НҮБ-ын тэргүүн жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг буруутгав

Админ
2021/02/23

“Мьянмарт тайван жагсаал хийж байгаа иргэдийн эсрэг хүч хэрэглэж байгаа нь хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл” хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Мьянмарт болсон хэрэг явдлыг буруушаасан байна. Зүүн өмнөд Азийн оронд цэргийнхэн төрийн эргэлт хийсний дараа эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан одоог хүртэл үргэлжилж байна. Энэ сарын 20- нд цэргийнхэн жагсагчдын эсрэг зэвсэг хэрэглэж, хоёр хүнийг хөнөөжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Мьянмарын цэргийнхний үйл ажиллагааг эрс буруушаан тус улсыг иргэний засаглалд шилжихийг уриалав. “Тайвнаар жагсаж үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг айлган сүрдүүлж, мөрдөн мөшгөж, тэдний эсрэг хүчирхийлэл үйлдэхийг эрс буруутгаж байна. Бүх талынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, иргэний засаглалд эргэн орохыг уриалж байна” хэмээн “Twitter” хуудсандаа бичжээ. Өнгөрсөн бямба гарагт Мьянмарт цэргийн хүчээр иргэдийн жагсаалыг тараахдаа байлдааны сум ашигласны улмаас хоёр хүн амиа алдсан бичлэг нийгмийн сүлжээнд түгсэн юм. Түүнчлэн жагсаалын үеэр 20 хүн шархадсан гэж сайн дурын тусламжийн газрын төлөөлөгч мэдээлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Мьянмарт хүн амынхаа эсрэг зэвсэг хэрэглэж, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн эсрэг шийдвэртэй арга хэмжээ авна хэмээн амлав. Мөн “Вашингтон ардчиллаа хамгаалах гэсэн Мьянмарын ард иргэдийг дэмжиж байна” хэмээн Цагаан ордны Төрийн департаментын тэргүүн мэдэгджээ. Их Британи жагсагчдын эсрэг хүч хэрэглэхэд оролцсон хүмүүсийн эсрэг нэмэлт арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн бол Францын Гадаад хэргийн яам хүч хэрэглэсэн явдлыг хүлээн зөвшөөршгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Европын Холбооны Гадаад харилцааны бодлогын асуудал хариуцсан тэргүүн Жозеп Боррел иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг Мьянмарын цэргийнхэн, аюулаас хамгаалах хүчнийхэнд уриалжээ. Европын холбооны Гадаад хэргийн сайд нар хориг арга хэмжээ авах боломжийн талаар даваа гарагт хэлэлцэх төлөвтэй байна.Түүнчлэн "Facebook" компаниас Мьянмарын цэргийнхний мэдээллийн хэрэгсэл болох “The Tatmadaw True News Information Team” хуудсыг хаажээ. Учир нь, уг хуудас “Хүчирхийлэлд өдөөн турхирахыг хориглох дүрмийг удаа дараа зөрчсөн” байна. Эргэн сануулахад энэ сарын 1-нд Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, засгийн эрхийг Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч генерал Мин Аунг Хлайнд шилжүүлсэн. Улмаар Ерөнхийлөгч Вин Мьин, Төрийн зөвлөх Аун Сан Су Жи нарыг баривчилсан юм. Цэргийн эргэлтээс хойш тус улсад интернэтийг хязгаарласан.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна