Д.Баттогтох: ЖҮЖИГЧНЭЭР АЖИЛЛААД БҮТЭЭСЭН АНХНЫ ГОЛ ДҮР МААНЬ “ШИЛЖИЛТ” КИНО

Админ
2021/01/20

Д.БЯМБАСҮРЭН

Өсвөр насны хүүхдүүдийн хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн хоорондох зөрчлийг харуулсан "Шилжилт" хэмээх Action& Drama төрлийн бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Д.Баттогтохыг "Шинэ танил" буландаа урьж ярилцлаа. Тэрбээр БНСУ-д жүжигчин мэргэжлээр сурч төгссөн нэгэн юм байна. 

-Хоёулаа жүжигчин мэргэжлийг сонгох болсон түүхээс тань яриагаа эхэлье? 

-Багаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Тухайн үед эргэн тойрны хүмүүс болон миний хувьд ч түр зуурын хүсэл гэж харж байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам мөрөөдөл маань улам хүчтэй болж байсан юм. 

Тэгээд жүжигчин мэргэжлийг сонгосон доо. Одоо энэ мэргэжилдээ эзэн нь болж явахыг хичээдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ багын мөрөөдлийг үгүйсгэх тохиолдол байдаг. Тиймээс аль болох хүүхдүүдээ багаас нь сонсож, юунд дуртай, ямар авъяастайг нь олж хөгжүүлэх хэрэгтэй юм билээ. 

-"Шилжилт" кино таны анхны гол дүр үү ? 

-Тийм ээ. Миний анхны гол дүр. 2015 онд сургуулиа төгсөж эх орондоо "Замбуулин дуусах болоогүй", "Эзэгнэгч", "Шуугиан таригч" зэрэг бүтээлийн туслах дүрд ажилласан. Дараа нь Б.Нямдаваа найруулагчийн бүтээл "Шилжилт" кинонд дүрийн шалгаруулалт өгч тэнцээд, гол дүрд тоглохоор болсон юм. 

Хайр дурлал, хоорондын зөрчилдөөн гээд өсвөр насны хүүхдүүдийн шилжилтийн насны үед гардаг асуудал, бэрхшээлүүдийг өгүүлсэн кино. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ юу хүсч мөрөөддөгийг тэр бүр мэддэггүй, анзаардаггүй. Тиймээс энэ бүтээл өсвөр насны хүүхдүүдийн өмнөөс дуугарснаараа онцлог юм. Дараа нь тус найруулагчийн "Байрны ах" уран бүтээлд мөн хамтран ажилласан.

-Сүүлийн үед дүрийн санал хэр ирж байна вэ?

-Бүтээлийн саналууд ирж байгаа. Цар тахлаас урлагийнхны ажил зогсонги байгаа шүү дээ. Тэр дундаа жүжигчин, кино уран бүтээлчдийн хувьд ажиглалтын байдалтай байна. Удахгүй өвчин арилж, цаг сайхан болохоор шинэ киноны дүрээр үзэгчидтэй уулзах байх. 

Миний хувьд гол, туслах гэлтгүй ямар нэгэн уран бүтээл дээр ажиллана гэдэг амаргүй гэж боддог. Кино уран бүтээлд дүр амилуулна гэдэг тухайн хүнээс олон талын чадвар шаарддаг. Жүжигчин хүн ямар ч дүрд тоглох чадвартай байх ёстой гэж боддог. 

-Хүмүүс өөрийг тань "Амьдралын ээдрээ" киноны Ким Инхатай төстэй гэдэг юм билээ. Тэр тухай сонсож байв уу? 

-Сонсож байсан. Солонгост сурч байхад ангийнхан маань Монгол Инха гэж хочилдог байсан шүү /инээв/. 

-Залуу уран бүтээлчийн хувьд тоглохыг хүсдэг дүр бий юү? 

-Дөнгөж эхэлж байгаа болоод ч тэр үү хариуцсан ажлаа хариуцлагатай, чанартай хийе гэсэн бодолтой явдаг. Миний бодлоор хүн аливаа зүйлийг хүсч мөрөөдөхийн өмнө хариуцсан зүйлээ сайн хийж байж дараагийн шат руу ахидаг гэж ойлгодог. 

Анзаараад байхад зарим залуус өмнөх ажлаа хийхгүй мөртлөө түүнээсээ томыг мөрөөддөг. Мөрөөдөх буруу биш л дээ. Гэхдээ хүн юу хураана түүнийгээ л хүртдэг. Өнөөдөр юу хийж байгаагаас хамаарч ирээдүй шалтгаалдаг гэж боддог. 

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач? 

-Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болох зорилготой байна даа. Мэргэжлээрээ ажиллахгүй, өөр салбарт ажиллаж байгаа залуус олон байх шиг. Мэдээж үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа болов уу. 

Гэхдээ л өөрийн сонгосон мэргэжилдээ үнэнч хандаж, мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэх хэрэгтэй гэж бодож байна. Харин мөрөөдлийн хувьд хамаагүй ярьвал биелдэггүй гэдэг биз дээ. Том мөрөөдөл бий. Мэргэжилдээ үнэнч явахад мөрөөдөл биелнэ гэж боддог шүү. Бүхнийг цаг хугацаа харуулах байх.


9
11
3
7
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.185.232.33
    2021/01/21

    Уран бүтээлийн өндөр амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.188.220
    2021/01/21

    Санасандаа хүрч сайхан дүр бүтээхийг хүсэн ерөөе

    Хариулах
  • 64.119.18.251
    2021/01/20

    Тэр ёстой хөөрхөн кино болсон дүрээ яг гоё бүтээсэн амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.190.163
    2021/01/20

    хөөрхөн шүү. амжилт хүсьемонгол Инкад

    Хариулах
  • 202.55.188.84
    2021/01/20

    Сайхан ярилцсан байна.амжилт хүсье. Монгол Инха.

    Хариулах
  • 122.201.31.220
    2021/01/20

    Уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

    Хариулах