И.Мөнх-эрдэнэ: Дуртай зүйлээ хийж, хүмүүст хүргэх сайхан

Админ
2021/02/23

Д.БЯМБАСҮРЭН

“The voice of Mongolia” шоуны оролцогч И.Мөнх-Эрдэнийг “Шинэ танил” буландаа урилаа. Тэрбээр найзуудтайгаа хамтран "R&N” хэмээх хөвгүүдийн хамтлаг байгуулсан юм. Тус хамтлагийн хувьд “So long”, “Understand” зэрэг уран бүтээлээ үзэгчдэд хүргээд байгаа буй.

-Хүмүүс өөрийг тань “The voice of Mongolia” шоуны оролцогч гэдгээр мэднэ. Тус шоунд анх хэрхэн орох болов?

-Монголд анх удаа зохиогдож буй дэлхийн хэмжээний шоу болохоор нь өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Тэгээд Д.Отгонбаяр шүүгчийн багт орсон. Тус шоунд орсноор их зүйлийг сурч, олон найз нөхөдтэй болсондоо баярлаж явдаг. Ер нь уралдаан тэмцээнд ороход түрүүлэх гэхээс илүү өөрийгөө нээж, шинэ зүйлийг мэдэж авдаг. Түүнээс гадна шоуны оролцогчид бүгд мундаг байсан. Өөрийгөө илүү дайчилж, өөрөөр харах боломжийг энэ шоу олгосон.

-Их өвөрмөц хоолойтой юм билээ. Багаасаа дуучин болох мөрөөдөлтэй байв уу?

-Тиймээ. Багаасаа дуулах дуртай байсан. Тэгээд хоолойныхоо цар хүрээг тэлэх зорилгоор СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангид элссэн. Одоогоор сургуулиа төгсөөгүй байна. “The voice of Mongolia” шоунд орсноос хойш найзуудтайгаа хамтарч “R&N” гэх поп хамтлаг байгуулсан. Хамтлаг байх нь ганцаараа уран бүтээл хийхээс олон давуу талтай. Найзуудтайгаа хамтран дуулна гэхэд Ардын жүжигчин А.Долгор багш маань амжилт хүсэж, дэмжсэн.

-Шинээр төрөн гарч ирж байгаа хамтлагууд олон. Танай хамтлаг бусдаас юугаараа онцлог байх бол?

-Манай хамтлагийн хувьд орчин цагийн илүү шинэлэг, залууст ойр уран бүтээл хийхээрээ бусдаас ялгарах байх гэж бодож байна. 

Мэдээж бид уран бүтээл бүрээ шинэлэг байдлаар гаргахыг зорин ажиллаж байна. Одоогоор хоёр уран бүтээл үзэгчдэд хүргэсэн бөгөөд цомгийн ажлаа эхлүүлсэн.Хамтлагийн продюсероор Б.Наранзун ах ажиллаж, “leto music label” студийн харьяанд уран бүтээлүүдээ гаргаж байгаа.-Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

-Цаашид хамтлагаараа олон шинэ уран бүтээл гаргана. Өөрийн дуртай зүйлээ хийж, хүмүүст хүргэнэ гэдэг сайхан мэдрэмж. Тиймээс залуу хүний хувьд олон сайхан дуу дуулж, хүмүүст хүргэхийг хүсэж байна. Мэдээж, олон хамтлаг дуучин бий. Тэднээс суралцаж, өөрсдийн хэв маягтай уран бүтээл туурвихыг хичээж байна.

-Залуу уран бүтээлчийн хувьд хэнээс илүү үлгэр дуурайлал авдаг вэ?

-Таньдаг бүх урлагийн ах эгч нараасаа үлгэр дуурайлал авдаг. Залуу уран бүтээлч хүний хувьд тэдний хийж буй уран бүтээл, амжилтын түүх гээд бүхий л зүйлсийг нь харж сонсдог. Хүмүүс алхам тутамдаа бие биеээсээ суралцаж байдаг шүү дээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна