Шүүгчдийн хараат бус байдалд халдлаа гэв

Админ
2021/02/23

Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийгмийн сүлжээнд хууль шүүхийнхэнтэй холбоотой бичлэг тархсан. Тодруулбал, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, З.Болдбаатар, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар нар нь хөл хорио тогтоосон үед архидан согтуурсан, биеэ үнэлэлт зохион байгуулсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр уг бичлэгтэй холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд "Үүсээд буй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн, иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран ажиллах болно.

Харин дээр дурдсан мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүйн зэрэгцээ эрх бүхий байгууллагаас эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байна.

Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болсныг мэдэгдье" гэжээ

Мөн бичлэгт гарсан Иргэн Д "Зөвхөн дансны хуулгаас болоод янхан гэж дуудаж болохгүй биз дээ. Хүний дансанд мөнгө орж, гарч л байдаг. Цаашид би яаж энэ улсад амьдар гэр бүл хамаатан садныхаа нүүрийг харах вэ? Надад маш их дарамт ирж байна. Эмэгтэй хүнийг ийм өчүүхэн болгож харагдуулдаг нийгмээс айж байна. Тухайн өдөр би өөрийн найз Отгонбаатартай уулзаж, хоол идсэн. Үүнийг яагаад олон нийтэд буруугаар ойлгуулж, нийгмийн сүлжээнд цацаж байгаа юм бэ? Маш их гомдолтой байна. Цагдаа нар ирээд PCR шинжилгээний хариу харна гээд утсыг нь маань булааж аваад явсан. Хэл амаар доромжилсон" хэмээн хэвлэлд ярилцлага өгчөө. Үүнээс өмнө буюу даваа гарагт ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Шалгалтын явцад хоёр эмэгтэйн дансанд мөнгө шилжүүлсэн нь тогтоосон" гэх мэдээллийг өгсөн юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна