У.Билэгт-Од: Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүртсэн жүжигчин болно

Админ
2021/01/29

И.НАРМАНДАХ

Содон өнгө төрх, стиль имижээрээ бусдаас ялгардаг жүжигчин У.Билэгт-Одтой ярилцлаа. Багаасаа урлагийн гэр бүлд өсөж хүмүүжсэн нь түүнийг энэ замд хөтөлжээ. Тэрбээр “Хуримын даашинзтай бүсгүй”, “Cолонгос драма Монголд”, “Захиас”, "Zoe41" зэрэг кинонд тоглосон билээ.

-Урлагийн талбарт хэрхэн хөл тавьсан талаар тань яриагаа эхэлье?

-Манай гэрийнхэн ихэвчлэн урлагийн хүмүүс. Аав маань Оросын холбооны улсын ГИТС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Мөн үндэсний телевизэд "Харц" нэвтрүүлгийн найруулагч, жүжигчин хийдэг байсан. Харин ээж маань Соёл урлагийн их сургуулийг бүжигчний мэргэжлээр төгссөн. Багаасаа аав ээжийгээ дагаад урлагт сонирхолтой болж, жүжигчин болохоор шийдэн Соёл урлагийн их сургуульд хөгжимт театрын жүжигчний мэргэжлээр суралцсан. Багадаа “Бяцхан тод авьяастан” тэмцээнд их ордог байсан. Мөн дунд сургуульд байхдаа бүжгийн тэмцээнд хамтлаг байгуулж, орж байсан. Бага байхын л дуу, бүжиг, шүлгийн тэмцээн болонгуут баярлаад л гүйгээд орчихдог байв. Уг нь анх бүжигчин эсвэл дуучин болно гэж боддог байсан ч боломж олдвол энэ гурван зүйлийг хослуулан хийхийг мөрөөддөг. Ер нь л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа.

-Өөрийг тань “Солонгос драма Монголд” киногоор тань үзэгчид мэднэ. Тус кинонд хэрхэн тоглох болсон бэ?

-Анх “Оранж энтэртаймент”-ын продюсер “Нэг кино хийх гэж байгаа юм. Чамд тохирсон дүр байна” гэж ярьсан. Кино проб өгөхөөр очих үед маш олон өндөр, царайлаг залуу жүжигчид шалгаруулалт өгч байсан. Би тэнцэхгүй юм байна даа гэж бодож байлаа. Харин аз болж к-поп сонсдог бас солонгос кино нэлээн үздэг, мэддэг байсан болохоор пробдоо тэнцэхэд их нэмэр болсон гэж боддог. Ерөнхийдөө солонгос залуусын хувцаслалт болон үйлдэл, хэв маягийг нь дуурайх их таалагдсан. Мөн пароди кино байсан учир их хөгжилтэй, энгийн санагдсан бас монгол, солонгос хоёр найруулагч ажилласан болохоор үнэхээр сонирхолтой байсан.

-Ер нь солонгос дуу кинонд хэр дуртай вэ. Өөрийн тань сонирхол, стиль имижийг харахад төстэй санагдлаа? 

-Дунд сургуульд байхдаа к-попын улаан фэн байсан. Тухайн үеийн бараг бүх хамтлаг, дуучдыг мэддэг байлаа. Одоо шинэ хамтлаг олон гарсан байна лээ. Сайн мэдэхээ больсон. BTS, Blackpink, Winner, Ikon гэх мэт 10 гаруй хамтлагийн дууг мэднэ. Гэхдээ “Big Bang” хамтлагийн номер нэг фэн нь хэвээрээ. Анх залуусыг ид байлдан дагуулж байсан үед нь дууг нь сонсож, бүр хамтлагийн гишүүн GDragon-ны хувцаслалт, үсийг нь хүртэл дуурайдаг байсан. Одоо бодоход үсэндээ их харамсдаг шүү. Хайран үс. (инээв)

-Өнөөгийн залуусыг гадаад орны соёлыг их дуурайлаа гэж ярьдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Нэг хэсэг тэгж их ярьдаг байсан шүү. Харин одоо харьцангуй гайгүй болсон санагддаг. Ер нь цаг үеэ дагаад бүх юм хөгжсөн. Дэлхийн чиг хандлага ямар төвшинд явж буйг бараг бүгд мэддэг болсон болохоор соёл, хөгжилтэйгөө зэрэгцээд явж байгаа гэж бодож байна. Одоогийн залуус ч гэсэн их стиллэг өнгөлөг болсон. Хэнийг ч дуурайх шаардлагагүй болсон.

-Хамгийн анхны гол дүр?

-“Завсарлаагүй хичээл” кинонд ахлах сургуулийн сурагчийн дүрд тоглож байсан. Миний хамгийн анхны гол дүр гэх үү дээ. Тус киног хийх хугацаанд их л хөгжилтэй зүйл болдог байсан. Киноны өмнөх өдөр нь проб өгч тэнцээд, маргааш нь шууд зураг авч эхэлсэн. Зохиол дээрх үгнүүдээ сайн цээжилж чадаагүй байсан болохоор эхний өдрөө үгээ буруу хэлж андуурч, эндүүрээд их хөгтэй юм болсон. 

Ер нь кинонд тоглож байж л их олон зүйлийг сурч мэдсэн дээ. Тайз, дэлгэц хоёр шал өөр байдгийг мөн киноны ард олон хүний хүч хөдөлмөр шингэдгийг тэр үед мэдсэн.-“Эмоци” продакшнд харьяалагдаж байсан байх аа?

-Их сургууль төгсөх жилдээ “Эмоци” продакшнд харьяалагдаж жил гаруй ажилласан. Оюутан байхдаа Улсын драмын эрдмийн театрт очиж олны хэсэгт оролцон тоглодог байсан болохоор театрыг жаахан мэддэг болсон. Хошин урлаг бас өөр юм билээ. Өөрсдөө номероо зохиож гаргадаг. Тэр нь их хэцүү санагдсан. Дөнгөж төгссөн болохоор бүжигчин л хийдэг байсан. Мөн олон чадварлаг жүжигчдийг хажуугаас нь харж үлгэр дуурайлал авч, их юм сурч, мэдсэн.

-Өөрөө бас загвар өмсдөг шүү дээ. Одоо энэ ажлаа хийж байгаа юу?

-2016 онд “U models” агентлагаас зохион байгуулсан супер модель гэх тэмцээнд орж нэгдүгээр байр эзэлсэн. Тэр үед сургуулиа төгсөөд удаагүй, завтай ч байсан. Өмнө нь загварын чиглэлийг их сонирхож, нэг загварын агентлагт модель авна гэсэн зар хараад бүртгүүлэхээр очсон. 300 гаруй охид залуус оролцож, бүртгүүлж байсан. Ихэнх нь моделийн агентлагт явдаг хүмүүс. 

Би ямар ч агентлагт явдаггүй бас алхаж ч үзээгүй болохоор их эвгүй санагдсан. Урлагийн сургууль төгссөн минь тус болж тэнцсэн байх. Тэгээд жил гаруй хугацаанд загвараар явж үзсэн. Одоогоор хааяа нэг сонирхолтой байвал ганц хоёр үйл ажиллагаанд орж байгаа. Боломж таарвал загвараар явна гэж боддог.-Одоо ямар нэг уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Хөл хорио гээд гэртээ сайхан амарлаа. Саяхнаас ажил руугаа орсон. Төлөвлөсөн хоёр ч ажил байна. Заримыг нь одоохондоо нууцалъя. Ойрын хугацаанд шинэ уран бүтээлд орсон. Найзуудтайгаа хамтарч кино хийх гэж байгаа. Уг нь их эрт төлөвлөсөн байсан юм. Коронавирусээс болоод зөндөө хойшиллоо. Одоо л боломжтой болж байх шиг байна. Гэхдээ дахиад хөл хорио тогтоочихгүй бол удахгүй хийж дуусгана.

 -Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Мэргэжлээрээ илүү их сайжирч, хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүртсэн жүжигчин болно. Тэгээд эрүүл энх байвал бүх зүйл аяндаа бүтээд ирнэ.


10
25
0
9
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.67
    2021/01/30

    Amjilt hvsye. Uuruur tani bahrahdag shvv

    Хариулах
  • 202.126.89.196
    2021/01/29

    Mash mundag jvjigchin boloroi odoo zaluu uran bvteelchid hvvhdvvdee ih demjij ajilah heregtei ymarch ajil mergejil ezemshij bga ved berhsheel dawaa ihel garna uragshaa temvvlj hvsel moroodoldoo hvrerei gej helide sain jvjigchin sain hani baigaarai ajiliin ondor amjolt hvsii

    Хариулах