Р.Сүхболд: Үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр бүтээх эрмэлзлэл бий

Админ
2021/01/27

П.АМГАЛАНБАЯР

“Нийслэл хүүхэн” ОАК кинонд бүтэлгүй, хөгжилтэй хөдөөний Сүхбат гэх залуугийн дүрийг бүтээж, тухайн киноны нэгэн өнгө төрхийг тодорхойлсон авьяаслаг залуу жүжигчин Р.Сүхболдтой ярилцлаа. Багаасаа урлагт дуртай байсан нь түүнийг энэ замд эргэлт буцалтгүй тэмүүлэхэд хүргэжээ. Мөн найзуудтайгаа “Мааз” хамтлагаа байгуулж, “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн” зэрэг уран бүтээл туурвисан билээ.

-Сүүлд “Нийслэл хүүхэн” киноны Сүхбат гэх дүрээр үзэгчидтэй уулзаж байгаа. Уг кинонд хэрхэн тоглох болсон талаар яриагаа эхэлье? 

-“Нийслэл хүүхэн” киноны Сүхбат гэх залуугийн дүрд тоглох санал өнгөрсөн оны зургаадугаар сард ирсэн. Зохиолоо уншихад маш их таалагдсан. Надтай ойролцоо нэртэй, гэгээлэг гоё дүр байсан болохоор сэтгэлд ойрхон буусан. Гэхдээ нэг зүйлд их эргэлзэж байсан л даа. Би махлаг учраас харагдах байдлаасаа ямар байх бол, тохирох болов уу гэсэн бодол. Гэхдээ хөдөөний хүн учраас дээл өмсдөг болохоор гайгүй юм болов уу гэж бодсон. Түүнээс хойш хоёр сарын дараа кино зураг авалтад орсон. -Кино зураг авалтаа хаана хийсэн бэ? 

-Тэрэлж голын цаахан Бумбатын ам гэдэг газар кино зургаа авсан. Уул, ус, ургамал ногоо жигдэрсэн, хүний хөлд талхлагдаагүй маш сайхан байгальтай юм байна лээ. Туул, Тэрэлж голын хөвөөнөө хийгдсэн үнэхээр дурсамжтай 45 хоногийн кино зураг авалт байсан. Нутгийн айлуудтай сайхан танилцаж, бараг ах дүү болсон. Цаг сайхан болохоор зун гэр бүлтэйгээ аялахаар болбол Тэрэлж голынхоо хөвөөг бараадаж, айлуудаар орох бодол байна. Кинонд хамт тоглосон найзуудтайгаа өмнө нь 3-4 уран бүтээлд хамтран ажилласан учраас ойлголцоход дөхөм байсан. Өдрийн зураг авалт дуусахаар нь орой түүдэг гал асааж тойрч суугаад, гитартай дуулж, ярьж хөөрч суусан их сайхан цаг хугацаа байсан даа. 

-Урлагийн салбарт нэгэн зүгт тэмүүлж буй залуус, туршлагатай уран бүтээлчидтэй хамтран ажиллахад аливаа зүйлд хандах хандлага, мэргэжлийн ур чадвар гээд олон зүйлийг харж, сонссон болов уу? 

-.Тэгэлгүй яах вэ. МУГЖ С.Лхагвасүрэн ах, МУГЖ С.Өлзийхүү , МУГЖ Ш.Алтанцэцэг, МУГЖ М.Баярмагнай гээд хүүхэд байхаас уран бүтээлийг нь үзэж харж, биширч өссөн ах, эгч нартайгаа хамт нэг кинонд тоглосондоо баяртай байна. Эдгээр жүжигчдийн тоглолт, хувь хүний хандлагад үлгэр жишээ авч, өөртөө суулгасан олзуурхууштай кино зураг авалт болсон. 

Зураг авалтын үеэр “Үүн дээр ингээд ажиллавал их зүгээр юм байна” гэж зааж зөвлөнө. Мөн энэ киноны зургийн явцад хүний нүдний харц олон зүйлийг өгүүлдэг гэдгийг ойлгосон. Сүүлд зураг авалт дууссаны дараа зурагтаар хөдөө байгаль гарахаар, бас киногоо үзэж байхад энэ зургийн үеэр ингэж байсан даа гээд дурсамж хөвөрдөг.-Тухайн киноны ахуй орчин, өгүүлэмж монгол гэж тодотгох олон зүйлийг харуулдаг. Өөрөө хөдөөний ахуй, амьдралтай хэр ойр вэ?

 -Би Ховд аймгийн Мөст сумын харьяат. Манай гэр сумын төвд байсан ч зуны амралтаараа хөдөө өвөө, эмээ дээрээ очно. Есөн нас хүртлээ зуныхаа амралтаар хөдөөг зорьдог хүү байлаа. Манай нутаг сарлаг ихтэй. Тэгээд тугалд явна. Хонь хариулна, морь унана гээд хөдөөний ахуйд ойр өссөн.

 -Аав ээжийгээ танилцуулаач. Ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ? 

-Аавыг минь Ц.Рагчаабазар гэдэг. Насаараа нийгмийн даатгалд ажилласан. Ээжийг минь Н.Долгор гэдэг, ёочин хөгжим тоглодог, Улсын тэргүүний уран сайханч. Урлагийг хөдөөгийн хүмүүст хүргэдэг байсан тэр үеийн уран бүтээлчдийн нэг. Манайх 2002 онд Улаанбаатар руу шилжиж ирсэн. Аймгийнхаа төв рүү ч орж үзээгүй хүүхэд нийслэлд ирж байлаа. Улаанбаатар хотод амьдардаг монголчууд гаднын оронд очоод ямар мэдрэмж авдаг яг түүн шиг анхны бүхэн содон санагдаж байсан. Одоо аав, ээж хоёр минь тэтгэвэртээ гарчихсан, гутлын бизнес эрхэлдэг. Бас аав, ээж хоёр минь их сайхан дуулдаг. Хоёр ачтнаасаа хүмүүний ховор заяаг олж, урлагийн авьяасыг нь өвлөн авсандаа маш их баярладаг. Аавынхаа аливаа зүйлд хүлээцтэй, хянамгай ханддаг зан чанарыг би өөрөөсөө олж хардаг. Ээжээсээ уян, дөлгөөн занг нь дуурайсан байх гэж боддог доо. Би чинь дуу сонсоод ч уйлчихдаг уян хүн шүү дээ. Хуримынхаа үеэр сэтгэл хөдлөөд их олон удаа нулимс унагасан. Ямартай ч манай хадам талынхан “Их л уяхан хүргэнтэй болж байгаа юм байна даа” гэж байхав. 

-Эхээс долуулаа гэсэн. Олуулаа байх их сайхан байх даа?

 -Би дөрвөн эгч, хоёр ахтай айлын отгон хүү. Ийм хувь заяанд төрсөндөө маш баярладаг. Олуулаа байна гэдэг их сайхан шүү. Бага байхад хоолоо хурдан идэхгүй бол, нэмж идэж чадахгүй. Арван жилд байхдаа дунд ахынхаа хувцсыг хулгайгаар өмсөнө, баригдана, зодуулна. Дөрвөн эгчтэй учраас хоол бэлтгэхэд оролцдоггүй байлаа. Ямар нэг зүйл болбол ах эгч нар маань надаар аав ээжид хэлүүлнэ гээд олон нандин сайхан дурсамж бий. 

Одоо бид аав ээжийндээ очоод бөөнөөрөө цуглараад, ярилцаж сууна, хөзөр тоглоно. Баяр ёслол, хүнд хэцүү цаг хугацаа гээд бүхий л үед бие биенээ ойлгох, аливаа асуудлаа ярих, шийдэх гээд олуулаа байх сайхан шүү. -Аав, ээж тань хүүхдүүдээ юуг захиж сургаж, хэрхэн хүмүүжүүлдэг байв

-Байгаа зүйлээ зөв эдэлж, хэрэглэж байгаарай. “Ямар ч тохиолдолд худлаа хэлж , хулгай хийж, буруу замаар будаа тээж болохгүй шүү” гэж хэлдэг байсан. Ер нь аав, ээж минь тэр болгон захиж хэлэхээсээ илүү үйлдлээрээ аливаа зүйлийн учрыг ойлгуулж, таниулдаг. Тийм болохоор тэднийхээ чихийг халууцуулахгүй өөрийгөө, амьдралаа авч явж, ачийг нь бага ч болов хариулах юмсан гэж боддог доо. Аав, ээждээ боломжоороо хэдэн төгрөг өгч, сүү аваад очдог юм. Тэр хүмүүсийн аугаа хайр дэргэд энэ бүхэн өчүүхэн шүү дээ.Тэгэхээр зөв явж баярлуулах хэрэгтэй болов уу.

 -Өөрийн тань багын мөрөөдөл урлагийн хүн болох байв уу?

 -Арван жилд байхдаа ангийнхаа урлагийн үзлэгийг бэлдүүлдэг хүүхэд байлаа. Дуулах дуртай ер нь урлагт хайртай хүүхэд байсан. Хамгийн анх “Хэцүү анги” киноны дүр сонгон шалгаруулалтад орж тэнцэж байсан. Үүнээс хойш жүжиглэлтийн хажуугаар дуулах боломжтой юм байна гэж бодсон. Тэгээд жүжигчин болохоор шийдсэн дээ. Багынхаа мөрөөдөлдөө хүрэх гэж хичээж явна . “Хэцүү анги” кинонд тоглосноос хойш найзууд маань миний бие, нүдний онцлогоос шалтгаалаад “Тагтаа” гэж нэрлэдэг болсон.

-СУИС-д анх урлагийн менежментийн ангид орсон юм билээ. Хүсэл мөрөөдлөө дагаад жүжигчний ангид орохоор шийдсэн үү? 

- Би 2010 онд СУИС-д элсэхээр шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тэгээд урлагийн менежментийн ангид орлоо. Дотроо бол энэ ангидаа сурч байгаад жүжигчний ангид орох сонирхолтой. Тэгээд нэг сар өнгөрлөө, гэтэл жүжигчний ангид шилжиж орох хүсэл минь бүтэлгүйтэж, сургуулиасаа гарсан. 

Ээж маань Нарантуул зах дээр гутал зардаг байсан юм. Ээжийнхээ ажлыг хоёр сар хийлээ. Ингээд урлагийн хүн болох хүсэл минь наймаачин болж хувирав. Тэр үед дараа жилийн шалгалтдаа бэлдэх ёстой юм байна гэж бодсон. Тэр зунаа “Рашаантын 18”, “Бодлын хулгайч”, Шинэ үе продакшны “Доргио долоон эр”, “Худалч залуу” кинонд туслах дүрд тоглосон. Тэгээд намар нь СУИС-д шалгалт өгч тэнцэж байлаа. Ингэж хүсэж, мөрөөдсөн мэргэжлээрээ сурч эхэлсэн дээ. -Мэдээж оюутан цаг гэдэг хүн бүрийн хувьд олон зүйлийг таньж мэдэж, суралцсан, дурсамж үлдээдэг он жил байдаг шүү дээ. Оюутан цагаа эргэн дурсвал? 

-Анги удирдсан багш маань МУАЖ Б.Мөнхдорж гэж мундаг хүн бий. Манай анги нэгдүгээр курст 43 хүүхэдтэй байсан ч цөөрсөөр байгаад 15 хүүхэд төгссөн. Манай хамтлагийн н.Төмөрөө, н.Төмөртогоо, н.Энхсайхан, нөгөө ангид Б. Мишээл, манай Г.Жанчив, Т.Бадамжав гээд бүгд нэгэн үеийн төгсөгчид. Одоо амьдрал, уран бүтээлийн сайхан найзууд. Мэдээж, хүсэж тэмүүлсэн мэргэжлээрээ сурч байгаа болохоор бүхий л зүйлээ зориулдаг байсан. Сургууль дээр хичээлээ давтаж хононо. Оюутан цаг бол дурсамж дүүрэн цаг хугацаа байдаг. Сургуулийнхаа хажуу талын цайны газарт өр тавьсаар байгаад дампууруулж байлаа. Гэхдээ өр тавьсан ч гэсэн тодорхой хугацааны дараа өгдөг байсан л даа. Хожим талбай дээр явж байгаад нөгөө гуанзныхаа эгчтэй таарсан чинь “Нарийн боовны үйлдвэрт ажиллаж байгаа” гэж байсан. 

-Хүссэн мэргэжлээ эзэмшээд амьдралд хөл тавихад, бодсоноос хэр зөрүүтэй байв?

 -“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг. Аливаа зүйлд хичээл зүтгэл байвал, их бага ч гэсэн амжилт гардаг. Ямар ч ажилд чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагаа биелүүлэхэд тухайн хүн дараагийн уран бүтээлд оролцох санал тавих зэргээр урагшилж байна. Гол нь тууштай байх хэрэгтэй гэж боддог. 

-Сургуулиа төгссөнийхөө дараа анх ямар дэлгэцийн дүр бүтээв?

 -“Guys 666” хамтлагийн дуучин А.Төгсбаяр ахын найруулсан “Улаанбаатар би чамд хайртай” 16 ангит кинонд Цолмонгийн дүрийг бүтээсэн. Сургуулиа төгсөөд тоглож байгаа анхны кино болохоор их гоё байсан. Үүнээс хойш олон туслах дүрд тоглосон. Хэдий олон кинонд тоглоогүй ч бүтээсэн бүх дүрдээ хайртай. Дүр бүхэнд давтагдашгүй цаг хугацаа, дурсамж оршин байгаа шүү дээ. 

-Шинэ уран бүтээл төрөхөд чухал зүйлсийн нэг нь санхүүгийн асуудал. Ийм зүйлтэй хэр нүүр тулж байв? -Уран бүтээл хийхэд санхүүгийн асуудал маш чухал. Энэ бол өнөөгийн нийгэмд ажиллаж, амьдарч байгаа бүх хүнд тулгардаг асуудал. Зохиол сайн гарчихвал хүмүүстэй уулзаж, тэдэн төгрөг гаргая, эргээд тэд болгож өгнө зэргээр тохиролцоод уран бүтээлээ хийдэг болов уу. 

-Ямар дүрд тоглохыг хүсдэг вэ. Жүжигчин хүнд дүрийн шунал гэж байдаг даа? 

-Хүмүүст тухайн киноныхоо дүрээр танигдана, дүрээрээ амьдарна гэж байдаг шүү дээ. Жишээлбэл, С.Сарантуяа жүжигчнийг “Сүнжид” гэх нэрээр хүмүүс илүү нэрлэдэг. Тийм болохоор хүмүүс намайг дүрээр минь таньдаг, Сүхболд гэх хүнийг тодотгох дүртэй болохыг битүүхэндээ хүсдэг. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр бүтээх эрмэлзлэл бий. 

Цаасан дээр ямар дүр бичигдсэн түүний зан чанар, үйл хөдлөл илэрхийлэмжийг гаргахыг жүжигчин хүн зорьдог шүү дээ. Тиймээс өөрийнхөө хийж буй үйлдэл, үг бүр дээр анхаарч ажиллахыг хичээдэг. Би саяхан нэг нэвтрүүлэгт орсон юм. Тэгсэн үзэгчдийн сэтгэгдэл дээр “Наана сууж байгаа бондгор залуу хүн чанартай байх” гэсэн байсан. Би уншаад их баярласан. Цаашдаа эерэг байдлаар хүмүүсийн сэтгэлд үлдэхийн төлөө хичээнэ. -Оюутан цагийнхаа найзуудтайгаа хамтарч “Мааз” хамтлагаа байгуулж байсан. Анхны уран бүтээл нь хэрхэн төрж байв? 

- “Мааз” хамтлагаа 2012 онд байгуулсан. “GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаяр ах “Г.Жанчив, И.Төмөрхуяг, Минжин та дөрөв хамтлаг байгуулвал зүгээр юм байна” гэж хэлсэн. Эхний дууны үгийг А.Төгсбаяр ах бичиж, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн аяыг нь хийж “Би дурламаар байна” анхны уран бүтээлээ өлгийдөн авсан. Түүнээс хойш 8-9 дуутай болсон. 2016 онд “Би дурламаар байна” дуугаараа кино хийсэн. Гол дүрд нь бид гурав тоглож байсан. Одоохондоо бүгд кино урлаг руу түлхүү чиглэж ажиллаж байна. 

-Урлагийн хүнд аливаа харах өнцөг мэдрэмж их чухал байдаг болов уу? 

-Гудамжинд зөрөн өнгөрч байгаа хүний үйлдэл, үгийг сонсоно, харна, ажиглана. Дараа нь ямар нэгэн дүрд энэ үйлдлийг ингэж гаргавал, харуулбал болох юм байна гэдгийг анзаардаг. Ямар нэгэн газар орсон ч дараа нь зураг авалт хийвэл гоё юм гэж бодох үе бий. 

-Эхнэрээ танилцуулаач. Та хоёр хэрхэн танилцаж байв? 

-Эхнэртэйгээ 2009 онд “Хэцүү анги” киноны зураг авалтын үеэр танилцаж байлаа. Тэр нэгэн охины байгаа байдлыг хараад миний амьдралын хань гэх мэдрэмж төрж, их нандин цаг хугацаа байсан. Найзаараа дугаарыг нь авахуулаад мессеж бичиж, танилцаж байлаа. Эхнэрийг минь М.Алтанзул гэдэг. Буян-Ухаагийн Гаалийн ерөнхий газар ажилладаг, нягтлан бодогч мэргэжилтэй. Хоёр жилийн өмнө , эхнэрийнхээ төрсөн өдрөөр хуримаа хийж байсан. Эхнэр маань есдүгээр 1-нд төрсөн. 

Ер нь есийн тоо миний амьдралын олон нандин дурсамжтай холбоотой учраас их бэлгэшээдэг. Бид хоёрын амьдралын үргэлжлэл болсон хөөрхөн охинтой болсон. Аав болсон үеийн мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Би уяхан хүн болохоор охиноо хараад л уйлчихсан. Найзуудтайгаа ярьж байгаад хуримынхаа зураг авалтыг хийсэн. Найзууд маань бүгд жүжигчин учраас их гоё болсон. Хувцаслалт, зураг авах газар гээд бараг жижигхэн хэмжээний кино групп гарсан. Дээр үеийн ахуй, өнгө төрхийг илүү гаргахыг хүссэн.  

-Хэзээнээс гитартай нөхөрлөсөн бэ?

 -2010 онд Төгсбаяр ах маань надад гитар тоглохыг зааж өгсөн юм. Анх “Сургууль минь баяртай” дууг тоглож сурч байлаа. Төгсөө ах маань хажууд зогсоод “Энэ барилыг ингэдэг, ингэж тогловол зүгээр” гэж зөвлөдөг байсан. Хамгийн анх аав ээжээрээ гитар авахуулж байлаа. Одоо найз нөхдийнхөө хүрээнд хэдэн дуу тоглоод, дуулчихдаг.

 -Цаашдын хүсэл мөрөөдөл, зорилгоос нь сонирхоё?

 -Ажил мэргэжилдээ чин сэтгэлээ зориулаад, тууштай зүтгэвэл бүх зүйл сайхан болох байх. Ирээдүйн замд минь сайхан бүхний үүд нээлттэй байгаа болов уу. Ирээдүй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа нэгэн үеийн найзууд болон дүү нартаа амжилтын дээдийг хүсье. Бүгд хүмүүн заяанд төрсөн оюун ухаант хүн учраас чадахгүй зүйл гэж байхгүй шүү дээ. Мэдээж, аливаад хүрэх зам дандаа дардан байхгүй. Хүнд хэцүү цаг хугацаа таарсан ч шантралгүй, тууштай байж, салбар салбарынхаа манлайлагч нь байгаарай. 

-Ярилцсанд баярлалаа


14
47
1
1
1
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.1
    2021/02/28

    Ухаалаг мундаг залуу бна. энэ Киноны уран бүтээлийн дүр сэтгэлд их хоногшоод бгаа.

    Хариулах
  • 203.169.50.244
    2021/01/29

    Saihan yriltslag boljee . Tagtaa axaaraa baharhaj ywdag shvv! amjilt bvteel az jargal hvsie!!!

    Хариулах
  • 64.119.26.172
    2021/01/28

    Uran bvteeld ni amjilt hvsie

    Хариулах