайрган дээр нь хөрвөөсөөр байтал удаж төдөлгүй нөгөө ханиад бүгшээ нь бүрэн илааршиж сүүлдээ эм тан ч хэрэггүй болсон. 

Тэгээд л эхнэр маань Хяргас нуурын энэ ус, халуун элс хайрга, энэ хавийн бүлээн дулаан агаар орчинд их учир байна гэж сүрхий сүсэглэх болсон юм... 

Өнгөрсөн жил бид найз нөхдийн хамт Алтай таван Богд руу аялна гэхэд эхнэр маань Хяргасаар дайрч ганц хоёр хононо биз дээ гэж байгаад л наашаа зүглэж байлаа. Өлгий, Улаангом, Тэс, Ховд гээд өдөр хоногоор төлөвлөсөн тэр аялалд олуул явсан болохоор Хяргас нуурт огтхон ч тухлаж чадаагүй юм. 

Тэгээд л энэ жил хүүгээрээ машинаа бариулж ойр зуурт үйлчлүүлсэн шиг тааваараа аялацгааж яваа маань энэ. Дөрөв хоног амрахдаа бага үд, их үдийн дараа хоёроос гурван цаг нууранд орж, халуун элс хайрган дээр нь нарлах хөтөлбөртэй байлаа. Нэг өдөр нь хоёр цаг гаруй байрныхаа ойрхноос хөмүүл түүж давсалж дарцгаав. Хотын хамаатнууддаа өгөх нутаг усны “брэнд”. Өөрсдөө ч хоёр гурван сар хоолны хольц болгоход хүрэлцэхээр юм. 

Нуурын хавь ойр тэр чигээрээ хөмүүлийн талбай. Амралтын эзэгтэй Саруулд би хөмүүлийг танайхан бизнес болгож болохоор юм бишүү гэдэг санал хүртэл хэлээд авав. Оюутан хүүхдүүд ажиллуулж түүлгээд хөмүүлийн дарш бэлтгээд савлаад аймаг, хот оруулж борлуулбал ард иргэдийн хүнсэнд ч, ажилласан оюутан залууст ч, танай компанийн ашиг орлогод ч ач тустай баймаар санагдах юм гэж ярилцаж байлаа. 

Үндэс угийг нь гэмтээхгүй хайчлаад түүвэл хөмүүл ирэх зун ч бас л ногоороод байж байх нөхөн төлждөг баялаг. Нуур ус маань ч үе удмаараа, хэдэн үеэрээ ч хайрлан хамгаалууштай хамгийн үнэтэй баялаг. Үргэлжлэл бий...


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна