Р.Өнөржаргал: Урлагийн гэрэлт тайзнаа 4000 гаруй арга хэмжээг хөтөлжээ

Админ
2021/02/25

В.НЭРГҮЙ

Эх хэлний шүр сувдыг хүлхэж,яруу тунгалаг билэг, оюуныг шүтэж тэрхүү хөг авъяасаараа олон түмнээ баясгаж яваа монголын сор хөтлөгчдийн нэг бол БЦДБЧын Сургалт соёл, маркетингийн албаны дарга, дэд хурандаа Р.Өнөржаргал билээ. Ингээд түүнтэй товч ярилцсанаа хүргэе.

-Зэвсэгт хүчин байгуулагдсаны зуун жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Эх орныхоо үнэ цэнийг шүтэн биширч, сүслэн хайрлаж түүнийхээ төлөө зүтгэж ирсэн үе үеийн монгол түмэндээ орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэнд хүргэе. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсаны хэлсэнчлэн “Өөрийн толгой мэдэлтэй алхаж яваа газар шороон дээр, Өргөн цээж дүүрэн амьсгалж яваа” эрх чөлөө, тусгаар тогтнолоо хайрлаж яваа хүн бүхэнд гэгээн сайхныг хүсэн ерөөе.

-“Шивээ хиагт” дууны үг зохиогдсон үеэс танай чуулгын түүх эхлэх үү?

-Манай чуулгын түүх ардын хувьсгалчдын анхны дуунууд болох “Шивээ хиагт”, “Магнаг үсэгтэй туг” гэх мэт эх орончдын сэтгэл шингэсэн уран бүтээлээс эхэлсэн гэж үзэж болно. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага шүү дээ. Нэгэн зууныг товчоолсон Ардын цэргийн эгнээнээс олон алдартан төрөн гарчээ. 1945 оны чөлөөлөх дайнд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож цэрэг, дайчдын сэтгэл, итгэлд ялалтын уухай дуудсан цорын ганц урлагийн байгууллага.

-Та өөрөө энэ байгууллагатай хэрхэн холбогдсон бэ?

-Би УБИС /хуучнаар/ ын Утга зохиолын ажилтны анги дүүргээд Зэвсэгт хүчний нэг эд эс болж энэ салбарт орсон. Оюутны ширээнээс цэргийн жагсаалд шилжсэн. 

Өнөөдөр эргээд харахад Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулгатайгаа ажил амьдралаа холбоод 20 гаруй жил болжээ. Цэргийн чуулга гэдэг их айлын нэг охины хувьд төрийн хүндэтгэлийн арга хэмжээ, ойн томоохон арга хэмжээ, Халх гол, чөлөөлөх дайн болон нэр цуутай уран бүтээлчдийн тоглолт гээд нийт 4000 гаруй арга хэмжээг алтан тайзан дээрээс хөтөлсөн байна.-Та хөтлөгчөөс гадна чамгүй сайн уран бүтээлч?

- Миний өөрийн шүлгээр 60 гаруй дууны уран бүтээл төрсөн байдаг. Гэхдээ энэ ганц миний уран бүтээл биш шүү дээ. Сайхан хамт олон, хөгжмийн зохиолч, дуучдын минь уран бүтээлд хайртай элэг сэтгэл юм. Саяхан гэвэл Зэвсэгт хүчнийхээ 100 жилийн ойд зориулж “Хүннү” гэж анхныхаа дуурийн цомнолыг бичиж олны хүртээл болголоо. Мөн дайны жилд манай чуулгынхан чамгүй их үүрэг гүйцэтгэж явсан. Энэ түүхийн улбаа болгож “Ялалт дархалсан намар” нэртэй дуулалт жүжиг бичлээ.

- “Эх орны цэрэг” яруу найргийн наадам удахгүй болох сураг гарсан. Цар тахлын үед энэ арга хэмжээг зохион байгуулахад багагүй бэрхшээл тулгарах байх?

-Оролцож буй уран бүтээлчдийнхээ аюулгүй байдлыг энгийн иргэний үүргээс гадна, цэргийн дүрмээр чандлан сахина. Энэ жилийн “Эх орны цэрэг” яруу найргийн наадамд олон уран бүтээлч бүтээлээ ирүүлж байна. Ойн хүрээнд хийгдэж байгаа ажил болохоор шагналын сан нь өндөр. Хамгийн сайхан зүйл нь түрүүлсэн яруу найрагч “Жанжны сэлэм”-ийн эзэн болно. 

Энэ цагийн хүн бүхэн, эх орны хойч үе минь эх оронч сэтгэлтэй байх ёстой. Үүний тулд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчин эх орноо хайрлахад чиглэгдсэн олон арга хэмжээ зохион байгуулж байдгийн нэг нь “Эх орны цэрэг” яруу найргийн наадам шүү дээ.

-Аав, ээжийнхээ тухай дурсамж яриа дэлгэвэл?

-Миний аавыг Г.Ренчиндорж гэдэг. Алдарт “Сэгс цагаан богд” уулын хүү. Ээж минь Хөвсгөлийн охин. Аав, ээж хоёр минь Багшийн сургуулийн монгол хэл уран зохиолын ангийг хамт төгссөн юм билээ. Ер нь энэ сургууль манай гэр бүлийг бүхэлд нь хүмүүжүүлсэн. Би ч энэ сургуулийг төгссөн. Миний дүү нар ч адилхан хэл уран зохиолын анги дүүргэсэн. Нэг үгээр хэлбэл арвин сайхан монгол хэлний хишиг буяныг хүртэж яваа гэр бүл шүү дээ манайхан. 


11
69
1
1
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.84
    2021/02/26

    Түүх т ойн мэнд хүргэж ажилтан амжилт амьдрал аз жаргал хүсье.Өөнө эгч ээ.

    Хариулах