Б.Пүрэвсүх: Өөрийн ажиглалт мэдрэмжээр ерөөл шууд хэлдэг

Админ
2021/02/23

Д.БЯМБАСҮРЭН

“Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч, Монголын хөтлөгчдийн холбооны тэргүүн, шинэ цагийн ерөөлч Б.Пүрэвсүхийг “Уран бүтээлч” буландаа урилаа. Цаг ямагт шинийг эрэлхийлж, өөрчлөлтийг хийхгүй л бол урлагийн замд тодорч гарах амаргүй хэмээн ярих тэрбээр бусдад сайн сайхныг ерөөж, энх амар,ер бусын амгаланг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

- Төрж, өссөн нутаг уснаас тань яриагаа эхэлье?

- Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Өмнөговь аймгийн Булган суманд төрж өссөн. Улаанбаатар хотод 2000 онд орж ирсэн. Багаасаа жүжигчин болохыг хүсдэг байсан ч СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгөөд тэнцээгүй юм. Тэгээд тус сургуулийн харьяа Соёлын дээд сургуульд соёлын менежмент мэргэжлээр сурч төгссөн. Угаас манай нутаг ерөөлчдөөрөө алдартай.

- Хэзээнээс ерөөж эхэлсэн юм бэ?

 - Гурван жилийн өмнөөс ерөөж эхэлсэн. Анх ёслолын арга хэмжээ, хурим найр хөтлөөд явж байх үедээ ерөөлч хэлдэг хүмүүсийг ажигласан юм. Монголын ийм сайхан бэлгэ дэмбэрэлтэй ёс уламжлал атал хүмүүс нэг ч хүний сэтгэлд хүртэл ерөөж чадахгүй, цээжилсэн хэдэн мөрөө дуржигнатал уншаад гараад явчихдаг нь тааламжгүй санагдсан. Тэгээд өөрөө ерөөж үзэхээр шийдсэн юм. Ингэхдээ шинэ цагийн залууст сонирхолтой байдлаар ерөөе хэмээн өөрийгөө дайчилж эхэлсэн. Хүмүүс ерөөлч гэхээр хадаг барьсан өвгөн гэсэн ойлголттой байдаг юм билээ. Тиймээс энэ хандлагыг өөрчилж, Монголынхоо аман зохиолын төрөл зүйл болох энэ том өв уламжлалыг сэргээн, хүмүүст хүргэхийг зорьсон.

- Тэр зорилго тань биеллээ олж та ард түмнээсээ шинэ цагийн ерөөлч гэсэн “цол”-ыг авч чадсан байх нь?

 - Хийх гэж хичээж, зорьж байгаа бүхнийг минь дэмждэг хүмүүст баярладаг. Би нэг хүүхдийн найран дээр ерөөсөн юм. Тухайн үед алдарт цуутай хүмүүс ч нэлээд байлаа. Тэдгээр хүмүүсийг өмссөн зүүсэн бүхэнтэй нь ерөөсөн чинь хажуугаас нэг хүн бичлэг хийгээд цахим орчинд “Шинэ цагийн ерөөлч” гээд тавьчихсан юм билээ. Тэгээд тэр бичлэг олон хүнд хүрснээр өөрийн чинь хэлснээр орчин цагийн ерөөлч гэгдэх болсон доо. Санаандгүй сайхан тохиолоос урам авч “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсон юм.


- “Авьяаслаг Монголчууд” шоуны дөрвөн шүүгчийг өмнө нь судалсан уу, шууд л ерөөчихсөн үү?

- Шоуны оролцогчдод шүүгчдийн танилцуулгыг тараадаг. Тайз руу гарахынхаа өмнө танилцуулгыг нь нэг гүйлгэж хараад л тухайн орчин нөхцөлтэй уялдуулаад ерөөчихсөн. Миний хувьд өмнө нь бэлдэж цээжилдэг гэхээсээ илүү тухайн орчин нөхцөл, хүмүүсийн байр байдлыг харж байгаад шууд л ерөөдөг. Мэдээж зарим тохиолдолд урьдчилж мэдээлэл авна л даа. Тухайлбал, хурим хийх гэж буй залуу хосыг аль газрын хэн гэдэг хүмүүс, ямар сургууль төгссөн, хэзээ хаана танилцсаныг судалж, түүнийг баяжуулан ерөөдөг.

- Шууд хараад л толгой холбож, түгдрэхгүйгээр ерөөнө гэдэг хүн бүрийн чадах зүйл биш байх. Та ерөөс их юм цээжилж, ном уншдаг уу?

- Тэгэлгүй яахав. Мэдээж ном уншиж байж үгийн баялаг сайжирч, оюун ухаан тэлдэг. Дээрээс нь ажигч гярхай байдал. Өмнөговь аймгийн алдарт ерөөлч СГЗ Г.Оргой гэж хүн байсан юм. Тэр хүн ерөөлч хүний гол зүйл бол ажиглалт гэж хэлсэн байдаг билээ. Хүмүүстэй сайхан мэндлээд, цай уух хооронд л хүмүүсийн байр байдал, ааш зан, гэр орны тавилга, өмссөн зүүсэн хувцас, эдлэл хэрэглэлийг сайн ажиглаж байгаад босоод ерөөх нь зүйтэй. Миний хувьд энэ л зарчмыг баримтлахыг хичээдэг. Мөн аав маань сайхан дуулдаг, ээж маань хөтлөгч, монгол хэл, уран зохиолын багш хүн учир өвлөгдсөн юм бий.

 - Монголын хөтлөгчдийн холбооны тэргүүн юм билээ? 

-Тийм ээ Соёлын менежмэнт мэргэжлээр төгсөөд хөтлөгчдийн эрх ашгийг хамгаалж, үнэлэмжийг нэмэгдүүлье гэсэн зорилгоор “Монголын хөтлөгчдийн холбоо” төрийн бус байгууллагыг таван жилийн өмнө байгуулсан юм. Дуучид өндөр үнэтэй дуулдаг ч хөтлөгч дөрвөөс таван цаг ачаалал ихтэй ажилладаг мөртлөө хөдөлмөрийн үнэлгээ бага байдаг. Тэгээд л тус холбоог байгуулж, шинэ залуу гарч буй уран бүтээлч дүү нараа дуулахаас гадна арга хэмжээ хөтлүүлдэг.

 - Та дууныхаа үгийг бичдэг юм билээ. “Ерөөе өө” дуундаа аман зохиолын үг хэллэгээс оруулж өгсөн нь сонирхолтой санагдсан?

- Мэдээж тэгэлгүй яахав. Ерөөл чинь аман зохиолын төрөл зүйл шүү дээ. Тухайлбал дуунд маань “урдуур гарсан залуу хосуудын уурга нь хугархай яваарай гэж ерөөе, аяга нь хагархай амьдраарай” гэх далд утгатай ерөөлийг оруулсан. Мэдэхгүй хүнд харааж байгаа мэт боловч угтаа олон адуутай айлын уурга тэсдэггүй учир уурга нь хугархай яваарай, олон хүүхэдтэй айлын аяга их хагардаг болохоор аяга нь хагархай гэх зэргээр ерөөж байгаа юм. Түүнээс гадна ерөөл юм шиг хэрнээ харааж байгаа үгс ч байна. Өөрөөр хэлбэл, хойморт нь нар сар гэрэлтэж, хотонд нь цэцэг ногоо дэлгэрч байг ээ гэвэл ноорхой цоорхой гэртэй, хонь малгүй хот гэсэн санааг илтгэж байна. Эдгээр утгуудыг мэддэг нь ихэвчлэн ахмад үеийнхэн болсон. Залуус огт мэдэхгүй . Тиймээс дуугаараа дамжуулж, мэдүүлэх зорилготой ажилласан. Үнэндээ өнөөдөр залуус маань уран зохиол уншихгүй, эртний ерөөл магтаал, оньсого, зүйр цэцэн үг мэдэхгүй байж эд материал, машин тэрэг, үнэтэй утаснаас өөр зүйлгүй нь харагдаж байна.

 - Уран бүтээлийг тань аман зохиол судалдаг судлаачид, эрдэмтэд хэрхэн хүлээж авч байна?

-Мэргэжлийн хүмүүстэй уулзаж амжаагүй байна. Гэхдээ тэдний хувьд орчин цагт өөрийнхөө боломжоор ерөөлийг сурталчлан таниулах гэж оролдож байгааг минь мэдэж, харж байгаа байх. Цар тахал цаашилж, цаг сайхан болохоор уулзаж, заавар зөвлөгөөг нь авах бодол бий. Миний хувьд аль болох бүх насныхан сонсчихоор уран бүтээл хийхийг зорьж байна. Тэр дундаа хуучин, мартагдах шахаад буй өв уламжлалаа орчин цаг руу хөрвүүлэн хүргэнэ гэсэн бодолтойгоор бүтээлүүдээ туурвидаг.


- Ерөөж, дуулахаас гадна чамгүй бүжиглэж байгаа харагддаг?

- Бүжиглэлгүй яахав. Урлаг өөрөө бүх төрөлд зүйлд хувирахыг шаарддаг. Анх BX дуучныг гарч ирж байх үест дууг нь дуулдаг байлаа. Тухайн үед хүмүүс хүний дуу дуурайлаа гээд их шүүмжилдэг байсан. Гэтэл хэдэн жилийн дараа хүмүүсийн дууг ковэрлэж дуулдаг “Ковэр дуу” гэх зүйл төрөл хөгжсөн. Дараа нь хамтлаг байгуулж, дуулж байсан гэх зэрэг бүх л зүйлсийг хийх гэж оролддог байлаа. Гэхдээ дан ардын урлаг гэхээр залуучууд тоохгүй. Орчин үеэр дагнахаар хөгшчүүд тоохгүй. Тиймээс ардын урлагийг орчин үетэй хослуулж уран бүтээлээ хийхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, хуучин мартагдах шахсан өв уламжлалаа орчин цагт хөрвүүлж хүмүүст хүргэхийг зорьж явна. -Эртний ёс уламжлалаа дуугаараа дамжуулаад хүмүүст хүргэж байна.

- Эртний ёс уламжлалаа дуугаараа дамжуулаад хүмүүст хүргэж байна. Таны хувьд монгол ёс уламжлалаа сайн мэднэ биз ?

 - Өөрийнхөө хэмжээнд мэднэ ээ. Аав маань ёс уламжлалаа дээдэлж, үр хүүхдүүддээ зааж сургасан. Мөн бас шүтлэгтэй. Тухайлбал, шинийн наймны заслаа хийлээ. Гэртээ арц хүж уугиулж, өөрийнхөө мэддэг хэмжээнд ёс заншлаа үлгэрлэе хэмээн бодож явдаг. Өндөр настанд өглөгтэй байя, үеийн залууст үлгэртэй байя гэсэн уриатай л ажиллаж амьдарч байна даа.

- Амны билгээс ашдын бэлгэ гэдэг. Ерөөл биелэлээ олдог гэх юм билээ. Та анзаарав уу?

- Хүний ерөөл, бэлгэдэл заавал биелдэг. Бидний амны бэлэг мэндлэхээс эхэлж байна шүү дээ. Сонин сайхан юутай байна гэхээр юмгүй гэвэл тэр хүн юмгүй л байна. Өө сайхан, тавлаг сайхан байна гэвэл сайхан юм л дуудна. Энгийн өдөр тутмын яриа хэллэгээс л бидний сайн сайхан зүйл эхэлж байдаг. Миний хувьд сүүлийн үед цас мөсийг хайлах үеэр цар тахал хамтдаа хайлна, цагийн сайхан ирнэ ээ, цагаа идээ дэлгэрнэ ээ гэж ярих дуртай байгаа.

- Манай сонины уншигчдад сайхан ерөөл хэлэхгүй юу?

 - Зээ дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай Арван долдугаар жарны цагаагчин үхэр жилийн хаврын тэргүүн сарын мэндийг амар олон зон олондоо өөд өөд нь өргөн дэвшүүлье. Үндэсний шуудан сонинг үсэглэж, гарчиглаж уншдаг Ард олон та бүхэн минь Үхэр жилдээ Үгүй дутуугүйн гачаалгүй Үнэхээрийн баяр жаргалтай Аз жаргалаар бялхаж Ажил үйлс нь өөдрөг Амны хишиг дүүрэн байж Ам дүүрэн шар тостой байж Ам бүл өнөр байж Намсрай бурхан шиг баян байж Түүх шастирт нэрлэгдэж Түмэн олондоо хайрлагдаж Түвшин сайхан байгаарай. Зуун жилийн энэ сайхан босгон дээр Ард олон түмэн минь амар жимэр байж Төр улс минь тайван жаргалтай , Ертөнцийн наранд ивээгдэж, Есөн үеэрээ жаргаж явахын өлзий дэлбэрэлтэй ерөөл дэвшүүлье.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна