Буруу ярьж, зөв ойлгосоор байх уу

Админ
2021/02/17

Б.БАТТУЛГА

Монголчууд “буруу ярьж, зөв ойлгоно” хэмээн хэлэлцдэг.Түүндээ улам бүр дассаар бидний ярианы хэл үнэхээр гажуудаж байна. Буруу зүйлд дасна гэдэг байж боломгүй “онц ноцтой” алдаа. Бидний өвөг дээдсийн мэндчилгээний асуулт хариулт гурав ба түүнээс дээш үгтэй байж гэмээнэ бүрэн бүтэн болдог байсан аж. Жишээлбэл, “Та амархан сайн байна уу”, “Сар шинэдээ сайхан шинэлж байна уу”, “Сайхан хаваржиж байна уу”, “Даага далантай, бяруу булчинтай, тором бөхтэй онд мэнд тарган тавтай оров уу” гэх мэт. Дөрвөн цагийн урсгалд таван хошуу малаа адгуулан маллаж ирсэн нүүдэлч түмний хувьд хатуу өвлийг даван, хаврын уринтай золгож, нялх төлийн дуу цангинахыг сонсох нь аз жаргалын гэрэлт ирээдүй мэт санагдах биз дээ. Тийм ч учраас ийнхүү бүрэн бүтэн мэндчилж байгаа юм. Буруу ярьж, зөв ойлгохыг өөгшүүлж, хэнэггүй байдалдаа дасан зохицож боломгүй. Хэдийгээр ярианы хэл хэмнэх, бичгийн хэл хадгалах хуультай байдаг ч зөв ярихыг эрхэмлэх нь чухал. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлж буй.

Нэгдүгээрт, бидний амьдран буй нийгэм. Асар хурдтай хөгжлийн явцад өнөөдөр шинэ байсан зүйл маргааш гэхэд л хуучирч байна. Тийм учраас уулзсан хүмүүс “За сайн уу. Юутай байна. Юмгүй дээ” хэмээн ганц хоёр үгээр хам хум мэндлээд, яаруухан зөрөн өнгөрнө. Хэдий ярианы хэл ч гэлээ өгүүлбэрийн зөв гишүүдээ хадгалж үлдэх сэн. Наад зах нь бэлгэ дэмбэрлээ бодмоор юм. “Эхлээд бод, дараа нь хэл” гэдэг зарчмыг баримталваас зохино. Үнэндээ бодлын хурд нийгмийнхээс ч илүү. Түүнээс гадна орчин нөлөөлж байна. Өдгөө монголчууд хот, хөдөөгийн гээд хуваагдчихжээ. Энэ нь соёлын ялгааг үүсгэж байгаа юм. Орчноос үүсэн буй болоод хэлний 70-80 хувийг эзэлдэг хэлц үгийн хэрэглээ хөдөөд үлдэж, хотод гээгдэж орхижээ. Хэлц бол хэлний дархлаа юм. Ерөөс хэл бол асар үнэ цэнтэй тусгаар тогтнол мөнөөсөө мөн. “Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн” гэх үгийг хөдөөгийн хүүхдүүд төвөггүй ойлгоно. Монгол хүүхэд дөрөв, таван нас хүрээд л хурдан хүлгийн дэл дээр дарцагладаг шүү дээ. Харин хот суурин газар өссөн хүүхэд ингэж хэлж ярихгүй. Цаашлаад утгыг нь ойлгохгүйд хүрээд байна гэвэл хилсдэхгүй. Хүмүүс минь зөв ярьж, зөв ойлгож сурцгаая. Арвин баялаг эх хэлээ бүрэн бүтнээр нь хойч үедээ өвлүүлэн үлдээе.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна