Хүүхэд уншихад тохиромжтой таван ном


Д.СҮРЭН

Сонирхол татам, адал явдалтай, саваа дохиод л ид шидийг бүтээчих мэт гэгээн ертөнц бол хүүхдийнх. Тэд үзсэн кино, уншсан номоороо л хорвоог харж, алив зүйлсийг таниж мэддэг. Нэн ялангуяа цар тахлын улмаас хичээл орохгүй, гэртээ цахим хичээлээ үзэж буй хүүхдүүдэд зориулан дараах таван номыг санал болгож байна. Эдгээр ном номын дэлгүүрүүдийн энэ сарын хамгийн борлуулалттай хүүхдийн номоор шалгарсныг мөн дуулгая.

 

АНХНЫ 100 АМЬТАН

Зурагт ном бол хүүхдүүдийн хамгийн анхны ном. Тэр ч утгаараа хүүхдэд амьтдын нэрийг зааж өгөх, тэдний үгийн санг нэмэгдүүлэхэд тусална. Бидний сайн мэдэх 100 амьтдын зурагтай зааж, нэрлэх энэ номд хүүхэдтэйгээ хамт ярилцах, сурах, хөгжилдөх олон зүйлс бий. Боловсролын зөвлөх Пенни Колтмантай хамтран бүтээсэн энэ ном нь хүүхдийн хэл яриа болон үгийн санг баяжуулахаас гадна амьтдыг нэрлэж сурах, эргэн тойрноо таньж мэдэхэд нь туслах юм.

 

“365 ҮДЭШ” ҮЛГЭРИЙН НОМ

Монгол ардын болон дэлхийн олон үндэсний алдартай, сонирхолтой үлгэрүүдийг түүвэрлэсэн “365 үдэш” үлгэрийн номыг санал болгож байна. Номонд “Болдоггүй бор өвгөн”, “Уран бэрийн нүүдэл” зэрэг ардын үлгэрээс гадна “Хааны шинэ хувцас”, “Алибаба ба 40 дээрэмчин”, “Пинокио” гэх дэлхийн алдартай үлгэрүүд орсон аж.

 

Ж.К.РОУЛИНГИЙН “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ НОМ

Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү “Харри Поттер”- ын тухай цуврал номнуудыг бид өөрсдийн хэл дээр унших боломжийг “Монсудар” хэвлэлийн газар олгож байгаа. Харри Поттер бол өсвөр насны шидтэн хүү ба багадаа эцэг эхээ алдсан. Хожим хар хүчний шидтэн Лорд Волдеморт аав ээжийг нь хөнөөснийг Харри шидтэний ертөнцийг аюулаас аврахын төлөөх Волдеморттой хийх тэмцлийг зохиолд өгүүлнэ.

 

НИЛ ГЕМАЙН “КОРАЛАЙН” ТУУЖ

Английн зохиолч Нил Гейманы орчин цагийн хамгийн алдартай туужуудийн нэг “Коралайн” 2002 онд анх хэвлэгдсэн даруйдаа уран сэтгэмжит зохиолд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Hugo Award”-ийг туужийн төрөлд хүртсэн аж. Энэ уран сэтгэмжит туужийг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэдэг аж. Түүнчлэн “Коралайн” туужаас сэдэвлэн 2009 онд ижил нэртэй анимэйшн кино бүтээгдсэн нь хүүхдүүд төдийгүй томчуудын талархлыг хүлээж, тухайн ондоо шилдэг анимэйшн бүрэн хэмжээний кино төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

 

ДЭВИД ВОЛЛИАМСЫН “ХАРХТАЙ БУРГЕР”

"Даашинзтай хөл бөмбөгчид", "Гангста эмээ" гэсэн номуудаараа бидэнтэй нэгэнт танил болсон Воллиамсын “Хархтай бургер” гэх нэрнээсээ эхлээд л хөгжилтэй бүтээлийг 2012 онд гарсан даруйдаа олон өсвөр үеийнхнийг байлдан дагуулсан төдийгүй тэр чинээгээрээ хамгийн борлуулалт өндөртэй хүүхдийн номын нэг болж чадсан байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна