Б.Батцэцэг: Хүүхэд бол хамгийн шударга уншигч

Админ
2021/02/26

А.БЯМБАСҮРЭН

Ярих гэхээсээ илүү бичих дуртай, цаг ямагт үгийн эрэлд хатаж, сайхан үг олдвол эрдэнэс олсон мэт баярладаг хэмээн инээвхийлэн өгүүлэх нэгэн даруухан эрхмийг энэ удаагийн “Залуус” буландаа урилаа. Тэр бол “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын эрхлэгч, редактор Б.Батцэцэг. Номын гэгээн харгуйд сайхан үг хайж, түүгээрээ хүмүүсийг ундаалж яваа түүний ажил амьдралын замналаар уншигч та аялаарай.

-“Монсудар” хэмээх номын их өргөөнд ажлын гараагаа эхэлсэн тэр мөчөөс тань яриагаа эхэлье?

-Юуны өмнө танай сонины уншигчдад урин хаврын мэнд дамжуулъя. МУБИС-ийг төгссөнөөс хойш “Монсудар” хэмээх номын өргөөнд ажиллаад хэдийн найман жилийг үджээ. Монгол хэлний редакцад нарийн бичгээр ороод, хэдэн сарын дараа редактораар ажиллаж эхэлсэн түүхтэй. Хамгийн анх аман зохиолын цувралын домог, домог үлгэр, аман наадгай ботиуд дээр ажилласан.  Дараагаар нь “Нүүдэлчдийн тайлбар толь” хэмээх томоохон хэмжээний бүтээл дээр зохиогч, редактораар оролцсон юм. Ажлын минь гараа шинэхэн номын үнэрээр эхэлсэнд би тун их баяртай байдаг. Анх номд гарсан нэрээ хараад л хязгааргүй их баярлаж билээ. Ингэж л ном хэмээх гэгээн ертөнцтэй эргэлт буцалтгүй холбогдсон доо.

-Найман жил гэдэг чамгүй хугацаа. Эрхэлж буй ажлын тань юу нь таныг ингэтэл татав?

-Маш олон шалтгаан бий. Ном унших, уншсан номдоо хэсэг амьдрах, сайхан үгийн эрэлд хатаж явах шиг жаргалтай зүйл үгүй санагддаг. Бага байхад хөдөө унших ном олдохгүй болохоор сонин сэтгүүлийн тасархай ч хамаагүй олдсоноо уншаад явдаг байсан. Ихэнхдээ өөрийнхөө болон дүү нарынхаа сурах бичгүүдийн эхийг хэд дахин уншиж сууна. Жаахан уншихад төвөгтэй зүйл гарвал өөрийнхөөрөө засчихна. Түүнээс гадна яагаад ч юм шүлэг, эссэ бичих дуртай байсан. Тиймэрхүү юм бичихээрээ л өөрийн эрхгүй аз жаргалтай санагдана. “Монсудар” хэвлэлийн газарт редакторлахаас гадна өөрсдөө бүтээх зохиох ажлыг давхар хийдэг. Хамгийн сүүлд гэхэд “Монголын нууц товчоон”-ыг хүүхдэд зориулан шинээр зохиомжлон найруулсан. Ингээд бодохоор сонирхол, ажил хоёр маань нэгдсэн юм шиг ээ. Нөгөө талаар сэтгэл зүрхээ шингээж хийсэн бүтээлүүдийг маань уншигчид, шимтэн уншиж, үнэлж дүгнэнэ гэдэг их аз жаргал. Мэдээж шантрах тохиолдол олон бий. 

Би ерөөсөө үүнд бэлэн биш юм байна, би болоогүй байна гээд л өөрийгөө чамлана. Гэхдээ хамт олон маань намайг үргэлж хурцалж, зоригжуулдаг. Бид яаж туслах вэ? Чи энэ талаас нь хараад үз дээ гэх мэтээр гарц гаргалгаа, шийдэл олоход минь үргэлж чиглүүлэгч луужин болж өгдөг удирдлага, бүтээлч хамт олонгүйгээр би ингэж удаан тууштай ажиллаж чадахгүй байсан болов уу.-Хамгийн хэцүү мөртлөө жаргаж бүтээсэн номоосоо хуваалцаач?-Мэдээж цаг хугацаа, оюун билгээ зориулж бүтээсэн ном бүрдээ хайртай. Тэр дундаа “Нүүдэлчдийн тайлбар толь”, “Аман зохиолын цуврал” гэх мэтчилэн монгол хэлнийхээ эртний үг хэллэгийн далайд сэлэх шиг сайхан зүйл үгүй. Харин хамгийн хэцүү мөртлөө шандас сорьсон бүтээл гэхээр “Испани өгүүллэгүүд” болон З.Фройдын “Тотем ба Табу” санагдаж байна. Испани өгүүллэгийн хувьд бичлэгийн хэлбэр, агуулга бидний уншдаг ном зохиолуудаас нэлээн ондоо, нэг тийм зэвүүн гэмээр уур амьсгалтай. З.Фройдын ном бол угсаатны зүй, сэтгэл судлал, философи гэх мэтчилэн маш олон салбарын үг хэллэг, ойлголт бүхий бүтээл. Тиймдээ ч тийм хэмжээний мэдлэг шаардсан, жинхэнэ шандас сорьсон ном байсан. Хэдийгээр редакторласан ч гэлээ ийм ярвигтай байсан гэхээр орчуулагч нарын хөдөлмөр ямар хэцүүг ойлгоно байх. Ер нь орчуулга ч бай, редактор ч бай хэлний мэдрэмж гэдэг зүйл асар чухал юм шиг санагддаг.

-Таны хувьд хамгийн анх ямар номтой, хэрхэн танилцаж байв?

- Хөдөө өссөн болохоор тийм гоё сайхан ном төдийлөн олдохгүй, энд тэндээс элдэв номын тасархай л их олж уншдаг байлаа. Харин бүтэн ном гэвэл арван жилд байхдаа нэг сайн дурын ажилд оролцоод урамшуулал болгон Х.Болор-Эрдэнэ зохиолчийн “Хишигт” туужийг авч байсан юм. Тухайн үед миний уншсан хамгийн сайхан монгол хүүхдийн зохиол тэр. Түүнээс гадна манай сургуульд англи номын сан байдаг байв. Тэнд гоё гоё зураг чимэглэлтэй, хараа булаам ном их байсан. Тэгээд л яг ийм монгол ном байдаг бол ямар гоё вэ гэсэн бодол төрж билээ. Одоо ч тийм номууд элбэг гарсан болохоор орчин цагийн хүүхдүүдэд атаархаж байна шүү ( инээв)

-2020 оны хамгийн том амжилт тань юу байсан бэ?

-2020 он миний хувьд үнэхээр гайхалтай жил байлаа. Учир нь, Азийн соёлын төвийн хүүхдийн зурагт ном бүтээх төсөлд “Ботго минь хаана байна?” ном маань шалгарсан. Орон орны зохиолчдын бүтээлийг солонгос зураач зурж амилуулдаг юм билээ. Ингээд багагүй хугацаанд зураачтайгаа ярилцаж зохиолоо эцэслэсний дүнд англи, солонгос, монгол гурван хэлнээ хэвлэгдсэн байгаа. Энэ гурван хувилбараа улс орнуудын номын сангуудад тараадаг юм билээ. Одоогоор хөл хориотой холбоотойгоор хараахан энд ирж амжаагүй байна. Энэ төслийн хүрээнд өөр орны хүүхдийн зохиолчидтой уулзаж туршлага солилцсон, олон зүйл мэдэж авсан болохоор маш их баяртай байна.

-Редактор хүмүүсийн нэг давуу тал нь цагт баригдалгүйгээр ажиллаж болдог байх, тийм үү?

-Нэг талаараа тийм харагдавч оюуны маш хариуцлагатай ажил учир анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж, өөрийнхөө бүтээмжид тааруулан цагаа хуваарилдаг. Зарим хүн өдөржин нэг ном дээр төвлөрч суух сонирхолтой байдаг. Харин миний хувьд өөр өөр ажиллагаатай олон ном дээр зэрэг ажиллах нь дээр санагддаг. Тухайлбал, үдээс өмнө оюун бодол, хүч сорьсон буюу зохиох, найруулах ажлуудаа амжуулаад, үдээс хойш үг үсгийн алдаа хянах, төслийн зохион байгуулалт зэрэг техникийн, өдөр тутмын ажлаа хийдэг.

-Жангар редакц одоо ямар бүтээлүүд дээр ажиллаж байна?

-Манай редакцын хувьд орчуулгын болон монгол контент гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Орчуулгын бүтээлийн хувьд хүүхэд багачуудын дуртай “Харри Поттер”, “Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл”, “Нохой-хүн” зэрэг дэлхийн бестселлер номыг эрхлэн гаргадаг. Харин монгол номын тухайд бол эртний уран зохиолыг хүүхэд багачуудад зориулан гаргах, хүүхдийн танин мэдэхүйн болон уран зохиолын шинэ бүтээлүүд туурвих томоохон төслүүд дээр ажиллаж байна. Эртний уран зохиол төслийн хүрээнд “Эрийн сайн Хан Харангуй”, “Жангар”, “Монголын нууц товчоон” зэрэг шилмэл бүтээлүүдийг гаргасан бол сая Цагаан сарын өмнөхөн “Гэсэр” туулийг уншигч хүүхдүүддээ хүргэлээ. Энэ бүтээл маань үг хэллэг, соёл ахуй, сэтгэлгээ, шашны ойлголтууд ихтэй чамгүй оюун ухаан чилээсэн нөр их ажил боллоо. 

Мэдээж дээр дурдсанчлан эх зохиолынхоо агуулга, чиг шугамыг барьж ажиллахыг хичээсэн. Мөн өнөөгийн хүүхэд, залуус юуг нь уншиж, сонирхох бол гэдэгт анхаарч ажилласан. Хүүхдийн номын редакц гэдэг утгаараа мэдээж зураг чимэглэлийг салгаж ойлгож болохгүй. Энэ бүх бүтээлийнхээ зураг чимэглэлд ч бас маш хянуур ханддаг. Үгүй бол бид уншигчдадаа гологдоно шүү дээ. Ер нь хүүхэд гэдэг хамгийн шударга уншигч байдаг. Муухай, уйтгартай байвал шууд л хаячихна. /инээв/-Эртний уран зохиол, түүхийг хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тааруулж найруулна гэдэг их судалгаа, цаг хугацааны ажил биз?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Бид монгол өв соёл, уламжлалаа хадгална, хайрлана, хамгаална гээд авдарлаж хадгалсаар байгаад мартагдах янзтай. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуусыг “Гэсэр”, “Жангар” ,”Монголын нууц товчоо”-г унш гэж шахдаг. Гэвч эх хувийг нь хүүхдүүд бүү хэл томчууд бид ч уншихад ихээхэн бэрхшээлтэй. Үг хэллэгээс гадна тухайн үеийн сэтгэлгээ, ахуй ойлголт гээд өнөөгийн нийгмээс тэс өөр. Ингээд л хүүхэд залуус маань ойлгохгүй, хэцүү санагдахаар уйтгартай гэж цоллоод орхидог. Гэтэл үнэхээр л өв соёлоо хадгалж үлдье, хөгжүүлье гэвэл тэднийг хэрэглээнд оруулах хэрэгтэй шүү дээ. Бид дээлээ орчин үеийн загвараар өнөө үед хэрэглээд байгаатай л адилхан. Иймд бид хүүхдүүдэд зориулсан хувилбарыг гаргах нь зүйтэй гэж үзэн энэ ажилд ханцуй шамлан орсон. “Монголын нууц товчоон”-ы тухай ярихад хоёр жил гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд, тухайн үеийн жуулчдын тэмдэглэл зэрэг олон эх сурвалж сөхөж, гадаад хүүхдүүдэд зориулсан бүтээлийг ч харьцуулж үзсэн. Ингэснээр бичих арга хэлбэр, баримтлах зарчим маань тодорхой болсон юм. Тухайлбал, хүүхдэд зориулсан гээд үг хэллэгийг нь хэтэрхий энгийн ядмаг болгож болохгүй, эх зохиолын чиг шугамыг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Мөн өнөөгийн хүүхдүүдэд чухал ач холбогдолтой үнэт зүйл, ёс суртахууны ойлголтуудыг тодруулж, үйл явдал бүрийн учир шалтгаан, логикийг заавал тайлбарласан байх ёстой гэх мэт. Хамгийн гол нь бид өнөөгийн хүүхдүүдэд дайн байлдаан, үйл явдал гэхээсээ илүү тухайн зохиолын үнэт зүйл, ёс суртахууны ойлголтыг өгөхийг чухалчилсан. Энэ нь хүүхэд үйл явдал, нэр ус төдийхөн цээжлээд өнгөрөлгүй ойлгох, танин мэдэх ач холбогдолтой. Энэ мэтээр алдаа мадгаа засаж явсаар тав орчим жилийн ажлын үр дүнд хүүхдүүдэд зориулсан нууц товчоо бий болсон доо.

-Нөр их хөдөлмөрийн үрээр номоо гаргасны дараа эцэг эхчүүдийн хандлага, үр дүн ямар байв?

-Өв соёл, уламжлалаа оролдож болохгүй, зүгээр хэвээр нь орхи, хайрла, хамгаал гэх хэсэг хүмүүс бий. Тиймээс тиймэрхүү хандлага ирэх болов уу гэсэн бяцхан айдас байсныг нуух юун. Гэхдээ одоогоор тийм зүйл ажиглагдсангүй. Тэгэхээр ингэх нь өв соёлоо эвдэх биш харин эх зохиолд хүргэх гүүр нь юм байна, хүүхэд залуусыг өв соёлд ойртуулах алхам юм байна гэдгийг бага ч гэсэн ойлгосон юм болов уу гэж бодсон. Харин эцэг эхчүүдийн хувьд бол үнэхээр хүсэн хүлээсэн зүйл нь байсан. Хүүхдэдээ орой болгон уншиж өгч байгаа, хүүхэд маань битгий хэл би хүртэл унших л хэрэгтэй юм байна гэх мэт зурвасууд редакцад болон надад ирж байгаа. Эдгээр уншигчийн чин үнэн сэтгэлийг мэдрэх зүгээр л аз жаргал.

- “Жангар” редакц хэчнээн хүнтэй ажиллаж байна вэ?

-Орчуулагч, редактор, зураач, зохиогч гээд арваад хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Хөл хорионоос үүдээд одоо цөөхүүлээ ажиллаж байна.

-Монгол хэлний үгийн сан хэр баялаг санагддаг вэ?

-Зарим тохиолдолд үнэхээр баялаг шүү. Цаад хэл дээрээ нэг л үгээр байгаа үг монгол хэлэнд маш олон утгаар илэрхийлэгдэх жишээний. Харин нэг дутагдалтай зүйл нь, манай хэлний дийлэнх хувийг нүүдлийн соёл, мал аж ахуйтай холбоотой үг эзэлдэг болохоор сэтгэл мэдрэмж, техник технологи, шинжлэх ухааны буюу мэргэжлийн үг хэллэгүүд их хэцүү. Ихэвчлэн тогтсон хэллэг, галиг байхгүйгээс холбоо үгээр, тайлбараар голцуу явчихсан байдаг. Тухайлбал, оюун ухаан, оюун санаа, оюун бодол, үзэл бодол, үзэл санаа гэх мэт. Ялгаа заагийг нь гаргах үнэхээр хэцүү шүү.

-Танайхаас уншигчдын боловсролыг дээшлүүлэх ямар ажил явуулдаг вэ?

-Ном бүтээл бүтээх явцад яалт ч үгүй эцэг эх, багш, уншигчдад чиглэсэн соён гэгээрлийн үйл ажиллагаа явуулах шаардлага тулгардаг. Тиймээс жил болгон уншигчдадаа зориулж “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулдаг. Энэ өдрүүдэд эцэг эхчүүдийн зүгээс ирүүлдэг асуултуудад хариулах, уншигчдад зөвлөгөө зөвлөмж өгөхөөс гадна номын хэлэлцүүлэг идэвхтэй өрнүүлдэг.

-Хөл хорионы энэ үед хүүхдүүд ямар ном уншвал зүгээр вэ?

-Байнга завгүй гэдэг эцэг эхчүүдийн хувьд хөл хорио бол хүүхэдтэйгээ хамт байх сайхан боломж. Тиймээс эцэг эх хүүхэдтэйгээ хамт ажиллаж болохуйц номуудыг санал болгоё. Манайхаас яг ийм зорилгоор “365 үдэш”, “365 өдөр” номыг гаргаж байсан. 

Өдөрт нэг л үлгэр, нэг л танин мэдэхүйн бичвэр уншиж өгөөд ярилцахаар ном л доо. Хүүхэд тэндээс юм сурахын сацуу эцэг эхтэйгээ хамтдаа уншиж ярилцан халуун дулаан уур амьсгалыг мэдрээсэй гэж хүссэн. Мөн “Энэ бол Улаанбаатар” гээд зурагт ном бий. Энд хотын үүх түүхээс эхлээд музей, парк, талбай, зайсангийн цогцолбор гэх мэт онцлог газруудын талаар өгүүлсэн. Хамгийн гол нь хотын соёл гэж юу болох талаар тусгасан байгаа. Тэгэхээр гэртээ байх хугацаандаа хүүхэдтэйгээ хамт хотынхоо талаар мэдэж аваад, хөл хорио тавигдсаны дараа хотоороо аялбал үнэхээр өгөөжтэй болох болов уу.

- Таны болоод редакцын тань хувьд цаашдын хийх зүйлсээсээ хуваалцахгүй юу?

-Өнөөдөр хүүхдүүдийн уншиж байгаа зүйлсийг харахаар ихэвчлэн орчуулгын буюу гаднын бүтээлүүд байдаг л даа. Тиймээс манай хэвлэлийн газар монгол хүүхдүүдийг монгол унших юмтай болгохыг зорьж байна. Тиймдээ ч Гэсэр, Жангар, Монголын нууц товчоон гэх мэт сор бүтээлийг хүргэсээр буй. Энэ жил ч бас маш олон гайхалтай гэнэтийн бэлэг барихаар төлөвлөснийг дуулгахад таатай байна.

 -Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Баярлалаа. 


3
5
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна