Г.Сүх-Эрдэнэ: Хөлбөмбөгөөр хичээллэж эхлэх тохиромжтой нас зургаа

Админ
2021/01/27

И.НАРМАНДАХ

Коронавируст халдварын тархалтаас сэргийлэн улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хэсэгчлэн хөл хорио тогтоосон энэ үед Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран хөлбөмбөгийн спортын талаар анхан шатны мэдлэг олгох 30 цуврал хичээлийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ талаар тус холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Г.Сүх-Эрдэнээс тодрууллаа.

“Football training for kids ENJOY” теле хичээлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэхүү теле хичээлийг өнгөрсөн зун бэлтгэж, Монголын үндэсний радио телевизээр долоо хоногт гурван удаа буюу мягмар, пүрэв, бямба гарагт үзэгчдэд хүргэсэн. Сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхэлж, цар тахлын улмаас хөл хорио тогтоон хүүхдүүд гэртээ байгаа энэ үед уг цуврал хичээлийг давтан гаргаж байгаа юм. Ингэснээр хүүхдүүд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжлийн багшийн зааварчилгааны дагуу дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжтой. Уг теле хичээл “Грассрүүтс” хөтөлбөрийн дагуу явна.

-“Грассрүүтс” хөтөлбөрийн онцлог, давуу талын талаар яривал?

-Олон улсын болон Азийн хөлбөмбөгийн холбооноос олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Эдгээрийн гол суурь нь “Грассрүүтс” хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь бага насны хүүхдүүдийг хөлбөмбөгийн спортод дуртай болгох, үүгээр дамжуулан тус спортыг хөдөө орон нутагт сурталчлах, хөгжүүлэх зорилготой. Ихэвчлэн 6-12 насны хүүхдүүд хамрагддаг. Энэ хүрээнд Монголын хөлбөмбөгийн холбооноос Монголын үндэсний радио телевизтэй хамтран теле хичээл бэлтгэн хүргэж байна. Улмаар хүүхдүүд багаасаа эхлэн спортоор хичээллэж, эрүүл чийрэг бие бялдартай болох, нийтийн биеийн тамир хөгжих зэрэг давуу талтай.

-Теле хичээлийг удирдагч багш болон тоглогч хүүхдүүдийг хэрхэн сонгосон бэ?

-Хөлбөмбөгийн спортыг сурталчлан таниулах, хүүхдийн бие бялдарыг хөгжүүлэх агуулга бүхий цуврал теле хичээл өнгөрсөн оны зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан. Ингэхдээ хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг хүүхдүүдтэй хамтран бэлтгэсэн. Эдгээр теле хичээлийг хөлбөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Б.Гарьдмагнай, П.Алтантулга, Х.Цэнд-Аюуш зэрэг дадлага туршлагатай багш, дасгалжуулагч удирдан явуулсан. Тодруулбал, Б.Гарьдмагнай өнгөрсөн онд “Атлетик 220” клубийг удирдан Дээд лигийн аварга болсон өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч. Харин Х.Цэнд-Аюуш 2019 оны Монгол Улсын шилдэг тоглогчоор шалгарсан, Үндэсний шигшээ багийн 10 дугаарыг эзэмшдэг чадварлаг хагас хамгаалагч юм. -Хөлбөмбөгийн спортоор хичээллэхийн ач холбогдол нь юу вэ.

Мөн хэдэн наснаас эхлэн хичээллэвэл тохиромжтой вэ? -Клуб, академийн түвшинд зургаан наснаас эхэлж элсэлт авдаг. Түүнээс доош настай бол найз нөхөдтэйгөө тоглох зэргээр сонирхлын түвшинд хичээллэж болно. Хөлбөмбөгийн спортоор хичээллэснээр богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай болдог. Мөн баг хамт олны нэг хэсэг болсноор үүрэг хариуцлагаа ухамсарлах, нийтэч нөхөрсөг зан чанарт суралцана.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна