Намын санхүүжилт ямар байх нь зөв бэ

Админ
2021/02/23

 У.СҮХЭЭ

УИХ-ын хаврын чуулган ирэх дөрөвдүгээр сард нээлтээ хийнэ. Ингэхдээ намрын чуулганаар баталсан хэлэлцэх асуудлын жагсаалтын дагуу хуулиудаа хэлэлцэнэ. 2021 оны хаврын ээлжит чуулганаар 50 хуулийн төслийг батлахаар тогтсон юм. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл уг жагсаалтын 27 дугаарт бичигджээ. Судалгаанаас харвал, орчин үед улс төрийн намын санхүүжилт улс орны хөгжилд улам бүр нөлөөтэй болж, улстөрчид, улс төрийн намуудын хувьд амжилт олох үндсэн нөхцлийн нэг болоод байна. Иймээс олон улс оронд улс төрийн намын санхүүжилтийг хянах асуудлыг хуулиар зохицуулсан байдаг нь санхүүжилт олох ба зарцуулах процесс дахь улс төрийн авлигыг зогсоох, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Мөн улс төрийн намыг төрөөс санхүүжүүлснээр улс төр дэх тэгш боломж, өрсөлдөөн, шударга ёсыг хангана гэж үздэг аж. Ямартай ч өдгөө Монголын улс төрийн намуудын санхүүжилтийг Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжууд, намын дүрэм, санхүүжилтийн журмаар зохицуулж байгаа. Намуудын санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь гишүүдийн татвар, хандив, төрийн санхүүжилтээс бүрддэгХандив нь улс төрийн намын орлогын чухал эх үүсвэрийн нэг бол төрийн санхүүжилт нь сонгуулийн амжилт, эсвэл парламент дахь суудлын тооноос хамаардаг. Харин хандив нь тухайн намын гадаад эх үүсвэрээс санхүүжилт олох чадвараас хамаарна. Намын санхүүжилтийн талаарх хуульч, судлаач болон улстөрчийн байр суурийг сонирхсон юм.

 

Б.БАТТУУЛ: ХАНДИВ ЦУГЛУУЛЖ САНХҮҮЖИЛТЭЭ БҮРДҮҮЛЭХ АЖИЛ НАМЫН УДИРДЛАГУУДЫН НУРУУН ДЭЭР ОЧДОГ

 (Хуульч, судлаач)

Монгол Улсын дээд шүүхэд өнөөдрийн байдлаар 30 орчим улс төрийн нам бүртгэлтэй байна. Эдгээр намын үйл ажиллагаа, санхүүжилт зэрэг асуудлыг зохицуулсан эрхзүйн баримт бичиг бол Улс төрийн намын тухай хууль. Уг хууль 1990-ээд оны эхээр анхлан батлагдаж, 2005 онд шинэчлэн найруулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, 1990- ээд оны үзэл баримтлал, зарчим шингэсэн хэвээр байгаа гэж хэлж болно. Улс төрийн нам нь эвлэлдэн нэгдэх эрхийг хэрэгжүүлэх замаар төрийн эрхийг барих, онцлог шинжтэй институц билээ. Энэ хүрээнд улс төрийн нам нь дотооддоо ардчилсан, тэгш эрхийг дээдэлсэн, ил тод, хариуцлагатай байж гэмээнэ улс оронд ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг хамгаалах энгийн логиктой. Ийм төлөвшсөн институц байхын тулд хууль эрх зүйн зохицуулалт нь өнөөгийн шаардлагад нийцсэн, улс төрийн соёл, чиг хандлагатай уялдсан байх ёстой.Улс төрийн намын тухай хууль нь 30 орчим жилийн тэртээх үзэл баримтлалаараа байгаа нь бодлого боловсруулж, хөгжилд түүчээлж, алхах улс төрийн намаа нийгмийнхээ хойно аваачих аюултайТухайлбал, Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийн эх үүсвэр дотор гишүүн, талархан дэмжигч иргэн, хуулийн этгээдийн хандивыг багтаасан байдаг. Мөн хуульд иргэн нэг сая хүртэл, хуулийн этгээд 10 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болохоор дээд хэмжээг тогтоосон байдаг хэдий ч гишүүний татварыг нээлттэй орхисон байдаг. Түүнчлэн талархан дэмжигч иргэн гэж хэн байх талаар тодорхойгүй байна. Улс төрийн намд талархлаа илэрхийлж буй, өөрөөр хэлбэл хариу барьж буй иргэн үү, энгийн иргэн үү гэдэг нь тодорхойгүй байна. Мөн хяналтын байгууллагын талаарх зохицуулалт дутмаг, улс төрийн нам өөрийгөө хянах зохицуулалттай. Иймээс улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. УИХ-ын хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэхээр оруулсныг байгааг талархан хүлээж байна. Нөгөөтэйгүүр, төрөөс улс төрийн намд санхүүжилт олгож эргүүлээд ил тод байх шаардлага тавьдаг гэсэн үг. Манай улсын хувьд улс төрийн намын сонгуулийн санхүүжилтийн 90-ээс дээш хувийг хандив эзэлдэг болохыг сонгуулийн тайлангуудаас харж болно. Зохицуулалт нь ч ерөнхийдөө энэ чиглэлийг баримталсан болов уу гэмээр. Учир нь, сонгуулийн үр дүнгээр улс төрийн намд төрөөс санхүүжилт олгохоос бус сонгуулийн компанит ажилд зориулах зохицуулалтгүй. Тиймээс сонгууль бүрийн өмнө хандив цуглуулж санхүүжилтээ бүрдүүлэх ажил намын удирдлагуудын нуруун дээр очдог. Ерөнхийдөө сонгуулийн мажоритар тогтолцоо нь нэр дэвшигч гол үүрэгтэй оролцдог тул мөнгөний өрсөлдөөн болох хандлагатай байдаг. Харин пропорционал тогтолцоонд улс төрийн нам голлох үүрэгтэй оролцдог. 

Ц.ОЮУНГЭРЭЛ: СМАРТ УДИРДЛАГАД ШИЛЖЬЕ (Улстөрч, УИХ-ын гишүүн асан) 


Намууд нь хуулиар бол хандив, татвар, өөрийн өмчийн түрээс зэрэг үйл ажиллагаагаар санхүүждэг. Ардчилсан намын хувьд татварын хэмжээг өндөр тогтоодог. Угаас хангалттай өндөр байсан татварыг 2017 онд гишүүдийнхийг 10 дахин, сонгуульт гишүүдийнхийг гурав дахин өсгөсөнд нь би ихэд эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийж байлаа. Татвар зайлшгүй ч гэсэн татварын бааз суурь гэдэг зүйлгүйгээр утгаа алддаг. Бааз суурьгүй татвар бол алба гувчуур эсвэл дээрэм байдаг. Аливаа татвар нь орлогоос авах хувь хэмжээ байдаг атал манай намын татвар нь орлого тооцолгүйгээр шууд л сая саяыг төл гэдэг тоо байдаг юм. Харамсалтай нь, татварын хэмжээ нь татвар төлөгчийн орлого, чадлаас давсан байхад нам ямар нэг зохицуулалт ер хийдэггүй. Ийм учраас цаашдаа татварын орлогоос тооцдог болох нь шударга бөгөөд сонгодог утгаараа татвар болно. Харин ямар татварыг ямар орлогоос тооцох вэ гэдэг нь бодож судлах асуудал. Мэдээж, намуудын хууль ёсны санхүүжилтийн гол эх үүсвэр бол хандив. Гэхдээ Монголд улс төрийн хандив цуглуулах цаг хугацаа, ил тод байдал үнэхээр хоцрогдмол. Намуудын санхүүжилтийн гурав дахь эх үүсвэр бол өмчийн болон үйл ажиллагаанаас олох орлого. Өмч, байр сав ихтэй намын хувьд урсгал зардлыг намын байрныхаа түрээсээр олдог давуу талтай бол өмч хөрөнгө муутай жижиг намын хувьд энэ талын орлогоор илт дутуу байдаг нь нууц биш. МАН-ын нэг үүрт байдаг үл хөдлөх хөрөнгө АН-ын дүүрэг, аймгийн хэмжээнд л байдаг. Хөрөнгийн менежментийн мэдлэг, орлогоороо олон жилийн туршлагатай намыг гүйцэхэд хэцүү. Ер нь бол бага мөнгөөр улс төр хийж болох уу, үгүй юу гэдгийг дарга нар биш ухуулагч нар шийддэг. Бага мөнгөөр улс төр хийж болох уу гэдгийг намын жирийн гишүүд, дэмжигч иргэд шийддэг. Тэд мөнгө нэхвэл их мөнгөний сонгууль болдог. Мөнгөгүй ажиллана гэвэл бага мөнгөний сонгууль. Их мөнгөний сонгууль болбол илүү авилгач гишүүдтэй, бага мөнгөний сонгууль болбол шударга гишүүдтэй болдогОлон хүний зорилтот хуримтлалын өчүүхэн хувиар нам санхүүжиж даруухан амьдаръя. Гар утас, интернэт, харилцаа холбоо, мэдээллийн технологийг эх орондоо авчралцсан нам шүү дээ, бид. Түүнийгээ ашиглаж смарт удирдлагад шилжье. Угаас даруухан, ухаалаг хэрэглээтэй байж чадвал бид иргэддээ илүү ойр байх болно. Ирээдүйдээ ч илүү ойртоно. Иргэддээ хичнээн ойр байна, төдий чинээ бид ирэх жилүүдэд юу хийхээ мэдэх болно. Тэд ийн хариулав. Тэгвэл улс төрийн намд төр санхүүжилт олгодог олон улсын туршлага бий. Өрнөдийн олон оронд төрийн санхүүжилтийн гол хэлбэр нь татаас байдаг. Ялангуяа Европын орнуудад хууль тогтоох байгууллагаас баталж, намуудад мөнгөн дэмжлэг өгдөг. Төрөөс үзүүлэх дэмжлэг зөвхөн мөнгөн тусламж, татаасаар зогсохгүй, татварын урамшуулал, хөнгөлөлт, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үнэгүй нэвтрүүлэх эрх, тодорхой бодлогын судалгаа, сонгуулийн сурталчилгаа өгөх тэтгэлэг гэх мэт олон хэлбэрээр хэрэгжүүлдэг. Тухайлбал, баруун Европын ихэнх оронд буюу Германд 1959, Шведед 1965, Италид 1974, Испанид 1978, Францад 1988 оноос төрөөс улс төрийн намд шууд санхүүжилт үзүүлдэг хэлбэр нэвтэрсэн ба энэхүү хандлага нь Төв болон Зүүн Европын орнууд, Латин америкийн болон бусад бүс нутгийн оронд өргөн хэрэглэгддэг аргачлал юм


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна