Г.Оюун-Эрдэнэ: Сонгодог хөгжимчин байна гэдэг авьяас, хөдөлмөр, ухаан юм

Админ
2021/02/25

Г.ЭНХГЭРЭЛ

Хэд хоногийн өмнө “Төгөлдөр хуур тоглох зургаан арга” гэсэн гарчигтай бичлэг цахим сүлжээнээс олж харлаа. Тайрмал үстэй, нүдэнд дулаан, гоо бүсгүй төгөлдөр хуурыг ар талаараа, урвуу харж, бүр нүдээ тагласан ч хөг алдалгүй, чадварлаг тоглох нь гайхашруулам байв. Тэрбээр Соёлын гавьяат зүтгэлтэн, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийн охин аж. Тэрбээр ОХУ-ын Москва хотод Гнесины нэрэмжит хөгжмийн академийг төгсөж, өдгөө Монгол Улсын консерваторт төгөлдөр хуур, цөөхүүл хөгжмийн багшаар ажиллаж байна.

-“Classica MGL” төслийн тань тухай яриагаа эхэлье. Подкастын хувьд одоо тодорхой хэмжээний сонсогчтой болж, хүмүүс ам сайтай байдаг юм билээ. Яагаад энэ төсөл болон подкастыг хийх болов?

-2020 оны нэгдүгээр сарын 27-ноос Монгол Улсад хөл хорио тогтоож, сургууль хааж бүх зүйлс цахим хэлбэрт шилжсэн үеэс эхлэлтэй. Тухайн үед ажлын шаардлагаар “Онлайн нээлттэй хичээл” хийхээр болж, анх удаа олон нийтийн сүлжээгээр нийтэд хандсан хичээл хийж байршуулсан ю м . Зөвхөн мэргэжлийн сургуулийн оюутан, сурагч нарт хандаж “Чтение с листа” буюу “Нот хэрхэн уншиж сурах вэ” сэдвээр хийсэн боловч өөр бусад хүн ч сонирхон үзэж, цаашид үргэлжлүүлэн хийхийг хүссэн сэтгэгдэл бичсэн байсан. Үүнээс үүдэн дан ганц сурагч нартаа бичлэг явуулах бус, бусад хүүхдэд, мөн эцэг эхэд зориулан Гамм гэсэн сэдвээр дараагийн хичээлээ үргэлжлүүлэн хийж эхэлсэн. Энэ мэтээр долоо, наймдугаар сарын удаан хөл хорионы үеэр сурагчидтайгаа тогтмол цахимаар хичээллэж байлаа. Анзаараад харахад тэдэнд эх хэл дээрээ мэргэжлийнхээ чиглэлийн дагуу үзэх нэвтрүүлэг тэдний сонирхлыг татдаг зүйл цахим сүлжээнд байдаггүй гэдгийг ойлгосон. Миний хийж байгаа подкастын зорилго маань монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийн бүтээл, дуу хоолойг түгээх, нийт ард түмний хөгжмийн боловсролд бага ч гэсэн нэмэр болох болов уу гэж боддог.

- Сонгодог хөгжимтэй амьдралаа холбосон түүхээ ярьж болох уу. Урлагийн гэр бүлд төрж, өссөн тань нөлөөлөв үү?

-Урлагийн гэр бүлд төрж, өссөн маань ер нь нөлөөлсөн шүү. Хамгийн их нөлөөлсөн хүн ээж. Зургаан настайгаасаа төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн.

-Анх тайзан дээр төгөлдөр хуур тоглосон дурсамжаа хуваалцаач?

-Хөгжим бүжгийн коллежэд суралцаж байгаа бүх л хүүхдийн анхны тайз “Долоон нотны баяр” байдаг. Минийх ч мөн адил.

- Монгол Улсын консерваторид багшаар ажиллаад хэр удаж байгаа вэ . Бусад сургуультай харьцуулахад урлагийн сургуулийн онцлог гэж бий. Цахимаар хичээллэхэд ямар хүндрэл гарч байна вэ?

-Мэргэжлийн төгөлдөр хуурч, цөөхүүл хөгжмийн нэгдлийн багшаар ажиллаад гурван жил боллоо. Өнгөрсөн оны хавар цахимаар хичээллэж эхлэхэд үр дүн муутай юм шиг санагдаж байсан . Удалгүй нөхцөл байдалдаа дасаж, хэрхэн сургалтын хөтөлбөрөө үр дүнтэй болгох, нэмэлт мэдээллээр хангах шинэ, сонирхолтой юу хийж болох вэ гэж бодсоны эцэст подкаст хийх санаа төрж байв. Сурагчидтайгаа шууд холбогдоод хичээлээ заах хэцүү. Орон нутагт байгаа хүүхдүүдийн интернэт хурд муу, өдөр бүр холбогдоод байж чадахгүй учраас хичээлээс хоцрох магадлалтай. Иймд аль болох бүх хүүхдэд хүртээмжтэй, ойлгомжтой байх үүднээс бичлэгээр оруулах, асуух зүйл байвал эргээд холбогдоход нээлттэй байхыг хичээдэг. 

Гэхдээ цахимаар хичээллэхэд хүндрэлтэй тал олон бий. Танхимаар нэг удаа л орох хичээлийг цахимаар гурваас дөрвөн удаагийн хичээл заасны дараа сая үр дүн гарч байгаа нь ажиглагддаг. Учир нь, хөгжмийн нарийн хэллэг, өнгө будгийг биечилж зааж байж л үр дүнтэй сурдаг юм. Мэргэжлийн төгөлдөр хуурын хичээлийн хувьд ийм байна. Харин цөөхүүл хөгжим буюу хоршиж тоглодог хичээлийн хувьд нэлээн ярвигтай. Ганцаар яаж тоглох нь биш бусдыгаа мэдэрч тоглох ёстой учраас шалгалт авахад ч амаргүй байна. Мэдээж хичээлийн төлөвлөгөөнд байгаа сургалтын хөтөлбөрөө цаг алдалгүй олон нийтийн сүлжээ бусад платформуудаар заана. Үүнээс гадна чөлөөт цагаараа ч гэсэн сонирхолтойгоор суралцдаг, мэдлэг олж авдаг байгаасай гэсэн үүднээс подкаст хийсэн. Хэрвээ “Ковид-19” гарч хөл хорио тогтоогоогүй байсан бол үүнийг хийх санаа сэдэл, бодол төрөхгүй байсан биз.

-ОХУ-ын Москва хотод бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ . Тус у л с н ь сонгодог урлагаараа өрнийн соёлд байр сууриа бататгасаар ирсэн. Сургалтын хөтөлбөртөө хөгжим, уран зохиол, уран зураг гэх мэт урлагийн боловсролд их ач холбогдол өгдөг. Таны суралцаж, төгссөн сургуулийн онцлог юу байв?

-ОХУ-ын Москва хотод хоёр том хөгжмийн сургууль бий. Би Гнесины нэрэмжит хөгжмийн академи төгссөн. Энэ сургуульд элсэж орохын тулд ОХУ-ын бусад хотоос олон хүүхэд зорьж ирдэг төдийгүй маш өндөр шалгууртай. Манай ангид анх 30 төгөлдөр хуурч элсэж байлаа. Гурав нь гадаад улсын оюутан байсны нэг нь би юм. Саяхан подкастад маань хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх зочноор оролцсон . Өөрөө ч мөн тус улсад сургууль төгссөн тул энэ тухай бид хоёр ярилцлаа. Орос багш нар хэзээ ч “Чи ингээд төгөлдөр хуурч боллоо”, “Чи мундаг болжээ” гэж хэлэхгүй. Үргэлж л дахин дахин суралцах ёстой гэдгийг ойлгуулж, өөрсдөө ч түүнийгээ баталдаг. 

Сонгодог урлагаараа өрнийн соёлд байр сууриа тодорхойлж, бататгасаар ирсэн гэдэгтэй чинь би яг санал нийлж байна. Сургалтын систем нь хүнийг бүхий л нөөцөөр нь боловсруулж, чанаж, шавхдаг. Маш хатуу шаардлага, сургалтын системтэй. Хэрвээ түүнийг давж чадахгүй л бол сургуулиас гарах л сонголт бий. Ийм хатуу, шахуу системтэй газар би өөрийнхөө хүчийг бүрэн дүүрэн дайчилж, суралцах хугацаандаа олон зүйлийг олж авчээ. Дээрээс нь ганцхан сургалтаар бөмбөгдүүлэх биш ОХУ-д суралцсан минь үнэхээр азтай хувь заяа. Магадгүй амьдралын минь хамгийн сайхан үе энэ үед л өнгөрч дээ. Дэлхийн алдартай уран бүтээлчдийн тоглолтыг тасралтгүй үзэж, өөрийн уран бүтээл хийх хүсэл сонирхлыг ч олж авдаг. Зөвхөн концертын заал ч гэхгүй театр, музей, номын сан зэргээр ч тогтмол орж, өөрийгөө бүхий л талаар нь хөгжүүлэхийг хичээж байв. Шөнийн музейд дугаарлаж ороод л үзнэ. Багш нарын хувьд өөрсдөө гайхалтай өндөр боловсролтой, багшлахаас гадна жинхэнэ уран бүтээлчид байсан. Үргэлж тэмцээнд орж, соло концерт хийж явдаг учраас тэр байдал нь ч бидэнд нөлөөлдөг.

-Сонгодог хөгжим тоглодог хүнд авьяас байгалиас заяасан байдаг уу. Аль эсвэл хичээллэж сурдаг уу. Багш хүний хувьд үүнийг ажигладаг байх?

-Дан ганц төгөлдөр хуурч гэхээс илүү урлагийн хүнд авьяас чухал шүү. Сонгодог хөгжимчин байна гэдэг нь авьяас, хөдөлмөр дээрээс нь ухаан юм. Нэг хүнд бүх зүйл тэгш заяана гэж байхгүй шүү дээ. Аль нэг дутууг нь гүйцээхийн тулд олон жилийн хугацаанд давтлага, сургуулилт хийлгэж, энэ нь байнгын давтамжтай хийгддэг. Тэгэхээр үүнийг хүн болгон давж гарч чадахгүй. Хатуужилтай , тэсвэр тэвчээртэй хүн л ард нь гарч байж сая хөгжимчин болно.

- Урлагийн тэр тусма а төгөлдөр хуур тоглодог хүнд бусдаас ялгарах эрхэмсэг, гоо шинж байдаг?

-Төгөлдөр хуурыг зүгээр нэг “хаан хөгжим” гэж нэрлэчихээгүй. Онцлог нь энэ хөгжмөөс өөр ямар ч хөгжмийн зэмсэг бусдыгаа орлож чадахгүй. Симфони найрал хөгжмийг багтаах чадвартай төгөлдөр хуурыг тоглож байгаа хөгжимчин том сэтгэж, том хардаг. Дээрээс нь урын сангийн хувьд маш баялаг. Ийм болохоор үргэлж суралцах ёстой юм. Дан ганц төгөлдөр хуурч гэлтгүй сонгодог хөгжимчдийн бусдаас ялгараад байгаа тэр гоо шинж нь дийлэнхдээ маш их хатуужил, тэсвэр тэвчээр. Дараа нь ямар ч зүйл хийсэн түүнийгээ хэцүү гэж хардаггүй, тэр бүр нугараад байдаггүй юм. Зохиол бүр дээр ажиллах гэж хэцүү хүндтэй нүүр тулгардаг. Заасан хугацаанд амжуулахаас өөр аргагүй учир хурд бас шаардана. Аливааг чин сэтгэлээсээ, нэг бүрчлэн, уйгагүй хийх зан чанар ухамсарт нь суучихдаг юм.

-Магадгүй эцэг эхчүүдээс энэ асуулт их ирдэг байх. Хүүхдэд төгөлдөр хуур тоглож сурах нас гэж бий юү?

-Мэргэжлийн төгөлдөр хуурч болох сонирхолтой хүүхдэд таван наснаас эхлэн суралцвал зүгээр. Гэхдээ хүүхэд бүрийн онцлог, гэр бүлийн хүмүүжил чухал нөлөөтэй. Сонирхогч хүүхдийн хувьд ч мөн адил таван наснаас эхэлж болно. Гэхдээ монгол хүүхдүүдийг ажиглахад таван нас арай балчирдана. Эцэг эх нь хэт эрхлүүлчихсэн хүнтэй харилцаж чадахгүй, нэгээс тавын хооронд тоо мэдэхгүй бол багш ажиллахад нэлээн ярвигтай. Тийм болохоор сонирхогчийн түвшинд суралцуулахыг хүсэж байвал долоон наснаас дээш байвал зүгээр. Төгөлдөр хуурч болох чин хүсэлтэй, ар гэрийн анхаарал халамж сайн бол хэзээ ч суралцаж болно.

-Зарим хүн суралцаж эхлээд дундаас нь орхичихдог. Ер нь анхлан суралцагчид түгээмэл гаргадаг алдаа юу вэ?

-Дундаас нь хичээлээ орхиж байгаа хүмүүсийг ажиглахад насанд хүрэгчид байх нь бий. Учир нь ажил мэргэжлийн онцлогоос болж өдөр бүр хичээлдээ ирж чадахгүй тохиолдол ч гарна. Тийм үедээ сургалтаа цахимаар авч байвал зүгээр санагддаг юм. Хүүхдүүдийн хувьд дундаас хаядаг шалтгаан нь харагдах, сонсогдож байгаа байдлыг гоё сайханд нь автаж амархан гэж бодож ирдэг тохиолдол бий. Нүдээр харж, толгойгоор боловсруулаад, гараар ажиллаж хөгжим тоглоно. Дээрээс нь хөл, чих гээд бүгд зэрэг ажиллана. Үүнийг хэдхэн секундэд зэрэг удирдаж сурна гэдэг шууд ирдэг юм биш. Тодорхой хугацааны дараа хүнд бий болдог дадал учраас бий болох хүртэл нь тэвчих хэрэгтэй. Бүх боловсролыг зөвхөн хүсэл, сонирхлоор олж авдаг гэвэл үүн шиг худлаа зүйл үгүй. Үүнийг эцэг эхчүүд хүүхдэдээ ойлгуулж, ярилцсаны дараа шийдвэрээ гаргах нь зүйтэй. Хүүхдэдээ анхаарал тавихгүй, даалгаварыг нь тогтмол хийлгэхгүй бол хүүхэд шантардаг. 

Эхлээд нот үзэж эхэлсэн бол дараа нь аяз тоглоно, зохиол дээр ажиллана гэх мэт үе шаттайгаар явдаг учраас тэр хооронд л давтлагыг тогтмол хийлгэх хэрэгтэй. Хөгжим гэдэг багшаар 45 минут заалгаад олж авах боловсрол биш. Давтлага, хичээл зүтгэл, чин хүсэл, тууштай байдал хамгийн чухал.-Урлаг өөрөө нийгмийг соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй. Сонгодог хөгжмөөс олж авсан нандин чанар, үнэт зүйл нь юу байв?

-Дээр хэлсэнчлэн тэсвэр тэвчээр, хатуужил, хэцүү байсан ч нүүр тулж даваад гарах чанар, хүлээцтэй байх, цаг хугацаанд нь төлөвлөж чин сэтгэлээсээ хийх гэх олон зүйлийг багш, сургуулиасаа ер нь урлагтай холбогдсон энэ амьдралаасаа олж авсан. Миний багшийг Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг гэдэг. Ганц хөгжим гэхээс ч илүү хувь хүний эрхэм чанар, багш хүн сурагчдаа яаж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой вэ гэдгийг надад ойлгуулжээ.

-Боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд манай улс урлагийн боловсролдоо алддаг, өөрчлөх ёстой зүйл юу байна вэ?

-Урлагийн боловсролын хувьд хамгийн эмзэглэдэг сэдэв ЕБС-д орж байгаа дуу хөгжмийн хичээл үнэхээр хангалтгүй түвшинд байдаг явдал. Хамгийн эхэлж анхаарал тавих зүйл нь хөтөлбөр дээрээ маш сайн ажиллаж, сайн багш бэлтгэх хэрэгтэй. Их сургуулиудын хувьд олон талд ижил төрлийн мэргэжилтэн бэлтгэж байгааг нэг тийш нь цэгцлэх хэрэгтэй юм болов уу гэж боддог доо. Ажиллах орон тоо байхгүй байхад ч олноор төгсгөөд л байдаг. Сургалтын чанар дээр ч анхаарах зүйл бий. Дээрээс нь үнэхээр гоц авьяастай, сайн бэлтгэгдэж, хөдөлмөрөөрөө цойлоод гараад ирсэн хүүхдийг цаашл аад д эл хийд гаргах бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй байна. 


0
10
0
3
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна