С.Гантогоо: Би олны танил болъё гэж хүсээгүй

Админ
2021/01/28

И.НАРМАНДАХ

“Яг түүн шиг” шоуны “Жими”- гийн дүрийг чадварлаг дуурайн гарч ирсэн авьяаслаг уран бүтээлч С.Гантогоотой ярилцлаа. Тэрбээр Солонгосын алдарт “Оддын хаан” шоунд оролцож эх орноо төлөөлсөн хөдөлмөрч, хичээнгүй нэгэн билээ. Мөн “Love Ya” , “Над шиг мэдэр”, “Хайрын түүх” гэх мэт өөрийн бие даасан уран бүтээлээ туурвисан ба “UBS” телевизийн “Бэрүүд” олон ангит кинонд тоглосон юм.

-Цар тахлын улмаас урлагийн салбарынхан хүнд байдалтай байна. Өөрийн тань хувьд...?

-Ер нь залуу уран бүтээлчдэд бүр хүнд тусаж байна. Уран бүтээлийнхээ хажуугаар бизнес эрхэлдэг хүмүүс арай гайгүй байх. Гэтэл тоглолт, зар сурталчилгаагаар л орлого олж, амьдралаа залгуулдаг уран бүтээлч олон шүү дээ. Энэ жил олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Шинэ жил бол урлагийнхны хувьд ирэх оны уран бүтээлийн олз омог, ургацыг хураадаг ганц сар шүү дээ. /инээв/.

- Эерэг талаас уран бүтээлдээ анхаарах цаг хугацаа гэж харж болох юм?

-Тэгж харж болно. Гэхдээ уран бүтээл хийхэд санхүүгийн асуудал чухал. Шүлэг, ая, дүрсжүүлэлт, хувцас хэрэглэгдэхүүнээс эхлээд өртөг өндөртэй. Боломжоороо хэмнэлээ гэхэд 5-10 сая төгрөгөөр нэг дуу бүтнэ. Залуус клипийн өнгө аясыг харж, дуугаа мэдэрдэг болсон.

-Өөрийг тань хөдөлмөрч хүн гэж хардаг. Одоогийн амжилтад хүртлээ чамгүй хөдөлмөрлөсөн байх?

-Амжилт гэдэг бол амжиж хийж бүтээхийн нэр. Би багаасаа дуулах дуртай байсан. Дандаа амандаа дуу аялж явдаг болохоор ээж “Дандаа гонгинож байх юм” гэж хэлсэн нь ч бий. Гэвч ээж минь намайг их дэмжинэ. Аав бол эсрэгээрээ. Багын дуулах хүсэл маань намайг өдий хүргэсэн. Энэ өчүүхэн амжилтыг гаргах гэж асар их зам туулсан. Би Монгол улсын боловсролын их сургуулийг газар зүй, байгаль шинжлэлийн багш мэргэжлээр төгссөн. Эзэмшсэн мэргэжил маань эргээд миний амьдралд маш их хэрэг болсон. Энэ бүгд аавын минь л ач гавьяа. Хүүгийнхээ ирээдүйг харсан эцэг хүний холч ухаан нь нэмэр болсон гэж боддог. Урлаг хөөхийн тулд хичээлдээ сайн байх хэрэгтэй. Хичээлээ сайн хийвэл дууныхаа тэмцээн дугуйландаа яв гэж тохиролцдог байлаа. Хөдөлмөр хүнийг бий болгоно гэж үг бий. Хүн хичээх юм бол үр дүн нь төсөөлснөөс ч илүүтэй гоё зүйлд хүргэдэг юм билээ.

-Солонгост ажиллаж байсныг тань мэднэ. Тэр үеийг яаж даван туулж байв. Хэр их тэсвэр тэвчээр шаардсан бэ?

-Тэвчээргүй байсан бол өдийд ингээд сууж байхгүй байсан. Дунд сургуульдаа сурлага , урлаг гээд нийгмийн янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог цагаан гартай ажил хийж сураагүй хүүхэд байлаа. Солонгост очоод ажил хийж сурсан, адаглаад алх хадаас бариад тэгшхэн хадчихдаг. Зарим хүмүүс би тэгээс эхэлсэн гэж ярьдаг, уучлаарай би бүр хасахаас эхэлсэн. 

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүнд мөнгө хэрэгтэй. Монголын нийгэм ямар билээ. Тэгээд л харь оронд очоод жинхэнэ амьдралын амтыг үзсэн гэх үү дээ. Тэнд очсон эхний өдрөө хаяг рекламын үйлдвэрт цахилгаан дриллээр шүрүүфтдэг ажил хийсэн. Маргааш нь гар даагдахаа байчихсан. Яг тэр үед гар маань мэдээгүй болчихлоо гээд уйлсан. Энэ хүртэл ирэх гэж зөндөө хүнээс мөнгө зээлчихсэн болохоор ядаж өрөө төлөөд шууд Монгол руугаа буцъя гэж бодсон. Уулын мухарт нэг үйлдвэрт, хар кантенэрт ажиллаж, амьдардаг байлаа. Гэтэл би чинь сэхээтэн гэр бүлээс гаралтай, өөрөө дээд боловсролтой хүн хамгийн доод төвшний газарт хар ажил хийхэд аймшигтай байсан. Сэтгэл санаагаар унахаас авахуулаад гэр орон, ээжийнхээ хоолыг маш их санасан даа.

Гэхдээ хүний зорилго их хүчтэй юм билээ. Би чинь хажуугаар нь мөрөөдлөө биелүүлэх гэж явсан шүү дээ. Мөн гэр бүлийнхэндээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Эхний сарын цалингаа авах үед мөнгө цагаан нүд улаан гэдэг шиг нөгөө цалингаа харчхаад үлдэхээр шийдсэн. Зээлсэн мөнгөө төлсөн, мөрөөдлөө биелүүлэх хуримтлал руугаа хийж, үлдсэн мөнгөө гэрлүүгээ явуулсан. Тэгээд л би чадах юм байна гэж бодоод 10 гаруй жил ажиллаж амьдарсан.

-Хамгийн анхны гарсан тайз?

-Хөвсгөл аймагт сурч байхдаа ороогүй тэмцээн, уралдаан надад нэг ч байхгүй. Алт, мөнгө, хүрэл гээд аваагүй шагнал байхгүй. Улсын тэмцээнд бүгдэд нь аймгаа төлөөлж оролцдог байлаа. Хамгийн анхны тайз гэвэл цэцэрлэгт байхдаа дархад ардын дуу дуулж байсан юм. Багадаа жаахан нусгай хүүхэд байсан. (инээв) Тайзан дээр гарах гэсэн миний нус гоожоод, наанаас нь аймгийн телевиз бичиж байсан юм. Намайг тайзан дээр зарлах үед ээж гялс хүрч ирээд миний дээлний хормойгоор нусыг минь арчаад гаргасан. Тэр үеийг хэзээ ч мартдаггүй бас миний анхны гарсан хамгийн гоё тайз.

- Өөрийн гэсэн үзэгч, тайзтай боллоо. Үүнд хэр их цадаж байна?

-Хэзээ ч цадахгүй байх. Цадаж болохгүй. Хүн ямарваа нэг юманд ханачих юм бол яг энэ хүртэл явах байсан юм байна. Одоо ханачихлаа гэж бодно. Харин ч эсрэгээрээ цаашаа хязгааргүй явах, илүү их амжилтад хүрэх боломж хэзээд бий. Миний хувьд ханаж цадахаа мэдэхгүй л хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа. Би олны танил, од болъё гэж огт хүсээгүй. Миний дуртай зүйл микрофон, тайз, дуу л байсан. Үүнийхээ төлөө хичээсэн.

-Монголын тайз их шуургатай, хэл амны шуурга, атаа жөтөөний шуурга бий. Ер нь тэр шуургыг юу гэж хардаг вэ?

-Тайз гэлтгүй бүхий л салбарт байгаа. Ялангуяа урлагийн салбарт янз бүрийн юм байлгүй яахав. Гэхдээ үүнийг ойрын хугацаанд зөв гольдрол руу нь ганц хүн оруулж чадахгүй шүү дээ. Солонгосын зах зээлээс суралцаж байсан хүний хувьд Солонгос орон манай Хөвсгөл аймгийн газар нутагтай тэнцүү. Газрын баялаг гэж байхгүй. Гэхдээ яагаад дэлхийн 20 гүрний нэгт тэр улс яагаад багтав. 

К-поп, Кино, Гоо сайхны бүтээгдэхүүн нь дэлхийд алдартай болж байна. Улсаа хөгжүүлэх хамгийн гол хүчин зүйл нь хүн капитал юм байна. Хүнээ тултал нь хөгжүүлчихсэн улс. Тэр хөгжсөн хүмүүс нь урлагаа, эдийн засгаа, спортоо, түүхээ бүх зүйлээ өөрсдөө мэдээд дэлхийд сурталчлаад явж байна. Урлагаа төр нь дэмжиж байна. Тэр к-поп дуунуудыг нь ажиглаад үз. Хэзээ ч хараалын үг, муу муухай хар тамхи гэх мэт ямар нэг зүй бус хэллэг хэзээ ч оруулдаггүй. Дан гоё сайхан, үзэсгэлэнтэй, царайлаг, жигд зүйлийг харуулдаг. Энэ нь нэг утгаараа ирээдүйнхээ өсвөр үеийнхнийхээ харах, шүтэх хэрэгцээг нь хангаж байгаа хэрэг.

 -“Оддын хаан” шоу тэмцээнд хэрхэн тэнцэж орж байсан бэ?

 -“Оддын хаан” шоуны тайзан дээр зогсоно гэдэг бол маш гоё мэдрэмж. Хүн заримдаа өөрөөрөө бахархах хэрэгтэй. Инчоны нисэх онгоцны хөрөнгө оруулалттай олон үндэстний дуулаачдын байгууллагад дуучин шалгаруулж авна гэсэн зар сошиалаас хараад анкетаа бөглөөд тэнцсэн. Шүүгчдийн нэг нь Солонгосын алдарт дива дуучин Ин сү ни байсан. Тэмцээндээ тэнцсэний дараа нь 30 минутын ярилцлага өгч олон улсын дуулаачдын байгууллагад орох эрх авсан. Тэгээд тус байгууллагад ажиллаж байхдаа “Оддын хаан” нэвтрүүлгээс манай байгууллагын дуучдыг оруулах урилга ирсэн. Гэхдээ бас шалгууртай орно. Учир нь манай байгууллага найман орны 13 дуучинтай. Харин нэвтрүүлэгт долоон орны долоон дуучин орох ёстой гэж заасан. Солонгос хэл гайгүй байсан учраас шалгарч үлдсэн. Тэгээд Чингис хааны гайхалтай орноос ирсэн Гантогоо байна гээд л зарлаад орж байсан даа.

 -Ямар урсгал чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа вэ?

-Поп R and B урсгалаар явж байна. Сүүлийн үеийн залуусын сонирхоод байгаа Trap урсгал руу уран бүтээлээ туурвина гэж бодож байгаа. Ер нь бол баригдмал биш өөрт таалагдсан чиглэлээр явна. Гол нь сонсогчдод маань таалагдах эсэхийг судална. Би ер нь эерэг сайхан зүйлийг түгээхийг хүсдэг.

-Тэгэхээр та сүүлд гаргах бүтээлүүдээ ихэвчлэн гэгээлэг, сайн сайхныг уриалснаар хийнэ гэж ойлгож болох уу?

-Тэгэлгүй яахав. Амьдрал заавартайгаа ирдэггүй гэж ярьдаг. Хэрхэн яаж амьдрахаа хүн өөрөө л шийднэ. Солонгост ажиллаж байхдаа их бачимддаг байсан. Яагаад манай орон, ийм ядуу буурай юм бол, аав ээж маань яагаад мөнгө хураагаад үр хүүхдэдээ үлдээгээгүй юм бол гэж. Дан өрөөлөөс буруу хайна. Өөрөө ямар ч буруугүй. Гэхдээ бодоод үзэхээр аав ээж минь өдий зэрэгтэй эрүүл саруул, өсгөж өгсөн. 

Их сургуульд хүртэл сургаж зөв хүмүүжилтэй болгож өсгөсөнд нь талархаж, өөрөө хичээж суусан газраасаа шороо атгах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор эерэг зөв байж бусдад үг яриа, үйл хөдлөлөө уран бүтээлээрээ дамжуулж ойлгуулах юмсан гэж хичээдэг.-Хамгийн сайхан сэтгэл гэж ямар сэтгэлийг хэлэх вэ?

-Хамгийн сайхан бүхэн үнэгүй байдаг. Хайр, итгэл, тэврэлт, үнэнээсээ харах харц, баярлалаа, уучлаарай энэ бүхэн үнэгүй шүү дээ. Энэ бол хамгийн сайхан мэдрэмж, хамгийн сайхан сэтгэл.

 -Монгол хүний ямар зан чанар таалагддаггүй вэ?

-Би хариуцлагагүй байдалд дургүй. Би гадаадад 13 жил амьдрахдаа маш олон орны хүмүүстэй хамтарч ажиллаж үзсэн. Би монгол хүн болж төрсөндөө бахархдаг. Бид орчиндоо хурдан дасдаг, хэл хурдан сурдаг, мөн юмны арга эвийг маш сайн олдог. Нийгэмд шалгарч үлддэг зан манайханд цаанаасаа байдаг. Гэхдээ Монголдоо хариуцлагагүй байдал нь бусад гоё чанараасаа илүү гарчихдаг. Энэ жаахан тиймхэн санагддаг. Миний хувьд ерөөсөө уурладаггүй их өөдрөг хүн. Уйтгар гунигтай их стресстсэн хүн бусдад муухай энерги цацдаг.

- Өмнө нь манайхан Солонгосыг илүү мөнгө өгч ажиллуулдаг газар юм байна гэж төсөөлдөг байсан. Өөрийн чинь гарч ирснээс хойш ч тэр үү урлаг соёл нь манайд дагаад ороод ирсэн санагддаг. Цаг үе нь ингээд таарчихав уу. Эсвэл та оруулаад ирэв үү?

 -Ерөнхийдөө цаг үе нь таарсан. К-поп урлагийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Зарим хүмүүс намайг Солонгосын соёлыг Монголдоо түгээх гээд байгаа юм шиг ойлгодог. Тийм зүйл огт байхгүй. Тэр хөгжсөн орны соёлыг хуваалцъя, тэднээс илүү хөгжье л гэж боддог. Яавал Монголын урлагийг, Монголын ирээдүйн үеийг яаж эх орноо гэсэн сэтгэлгээтэй хөгжсөн хүн болгох вэ. Монгол хүний хязгааргүй оюун ухаан л Монголыг хөгжүүлнэ. Одоог хүртэл би суралцаж байгаа. Би бусдаас сурах юмаа суралцана. Надаас сурах юм байвал бусдад бас тараахыг хүсдэг.

-“Яг түүн шиг”-ээр нэлээн олон хүн дуурайсан. Гаднаас нь дуурайх амархан. Дотоод сэтгэлээрээ хамгийн их ойртож чадсан нь хэн бэ?

-Жими л байна даа. (инээв) Одоо хүртэл жоохон дүү нар маань Жими ахаа гэж дууддаг. Тэр номер Youtube-д зургаан сая гаруй хандалттай байсан. Бас л зовж байж гаргасан даа. Киног нь хүртэл үзсэн. Уран бүтээлчид маань авсан дүрээ гаргахын тулд маш их судалгаа хийдэг байсан. Харц, биеийн хөдөлгөөн гэх мэт бүгдийг нь судалж байж гаргадаг. Гэхдээ Жимигийн дүрийг бүтээхдээ айгаагүй. Харин өсгийтэй гутал дээр бүжиглэж байгаад шагайгаа мулталчихвийдээ гэж их айсан. Шагайгаа мулталчих юм бол дараагийнхаа дүрийг бүтээхдээ баларна шүү дээ.

-Хүн дуурайгаад үзчихлээ. Өөрийг тань хүн дуурайвал ямар талыг тань илүү гаргаасай гэж бодох уу?

- Эерэг байхыг хүсдэг эрмэлзлэлийг маань мөн камерын өмнө ч камераас далд ч яг л нэг зангаараа байдгийг минь. Бас худалч хүнийг тэвчдэггүй. Буруу яриад, буруу үйлдэл хийгээд байвал би тэрийг нь эвтэйхнээр ойлгуулдаг. Хэг ёг гээд ойлгуулчих юм бол зодоон нүдээнээр л дуусдаг шүү дээ. Энэ зан чанарыг маань л дуурайвал гоё.

-Хамгийн олон жил найзалсан найз чинь ямар хүн бэ?

-Ээж минь миний хамгийн сайн найз. Аав таван жилийн өмнө хорт хавдраар өнгөрсөн. Ямар ч үед хажууд маань найз шиг байдаг, үнэнч байдаг хүн бол ээж. Мэдээж гоё сайхан найзууд зөндөө бий. Гэхдээ хамгийн үнэн ч нь ээж. Мөн миний дотоод хүн. Өөрөө өөрийгөө ялан дийлэх хэрэгтэй. Доторх өөрийгөө ялсан хүн л өөрийг нь ялахад тусалдаг.


22
18
0
13
5
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.245
    2021/10/19

    Энэ залуу үнэхээр мундаг.Хэлж ярьж байгаа нь маш соелтой хүмүүжилтэй үргэлж инээмсэглэж сайхан дуулдаг. Цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    Хариулах
  • 122.201.22.227
    Өчигдөр

    Demjeed2 yavdgui jombogo sda shuu. Gomooshd tomchuudad bugsduulj hdn tsaas Olbog bas.

    Хариулах
  • 102.89.3.88
    2021/07/01

    IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000USD CONTACT THIS EMAIL: DR.PRADHAN.UR OLOGIST.LT.COL@GMAIL .COM

    Хариулах
  • 66.181.183.161
    2021/01/30

    Sod bhiin l ajilsag bsdoo

    Хариулах
  • 223.104.39.113
    2021/01/29

    ih zov bodoltoi zaluu bn.amjilt,az jargal husii

    Хариулах