Р.Нандинцэцэг: Эхийн хайр хүйгээрээ холбоотой байдаг

Админ
2021/01/28

И.НАРМАНДАХ

Олон үзэгчдийн зүрх сэтгэлийг уярааж, эх үрийн ариун нандин хүйн холбоог харуулсан, бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний үүр” киноны гол дүрийн жүжигчин Р.Нандинцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр мөн “Асрагч аав” , “Дурлалын галт тэрэг” “Насан туршдаа” зэрэг хэд хэдэн кинонд тоглосон билээ.

-“Хөхөөний үүр” кинонд эх хүний хайрыг харуулсан. Энэ дүрийг бүтээхэд эхийн хайрыг илүү их мэдэрсэн болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Амьдралын эрээн бараан бүх л сайн муу зүйлтэй хутгалдаж, мөлхөж явсан ч, нисэж явсан ч үрээсээ юу ч нэхэж шаарддаггүй зүйл бол эхийн хайр юм. Хайрласныхаа хариуг ч нэхдэггүй тийм агуу зүйл. Эхийн хайр, хүйгээрээ холбоотой байдаг болохоор тийм цэвэр нандин байдаг байх.

-Энэ таны анхны гол дүр байсан уу?

-Бүрэн хэмжээний анхны гол дүр бүтээсэн кино байсан. Их сургуулиа дөнгөж төгсөөд удаагүй байхдаа энэ кинонд тоглосон. Уран бүтээлийн минь үүд хаалгыг нээж өгсөн хамгийн хайртай кино болсон. Их чадвар шаардсан дүр болохоор эхэндээ чадах болов уу гэж бодсон доо. Мөн хүүхэд төрүүлдэг хэсэг дээр хамгийн их айж байсан. Хүүхэд төрүүлж тэр өвдөлтийг мэдэрч үзээгүй болохоор тухайн хэсгийн дүрийг хэрхэн амилуулах вэ гэж олон хоног бодсон. Төрж байгаа эмэгтэйчүүдийн бичлэг үзсэн. Бас төрж үзсэн эгч нараасаа яг ямар байдаг гээд бүгдийг нь асууж судалсан. Тэгээд л өөрийнхөөрөө мэдрэмжээр тэр өвдөлтүүдийг төсөөлж дүрээ гаргаж байсан.

 -Кинонд их хүнд сценүүд гардаг. Таны хувьд хүнд хэцүү үзэгдлүүд байсан уу?

-Мэр сэр байсан. Хамгийн анхны кино болохоор туршлага, чадвар их дутсан. Чадварлаг найруулагчийнхаа чиглэл, зөвлөгөөний ачаар гайгүй тоглож чадсан гэж боддог. Үзэгчид ч мөн сайхан хүлээж авсан шүү.

 Хүн бүр л сэтгэгдэл өндөр байна гэж байлаа. Миний хувьд эрдэнэ шишийн талбай дундуур гүйдэг хэсэг их хэцүү байсан. Өвс нь хатгаад арьс маань түлэгдэж, бас их зүсэгдсэн. Зураглаачийн маань арьс улаан эрээн болчихсон гарч ирсэн. Нэг хэсгийн зураг авалт гэхэд л маш олон давтамжтайгаар хийгддэг шүү дээ. Тэр халуун орны хурц нартай өдөр мөн ч олон удаа хол км гүйсэн дээ. (инээв)

-Кино урлагт хэрхэн хөл тавьж байсан бэ?

-Соёл урлагийн театр урлагийн их сургуулийн оюутан байсан. Нэг өдөр сургуулийнхаа зааланд явж байтал жүжигчин С.Ишчүү ах таарснаа дүрийн шалгаруулалт өгөх үү гээд дагуулаад явсан тэгээд л хамгийн анхны кинондоо тоглож үзэж байсан. Тэр үеэс л урлагийн замнал минь эхэлсэн гэж боддог. Мөн “Хөхөөний үүр” киног найруулсан “Кино цамхаг” студийн Б.Цогт-эрдэнэ ахын ачаар кино урлагт орсон юм. Миний хувьд хамгийн их хүндэлж хайрлаж явдаг хүн. Өөр хэд хэдэн хүн бас бий.

-Сүүлд “Дурлалын галт тэрэг” кинонд тоглосон. Энэ талаар ярихгүй юу?

-Тийм. “Дурлалын галт тэрэг” гэх шинэ жилийн их хөөрхөн, хөнгөхөн сэдэвтэй контэнтонд орсон. Бүх үйл явдал нь галт тэргэн дотор өрнөдөг. Зохиол нь нэгэн хэвийн биш сонирхолтой болохоор маш их таалагдсан. Одоо цагаан сард зориулсан шинэ контэнт дээр ажиллаж байна. Удахгүй үзэгчдийн хүртээл болно.

-Жүжигчин хүн бүрт тоглохыг хүсдэг дүр байдаг шүүдээ. Өөрийн тань хувьд ?

-Олон дүрд өөрийгөө сорьж үзмээр байна. Одоогоор түүхэн кинонд тоглох хүсэл их бий.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Хамгийн эхэнд төлөвлөж байгаа зүйл бол англи хэлээ сайжруулж, гадагшаа явж сурах бодолтой байна. Мөн ойрын хугацаанд гэр бүлтэй болхыг бодож байгаа. Тэрний дараагаар кареараа илүү томоор төлөвлөж л байгаа. Надад өмнөө тавьсан маш олон зорилго бий. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай хичээнэ.


15
26
1
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна