“ДАКАРТ”-Т УРАЛДАХ ТӨМӨР ХҮЛГҮҮДИЙГ 100 ХУВЬ “НОГООН” БОЛГОХОО АМЛАЛАА

Админ
2021/01/20

Авто спортын дэлхийд хамгийн алдартай бартаат замын “Дакар” уралдаан энэ жил Саудын Араб улсын газар нутагт явагдлаа. Энэ сарын 3-нд Саудын Арабын Жидда хотоос эхэлсэн гараа өнгөрсөн баасан гарагт барианд орлоо. Төмөр хүлэгтнүүд нийт 12 гараанд уралдаж ялагчаа тодруулсан аж. 

43 дахь удаагийн “Дакар ралли”-д тамирчид Улаан тэнгисийн эргийн элсэн цөлөөр 7646 км замд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорив. Автомашины төрөлд домогт Стефан Петерансель “Дакар”-ын 14 дэх түрүүгээ хүртлээ. Харин ачааны автомашины төрөлд ОХУ-ын “КаМАЗ-мастер” багийнхан 18 дахь удаагаа аварга цолоо хамгааллаа. 

Оролцогчдын хэлж буйгаар, энэ удаагийн “Дакар ралли” сүүлийн таван жилийн хамгийн хүнд нөхцөлд явагдсан тэмцээн аж. Зохион байгуулагчид ч замын чиглэлийг гараанаас гараанд хүндрүүлж байжээ. Энэ жил Саудын Арабт уралдааны таван ангилалд 286 багийн 558 тамирчин хүч сорихоор бүртгүүлсэн байв. Гэвч уралдаан эхлэхийн өмнө хэдэн хүний “Ковид19”-ийн шинжилгээний хариу эерэг гарч уралдааны замд гарч чадсангүй. 

Мотоциклийн төрөлд 101, дөрвөн дугуйтад 16, жийп ангилалд 61, SSV-д 61, ачааны автомашинд 44 баг гараанаас гарсан. Өмнө нь “Дакарт” дөрвөн ангиллаар уралддаг байсан бол энэ жил SSV буюу задгай дээвэртэй мото бартаа туулагчийн төрөл нэмэгдсэн. 

МОТОЦИКЛЬЧИД ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ТЭМЦЭЛДЭВ 

Мотоциклийн ангилалд 101 тамирчин бүртгүүлсэн барианд 63 нь орж ирсэн. Тэднээс ердөө 37 мотоцикльч байранд орж, бусад нь “Dakar Experience” шагнал буюу туршлага хуримтлуулсан гэхэд болно. Дээрх 37 тамирчнаас зургаа нь эцсээ хүртэл аваргын төлөө өрсөлдлөө. Мото раллийн дэлхийн аварга “Husqvarna” хөлөглөсөн Пабло Кинтанилья аварга болсон тамирчнаас нэг цагаар хоцорч барианд орсон. Бусад нь “Хонда” болон “КТМ”-ээс хоёр цагаас илүү хугацаагаар хоцорлоо. 

1989 оноос хойш “Хонда” багийнхан “Дакар”- ын түрүүг анх удаа өнгөрсөн жил хүртсэн. Энэ удаа Кевин Беньявидес түрүүлж, 2020 оны аварга Рики Брабек хоёрдугаарт шалгарлаа. Эхний хоёрт хурдалсан “Хонда”-гийнхан уралдааны сүүлийн өдөр “KTM Factory Racing” багийн мотоцикльч Их Британийн Сэм Сандерленыг ардаа орхив. 

Ийнхүү Сэм Сандерлен хамгийн сүүлийн гараанд навигацын алдаа гаргаж, өрсөлдөгчдөөсөө 11 минутаар хоцорч, түрүүлэх боломжоо алдлаа. Харин Беньявидес болон Брабек нар нэг ч алдаа гаргалгүй барианд орсноор “Honda” багийнхан 1987 оноос хойш анх удаа “Дакар”-ын эхний хоёр байрыг эзлэв. Харамсалтай нь, энэ удаагийн “Дакар” уралдаан ч мото уралдаанчдын хувьд аюулгүй өнгөрсөнгүй.

 Энэ удаа ч нэг тамирчин осолдож, амиа алдлаа. Францын Пьер Шерпен долдугаар гарааны үеэр ноцтой осолдож, толгойдоо гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн. Харамсалтай нь, уралдаан дуусах өдөр мотоцикльч амьсгал хураажээ. 

С.ПЕТЕРАНСЕЛЬ ШАГНАЛЫН ЦУГЛУУЛГАА АРВИЖУУЛЛАА 

“Дакар”-ын хамгийн сонирхолтой төрөл болох жийп автомашины ангилалд домогт тамирчдын хооронд гол өрсөлдөөн өрнөлөө. Францын Стефан Петерансель, Катарын Насер Аль-Аттия болон Испанийн Карлос Сайнс нарын ээлжит ширүүн тулааныг дурдахгүй бол үл хүндэтгэл болно. Тэдний тулаан 2012 оноос хойш үргэлжилж буй. 55 настай хашир тамирчин Стефан Петрансель энэ удаа шилдэг гэдгээ дахин харууллаа. 

Ийнхүү тэрбээр сүүлийн арван жилийн дотор таван удаа “Дакар”-ын түрүү магнайг хүртэв. Энэ хугацаанд “Mini” болон “Peugeot” хөлөглөж уралдсан. Энэ жилийн хувьд “Mini”-тэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэв. Петранселийн гол өрсөлдөгч Катарын Нассер АльАттия “Toyota”-гаар уралдлаа. Стефан Петерансель “Дакар” уралдаанд мотоцикль болон жийп автомашины төрөлд нийт 14 удаа түрүүлээд байна. 

QUAD АНГИЛАЛД “YAMAHA”-Г ГҮЙЦЭХ БАГ АЛГА QUAD 

(квадроциклы) буюу дөрвөн дугуйтын ангилалд 16 баг гараанаас гарсан ч, барианд 11 нь орж ирлээ. Энд Боливийн “Team Can-Am Martinez” багийн хоёр уралдаанч байсныг онцлох ёстой. Тэд эхний шатнаас зугаацахын тулд уралдсан мэт харагдаж байв. 

Тэд түрүүлсэн багаас 29 ба 31 цагаар хоцорсон. Бас нэг тамирчин Тони Вингут нийлбэр дүнгээр 23 цагаар хоцорч барианд орлоо. Энэ гурав өөрийнхөөрөө яаралгүй явсаар Жиддад ирсэн ч тэднийг жагсаалтаас хассангүй. Бусад найман уралдаанч гайгүй сайн уралдсан гэхэд болно. “Дакар-2021”-т нийлбэр дүнгээр “Yamaha Raptor 700” хөлөглөсөн Аргентины Мануэль Андухар түрүүллээ.

Тэрбээр, марафоны гараанд түрүүлснээр нийлбэр дүнгээр тэргүүлж эхэлсэн. Түүнээс хойш эхний байраа алдалгүй явсаар түрүүллээ. Хоёр ирсэн Чилийн Жованни Энрико түрүүлсэн тамирчнаас 33 минутаар хоцорч барианд орсон. 

ШИНЭ АНГИЛАЛ LIGHTWEIGHT VEHICLE 

Энэ жилийн “Дакар”-т “Lightweight Vehicle” (багги) хэмээх шинэ ангилал оруулсан. Дотроо T3 болон T4 (SSV) гэсэн янзаар уралдсан. Т3 ангилалд хоёрдугаар байрт эмэгтэй баг шалгарлаа. Италийн Камелия Липароти ахлагчтай баг Арабын цөлд гайхалтай уралджээ. Камелия анх 2002 онд “Дакар”-т гэрэл зурагчин болон сурвалжлагчийн хувиар оролцож байв. 

Тэр шийдэмгий байж эхлээд мотоцикль, дараа нь дөрвөн дугуйтаар уралддаг болсон. 2010 онд “Дакар”-т гараанаас бариа хүртэл шандас сорьж, нийлбэр дүнгээр 13 дугаар байрт шалгарчээ. Тэрнээс хойш уралдаанд нэг ч удаа алгасалгүй оролцож буй. 

SSV ШИНЭ ТҮВШИНД

 Саудын Арабт SSV (T4) ангилалд 29 машин барианд орлоо. Уг төрөлд “Дакар”-ын мото төрөлд олон жил уралдсан ахмад туршлагатай Аргентины Франциско Лопес Контардо тэргүүллээ. Энэ удаа “Chaleco” давамгайлсан гэхэд болно. Эхний гуравт “Кан-Ам”-ын төмөр хөлгүүд давхилаа. 

“КАМАЗ-МАСТЕР” БҮХ ШАГНАЛЫГ ХАМЛАА 

“Дакар”-ын ачааны автомашины ангилалд хойд хөршийн “КамАЗмастер” багийн урд гарах тэрэг гарсангүй. Эхний гурван байрын бүгдэд нь “КамАЗ”-ууд орлоо. Нэгдүгээрт хурдалсан Дмитрий Сотников ахлагчтай баг хоёрт давхисан өнгөрсөн оны аварга Антон Шибаловын “КамАЗ”-аас 39 минутээр түрүүлж барианд хүрсэн. Гуравт Айрат Мардеевын баг шалгарлаа. Дөрөв, тавдугаар байрт Чехийн “IVECO” болон “PRAGA” баг орлоо. 

2030 ОН ГЭХЭД “ДАКАР” 100 ХУВЬ “НОГООН” БОЛНО 

Эцэст нь энэхүү уралдааныг амжилттай зохион байгуулж чадсан хүмүүст баярласнаа тамирчид илэрхийлжээ. Саудын Араб хилээ хаасан ч гэсэн зохион байгуулагчид бэрхшээл саадыг даван туулж, уралдааныг сайхан явууллаа. Оролцогчдоос байнга “Ковид19”-ийн шинжилгээ авч, халдвар тархахаас дээд зэргээр хамгаалж чадлаа. Өвчтөнүүдийг цаг тухайд нь тусгаарлаж, хоёр долоо хоногийн турш ямар ч асуудал гаргасангүй.

Түүнчлэн зохион байгуулагчид “Ногоон Дакар” зохион байгуулах төлөвлөгөөг танилцууллаа. 2030 он гэхэд уралдааныг бүхлээрээ байгальд ээлтэй цахилгаан хөдөлгүүртэй техникээр хийнэ гэж амлаж буй нь одоо үлгэр мэт сонсогдож магадгүй. 

Гэхдээ 10 жилийн дараа гэхэд “Дакар”-т тоосоо өргөх төмөр хүлгүүд бүгд цахилгаан хөдөлгүүртэй уралдана гэдгийг зохион байгуулагчид амлалаа. Сүүлийн хоёр удаагийн “Дакар”-т анх удаа хайбрид хөдөлгүүртэй “Renault C460 HYBRID” ачааны автомашин уралдлаа. 

Мөн 100 “ногоон” хөдөлгүүртэй анхны цахилгаан ачааны автомашиныг “Gaussin” компани ирэх жил “Дакар” уралдаанд сойхоор бэлтгэж байна. Төслийн удирдагчдын хэлж буйгаар, уг автомашин нэг цэнэглэлтээр 1000 км-ын замыг туулах чадвартай гэнэ.

“ДАКАР” БАРТААТ ЗАМЫН ОЛОН ӨДРИЙН РАЛЛИ УРАЛДААН.
                           НИЙЛБЭР ДҮН

Мотоцикль

1. Кевин Бенавидес (Аргентин, “Хонда”) - 47 цаг 18 минут 14 секунд
2. Рикки Брейбек (АНУ, “Хонда”) - 4.56
3. Сэм Сандерленд (Их Британи, “КТМ”) - 15.57
Квадроцикль буюу дөрвөн дугуйт
1. Мануэль Андухар (Аргентин, “Ямаха”) - 60:28.29
2. Джованни Энрико (Чили, “Ямаха”) - 33.44
3. Пабло Копетти (АНУ, “Ямаха”) - 3:00.58
Жийп
1. Стефан Петерансель (Франц, “Мини”) - 44:27.11
2. Нассер Аль-Аттия (Катар, “Тойота”) - 14.51
3. Карлос Сайнс (Испан, “Мини”) - 1:01.57...
Мото бартаа туулагч буюу SSV
1. Франсиско Лопес Контардо (Чили, “Кан-Ам”) - 53:41.02
2. Остин Жонс (АНУ, “Кан-Ам”) - 17.23
3. Арон Домжала (Польш, “Кан-Ам”) - 51.53...
Ачааны автомашин
1. Дмитрий Сотников (ОХУ, “КамАЗ”) - 48:21.21
2. Антон Шибалов (ОХУ, “КамАЗ”) - 41.38
3. Айрат Мардеев (ОХУ, “КамАЗ”) - 1:16.35...



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна